Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00562

 

Х.Жанцансамбуугийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/00066 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 499 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Х.Жанцансамбуугийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Мандахбаярт холбогдох,

16 663 590 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Итгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Г.Итгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Мандахбаяртай 2008 онд Солонгос улсад байхдаа танилцсан. 2009 оны 04 дүгээр сард С.Мандахбаяртай хамтран Солонгос улсаас автомашин Монгол Улс руу оруулан худалдаж ашгаа хуваахаар автомашины наймаа хийхээр тохиролцож хамтран ажилласан. Тухайн үед С.Мандахбаярт 1 550 ам.доллар өгсөн. 2010 онд С.Мандахбаяр гааль дээр автомашин буусан, гаалийн мөнгө гэж 3 000 ам.доллар авсан. Энэ мөнгөнөөс түүний хүргэн ах н.Ганбаатарт 2 600 ам доллар, 500 000 төгрөгийн хамтаар өгсөн. Төгрөгийг ам.долларт шилжүүлж С.Мандахбаяр нийт 3 000 ам.доллар болгон төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Үүний дараа С.Мандахбаяр нэг хэсэг таг болсон. 2010 онд 2 000 000 төгрөг өгөөч гэхээр нь өгсөн. С.Мандахбаяр надаас нийт 4 550 ам.доллар, 2 000 000 төгрөгийн хамт авсан боловч миний мөнгийг өгөхгүй таг алга болсон.

Хожим нь би С.Мандахбаярыг сураглаж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст залилангийн хэргээр шалгагдаж байгааг мэдсэн. 2010 оны 04 дүгээр сард С.Мандахбаяр нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч н.Энх-Амгаланд Солонгос улсад байхдаа 10 гаруй компаниас хамтран ажиллана гэж мөнгө аваад алга болсон хэмээн байцаалт өгч байхад нь уулзсан. Тэгэхэд С.Мандахбаяр таны мөнгийг өгнө. Энэ хэргээс эхлээд салах хэрэгтэй байна гэж ярьсан. Ингээд С.Мандахбаяр эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгчийн хамт 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр БНСУ-аас Аванте Икс Ди маркийн автомашиныг 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор нийлүүлэх буюу 4 550 ам.долларыг төлөхөөр тохиролцож хэлцэл байгуулж батламж гэрээ хийсэн. Хугацаандаа мөнгийг төлөөгүй тул 2013 онд С.Мандахбаярын өмгөөлөгч н.Батсүхэд арга хэмжээ авч өгнө үү гэж Монголын өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргаж байсан. 2014 онд С.Мандахбаярын хамтран ажилладаг найз н.Бямбаа “танд С.Мандахбаяр Соната-5 маркийн автомашин явуулсан, авах уу” гэж утсаар ярьсан. Тухайн үед би Эрдэнэт хотод өөрийн эдлэн газартаа байсан тул хот хооронд такси үйлчилгээ үзүүлдэг Т.Батхуягаар автомашиныг очиж үзүүлэхэд “Соната-5 маркийн автомашин байна, урд салон нь цоорсон, муу автомашин байна. Битгий ав” гэхээр нь аваагүй. Ингээд 2015 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд С.Мандахбаярыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж түүний хаяг утсыг Тахарын албанаас надад өгсөн. 2016 оны 07 дугаар сард утсаар холбогдож мөнгөө шаардахад бензины мөнгө гэж 100 000 төгрөг миний данс руу хийсэн. Гэтэл өнөөдөр хариуцагч нь энэ мөнгөө намайг зээлсэн мэтээр ярьж байна. Иймд хариуцагч С.Мандахбаяраас батламж гэрээний дагуу 4 550 ам.доллар буюу 11 109 060 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 5 554 530 төгрөг, нийт 16 663 590 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч С.Мандахбаяр, нэхэмжлэгч Х.Жанцансамбуу нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, үүнд маргахгүй. Хамтран ажиллах гэрээний дагуу Х.Жанцансамбуу нь С.Мандахбаярт 4 200 ам.доллар өгсөн. Харин С.Мандахбаярт 2 000 000 төгрөг өгөөгүй бөгөөд С.Мандахбаяр нь Х.Жанцансамбуугаас авсан 4 200 ам.доллараас 2 000 000 төгрөгийг төлсөн. Энэ нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасагдаж тооцогдох ёстой. Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлд 11 109 060 төгрөг, түүний хүү 5 554 530 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжилж байгаа мөнгөн төлбөрийн үүрэг биш. Үндсэн гэрээний дагуу мөнгөө төлнө гэсэн хэлцэл тул хүү тооцогдохгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүйг гэрч нотолно гэдэг боловч Монгол Улсын хилээр тухайн автомашиныг оруулж ирсэн хүн нь С.Мандахбаяр мөн үү, гэрч С.Мандахбаярын Монгол Улсын хилээр оруулж ирсэн автомашиныг үзсэн үү, эсвэл өөр хүний автомашиныг үзсэн юм уу гэдэг нь тодорхойгүй. Хариуцагч нэхэмжлэгчийн данс руу 100 000 төгрөг шилжүүлсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учраас ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан боловч талууд хамтран ажиллах гэрээ байгуулсан тул С.Мандахбаяр нь үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй.

С.Мандахбаярыг Сүхбаатар дүүргийн прокурор шалгаад “залилангийн хэрэг биш байна. Тухайн үед эдийн засаг хямрал нүүрлэснээс шалтгаалж автомашинаа гаалиас авч чадаагүй байна” гэж үзэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр С.Мандахбаяр нь нэхэмжлэгч Х.Жанцансамбууд 100 000 төгрөгийг өгсөн. Түүгээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарлаж байна. Тухайн үед Х.Жанцансамбуу нь С.Мандахбаярт “миний хөл өвдөөд байна. 100 000 төгрөг зээлээч” гэж авсан. Түүнээс биш өмнө нь авсан мөнгөний үүргээ биелүүлж байна гэж өгөөгүй гэж хариуцагч тайлбарладаг. Үүнийг нэхэмжлэгч ч үгүйсгээгүй. С.Мандахбаяр надад бензины мөнгө гэж 100 000 төгрөг өгсөн гэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/00066 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хариуцагч С.Мандахбаярт холбогдох гэрээний үүрэгт 16 663 590 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэгч Х.Жанцансамбуугийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 270 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 499 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/00066 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх талаарх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигчид өөрийн тайлбар татгалзлын үндэс болж буй баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй ба хэрэв өөрөө гарган өгөх боломжгүй бол нотлох баримт гаргуулах хүсэлтээ шүүхэд гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч өмнө нь 2013 онд нэхэмжлэл гаргаж байсан тухай шүүх хуралдаанд мэдүүлж байсан ч энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй, энэ баримтыг гаргуулах хүсэлт гаргаагүй. Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 100 000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн нь өрийг хүлээн зөвшөөрсөн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд өрийг хүлээн зөвшөөрсөн гэх байдал тогтоогдохгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч С.Мандахбаяраас 16 663 590 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.Жанцансамбуугийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шаардлагад нийцсэн байна.

Өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхыг хуульд заасан бөгөөд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2-т заажээ.

 Анхан шатны шүүх зохигчдын хооронд гэрээний харилцаанаас үүссэн маргаанд хөөн хэлэлцэх хугацааны талаарх хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ хэрэгт цугларсан баримтыг бүрэн үнэлээгүй, ач холбогдол бүхий байдлыг тодруулаагүй нь хуулийн шаарлагад нийцээгүй болохыг давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Магадлалд заасан үндэслэлээс гадна анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг тодорхойлоогүй ба эрх зүйн харилцааг тогтоохгүйгээр Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх тусгай хугацааны алийг нь баримтлах, хөөн хэлэлцэх хугацааг тоолох, дуусгавар болсон эсэх талаар дүгнэх үндэслэлгүй байжээ.

Маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 499 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241 267 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

        ШҮҮГЧ                                                                П.ЗОЛЗАЯА