Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01229

 

К.М-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 154/ШШ2018/00008 дугаар шийдвэртэй,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 19 дүгээр магадлалтай,

К.М-ы нэхэмжлэлтэй

Төр, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,

Төрөөс 1.869.399 төгрөг, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 63.585 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч К.М-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...намайг 2002 оны 11 сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад ажиллаж байхад үндэслэлгүйгээр гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, энэ хооронд албан тушаалын эрхээ түдгэлзүүлсээс 3 сарын дараа буюу 2003 оны 3 сарын 15-ны өдөр ажилд авсан. Би 3 сар ажилгүй байж цалингаараа хохирсон. Гэтэл тэтгэвэрт гарахад 3 сар цалин өгөгдөөгүй хэмжээгээр тэтгэвэр дутуу тогтоогдсон. 3 сарын цалинг шүүх барагдуулж өгсөн. Миний тэтгэврийг бүрэн тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг Ховд аймгийн Нийгмийн даатгалын газарт удаа дараа гаргасан боловч цагдаагийн байгууллагаас материалаа аваад ир гэдэг. Цагдаагийн байгууллага өгдөггүй. 2016 оны 12 сарын эхээр би Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргахад таны тэтгэвэр үнэн тогтоогдсон байна гэж хэлсэн. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга н.Нямдэмбэрэлтэй уулзахад Цагдаагийн байгууллагаас 3 сарын цалингийн тодорхойлолт аваад ир гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагад очиход нягтлан нь тэр үед хэдэн хувиар тооцож байсныг мэдээд ир гэж хэлсэн. Энэ мэтээр миний асуудлыг шийдэж өгөхгүй өдий хүрсэн. Өнөөдөр миний өргөдлийг шалгасныг тогтоох нотлох баримт байхгүй. Иймд миний бие Төрөөс 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 147 сарыг 12.717 төгрөгөөр тооцоход нийт 1.869.399 төгрөг, Ховд аймгийн Эрүүл, мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тэтгэврийн зөрүү болох 63.585 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн шүүхэд гаргасан тайлбарт: К.М- нь 2004 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манай хэлтэст өргөдлөө өгч цэргийн тэтгэвэр тогтоолгосон. Тэтгэвэр нь анх тогтоохдоо үнэн зөв тогтоогдож түүнээс хойш Засгийн газрын нэмэгдлүүд тогтмол нэмэгдэж, олгогдож байсан.  Анх тогтооход 2003 оны 1, 2, 4 сарын цалингүйгээр тогтоолгосон. 2016 оны 12 дугаар сарын 27-нд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаа өөрчлүүлэх хүсэлтээ өгч 1985-1989 оны цалингаар өөрчлөн бодож үзэхэд тэтгэвэр буурч байсан тул хуучин тэтгэврийг үргэлжлүүлэн олгохоор болсон. Нэхэмжлэгч нь тэтгэврээ шалгуулахдаа шүүхийн шийдвэр нөхөн гаргуулсан тухайгаа хэлээгүй тул тэтгэвэр зөв гэж шалгагдаж, баталгаажсан. Нийгмийн Даатгалын Ерөнхий газарт гомдол гаргахдаа 2014 оны 340 тоот шүүхийн шийдвэр байгаа талаар бичсэн байдаг. Дээд байгууллагын өгсөн чиглэлийн дагуу 2017 оны 5 сард акт тавиад 2017 оны 6 сараас эхлэн тэтгэврийн хэмжээг өөрчилсөн. Иргэн хүний хувьд К.М- нь өөрөө баримтаа бүрдүүлээд асуудлыг шийдвэрлүүлэх ёстой. Бид асуудлыг хуулийн дагуу өргөдлөө гаргаад материалаа бүрдүүлж өгсний дараа шийдвэрлэсэн. 2017 оны 3 сар биш 4 сард өгсөн өргөдлийн дагуу хариугаа ирүүлээд манайх хуулийн хугацаанд асуудлыг шийдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 154/ШШ2018/00008 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К.М-ы төрд холбогдох 1.869.399 төгрөг гаргуулах тухай хэргийг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох 63.585 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К.М-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 19 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2018/00008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан К.М-ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.452 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Харуицагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасантай нийцээгүй байна гэсэн үндэслэл нь ойлгомжгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоолгохоор гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргээ хэрэгжүүлж чадаагүй эс үйлдэхүйд анхан шатны шүүхийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүхийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтыг нарийвчлан зохицуулсан Нийгминй даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв сонгож хэрэглээгүй, хууль хэрэглээний алдаа гаргасан гэсэн атлаа ямар зохицуулалтыг хэрэглээгүй талаар тусгаагүй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.2-т заасныг баримтласан бөгөөд түүнийг давж заалдах шатны шүүх хэрхэн үгүйсгэсэн нь ойлгомжгүй байна. Иймд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 154/ШШ2018/00008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

К.М- нь Төрөөс 1.869.399 төгрөг, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 63.585 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх төрд холбогдох нэхэмжлэлтэй хэргийг, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн,   нэхэмжлэлийн үндэслэлийг бүрэн тодруулаагүйгээс зохигчийн хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлд хамаарч байна.

Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ