Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2016/01394

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ри

 

Хариуцагч: Т

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24.866.359 төгрөг  гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн төлөөлөгч Д.Түвшиндалай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Гөлгөн овогтой Т нь бизнесийн зээл авах гэсэн юм гэж манай байгууллагад хандан зээлийн барьцаанд өөрийн нөхрийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо 4 дүгээр хороолол /16064/ Л.Энэбишийн өргөн чөлөө 28/1 байр 70 тоот 39,3 м.кв талбайтай орон сууцыг таях хүсэлт өргөдөл 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан. Тэдний хүсэлтийг зээлийн хорооны хурлаар 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хэлэлцээд 18.000.000 /Арван найман сая / төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн тул зээлийн болон барьцааны 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 45/14 тоот гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэй байгуулсан болно. Уг гэрээнүүдийг байгуулаад зээлдэгч Гөлгөн овогтой Т нь бэлэн бусаар 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 18.000.000 /арван найман сая / төгрөгийг хамтран зээлдэгч дүү Гөлгөн овогтой Тунгалагийн Ган-Тус ХХК-н данс руу шилжүүлэн авсан. Гэтэл зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй зээл авснаас хойш зээлийн төлөлтийг хийгээгүй. Иймд үндсэн зээл 16.696.000 төгрөг, зээлийн хүү 6.878.751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 997.308 төгрөг, нотариатын зардал 13.500 төгрөг, улын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.810 төгрөг, нийт 24.866.359 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Ри ББСБ-иас Г.Тд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ байгууллагаас 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 18.000.000 төгрөгийн зээлийг авсан тохиолдол огт байхгүй. Өмнөх шүүхэд гаргасан нэхэмжлэлд тус ББСБ нь Тунгалаг, Ган тус ХХК-ийн дансанд шилжүүлэг авсан гэж маргаж байсан бөгөөд одоо энэ удаа намайг гүтгэж шинээр гаргасан нэхэмжлэлд миний биеийг дансаар мөнгө шилжүүлж авсан мэтээр гүтгэсэн байдлыг би огт ойлгохгүй байна. Надад энэ байгууллагаас ямар нэгэн зээлээр мөнгө авсан асуудал байхгүй тул нэхэмжлэлийг огт зөвшөөрөхгүй. Миний бие Ган тус ХХК-ийн ажлыг мэдэхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “Ри” ББСБ ХХК нь хариуцагч Г.Тд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24.585.559 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 45/14 дугаартай зээлийн гэрээгээр 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй байгуулсан нь зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Дээрх зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол,  Энэбишийн өргөн чөлөө 28/1 байрны 70 тоот, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Ү-2205033422 дугаарт бүртгэгдсэн, 39,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж талуудын  хооронд “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулсан байна.

 

“Баталгаат ипотекийн гэрээ”-г бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 45/14 дугаартай зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 167 дугаар зүйлийн 167.1-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгч нь Г.Т, Г.Тунгалаг нартай зээлийн гэрээ байгуулсан ба зээлийн гэрээний үүргийг зээлдэгч Г.Таас үндсэн зээл 16.696.000 төгрөг, зээлийн хүү 6.878.751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 997.308 төгрөг нийт 24.570.059 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь Т зээлийн гэрээний дагуу бэлэн мөнгө аваагүй, хамтран зээлдэгч Г.Тунгалаг нас барсан бөгөөд Г.Тунгалагийн Ган тус ХХК-ийн дансанд шилжүүлсэн, Г.Т нэг ч төгрөг аваагүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.1-т “..нэг талаас Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, Хан Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж 202, Гэгээнтэн хотхон Фидес цамхаг-703 тоот албан ёсны хаягаар үйл ажиллагаа явуулж буй Ри ББСБ ХХК, нөгөө талаас ЧР 63071166 регистрийн дугаар бүхий Гөлгөн овогтой Т, ЧР 67010761 регистрийн дугаар бүхий Гөлгөн овогтой Тунгалаг нар эрх зүйн тэгш эрхийн орчинд ярилцан тохиолцож, дараах нөхцөлөөр байгуулав” гэж зээлийн гэрээг Г.Т, Г.Тунгалаг нартай байгуулжээ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч өөрийн үзэмжээр Г.Таас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж байгаа нь хуульд зөрчөөгүй байна.

 

Хамтран зээлдэгч Г.Тунгалаг нас барсан үйл баримт дээр талууд маргаагүй тул баримтаар нотлох шаардлагагүй гэж үзлээ.

 

Хариуцагч Г.Т нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Тус зээлийг 3 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 14 хоногт барагдуулж дуусгана” гэж зээлийг бүрэн төлж барагдуулах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 19 дахь тал/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 8.000.000 төгрөгийг төлсөн ба 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зээлийн хүүнд 5.000.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үндсэн зээлд 1.304.000 төгрөг, хүүнд 1.696.000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь үндсэн зээл 16.696.000 төгрөг, зээлийн хүү 6.878.751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 997.308 төгрөг нийт 24.570.059 төгрөгийн тооцоолол дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хамтран зээлдэгч Г.Тунгалагийн хүсэлтээр Ган тус ХХК-д мөнгө шилжсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 24, 13 дахь тал/

 

Зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн Ган тус ХХК-ийн дансанд 18.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй ба хариуцагч Г.Т нь 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 18.000.000 төгрөгийг бусдад шилжүүлсэн талаар маргаагүй, зээлийг хэрхэн зарцуулах нь зээлдэгчийн бүрэн эрх юм.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь нотариатын зардал 13.500 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх /хх-ийн 23 дахь тал/ ба хариуцагч зээлийн гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс зайлшгүй гарсан зардал байх тул хариуцагч Г.Таас нотариатын зардал 13.500 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Г.Таас 24.585.559 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ри ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч Т.Батмагнай, Б.Цолмон, Ган тус ХХК-ийг гуравдагч этгээдээр  татан оролцуулсан боловч, хариуцагчийн хүсэлтэд дурдсан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо тахилтын 8-75 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, мөн Ган Тус ХХК-ийн үүсгэн байгуулагч итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Г.Тунгалаг болох нь 22 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Хуулийн этгээлийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүхээс ажиллагаа явуулах боломжгүй болсон тул шүүх гуравдагч этгээд нарыг оролцуулахгүй хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч Г.Таас 24.585.559 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ри” ББСБ ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “Ри” ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280.810 төгрөгийг улсын төсөвт  хэвээр үлдээж, Г.Таас 280.810 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ри” ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР