Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2022/0049

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

“Э Э Б э г” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Нэхэмжлэгч “Э Э Б э г” ХХК

Хариуцагч БОАЖЯ

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 79 дүгээр тушаалын хавсралтын 98 дугаарт бичигдсэн “Э Э Б э г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 654 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш

Хэргийн индекс: 128/2021/0435/З           

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э Э Б э г” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 79 дүгээр тушаалын хавсралтын 98 дугаарт бичигдсэн “Э Э Б э г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 654 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Татварын хэлтсээс ирүүлсэн гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүйн зэрэгцээ ямар, аль газрын төлбөрт төлөгдсөн баримт болох нь тогтоогдох боломжгүй байна. Харин Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичиг болон банкны баримтаар зөвхөн 2018 онд 49,174,000 төгрөг, 2019 онд 21,150,000 төгрөг л төлөгдсөн болох нь нотлогдож байна.

3.2. Нэхэмжлэгч нь нийт хугацаанд 2 удаагийн л төлөлт хийж, нийт 70,324,000 төгрөг л төлжээ. Нэхэмжлэгч нь ийнхүү газар ашиглах тухай хоёр гэрээ болон Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн нь нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна.

3.3. Ийнхүү нэхэмжлэгч нь газрын төлбөрөө а) хугацаанд нь, б) бүрэн төлөөгүй байгаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаал хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий болохыг нотолж байна. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх заалтаас газрын төлбөр заасан “хугацаанд”, “бүрэн” төлөгдөх хоёр шаардлага хоёулаа хангагдсан байх ёстой нь харагдаж байна. Гэтэл нэхэмжлэгч газрын төлбөрөө хугацаанд нь буюу улирал бүр төлөөгүй, мөн бүрэн төлөөгүй нь нотлох баримтуудаар нотлогдсон байхад Шүүх “нэхэмжлэгчийг газар ашигласны төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн бөгөөд хууль буруу хэрэглэсэн байна.

3.4. Нэхэмжлэгч газар ашиглах эрх авсан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс газар ашиглах эрх түдгэлзсэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нийт 2 жил 1 сар орчмын хугацаанд газраа зориулалтын дагуу огт ашиглаагүй байна. Гэтэл шүүх “2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд маргаан бүхий газраа зориулалтын дагуу ашиглах боломж, нөхцөлгүй байсан байна” гэж газар ашиглах эрхийг түдгэлзүүлсэн  шүүгчийн захирамжийн хугацаагаар биш шүүхэд маргаан үүссэн өдрөөс ашиглах боломжгүй болсон мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч газар ашиглах эрх авсан өдрөөс эхлэн дээр дурдсан Түдгэлзүүлэх захирамж гарах хүртэлх нийт 2 жил 1 сар орчмын хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглах эрхтэй байсан. Иймд шүүхийн энэхүү үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг буруу үнэлсэн бөгөөд хууль буруу хэрэглэсэн байна.

3.5. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь сонсох ажиллагааны мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/7988 дугаар албан бичгээр 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шуудангаар нэхэмжлэгчид илгээсэн бөгөөд тус нотлох баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо аваачиж өгсөн байх боловч шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралд оролцох эрхийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон эрхийнхээ дагуу ээлжийн амралтаа авсан бөгөөд хариуцагчийн зүгээс өөр этгээдээр төлөөлөх боломжгүй байгаагаа албан ёсоор мэдэгдсээр байтал шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2 дахь хэсгийн “хариуцагч өөрөө, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” гэснийг зөрчжээ.

3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажлын байрны чиг үүргийн хүрээнд маш олон ажлыг хариуцан ажилладаг бөгөөд бүтэн жилийн хугацаанд тасалдалгүй ажилласны дараа хууль ёсоор олгогдсон ээлжийн амралтаа авсан нь тус шүүх хуралдаан товлогдсон хугацаатай давхацсан байна. Хэрэв албаныхаа чиг үүргийн хүрээнд хамаарах бүх шүүх хуралдаанд оролцох боломжийг хангах бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульд заасан ээлжийн амралтаа авах эрхээ эдлэх боломж бүрдэхүгүй юм. Түүнчлэн, ээлжийн амралттай байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэх дүгнэлтийнхээ үндэслэлийг Шүүх заагаагүй бөгөөд энэ нь тухайн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна.

3.8. Дээр дурдсанаар шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 79 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байх бөгөөд уг тушаалын холбогдох хэсгээр нэхэмжлэгч “Э Э Б э г” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан нь холбогдох хуулийн заалтад нийцээгүй, хууль бус болсон байна.

3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд 3.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0160882 дугаар газар ашиглах гэрчилгээ олгосон бол “Э Э Б э г” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2018/181 дүгээр гэрээг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан, улмаар Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоолоор нэгжийн төлбөрт өөрчлөлт орсноор 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2019/155 дугаар гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдсон байна.

3.3. Газрын тухай хуулийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус зааснаар газар эзэмшигч, ашиглагч нь газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах, хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй бөгөөд хууль болон гэрээгээр заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлахаар хуульчилсан байх бөгөөд  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгохоор, мөн зүйл, хэсэгт заасан “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, 3 болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгохоор байна.  

3.4. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2018/181 дүгээр гэрээг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр, 2019/155 дугаар гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан, энэ үйл баримттай хариуцагч маргаагүй, нэхэмжлэгч “Э Э Б э г” ХХК-ийг гэрээ байгуулсан хугацаанаас тооцож маргаан бүхий актаар цуцлагдсан ашиглах эрх бүхий газраа газар ашиглах гэрээ байгуулснаас хойш 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгах  үндэслэлгүй байна.

3.5. Тодруулбал, “Э г” ХХК, Ж.О нараас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэг, 2 дугаар хавсралтын 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3614 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 4845 дугаар захирамжаар “Э Э Б э г” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8018 дугаар захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 4 дэх хэсгийн буюу нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон хэсгийн биелэлтийг уг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд “Э г” ХХК, Ж.О нараас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэг нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны  хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн, энэ үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

3.6. Ийнхүү нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон захиргааны байгууллагын шийдвэртэй холбоотой маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан байх тул газар эзэмшигчээс үл хамаарах шалтгааны улмаас нэхэмжлэгч газар ашиглах эрхийн гэрчилгээ бүхий газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй, ийнхүү шүүхээр маргаантай байсан нөхцөл байдлыг хариуцагч мэдэж байсан атлаа нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь хуульд нийцээгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

3.7.Түүнчлэн нэхэмжлэгч “Э Э Б э г” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2018/181 дүгээр гурвалсан гэрээ анх байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн  2 жил дараалан ашиглах хуулийн шаардлага хангагдсан эсэхийг тооцогдохоор байх тул захиргааны хэрэг үүсгэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3614 дүгээр захирамж, маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 4845 дугаар захирамжийг тус тус гарах хүртэлх хугацааг авч үзсэн ч  нэхэмжлэгчийг “хуульд заасан 2 жил дараалан ашиглаагүй” гэж буруутгах үндэслэлгүй байна.

3.8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-д “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, БО-ны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж зааснаар газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тухайн газартаа үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж үзэж болох хэдий ч 3 сарын дотор гурвалсан гэрээ байгуулахаар заасан журмын зохицуулалт энэ тохиолдолд зөрчигдсөн, үүнийг дан ганц нэхэмлжлэгчийн буруу гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчийн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч гурвалсан гэрээгээ 2019 онд батлуулсан нь дээрх журмыг зөрчсөн ...” гэж маргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.9. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасан, “Э Э Б э г” ХХК болон Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2019/155 дугаар гэрээний Гурав “Дүүргийн Засаг даргын эрх, үүрэг” гэх хэсгийн 1-д “Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг үндэслэн газар ашиглуулах тухай гурвалсан гэрээг газар ашиглагчтай байгуулна” гэж, Дөрөв “Хамгаалалтын захиргааны эрх, үүрэг” гэх хэсгийн 1-т мөн “Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг үндэслэн газар ашиглуулах тухай гурвалсан гэрээг газар ашиглагчтай байгуулна” гэж тус тус зааснаар гэрээ байгуулах үүргийг зөвхөн нэхэмжлэгчид хамааралтай гэж үзэх үндэслэлгүй, хэрэгт хариуцагчаас нэхэмжлэгчийг “гэрээ байгуулах” талаар шаардсантай холбоотой мөн гэрээ байгуулахыг шаардсаар байхад нэхэмжлэгч компани үл хайхарсан, эс үйлдэхүй гаргасныг нотлох буюу нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алиныг буруутгах баримт нотолгоо авагдаагүй байх тул шүүх энэ тухайд хэргийн оролцогчдын хэн алиныг буруутгах үндэслэлгүй, харин гэрээ байгуулагдсан цаг хугацаанаас тооцож газар ашиглах үүргээ биелүүлсэн эсэх, газрын төлбөр төлсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхээр байна.

3.9. Түүнчлэн нэхэмжлэгч 2018 онд 49,174,000 төгрөг, 2019 онд 21,150,000 төгрөг, 2020 онд 25,052,391 төгрөг, 2021 онд 124,317,369 төгрөгийн газрын төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 16/1618 дугаар албан бичиг, холбогдох татварын байцаагч Н.Д- нэхэмжлэгч компанийн газрын төлбөр төлсөнтэй холбоотой баримт болон Голомт, Улаанбаатар банкны төлбөрийн баримтуудаар тогтоогдсон байх тул хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй байна.

3.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 21.1.2-т “энэ хуулийн 20.1.2-20.1.7-д заасан эрх”, 20 дугаар зүйлийн 20.1.3-д “нотлох баримт гаргаж өгөх ...” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг няцаах, өөрийн хариу тайлбарын үндэслэл болох баримтуудыг гаргаж өгөх эрхтэй. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4388 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан 4 сар гаруй хугацааны туршид хариуцагчаас мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан эсэхтэй холбоотой баримт нотолгоог ирүүлэх боломжтой байсан байх бөгөөд маргаан бүхий актын талаар мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан эсэхээс үл хамааран нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцлах үндэслэлгүй болох нь тогтоогдсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... сонсох ажиллагааны мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/7988 дугаар албан бичгээр 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шуудангаар нэхэмжлэгчид илгээсэн бөгөөд тус нотлох баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо аваачиж өгсөн байх боловч шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралд оролцох эрхийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

3.11. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2-т 21.2.2-т зааснаар хариуцагч өөрөө, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үүрэгтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулахаар гаргасан хүсэлтүүдийг шүүх хүлээн авч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хариуцагчаас энэ хугацаанд өөр төлөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжтой байсан, мөн хариуцагч өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон эрхийнхээ дагуу ээлжийн амралтаа авсан бөгөөд хариуцагчийн зүгээс өөр этгээдээр төлөөлөх боломжгүй байгаагаа албан ёсоор мэдэгдсээр байтал шүүх ... хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 654 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                 С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ