Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2022

 

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2017/01849 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Р” ХХК,

Хариуцагч Г.Тд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 24 585 559 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшиндалайгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшиндалай,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхнасан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшиндалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т нь зээлийн барьцаанд өөрийн нөхрийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө, 28/1 дүгээр байр, 70 тоот 39.3 м.кв талбайтай орон сууцыг барьцаанд тавих өргөдлийг 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан. Уг өргөдпийг зээлийн хорооны хурлаар 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хэлэлцээд 18 000 000 төгрөгийг зээл олгохыг зөвшөөрсөн. Улмаар зээлийн болон зээлийн барьцааны гэрээг 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгуулж, нэг жилийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэйгээр 18 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй зээл авснаас хойш зээлийн төлөлт хийгээгүй. Иймд үндсэн зээл 16 696 000 төгрөг, зээлийн хүү 6 878 751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 997 308 төгрөг, нотариатын зардал 13 500 төгрөг, нийт 24 585 559 төгрөгийг зээлдэгч Г.Т, хамтран зээлдэгч Г.Тунгалаг нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  Г.Т шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Р ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие энэ байгууллагаас 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 18 000 000 төгрөгийг зээлж авсан тохиолдол байхгүй. Тус ББСБ нь Гантус ХХК-ийн дансанд зээлийг шилжүүлсэн байдаг. Миний бие энэ байгууллагаас ямар нэгэн зээл авсан асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар хариуцагч Г.Таас үндсэн зээл 16 696 000 төгрөг, зээлийн хүү 6 878 751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 997 308 төгрөг, нотариатын зардал 13 500 төгрөг, нийт 24 585 559 төгрөгийг гаргуулах тухай Р ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшиндалай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ХТ2017/00470 дугаар тогтоолд дурдсан алдааг засаагүй. Өөрөөр хэлбэл “…нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн...”-д гомдолтой байна. Хариуцагч Г.Т нь өөрийн төрсөн дүү Г.Тунгалагийн хамт Р ХХК-д хандаж 2 өрөө орон сууцыг барьцаанд бариулж зээл авах хүсэлт гаргасныг тус банк бус санхүүгийн байгууллагын хорооны хурлаар хэлэлцээд, зээл олгохоор шийдвэрлэсэн билээ. Зээлийг хамтран зээлдэгч болох Г.Тунгалагийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 51 дугаартай төлбөрийн даалгавраар Гантус ХХК-д шилжүүлсэн.

Зээлдэгч нар авсан зээлийг хугацаанд нь төлөөгүй тул Р ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг зээлдэгч Г.Т (дүү Г.Тунгалаг нь нас барсан)-аас удаа дараа шаардахын зэрэгцээ түүнд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаартай албан бичгээр зээлийн хүүгийн өр өсөн нэмэгдэж байгааг анхааруулж мэдэгдсэн. Г.Т нь энэ мэдэгдлийн дагуу “Тус зээлийг 3 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 14 хоногт барагдуулж дуусгана” гэж бичгээр амлалт өгсөн байдаг. Гэвч хариуцагч нь хамтран зээлдэгч буюу өөрийн дүүг нас барсныг далимдуулан уг зээлийг аваагүй гэж маргах болж, улмаар шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад Гантус ХХК, Т.Батмагнай, Б.Цолмон нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Гантус ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах гэсэн хариуцагчийн хүсэлтийг чухал ач холбогдолтой болохыг нэхэмжлэгч зөвшөөрч байсан тул шүүхийн тэрхүү шийдвэрт тухайн үед гомдол гаргаагүй болно.

Энэ хэргийн талаар иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ХТ2017/00470 дугаар тогтоолд “...захирамжийн Гантус ХХК-д холбогдох заалт биелэгдсэн эсэх нь тодорхойгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг хангаагүй...” гэж дүгнэсэн. Улсын Дээд шүүхийн дүгнэлтийн дагуу анхан шатны шүүх бодитой ажиллагаа явуулах ёстой. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Р ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг дахин хэлэлцэхдээ Гантус ХХК-ийг мөн л хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй бөгөөд компанийг хайж, хаягийг олж тогтоох хуульд заасан арга хэмжээ авахын оронд шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хаягтаа байхгүй болохыг хорооны дарга, төрийн өмчийн хувьцаат компаниар тодорхойлуусан тухайгаа дурдаад “...хууль ёсны эрх ашиг хэрхэн зөрчигдөх нь тодорхойгүй...” гэх үндэслэл муутай дүгнэлт хийж, шийдвэрээ гаргажээ.

Шүүх нь гуравдагч этгээд Гантус ХХК-ийн байрших хаяг, тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтныг олж тогтоохыг цагдаа, улсын бүртгэлийн болон татварын байгууллагад даалган гүйцэтгүүлэх бүрэн боломжтой, тийм үүрэгтэй байгууллага. Тэрчлэн хариуцагч Г.Т нь Гантус ХХК-ийг гуравдагч этгээдээр татуулах хүсэлтээсээ татгалзаагүй болохыг харгалзаж үзсэнгүй.

Шүүх Гантус ХХК-ийн хууль ёсны эрх ашиг хэрхэн зөрчигдөх нь тодорхойгүй гэж дүгнэсний хувьд зээлдэгч нар өөрсдийн авсан зээлийн төлбөрийг тус компанид хариуцуулах сонирхолтой байж болох тул энэ нь компанид огт хамааралгүй байж болохгүй юм. Зээлийг хамтран зээлдэгчийн хүсэлтээр тус компанид шилжүүлсэн, тэрхүү мөнгийг зээлдэгч нар компаниас эгүүлэн авсан эсэхийг тодруулах нь гуравдагч этгээдийн эрх ашигтай шууд хамааралтай байхад шүүх тийнхүү үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 168.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

            Хариуцагч Г.Таас 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Т.Батмагнай, Б.Цолмон, Гантус ХХК-ийг татан оролцуулах хүсэлт /хх 34/ гаргасныг мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүгчийн 181/ШЗ2016/06697 дугаар захирамжаар /хх 35/ хангаж шийдвэрлэжээ. Гэвч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан Т.Батмагнай, Б.Цолмон нарт болон “Гантус” ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлан, хэргийн материалтай танилцуулах ажиллагаа хийсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

            Мөн “Т.Батмагнай, Б.Цолмон нарыг гэрчээр оролцуулахаас татгалзаж байна”  гэсэн агуулга бүхий хүсэлтийг хариуцагчаас гаргасан нь хэргийн 98 дугаар талд авагдсан байхад  шүүх шийдвэртээ гуравдагч этгээдээр Т.Батмагнай, Б.Цолмон нарыг оролцуулах хүсэлтээсээ хариуцагч татгалзсан гэж дүгнэсэн нь хүсэлтийн агуулгатай нийцэхгүй байна.

            “Гантус” ХХК-ийн талаарх лавлагаа бүртгэлийн байгууллагаас ирсэн, татан буугдсан талаар мэдээлээгүй байхад компанийн удирдлагын эрх залгамжлагчийг тодруулах, мөн зээлийн мөнгийг шилжүүлсэн түүний данс тодорхой байхад дансны мэдээллийн дагуу татварын албанаас тодруулах зэрэг ажиллагааг шүүхээс явуулах боломжтой байх ба мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлэхэд хаягтаа байгаагүй гэдгээр хязгаарласныг гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил арилаагүй гэж үзэхээр байхаас гадна  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан ажиллагааг явуулалгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

            Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн Г.Тд холбогдуулан гаргасан байхад 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхдээ шүүх Г.Т, Г.Тунгалаг нарт холбогдох хэргийг хэлэлцсэн нь  8870 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, мөн өдрийн 181/ШЗ2017/08870 дугаар захирамжид тусгагджээ. Гэтэл хэрэгт Г.Тунгалаг нас барсан тухай баримт авагдсан байна.

Улмаар 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2017/01849 дүгээр шийдвэрийн удиртгал хэсэгт Г.Т, Г.Тунгалаг нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн гэж бичигджээ.

Нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хариуцагч байхаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан тул шүүх дээрх байдлаар нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлоогүй, нас барсан этгээдийг “хариуцагч” гэж шийдвэр гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй.   

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2017/01849 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 281 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ