Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 068

 

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн У-с6 дугаар багийн оршин суугч Ители овогт Өркений Тилеужаны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн У-сЗасаг дарга, газрын даамал нарт холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Ө.Т-д маргаан бүхий газрыг эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа У-сгазрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, У-сЗасаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/08 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Ө.Т-д холбогдох хэсгийг үндэслэн түүнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохыг тус сумын газрын даамалд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай,

Бие даасан шаардлага: “У-сЗасаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/08 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Ө.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-, гуравдагч этгээд А.К-, нэхэмжлэгч талын өмгөөлөгч А.Серикжан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Зулкаш, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн талаарх тайлбарын агуулга:

Ө.Т-д Баян-Өлгий аймгийн У-сЗасаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай" А/08 дугаар захирамжийн дагуу сумын 6 дугаар багийн “Хөндийн Туйых сай” хэмээх газраас    нэгж талбарын 031102265 дугаартай 700 м2 газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр болсон. Улмаар, Ө.Т- нь уг захирамжийн дагуу У-сгазрын даамалаас газар эзэмших эрхийн гэрчилгээ авахаар хандсан боловч авч чадаагүй байна. Бид үүнийг одоо ойлгохдоо газрын даамал газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгохгүй байна гэж үзэж байна.

Иймд У-сгазрын даамалын Ө.Т-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгохгүй байгаа эс үйлдэлийг хууль бус болохыг тогтоож, сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12- ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай" А/08 дугаар захирамжийн дагуу түүнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгохыг Улаанхус усмын газрын даамалд даалгах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч У-сЗасаг даргын нэхэмжлэлийн талаарх тайлбарын агуулга:

Засаг дарга миний бие Ө.Т-д 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/08 тоот захирамжаар газар эзэмшүүлэх тухай эрх зүйн акт гаргасан юм. Дараа нь мөн 6 дугаар багийн оршин суугч А.К- нь “Модон хөшөө Туйых сай” хэмээх газраас  Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 91 тоот захирамжаар газар эзэмшиж байгааг дурдаж Ө.Т-д гаргасан захирамжийг хүчингүй болгох талаар өргөдөл гаргасан юм. Иймд газрын даамал Д.Тунгатад уг газрын маргааныг хууль журмын дагуу шийдвэрлэх талаар даалгавар өгсөн болохоос биш захирамжийг хүчингүй болгосон асуудал байхгүй юм гэжээ.

Хариуцагч У-сЗасаг даргын бие даасан шаардлагын талаарх тайлбарын агуулга:

Тус сумын 6 дугаар багийн иргэн Ө.Т-д Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/08 тоот захирамжаар “Хөндийн Туйых сай” гэдэг газраас газар эзэмшүүлэхдээ урьд нь бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдэлгүй захирамж гаргасан юм.

Ө.Т-ы эцэг болох А.Өркений хэлснээр А.Аргынбайн эзэмшиж байгаа газрыг шилжүүлэн эзэмшүүлж байна гэж бодсон. Мөн Аргынбай уг газрыг эзэмшиж байгаа эсэхийг судлаагүй болно. Энэ асуудал шүүхийн шатанд явж байгаа учраас хуулийн хүрээнд үнэн бодит шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Шүүхээс шийдвэр гарах хүртэл хэн нэгний хэлснээр захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэжээ.

 Хариуцагч У-сгазрын даамлын тайлбарын агуулга:

У-с6 дугаар багийн газар нутаг болох “Модон хөшөөний Туйых сай”-д байгаа өвөлжөө нь урьд нь Амбия овогтой Көшегенд сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/91 тоот захирамжаар олгогдсон гэрчилгээтэй газар юм.

 Тиймээс уг газрыг Өркен овогтой Тилеужанд эзэмшүүлэхээр гэрчилгээ олгох боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаарх тайлбарын агуулга:

       У-с6 дугаар багт оршин суух А. Көшеген надад У-сЗасаг даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эмшүүлэх тухай” А/91 тоот захирамжаар тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай “Модон хөшөө Туйых сай” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлж, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших эрхийн 000616047 тоот гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан юм.

Тухайн газрыг У-сЗасаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/08 тоот захирамжаар Ө.Т- гэх хүнд давхар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр  зүйлийн 31.3-д заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэдгийг зөрчсөн.

        У-сЗасаг даргын 2017 оны А/08 тоот захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар: “... хуучин эзэмшиж байгаа газраа үргэлжүүлэн эзэмшихийг хүссэн нэр бүхий 6 иргэнд 4200 м2 газрыг хавсралт ёсоор эзэмшүүлсүгэй” гэсэн байгаа. Ө.Т- нь урьд нь тухайн газрыг эзэмшиж байгаагүй, хууль ёсоор эзэмшилд аваагүй болох нь нотлогдон тогтоогдсон. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д  иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшүүлэхээр тогтоосон байдаг. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д  “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэж заасан. Гэтэл Засаг даргын 2017 оны “Газар эзэмшүүлэх тухай” А/08 тоот захирамжаар газар эзэмшүүлсэн Ө.Т- нь гэр бүл болоогүй, өрх тусгаарлаж гэр бүлийн хамтын амьдрал зохиогоогүй, эцэг А.Өркений гэр бүлийн гишүүн болох нь нотлох баримтаар тогтоогдсон учир Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 -д зааснаар гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан газар эзэмших эрхгүй болно. Харин газар өмчлөх тухай хуулийн холбогдох заалтаар газар өмчлөх эрх нь нээлттэй байж болно. Учир нь Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдалгын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар Засаг даргын захирамж хуульд нийцээгүй бол өөрөө хүчингүй болгоно гэж заасан байдаг.

        У-сЗасаг дарга нь Ө.Т-д газар эзэмшүүлэх тухай А/08 тоот захирамжийг өөрөө хүчингүй болгосон гэж А. Көшеген надад мэдэгдсэн, мөн нэхэмжпэгч

 

Ө.Т-д мөн хүчингүй болгосныг илэрхийлсэн байна.

Тиймээс Ө.Т- нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2017 оны 01 дүгээр 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгохыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар У-сЗасаг даргын 2017 оны 01 -р сарын 12 -ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/08 тоот захирамжийн Ө.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага нь Баян-Өлгий аймгийн У-сгазрын даамлын Ө.Т-д газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрчилгээ бичиж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гэрээ байгуулах, гэрчилгээ бичиж өгөхийг газрын даамалд даалгах тухай байгаа. Газрын даамлаар ажиллаж байсан гэрч Д.Тунгат, тус сумын 6 дугаар багийн Засаг дарга К.Багдаулет нарын мэдүүлэг, газрын үзлэгийн тэмдэглэл, маргаан бүхий газрын схем зураг, гэрч А.Аргынбайн гэрчийн мэдүүлэг, түүний гаргаж өгсөн тодорхойлолт зэрэг баримтуудаас үзэхэд оролцогч нарын маргаж байгаа газар нь тус тусдаа өөр өөр газар болох нь тогтоогдсон байна.

Тодруулбал, У-сЗасаг даргын 2015, 2017 оны захирамжуудын гуравдагч этгээд болон нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн хэсгийг харьцуулан судалж үзэхэд нэгж талбарын дугаар нь өөр өөр байсан. Ө.Т-ы хувьд түүнд эзэмшүүлсэн газрын нэгж талбарын дугаар нь  031102265, А.К-д эзэмшүүлсэн гэх газрын байршил нь 6 дугаар баг “Мондон хөшөө, Хөх адар” 031102081 гэсэн дугаарууд олгогдсон байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “...“газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно...” гэж заасан. Мөн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “...газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ...” гэж, мөн хуулийн 5 дугаар бүлэгт газар эзэмшүүлэх журмын тухай зохицуулсан байх ба аль нэгэн этгээдэд эзэмшүүлсэн газрыг бусдад давхардуулан олгохыг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл, газрын давхцал байхгүй юм.

Тийм учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай. Миний үйлчлүүлэгч маргаан бүхий захирамж гарснаас хойш яагаад энэ асуудлыг хөөцөлдөөгүй вэ гэж яригдах байх. Гэрч Д.Тунгатын мэдүүлгээс үзэхэд газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдүүдээс буруутай ажиллагаа байгаа нь харагдаж байгаа ба үүнийг газрын даамал байсан Д.Тунгат өөрөө хүлээн зөвшөөрсөн, нэгдүгээрт үнэт цаас байхгүй байсан, дараа нь газрын гэрчилгээ бичиж өгөөрэй гэж ирэхээр нь гэрчилгээ олгосон, эдгээр иргэд зуслангаас ирэхэд, газрын асуудлаар маргаан гарсан, хүний амаар хэлснээр гэрчилгээ бичиж олгосон гэж буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Гэрч Д.Тунгатын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй. Тухайн газарт байрлах А.Аргынбай гэдэг хүний 1996 оноос хойш эзэмшиж байсан хашаа хороо бусад объектууд нь  Ө.Т-ы өмч хөрөнгө болохыг гуравдагч этгээд хүлээн зөвшөөрсөн байдаг. Үл хөдлөх хөрөнгийг газраас салгаж болохгүй, газартай шууд салшгүй холбоотой байдаг тул объект нь Ө.Т-ы өмч байгаа тохиолдолд газар ч мөн түүний өмч гэж ойлгох ёстой.

Гуравдагч этгээдээс газар дээрх үл хөдлөх хөрөнгүүд нэхэмжлэгчийнх гэж зөвшөөрч байгаа мөртлөө газар минийх гэж маргаж байгаа нь  үндэслэлгүй юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал тавьж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Маргаан бүхий өвөлжөөг урьд нь гуравдагч этгээд А.К-ий дүү А.Аргынбай нь 1996-2010 оны хооронд ашиглаж байсан ба ашиглаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад нэхэмжлэгч тал тухайн маргаан бүхий өвөлжөөг А.Аргынбай эзэмшиж байсан гэж буруу тайлбарлаж байна. Энэ хэрэгт гэрчээр асуугдсан А.Аргынбай нь маргаан бүхий өвөлжөөг эзэмшиж байгаагүй нь захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөтөлбөргүй  тогтоогдсон гэдгийг давхар хэлэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, 1996-2000 оны хооронд иргэдэд газар эзэмшүүлсэн тухай У-сЗасаг даргын захирамжуудад үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларсан бусад баримтуудаар А.Аргынбай нь тухайн өвөлжөөг ямар нэгэн байдлаар эзэмшиж байгаагүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Мөн маргаан бүхий газрыг У-сЗасаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/08 тоот захирамжаар  Өркен, Ө.Т- нарт  газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн нь  тогтоогдохгүй байна. Маргаан бүхий А/08 тоот захирамж гарсан үндэслэл нь өөрөө Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцээгүй байна. Хариуцагч, У-сЗасаг дарга шүүхэд ирүүлсэн сүүлийн тайлбартаа “...би тухайн газрыг Засаг даргын А/91 тоот захирамжаар А.К-д эзэмшүүлснийг судалж мэдээгүй, дараа нь судалж мэдлээ...” гэж хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлээд хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсэж шүүхэд тайлбар гаргасан.

Иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх харилцааг нарийвчлан зохицуулсан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “...Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна...” гэжээ. Тэгэхээр У-сЗасаг дарга газар эзэмшүүлэх тухай А/91 тоот захирамжаар “Модон хөшөө Туйых сай” гэдэг газраас сумын Засаг дарга захирамж гаргаж  гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж, уг гэрчилгээнд “Модон хөшөө Туйых сай” хэмжээн дурдаж газар эзэмшүүлэх тухай 2081 тоот гэрээ байгуулж, маргаан бүхий газрыг А.К-д өгсөн байгаа.

Гэтэл одоогийн Засаг дарга О.Н- нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр А/08 тоот захирамж гаргаж уг газрыг Ө.Т-д давхар эзэмшүүлсэн нь хуульд нийцээгүй байна. Харин гуравдагч этгээд А.К-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь газар эзэмшигчийн улсын бүртгэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон. Аливаа газрыг эзэмшүүлэхдээ улсын бүртгэлийн бүртгэлд бүртгүүлж, эрх бүхий этгээдээс нэгж талбарын дугаар олгосноор хуулийн хүчинтэй байдаг.

У-сЗасаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/08 тоот захирамжаар Ө.Т-д газар эзэмшүүлж нэгж талбарын дугаарыг захирамжийн хавсралт хэсэгт тусгасан боловч улсын бүртгэлд ороогүй байгаа зэрэг нь тухайн нэгж талбараар газар эзэмшүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Мөн газрын нэгж талбарын дугаар нь давхцахгүй байх нь хууль ёсны асуудал бөгөөд А.К-д эзэмшүүлсэн газрын 031102081 тоот нэгж талбарын дугаар нь хэн нэгний эзэмшил газрын нэгж талбартай давхцаагүй, мөн улсын бүртгэлд судлагдсан огноогоор тусгагдсан зэрэг нь тухайн маргаан бүхий газрыг А.К- хууль ёсоор эзэмшиж байгааг нотолж байна.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууц барих зориулалтаар газар эзэмшүүлэхээр заасан байгаа. У-сЗасаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/08 тоот захирамжаар газар эзэмшүүлсэн Өркений Тилеужан нь гэр бүл болоогүй эцэг, эхийн хамт амьдарч байсан нь багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Нэгэнт Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “...Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх...” гэж зааж тусгасан байх бөгөөд гэр бүл болж өрх тусгаарлаагүй этгээдэд газар эзэмшүүлэх тухай асуудал байж болохгүй юм.

Харин Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар тус улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй байдаг. Газар эзэмшүүлэхийн хувьд зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулж гэр бүл болж өрх тусгаарласан айл өрхөд газар эзэмшүүлдэг юм. Тийм учраас нэхэмжлэгч Ө.Т-д газар эзэмшүүлсэн маргаан бүхий захирамж холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1, 3.1.2 дахь заалтуудад “гэр бүл” гэдгийг тодорхой тусгаж өгсөн байх бөгөөд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгож үзэхэд Ө.Т-д газар эзэмшүүлэх эрхийн акт гаргах үндэслэл үүсээгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Үүгээрээ У-сЗасаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 08 тоот захирамж хууль зөрчиж гарсан гэдгийг дурдах нь зүйтэй байна.

А.Аргынбайн үл хөдлөх хөрөнгийг Өркен, Ө.Т- нар нь худалдаж авснаар газар эзэмших эрх үүсэхгүй, газар эзэмших эрх Газрын тухай хуульд зааснаар үүсэх юм.         Харин маргаан бүхий газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрх нь А.Өркен болон  Ө.Т- нарт үүсээгүй байгаа. Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчийг өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар өмчлөх эрх үүсэх журамтай. Тийм учраас эзэмшилгүй газар дээр барьсан үл хөдлөх эд хөрөнгөнд гэрчилгээ авах боломжгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна.

У-сЗасаг даргын А/08 тоот захирамжийн Ө.Т-д газар эзэмшүүлсэн тухай хэсэг нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “...Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна...” гэснийг зөрчсөн байна. У-сЗасаг дарга тухайн захирамжийг гаргахдаа захирамжийн үндэслэлийг судлаагүй, тухайн газар нь сул чөлөөтэй байсан эсхүл бусдад эзэмшүүлсэн эсэхийг судлаагүйгээр шууд захирамж гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан хуульд нийцээгүй захирамж гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хангаж, У-сЗасаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/08 тоот захирамжийн Ө.Т-д газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс анх “У-сЗасаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/08 дугаар захирамжийн Ө.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгох, Ө.Т-д маргаан бүхий газрыг эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа У-сгазрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, У-сЗасаг даргын 2017 оны А/08 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Ө.Т-д холбогдох хэсгийг үндэслэн түүнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохыг тус сумын газрын даамалд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч сумын Засаг даргаас дээрх А/08 дугаартай захирамжийн Ө.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр гараагүйг шүүхэд бичгээр мэдэгдсэнээр[1] нэхэмжлэгчээс сумын Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн дээрх шаардлагаа багасгажээ[2].

Харин гуравдагч этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад У-сЗасаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/08 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Ө.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 У-сЗасаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/08 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн[3] холбогдох хэсгээр  тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Хөндийн Туйых сай” нэртэй бэлчээрийн бүс  нутгаас нэхэмжлэгч Ө.Т-д газрын нэгж талбарын 031102265 дугаартай 700 м2 газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн байх боловч уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамлаас нэхэмжлэгчтэй газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй байжээ.

Анх тус газрыг гуравдагч этгээдийн төрсөн дүү нь болох иргэн А.Аргынбай нь 1994 оноос 2015 оны 06 дугаар сар хүртэл өвөлжөө, хаваржаа, намаржааны зориулалтаар эзэмшин сууж байгаад өөр газарт оршин суухаар болох үед тус газарт байрлах зарим үл хөдлөх  эд хөрөнгүүдээ буулган нүүлгэж, үлдсэн эд хөрөнгө болох 23 м2 талбайтай өвлийн модон сууц, 389 м2 талбайтай чулуугаар барьсан малын хашаа зэрэг эд хөрөнгүүдээ 2016 оны 10 дугаар сарын үед  нэхэмжлэгчийн эцэг А.Өркенд 4 000 000 төгрөгөөр үнэлж худалдсан, одоо тус газарт  нэхэмжлэгч оршин суудаг зэрэг үйл баримтууд нэхэмжлэгч талын тайлбар гэрч А.Аргынбай, А.Өркен нарын  мэдүүлэг, газрын үзлэгийн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гуравдагч этгээд А.К- нь “тус газрыг сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/91 дугаартай захирамжаар эзэмшдэг, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээтэй, анх тус газарт амьдарч байсан А.Аргынбай нь хуульд зааснаар тус газрыг эзэмших эрхгүй, түүнд уг газрыг эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэргүй, нэхэмжлэгч тал зөвхөн уг газарт байрлах эд хөрөнгүүдийг худалдаж авсан, нэхэмжлэгчид миний эзэмших эрхтэй газрыг сүүлд 2017 онд эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчсөн” гэж маргаж, У-сЗасаг даргын 2017 оны А/08 дугаар захирамжийн Ө.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хүсжээ.

Хэрэгт авагдсан У-сЗасаг даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/91 дугаартай захирамжаас[4] үзэхэд  тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрийн  Модон хөшөө /Хөх адар/ нэртэй газраас гуравдагч этгээдэд  нэгж талбарын 031102081 дугаартай 700 м2 газрыг эзэмшүүлсэн байх ба  уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамлаас түүнд  000616047 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо  газрын нэр, байршлыг “Модон хөшөө Туйых сай” гэж тусгажээ.

У-с“Хөндий”, “Хөх адар” нэртэй газрууд нь байршлын хувьд өөр өөр газар байх ба маргаан бүхий газрыг нутгийн ард иргэд  “Хөндийн Туйык сай”, “Модон хөшөө Туйык сай” гэх зэргээр нэрлэдэг гэж гэрч тус сумын 6 дугаар багийн Засаг дарга К.Багдаулет, тухайн үед сумын газрын даамлаар ажиллаж байсан Д.Тунгат нараас шүүхэд мэдүүлсэн. Түүнчлэн хэрэгт авагдсан У-сиргэдэд тодорхой газрыг эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 1997 оны 53, 55, 1998 оны 22 дугаартай  захирамжийн холбогдох хэсгээс үзэхэд сумын “Хөх адар”,  “Хөндийн Туйых сай” нэртэй газрууд нь өөр өөр газар болох нь тодорхойлогдож байна. Мөн гуравдагч этгээдээс эдгээр газрууд нь  байршлын хувьд өөр өөр газар болохыг шүүх хуралдаанд тайлбарласан ба маргаан бүхий газрын нэрийг “Хөндийн Туйых сай”, “Модон хөшөө Туйых сай” гэх зэргээр нэрлэдгийг, түүнчлэн уг газар нь “Модон Хөшөө “Хөх адар” нэртэй газар биш гэдэгт маргаагүй болно.

 Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т зааснаар ....сумын хэмжээнд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх асуудлыг сумын Засаг дарга шийдвэрлэх бөгөөд 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар ...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал тухайн иргэнтэй газар эзэмших  гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохоор заасан.

Гуравдагч этгээдэд сумын Засаг даргын 2015 оны А/91 дугаартай захирамжаар Модон хөшөө /Хөх адар/ нэртэй газрыг эзэмшүүлсэн, харин газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын нэр, байршлыг “Модон хөшөө Туйык сай” гэж өөрөөр тусгасан талаар тухайн үед сумын газрын даамлаар ажиллаж байсан гэрч Д.Тунгатаас  “сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/91 дугаартай захирамжаар  А.К-д “Модон хөшөө “Хөх адар” гэх газраас түүний намаржааны зориулалтаар ашиглаж байсан газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр болсон. Түүнд уг газрыг  анх намаржааны зориулалтаар эзэмшүүлсэн ямар нэгэн шийдвэр гараагүй байсан. Гэрчилгээг 2016 онд А.К- ирж авсан.  Би гэрчилгээг бичих үед захирамжийг үзэхгүйгээр газрын нэрийг А.К-ээс асууж түүний хэлснээр “Модон хөшөө Туйых сай” гэж тусгасан. Би газрын нэрийг гэрчилгээнд “Модон хөшөө Туйых сай” гэж буруу бичсэн байсан” гэж мэдүүлжээ.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2010 оны 16 дугаартай тушаалаар батлагдсан “Нэгж талбарыг дугаарлах журам”-ын Хоёрын 2.3-т нэгж талбарын дугаар нь улсын хэмжээнд дахин давтагдахгүй байна гэж, Дөрвийн 4.1-д нэгж талбарын дугаарыг ...сумын газрын даамал олгоно гэж, 4.2-т нэгж талбар бүрийг тухайн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хот, суурины хэмжээнд давтагдашгүй байдлаар дугаарлана гэж тус тус заасан.

У-сЗасаг даргаас 2015 оны А/91 дугаартай захирамжаар гуравдагч этгээдэд “Модон хөшөө Хөх адар” нэртэй газраас нэгж талбарын 031102081 дугаар бүхий 700 м2, 2017 оны А/08 дугаар захирамжаар нэхэмжлэгчид “Хөндийн Туйых сай” нэртэй газраас  нэгж талбарын 031102265 дугаартай 700 м2 газрыг тус тус  эзэмшүүлсэн, эдгээр нь өөр өөр  нэгж талбарын дугаар бүхий, байршлын хувьд хоёр тусдаа газар болох нь тогтоогдож байна.

Гуравдагч этгээдэд “Модон Хөшөө Туйых сай” нэртэй газраас 700 м2 газрыг эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байх боловч А/91 дүгээр захирамжаар түүнд “Модон хөшөө Туйых сай” нэртэй маргаан бүхий газрыг эзэмшүүлээгүй, гэрчилгээнд гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрын нэрийг А/91 дүгээр захирамжид зааснаас өөрөөр тусгасан нь  Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасантай нийцээгүй, энэ нь сумын газрын даамлын буруутай үйл ажиллагаа болох нь  тогтоогдсон.

Түүнчлэн гуравдагч этгээдэд 2015 онд  А/91 дугаартай захирамжаар, нэхэмжлэгчид 2017 оны А/08 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн газарт олгогдсон нэгж талбарын дугаарууд нь давтагдаагүй, У-сгазар эзэмшигчийн улсын бүртгэлийн дэвтэрт нэхэмжлэгчийн эзэмшил газарт олгогдсон  нэгж талбарын  дугаарыг сумын газрын даамлаас  бүртгэлгүй  орхигдуулсан нь маргаан бүхий газар нь А/08 дугаар захирамжид тусгагдсанаар  031102263 бүхий нэгж талбарын дугаартайг  үгүйсгэхгүй юм. Иймд энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн маргаан үндэслэлгүй байна.

У-сЗасаг даргын 2015 оны  А/91 дугаартай захирамжийн талаар тухайн онд сумын Засаг даргаар ажиллаж байсан гэрч Ж.Силамболаас “...Иргэн А.К- нь тухайн онд У-с6 дугаар багийн  нутаг дэвсгэр болох “Туйых сай” гэх газраас газар эзэмшихийг хүсэж өргөдөл гаргасан. Уг хүсэлтийн дагуу материалуудыг нь Д.Тунгатад /газрын даамал/ өгч тухайн газрыг олгох Засаг даргын захирамж гаргуулахаар үүрэг өгсөн. Үүний дагуу 2015 онд А/91 тоот захирамж гарсан. Уг захирамжийн хавсралтад “Модон хөшөө /Хөх адар/ гэж газрын нэр тусгагдсан байна.

Уг нь тухайн газрын нэрийг “Туйых сай” гэж тусгах ёстой байсан ба газрын даамал Д.Тунгат буруу тусгасан байна. “Туйых сай” гэж  нэрлэгдэх газарт А.К-ий төрсөн дүү А.Аргынбай өвөлжиж суудаг байсан. Дараа нь “Ах томпах” гэх газарт нүүсэн. А.К- нь “Туйых сай”-д орших дүү А.Аргынбайн байшин орших газрыг эзэмшихийг хүсэж хүсэлтээ гаргаж байсан” гэж мэдүүлжээ.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд А.К- нь анх маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлт гаргасан нь, сумын газрын даамлын буруутай үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдэд  А/91 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэхдээ  түүний эзэмшихийг хүссэн  “Хөндийн Туйых сай” нэртэй газраас өөр газар эзэмшүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй.

Хуульд зааснаар сумын хэмжээнд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эсэх асуудлыг сумын Засаг дарга шийдвэрлэх бөгөөд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн 2015 оны А/91 дугаартай захирамжийг сумын Засаг дарга гаргасан, уг захирамжид сумын Засаг даргын хувьд Ж.Силамбол гарын үсэг зурж, захирамж түүний хавсралтад сумын Засаг даргын тамга дарагдсан байх тул гэрч Ж.Силамболын мэдүүлгийг үндэслэн  А/91 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр гуравдагч этгээд нь маргаан бүхий газрыг эзэмшдэг гэж үзэх боломжгүй байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д ...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн тухайн ...иргэнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохоор, 27 дугаар зүйлийн 27.4-т  хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан ба гуравдагч этгээдэд А/91 дугаартай захирамжаар эзэмшүүлснээс өөр газар болох “Модон хөшөө Туйых сай” нэртэй газраас 700 м2 газар эзэмших эрхтэйгээр түүнд олгогдсон газар эзэмших эрхийн 000616047  дугаартай гэрчилгээг маргаан бүхий газрыг эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээ гэж үзэх үндэсгүй гэж үзлээ.

Газар эзэмших гэдгийг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох бөгөөд хуульд заасан  журмаар газар эзэмшээгүй буюу  газар эзэмших эрх бүхий этгээдийн  зөвшөөрөл бүхий тухайн газрыг эзэмших эрх олгосон шийдвэргүй тохиолдолд гуравдагч этгээдийг маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэхгүй юм.

            Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд А.К- нь маргаан бүхий газраас 2 километрийн  зайтай, тус газрын зүүн хойд хэсэгт байршилтай  “Хөндий” гэх газраас[5] өвөлжөөний зориулалтаар 660 м2 талбайтай, нэгж талбарын 031101085 дугаартай газрыг У-сЗасаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар захирамжийн дагуу 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0068928 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 60 жилийн хугацаатайгаа эзэмшиж байгаад тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг  Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар өөрийн хүү К.Ерболд шилжүүлсэн нь, энэ талаар  сумын Засаг даргын 2012 оны 33 дугаартай захирамж гарч, уг захирамжийн дагуу энэхүү газрыг К.Ербол нь 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр олгогдсон 0390487 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг нь, уг газрыг гуравдагч этгээд А.К- нь анх 1974 оноос хойш өвөлжөөний зориулалтаар эзэмшиж суусан, одоог хүртэл хүүхдүүдийн хамт өвөлжөөний зориулалтаар  ашигладаг болох нь хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтууд болон гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон.

            Уг газрыг гуравдагч этгээд А.К-д эзэмшүүлсэн У-сЗасаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж нь тус сумын нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын урьд эзэмшиж байсан газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлсэн агуулгатай байна. Мөн хэрэгт авагдсан У-сЗасаг даргын 1996 оны 24 дугаартай “Иргэдэд газар эзэмшүүлэх тухай” захирамж нь тус сумын хэмжээний нийт иргэдэд хувийн гэр, орон сууц, хашааны газар эзэмшүүлсэн шийдвэр байна.

            Үүнээс үзэхэд 1994 оноос эхлэн “Хөндийн Туйых сай” хэмээх газарт  оршин сууж амьдарч ирсэн иргэн А.Аргынбайг У-сЗасаг даргын 1996 оны 24, 2003 оны 26 дугаар захирамжийн дагуу маргаан бүхий газрын эзэмшигч гэж үзэхээр байна.

Гэрч А.Аргынбай нь шүүхэд өгсөн мэдүүлгээс[6] үзэхэд газар эзэмшигчийн хувьд маргаан бүхий газрыг эзэмших эрхээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар гуравдагч этгээд А.К-д шилжүүлээгүй, тухайн газарт байрлах эд хөрөнгөө нэхэмжлэгчийн эцэг А.Өркенд 2016 оны 10 дугаар сард худалдсан, улмаар нэхэмжлэгчид уг газрыг эзэмшихийг зөвшөөрснөөр сумын Засаг даргын 2017 оны А/08 дугаартай захирамж гарах хүртэл иргэн А.Аргынбайн тухайн газрыг эзэмших эрх дуусгавар болоогүй байна.

Иймд бусдын эзэмших эрхтэй, үл хөдлөх эд хөрөнгө байршилтай газрыг сумын Засаг даргын 2015 оны А/91 дугаартай захирамж, газар эзэмших эрхийн  000616047 дугаартай гэрчилгээгээр эзэмшдэг гэх, маргаан бүхий газар нь А.Аргынбайн эзэмшлийн бус сул чөлөөтэй газар байсан гэх гуравдагч этгээдийн маргааныг үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д   газрыг  Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн ...энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана, 29 дүгээр зүйлийн 29.1-д иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй байна гэж заасан.

Маргаан бүхий газрыг эзэмшигч А.Аргынбай нь тухайн газарт байрлах өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгүүдээ дээрх байдлаар нэхэмжлэгчийн эцэгт 2016 оны 10 дугаар сарын үед худалдсан, улмаар тухайн газрыг эзэмшиж суухыг нэхэмжлэгчид зөвшөөрсөн, гуравдагч этгээдэд сумын Засаг даргын 2015 оны А/91 дугаартай захирамжаар өөр газар  эзэмшүүлсэн буюу нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газартай давхцаагүй байх тул сумын Засаг даргын 2017 оны А/08 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн дээрх заалтууд, мөн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг болон гуравдагч этгээдийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 34 дүгээр зүйлийн 34.1-д ...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно гэж, 27.4-т  хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно  гэж заасан.

Нэхэмжлэгч Ө.Т- нь Улаанхус Засаг даргын 2017 оны А/08 дугаар захирамжийн дагуу маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй байх тул  түүнтэй маргаан бүхий газрыг  эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа тус сумын газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, А/08 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохыг У-сгазрын даамалд даалгаж, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ө.Т-тай маргаан бүхий газрыг эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа У-сгазрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/08 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Ө.Т-д холбогдох хэсгийг үндэслэн түүнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохыг У-сгазрын даамалд даалгасугай.

2. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд А.К-ий  шүүхэд гаргасан “У-сЗасаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/08 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Ө.Т-д холбогдох хэсгийг хүчингүй  болгох“-ыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70 200  төгрөгийг буюу нийт 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У-сгазрын даамлаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                           

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.РИЗА

 


[1] Хэргийн 22 дугаар хуудас

[2] Хэргийн 118 дугаар хуудас

[3] Хэргийн 48-49 дүгээр хуудас

[4] Хэргийн 33-34 дүгээр хуудас

[5] Гуравдагч этгээдээс уг газрыг “Жемтик хороо” гэж нэрлэдэг гэж тайлбарласан.

[6] Хэргийн 58-60 дугаар хуудас