Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 499

 

Х.Жанцансамбуугийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/00066 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Жанцансамбуу,

Хариуцагч С.Мандахбаярт холбогдох,

 

16 663 590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Итгэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Итгэл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Г.Итгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Мандахбаяртай 2008 онд Солонгос улсад байхдаа танилцсан. 2009 оны 04 дүгээр сард С.Мандахбаяртай хамтран Солонгос улсаас автомашин Монгол Улс руу оруулан худалдаж ашгаа хуваахаар автомашины наймаа хийхээр тохиролцож хамтран ажилласан. Тухайн үед  С.Мандахбаярт 1 550 ам.доллар өгсөн. 2010 онд С.Мандахбаяр гааль дээр автомашин буусан, гаалийн мөнгө гэж 3 000 ам.доллар авсан. Энэ мөнгөнөөс түүний хүргэн ах н.Ганбаатарт 2 600 ам доллар, 500 000 төгрөгийн хамтаар өгсөн. Төгрөгийг ам.долларт шилжүүлж С.Мандахбаяр нийт 3 000 ам.доллар болгон төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Үүний дараа С.Мандахбаяр нэг хэсэг таг болсон. 2010 онд 2 000 000 төгрөг өгөөч гэхээр нь өгсөн.

С.Мандахбаяр надаас нийт 4 550 ам.доллар, 2 000 000 төгрөгийн хамт авсан боловч миний мөнгийг өгөхгүй таг алга болсон. Хожим нь би С.Мандахбаярыг сураглаж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст залилангийн хэргээр шалгагдаж байгааг мэдсэн. 2010 оны 04 дүгээр сард С.Мандахбаяр нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч н.Энх-Амгаланд Солонгос улсад байхдаа 10 гаруй компаниас хамтран ажиллана гэж мөнгө аваад алга болсон хэмээн  байцаалт өгч байхад нь уулзсан. Тэгэхэд С.Мандахбаяр таны мөнгийг өгнө. Энэ хэргээс эхлээд салах хэрэгтэй байна гэж ярьсан.

Ингээд С.Мандахбаяр эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгчийн хамт 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр БНСУ-аас Аванте Икс Ди маркийн автомашиныг 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор нийлүүлэх буюу 4 550 ам.долларыг төлөхөөр тохиролцож хэлцэл байгуулж батламж гэрээ хийсэн. Хугацаандаа мөнгийг төлөөгүй тул 2013 онд С.Мандахбаярын өмгөөлөгч н.Батсүхэд арга хэмжээ авч өгнө үү гэж Монголын өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргаж байсан.

2014 онд С.Мандахбаярын хамтран ажилладаг найз н.Бямбаа “танд С.Мандахбаяр Соната-5 маркийн автомашин явуулсан,  авах уу” гэж утсаар ярьсан. Тухайн үед би Эрдэнэт хотод өөрийн эдлэн газартаа байсан тул хот хооронд такси үйлчилгээ үзүүлдэг Т.Батхуягаар автомашиныг очиж үзүүлэхэд “Соната-5 маркийн автомашин байна, урд салон нь цоорсон, муу автомашин байна. Битгий ав” гэхээр нь аваагүй. Ингээд 2015 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд С.Мандахбаярыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж түүний хаяг утсыг Тахарын албанаас надад өгсөн.  2016 оны 07 дугаар сард утсаар холбогдож мөнгөө шаардахад бензины мөнгө гэж 100 000 төгрөг миний данс руу хийсэн. Гэтэл өнөөдөр хариуцагч нь энэ мөнгөө намайг зээлсэн мэтээр ярьж байна. Иймд хариуцагч С.Мандахбаяраас батламж гэрээний дагуу 4 550 ам.доллар буюу 11 109 060 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 5 554 530 төгрөг, нийт 16 663 590 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч С.Мандахбаяр, нэхэмжлэгч Х.Жанцансамбуу нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Үүнд маргахгүй. Хамтран ажиллах гэрээний дагуу Х.Жанцансамбуу нь С.Мандахбаярт 4 200 ам.доллар өгсөн. Харин С.Мандахбаярт 2 000 000 төгрөг өгөөгүй бөгөөд С.Мандахбаяр нь Х.Жанцансамбуугаас авсан 4 200 ам.доллараас 2 000 000 төгрөгийг төлсөн. Энэ нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасагдаж тооцогдох ёстой.

Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлд 11 109 060 төгрөг, түүний хүү 5 554 530 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжилж байгаа мөнгөн төлбөрийн үүрэг биш. Үндсэн гэрээний дагуу мөнгөө төлнө гэсэн хэлцэл тул хүү тооцогдохгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүйг гэрч нотолно гэдэг боловч Монгол Улсын хилээр тухайн автомашиныг оруулж ирсэн хүн нь С.Мандахбаяр мөн үү, гэрч С.Мандахбаярын Монгол Улсын хилээр оруулж ирсэн автомашиныг үзсэн үү, эсвэл өөр хүний автомашиныг үзсэн юм уу гэдэг нь тодорхойгүй.

Хариуцагч нэхэмжлэгчийн данс руу 100 000 төгрөг шилжүүлсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учраас ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан боловч талууд хамтран ажиллах гэрээ байгуулсан тул С.Мандахбаяр нь үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй. С.Мандахбаярыг Сүхбаатар дүүргийн прокурор шалгаад “залилангийн хэрэг биш байна. Тухайн үед эдийн засаг  хямрал нүүрлэснээс шалтгаалж автомашинаа гаалиас авч чадаагүй байна” гэж үзэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр С.Мандахбаяр нь нэхэмжлэгч Х.Жанцансамбууд 100 000 төгрөгийг өгсөн. Түүгээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарлаж байна. Тухайн үед Х.Жанцансамбуу нь С.Мандахбаярт “миний хөл өвдөөд байна. 100 000 төгрөг зээлээч” гэж авсан. Түүнээс биш өмнө нь авсан мөнгөний үүргээ биелүүлж байна гэж өгөөгүй гэж хариуцагч тайлбарладаг. Үүнийг нэхэмжлэгч ч үгүйсгээгүй. С.Мандахбаяр надад бензины мөнгө гэж 100 000 төгрөг өгсөн гэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хариуцагч С.Мандахбаярт холбогдох гэрээний үүрэгт 16 663 590 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэгч Х.Жанцансамбуугийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 270 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Итгэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх энэхүү шийдвэрийг гаргахдаа талуудын 2009 онд байгуулсан хамтран ажиллах гэрээнээс үүдэлтэй шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дүгнэлгүй орхижээ. Нэхэмжлэлийн шаардлага хэдийгээр гэрээний үүрэгг 16 663 500 төгрөг гаргуулах тухай боловч нэхэмжлэгчийн тайлбараар дээрх төлбөрийг хүчин төгөлдөр аль нэг гэрээний үүрэгт шаардсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагддаг.

Хамтран ажиллах гэрээний хувьд нэгэнт талууд гэрээнээс татгалзаж, дуусгавар болгосон тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой шаардлага гаргах эрх үүссэн байна. Энэхүү шаардах эрхийн тухайд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан 10 жилийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хамтран ажиллах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаар тайлбар хийж, маргаж байхад шүүхээс энэхүү гэрээний хөөн хэлэлцэх хугацааг дүгнэлгүй орхиж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг барьсан, хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь тогтоогоогүй, шудрага бус шийдвэр болсон гэж үзэхээр байна. Шүүхээс дээрх дүгнэлтээр талуудын хооронд 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан “Батламж гэрээ”-ний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагаварыг авч үзэлгүй, хариуцагч татгалзах эрхтэй эсэхийг тогтоолгүй шийдвэр гаргажээ.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт: “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж заасан байна. Шүүх “Батламж гэрээ”-ний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дууссан гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч нь 2014 оны 6 дугаар сард дээрх гэрээний үүргээ хүлээн зөвшөөрч, биелүүлэхээр Хьюндай Соната-5 маркийн автомашиныг илгээсэн. Гэрч н.Батхуяг нь тухайн үйл баримтыг нотолж “Миний найз Х.Жанцансамбуу нэг өдөр яриад, надад өртэй хүн солонгос улсаас автомашин явуулсан байна, чи үзгээд би очиж үзсэн” гэсэн мэдүүлэг өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Тухайн үед С.Мандахбаяр нь Солонгос улсад байсныг түүний төлөөлөгч тайлбараараа нотолсон. Мөн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг мэдээгүй байхдаа гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч 100 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5721195652 тоот данснаас нэхэмжлэгчийн 5020193901 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн баримт авагдсан байна.

Хариуцагч дээрх төлбөрийг зээл гэж тайлбарладаг боловч талуудын хооронд зээлийн харилцаа байсан гэдэг нь нотлогддоггүй. Харин талуудын хооронд зөвхөн дээрх 4 550 ам.доллар, түүний хүүтэй холбоотой харилцаа байсан болох нь хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараас харагддаг. Тухайн баримтаас мөнгийг хэн шилжүүлсэн нь тодорхойгүй байдаг боловч дээрх мөнгийг хариуцагч өөрөө шилжүүлсэн болохыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Ийнхүү хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хэд хэдэн удаа зөвшөөрч гүйцэтгэхээр оролдсон нь хангалттай нотлогдсоор байтал шүүх түүнийг татгалзах эрхтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн 4 550 ам.долларыг хүүгийн хамт шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх талаарх хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн  “Батламж гэрээ”-гээр хариуцагч 4 550 ам.долларт Солонгос улсаас ХД маркийн автомашиныг мөн оны 6 дугаар сарын 20-ны дотор автомашин нийлүүлэх үүрэг хүлээсэн болон гэрээний үүргээ гүйцэтгээгүй тухайд хариуцагч тал маргаагүй, харин гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 16 663 590 төгрөг төлөхөөс татгалзсан байна.

            Гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусах 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд шаардлага гаргаагүй гэх хариуцагчийн татгалзлыг  нэхэмжлэгч үгүйсгэж, 2013 онд С.Мандахбаярт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэж шүүх хуралдаанд тайлбарлажээ.

Мөн шүүхийн 2015 оны  9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ20115/05654 дүгээр шийдвэрийн дагуу С.Мандахбаярыг эрэн сурвалжилж хаягийг тогтоосон тухай Тахарын Ерөнхий газрын албан бичиг /хх-9/ хэрэгт авагдсан байна.

Дээрхээс үзвэл хариуцагч С.Мандахбаярт холбогдуулан нэхэмжлэл гаргасан болон эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан цаг хугацааг тодруулалгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, тасалдсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

Иймд хэргийн дээрх эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хуульд заасан хугацаанд шаардлага гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. 

Түүнчлэн хариуцагч С.Мандахбаяраас 2014 онд 100 000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Жанцансамбуугийн дансаар шилжүүлсэн үйл баримтыг өрийг хүлээн зөвшөөрч төлбөрийг гүйцэтгэсэн гэж үзэх эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд шүүх уг баримтыг хэрхэн дүгнэсэн нь шийдвэрт тусгагдаагүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцэхгүй гэж үзэх бөгөөд 100 000 төгрөг  нь үүргийн гүйцэтгэлд тооцогдох эсэх, улмаар энэ нь хөөн хэлэлцэх хугацаа тоолоход нөлөөлөх эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай. 

Иймд маргаж буй үндэслэлд хамаарах маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцэхгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/00066 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ