Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01241

 

П А Э Э-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/00337 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 884 дүгээр магадлалтай,

П А Э Э-ХХК-ийн нэхэмжлэлтэй

Г Б  ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болон хохиролд 339.379.941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч П.Бишрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-Амгалан, өмгөөлөгч Б.Сүрэнхүү, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч П А Э Э-ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: П А Э Э-ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт Ханбогд ресиденс орон сууцны төслийг хэрэгжүүлдэг. Уг төслийн эхний ээлжийн 1152 айлын орон сууцны барилгын ажлын санхүүжилтэд зориулж, тухайн үеийн хувьцаа эзэмшигч Гангар инвест ХХК, Капитрон банк ХХК болон компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу П А Э Э-ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банктай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 тэрбум төгрөгийг жилийн 12 хувийн үндсэн хүү, 0.6 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 33 сарын хугацаатай зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үеийн хувьцаа эзэмшигч болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу дээрх 20 тэрбум төгрөгийн 4 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигч Гангар инвест ХХК-ийн охин компани Г Б  ХХК-д зээлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу П А Э Э-ХХК болон Г Б  ХХК, Гангар инвест ХХК-иуд нь 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 13/08-21-01 тоот Зээлийн болон барьцааны хүүтэй, 3 сарын хугацаатай, арматур төмөр худалдан авах зориулалтаар зээлдэгч Г Б  ХХК-д зээлүүлэх, зээлдэгч нь зээлийн 2.298.000.000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор барилгын арматур төмөр нийлүүлэх хэлбэрээр буцаан төлөх, үлдэгдэл 1.702.000.000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрээнд заасан хүүгийн хамт мөнгөн хэлбэрээр төлөхөөр харилцан тохиролцсон. Гангар инвест ХХК нь Г Б  ХХК-ийг үүргээ гүйцэтгэх баталгаа болгож тухайн үед П А Э Э-ХХК-д эзэмшиж байсан нэг бүр нь 10.000 төгрөгийн үнэтэй 400.000 ширхэг, 4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хувьцааг барьцаалсан. П А Э Э-ХХК нь гэрээний дагуу 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 3.300.000.000 төгрөгийг, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 700.000.000 төгрөгийг тус тус Г Б  ХХК-д шилжүүлсэн. Г Б  ХХК болон П А Э Э-ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 13/08-21-02 дугаар зээлийн төлбөр барагдуулах гэрээ байгуулж 13/08-21-01 тоот зээлийн болон барьцааны гэрээний арматур нийлүүлэх хэлбэрээр төлөгдөх 2.298.000.000 төгрөгт БНХАУ-ын Бугатын үйлдвэрийн НКВ400 маркын арматур 2000 тн арматурыг 1 тн-ыг 1.149.000 төгрөгт тооцон 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээний хэрэгжилтийн явцад Г Б  ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2.298.000.000 төгрөгийн арматурыг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөөгүй, мөн 1.702.000.000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр хугацаанд нь буцаан төлөөгүй, 2015 оныг хүртэл хэсэгчилсэн байдлаар арматур нийлүүлэх, мөнгийг төлөх журмаар 1 тодорхой хэмжээгээр төлж, 2015 оноос хойш төлөлт хийгээгүй одоогоор зээлийн үлдэгдэл нь 130.000.000 төгрөг байна. Г Б  ХХК нь арматураа хугацаандаа нийлүүлээгүй, зарим нийлүүлсэн арматур нь гэрээнд заасан шаардлагыг хангахгүй байсан тул П А Э Э-ХХК нь хувьцаа эзэмшигчээс баталсан барилгын ажлын графикт хугацааг баримтлах, өвөл болохоос өмнө барилгын ажлыг явуулах, барилгын борлуулалтыг яаралтай эхлэх, туслан гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээний хугацааг баримтлах зэрэг цаг хугацаа, эдийн засгийн шаардлагын улмаас арматур худалдаалдаг өөр газруудаас өндөр үнээр арматур худалдан авч барилгын ажилд хэрэглэсэн. Энэхүү арматурын үнийн зөрүүг тооцон үзвэл 141.008.221 төгрөг байна. Мөн арматур хугацаандаа нийлүүлээгүйгээс барилгын гүйцэтгэгч Пхяньян намган ХХК-д төлсөн сул зогсолтын төлбөр 32.200.000 төгрөгийг арматурыг гэрээний дагуу нийлүүлээгүйгээр бусдаас түрээслэн авсан хэв хашмалын материалыг барилгаас салган буцаан өгөх боломжгүй болж түрээсийн хугацаа хэтрүүлсний төлбөр 32.384.680 төгрөгийг тус тус төлсөн. Мөн энэхүү хохирлоос П А Э Э-ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан 20 тэрбум төгрөгийн 4 тэрбум төгрөгт ногдох хүүгийн төлбөрийг өөрөө ашиглаагүй боловч төлсөн, Г Б  ХХК хугацаандаа мөнгөө буцаан төлөөгүйгээс Хөгжлийн банкинд хүүний төлбөрөө тогтоосон хугацаанд төлөх боломжгүй болж нэмэгдүүлсэн хүү төлсөн, сул зогсолтын болон бусад нэмэгдэл зардал гарсан. П А Э Э-ХХК-ийн зүгээс дээрх төлбөр хохирлыг барагдуулах талаар Г Б  ХХК, Гангар инвест ХХК-д албан бичгээр болон төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчдийн хурлаар дамжуулж удаа дараа хандаж байсан боловч төлбөр төлөх хугацааг хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн.

Иймд "Г Б " ХХК нь чанарын шаардлага хангахгүй арматур нийлүүлсний улмаас бусад аж ахуйн нэгж манай байгууллагад төлсөн 141.008.221 төгрөгийн хохирол, зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 133.787.040 төгрөг, хэв хашмал түрээсэлсэн зардал 32.384.680 төгрөг, сул зогсолтын төлбөр 32.200.000 төгрөг, нийт 339.379.941 төгрөгийг "Г Б " ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г Б  ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...П А Э Э-ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр №2013/08/21-01 дугаар бүхий худалдах, худалдан авах тухай гэрээ, 13/08-21-1 дугаар бүхий зээлийн болон барьцааны гэрээ, мөн 13/08-21-02 дугаар бүхий зээлийн төлбөр барагдуулах гэрээг тус тус байгуулсан. Энэхүү гэрээнүүдийг байгуулахдаа 2013/08/21-01 тоот худалдах, худалдан авах тухай гэрээгээр 1 тонн бүрийн 1.149.000 төгрөгөөр нийт 3481,2 тонн арматурыг нийт 4.000.000.000 төгрөгийн үнийн дүнтэйгээр Г Б  ХХК нь П А Э Э-ХХК-д нийлүүлэхээр гэрээ байгуулсан. 13/08-21-1 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр 4.000.000.000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэйгээр П А Э Э-ХХК нь Г Б  ХХК-д зээлүүлсэн. П А Э Э-ХХК нь 13/08-21-1 тоот зээлийн болон барьцааны гэрээний дагуу 2.000 тонн арматурыг нэг дор бүгдийн авах сонирхолгүй байгаагаа илэрхийлж Г Б  ХХК нь шаардлагатай хэмжээгээр нь тухай бүр нийлүүлж үлдэгдэл төлбөрт ногдох хүүгээ хариуцаж байхаар харилцан тохиролцсон. Энэхүү нөхцөл байдалтай уялдан Г Б  ХХК-ийн толгой компани болох Гангар Инвест ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 964 тоот П А Э Э-ХХК-ийн ерөнхийлөгч С.Зоригтод зээлийн болон зээлийн барьцааны гэрээ, зээлийн төлбөр барагдуулах гэрээнүүдийн хугацааг сунгах хүсэлтээ хүргүүлсэн бөгөөд энэхүү хүсэлтийн дагуу талууд тус гэрээнүүдийг сунгасан. "Г Б " ХХК нь дээрхи гэрээний дагуу 2013 онд 281.1 тонн арматур 2014 оны 1039.58 тонн арматурыг захиалгын дагуу нийлүүлсэн бөгөөд энэ хугацаанд гэрээнд заасан 2000 тонн арматурыг бүрэн нийлүүлэх боломж байсан. Гэвч П А Э Э-ХХК нь арматураа нэг дор бүгдийг авах сонирхолгүй байснаас гадна 2000 тонн арматурынхаа захиалгыг албан ёсоор өгөлгүй явсаар 2013 оны 11 дүгээр сарын 22-нд арматурынхаа захиалгыг өгсөн. Энэхүү захиалгын дагуу бид 2014 оны 1 дүгээр улиралдаа багтаан БНХАУ-ын Бугатын төмөрлөгийн үйлдвэрээс арматурыг нийлүүлэхээр болж үүнээс 1039.58 тонн арматурыг нийлүүлж 1310 тоннын 12, 14 диаметртэй арматурыг авах боломжгүй гэдэг үндэслэлээр хүлээн аваагүй. Хүлээн авахаас татгалзах үндэслэл нь П А Э Э-ХХК-ийн Г Б  ХХК-нд ирүүлсэн 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 48 тоот албан бичигт дурдсанаар 12-н 835.413 тн буюу 1.749.853.650 төгрөгийн арматур, 14-н 1.439.348 тн буюу 1.703.937.054 төгрөгийн үнэ бүхий хуйлаастай арматурыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсны дараа авахаа илэрхийлж тус арматурыг гэрээний дагуу нийлүүлж байгаа арматур гэж үзэхгүй бөгөөд хүлээн авсанд тооцохгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 55 тоот албан бичгээр ШУТИС-ийн мэргэжлийн лабораторын эрхлэгч Я.Дүйнхэржав /РГШ/, зураг төсөл зохиогч Монгол Улсын зөвлөх инженер Н.Эрдэнэсүрэн нар танай компанийн буулгасан арматурыг барилгад хэрэглэхийг зөвшөөрөхгүй тухайгаа бидэнд мэдэгдлээ зэрэг албан бичгүүдийг ирүүлсэн. Энэхүү албан бичгүүдийг үндэслэн Г Б  ХХК нь П А Э Э-ХХК-д 2014 оны 5 дугаар сарын 18-ны №18 болон 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №27 тоот албан бичгийг хүргүүлсэн. 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №27 тоот албан бичгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төмөр болон төмөр бүтээцтэй холбоотой шинжилгээ хийдэг бүхий л лабраторуудад хандаж шинжилгээ авч өгсөн. Энэхүү шинжилгээнүүдээр Г Б  ХХК-ийн нийлүүлж буй арматур нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан гэдгээ илэрхийлсэн. Гэвч П А Э Э-ХХК нь тус арматурыг авахгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн тул тус арматурыг буцаан авч зээлийн болон барьцааны гэрээний дагуу арматурын үнэнд ногдох үнийн дүнгээс хүү тооцон төлж байхаар болж холбогдох төлбөр тооцоог барагдуулсан. 1310 тонны арматур буцаасантай холбогдон 2014 онд Г Б  ХХК нь 6.486.480 төгрөгийн барилгын гадна фасадны хөөс, 196.800.250 төгрөгийн бетон нийлүүлсэн бөгөөд 2014 онд 1.400.000.000 төгрөгийг бэлнээр төлж үлдэгдэл 154.000.000 орчим төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн П А Э Э-ХХК, Гангар ХХК болон Г Б  ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн болох 774.568.000 төгрөгийн ажлын 20% болох 154.913.600 төгрөгийн гүйцэтгэлийн төлбөрийг Г Б  ХХК нь П А Э Э-ХХК-ийн өмнөөс төлж барагдуулахаар болсон. Ийнхүү дээрх бараа материалыг өгч, холбогдох төлбөр тооцоог бүрэн барагдуулж 2014 оны 11 дүгээр сарын 25-нд П А Э Э-ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчтой нь тооцоог нийлсэн байдаг. Гэтэл Г Б  ХХК-ийн толгой компани болох Гангар Инвест ХХК-тай холбоотой компани болох Хүчит цайз ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 21/15-04 тоот харуул хамгаалалтын гэрээг байгуулсан бөгөөд гэрээний дагуу үйлчилгээний төлбөр болох 133.600.000 төгрөгийн өр төлбөрөөс зайлсхийх зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Г Б  ХХК-ийн нягтлан бодогч П.Алимаа дээр П А Э Э-ХХК-ийн нягтлан бодогч П.Алтанзул нь ирж дахин тооцоо нийлэхээр боллоо хэмээн Гангар ХХК-ийн гүйцэтгэл болох 154.913.600 төгрөгийн гүйцэтгэлийн ажлыг Гангар ХХК-тай тооцоо нийлсэн актгүйгээр 36.276.972 төгрөг болсон хэмээн бууруулж Г Б  ХХК-ийг П А Э Э-ХХК-д 133.878.040 төгрөгийн өр төлбөртэй мэтээр харагдуулсан байна. Мөн 2015 оны 5 дугаар сарын 09-нд 70.704.414 төгрөгийн цайран труба, 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 55.868.222 төгрөгийн арматурыг П А Э Э-ХХК нь зээлээр авсан бөгөөд өнөөдрийг хүртэл 33.239.136 төгрөгийн хоорондын тооцоотой байгаа боловч дээрх 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн тооцоо нийлсэн актан дээр тусгаагүй байгаа нь анхнаас нь л Хүчит Цайз ХХК-ийн 133.600.000 төгрөгийн өглөгөө хаах зорилготойгоор энэхүү тооцоо нийлсэн актыг үйлдсэн гэж үзэж байна. Ийнхүү тооцоо нийлсэн даруйдаа буюу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр П А Э Э-ХХК нь 385 тоот албан бичиг ирүүлсэн бөгөөд энэхүү албан бичгээрээ зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн төлбөр барагдуулах гэрээний дагуу арматураа нийлүүлээгүй, зарим нийлүүлсэн арматур нь гэрээнд заасан шаардлага хангаагүйгээс үүссэн 349.599.261 төгрөг, 5933.33 ам.долларын төлбөрийг дурдсан албан бичиг ирүүлсэн. Энэхүү албан бичгийн дагуу Гангар Инвест ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/997 дугаар тоот бүхий албан бичгийг хүргүүлж, төлбөр тооцоог бүрэн дууссан болохыг мэдэгдсэн бөгөөд төлбөр тооцоотой асуудлыг яаравчлан дахин нийлж санхүүгийн өглөг авлагаа цэгцлэхийг үүгээр мэдэгдсэн. Гэвч П А Э Э-ХХК өнөөдрийг хүртэл тооцоогоо бүрэн нийлээгүй байж ийнхүү нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/00337 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар Г Б  ХХК-иас 107.022.240 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П А Э Э-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 232.375.701 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.837.415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г Б  ХХК-иас 693.061 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П А Э Э-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 884 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/00337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 535.150 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Г Б  ХХК-ийн төлөөлөгч П.Бишрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гарсан байх ба уг захирамж гарсанаас хойш талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцаж, түүнээс тэмдэглэл хийх эрхтэй. Шүүхээс хариуцагч талд 2017 оны 12 дугаар сарын 18-нд хэргийн материал танилцуулсан нь дээрхи шаардлагад нийцээгүй, хэргийн 67-151 дүгээр талд авагдсан нотлох баримтуудтай танилцуулаагүй байгаа нь зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбар, татгалзлалаа, нотлох баримтын хамт гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчжээ гэжээ. Нэхэмжпэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хурал болох хүртэл хугацаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө хэд хэдэн удаа сольж, хэргийн материалтай танилцах хүсэлтээ гарган 2 удаа шүүх хурлыг хойшлуулж байсан. Харин хариуцагчийн зүгээс дээр дурдсан 67-151 дүгээр талд авагдсан нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү нотлох баримтуудтай танилцан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр болсон шүүх хуралд холбогдох хариу нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Ийнхүү талууд шүүх хурлыг явуулах хүсэлт гаргаж тухайн өдөр шүүх хурал явагдсан нь хууль зөрчөөгүй, талуудын эрхийг хязгаарлаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хэд хэдэн удаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөө өөрчлөн, хэргийн материалтай танилцах нэрийдлээр хугацаа аван шүүх хурлыг удаа дараа хойшлуулсан. Улмаар 2018 оны 02 дугаар сарын 06-нд болсон шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө дахин шинээр томилж, тухайн өдрөө хэргийн материалтай танилцах хугацаа аван шүүх хурлыг хийсэн бөгөөд тус хуралд нэхэмжлэгч П.Мэндсайхан нь өөрийн биеээр, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанзулын хамт шүүх хуралд оролцсон бөгөөд шүүгч нь нэгэнд нэхэмжлэгч өөрийн биеээр оролцсон мөн талууд хэргийн материалтай бүрэн танилцан холбогдох нотлох баримтуудыг гарган өгч, шүүх хурлыг явуулахтай холбогдон ямар нэгэн тусгайлсан хүсэлт гаргаагүй тул шүүх хурлыг хийж, холбогдох шийдвэр гаргасан тул нь анхан шатны шүүхийн үйл ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлүүдийг огтхон ч авч хэлэлцээгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн бодит байдалд нийцээгүй, худлаа мэдээллээр асуудалд хандсан, энэ нь хэт нэг талыг байр суурийг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд магадлалаар хянан шийдвэрлээгүй асуудал болох Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/00337 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, түүнийг өөрчлүүлэхээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь хэв хашмал түрээсэлсэн зардалд 32.384.680 төгрөгийг гаргуулахаар шаардснаас шүүх 10.000.000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзсэн. Шүүх энэхүү үндэслэлээ гаргахдаа Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1095 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан Г Б  ХХК гэрээнд заасан хугацаанд арматур нийлүүлээгүйн улмаас барилгад суурилуулсан хэв хашмалыг салган авах боломжгүй болж, түрээсийн зүйлийг хүлээлгэн өгч чадаагүй гэх тайлбар 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн П А Э Э-ХХК-ийн хариуцагчид хүргүүлж байсан албан бичиг зэргээр нотлогдож байх тул хариуцагч үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол болох хэв хашмалын түрээсийн төлбөрт төлөхөөр эвлэрсэн хэмжээ болох 10.000.000 төгрөгийн хэмжээгээр шаардах эрхтэй байна гэжээ. П А Э Э-ХХК нь Хэв хашмал ХХК-иас барилгын хэв, гадна булан түрээслэхдээ 2013 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 3.000.000 төгрөгийн үний дүн бүхий гэрээ байгуулж 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байдаг. Гэтэл дээрхи түрээсийн хугацаа нь ямар үндэслэлээр хэтэрч, П А Э Э-ХХК-ийг Г Б  ХХК нь энэхүү түрээсийн төлбөрт хэрхэн холбогдуулан, нэхэмжлэгчийг хохироосон нь тодорхойгүй байхаас гадна дээрхи хугацаанд Г Б  ХХК нь гэрээний үүргээ биелүүлж 2014 оны 11 сарын 25-ны өдөр тооцоо нийлж баталгаажуулсан байдаг. Мөн 1095 дугаар захирамжинд П А Э Э-ХХК нь Г Б  ХХК-ийг цаг хугацаандаа арматураа нийлүүлээгүйгээс төлбөрийг хоцроосон гэх тайлбар гарган талууд эвлэрсэн нь Г Б  ХХК-ийн шууд буруутай үйл ажиллагаанаас болоод П А Э Э-ХХК цаашлаад Хэв хашмал ХХК-ийг хохироосон гэж үзэж болохгүй. Харин нэхэмжлэгч нь арматурынхаа захиалгыг албан ёсоор 2013 оны 11 дүгээр сарын 22-ны едөр өгсөн нь байдаг. Энэ мэтчилэн нэхэмжлэгч нь өөрийн түрээсийн төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүйгээс үүдэн гарах хариуцлагаа Г Б  ХХК-д ямар үндэслэлээр холбогдуулан шилжүүлж байгаа нь тодорхойгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд энэхүү асуудал огтхон ч дурдагдаагүй тул энэхүү төлбөрийг Г Б  ХХК нь төлөх хууль зүйн ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн 32.200.000 төгрөгийг худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг арилгахад нэхэмжлэгч талаас гарсан зардалд хамаарна гэж үзсэн нь нотлох баримтыг нягтлан шалгаагүй бөгөөд хэт нэг талын байр сууринаас хандсан дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Г Б  ХХК нь өөрийн нийлүүлсэн арматурыг чанарын шаардлага хангахгүй, доголдолтой гэж үзэхгүй байгаа бөгөөд энэ нь хэрэгт авагдсан 2014 оны 06-р сарын 03-ны өдрийн №27 тоот “Г Б " ХХК-ийн “Пи Ай Эм Эм” ХХК-д илгээсэн албан бичиг, ШУТИС-ийн МИС Металын сорилт, туршилт эрдэм шинжилгээний төв лабораторийн Механик туршилтын шинжилгээ, Металл судлал гагнуурын лабораторийн Химийн болон механик туршилтын шинжилгээ, ШУТИС-ийн Барилгын инженер, архетиктурын сургуулийн Реконстрашн төвийн Арматурын барьцалдалтын шинжилгээ, Барилга архитектур корпорацийн Лабораторийн шинжилгээ, Химийн ухааны Магистр, Доктрант Д.Мөнхбаярын Төмөр бетон бүтээцийн ган Зуйвангийн шинжилгээний дүгнэлт, буцаалт хийсэн арматурыг  Вишн Девелопмент ХХК-д худалдан борлуулсан бөгөөд тус арматурыг ашиглан орон сууц барьж чанарын доголдолгүй болохыг тодорхойлсон Вишн Девелопмент ХХК-ийн 2018 оны 01-р сарын 22-ны өдрийн №284 тоот албан бичиг, 2014 оны 10-р сарын 21-ны өдрийн төлбөрийн даалгавар №08, 2014 оны 10-р сарын 28-ны өдрийн төлбөрийн даалгавар №10  зэрэг баримтуудаар нотлогдож байна. Худалдан авагч нь Иргэний хуульд зааснаар, хүлээн авсан барааг аливаа гадны нөлөөнөөс хамгаалах тэр тусмаа барилгад ашиглаж байгаа арматурыг бороонд норохоос хамгаалах үүрэгтэй байтал ийнхүү хамгаалаагүйгээс зэврэлт үүссэн байдаг. Энэ талаар Г Б  ХХК нь ШУТИС-ийн МИС Металын сорилт, туршилт эрдэм шинжилгээний төв лабораторийн Механик туршилтын шинжилгээ, ШУТИС-ийн Барилгын инженер, архетиктурын сургуулийн Реконстрашн төвийн Арматурын барьцалдалтын шинжилгээ, Барилга архитектур корпорацийн Лабораторийн шинжилгээ (БАК) болон Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүхий л лабораторуудад хандаж чанарын шаардлага хангасан болохыг баталсан байтал П А Э Э-ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй байдаг. П А Э Э-ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн барилгын гүйцэтгэлийн хяналт тавьсан баримтаар уг арматурыг хэрэглэхээ зогсоож бат бэх болон зэврэлт даах чадварыг шинжлүүлсний дараа хэрэглэх гэж үүрэг даалгавар өгсөн байдаг. Гэтэл өөрсдөө сайн дураар хучилтын болон багана, дам нурууны арматурчлалыг буулган дахин шинэ арматураар угсарсан гэх бөгөөд энэхүү ажлаа П А Э Э-ХХК болон Пехнянь намган ХХК-ийн хооронд 2014 оны 4 сарын 18-ны өдрийн ажлын гүйцэтгэл баталгаажсан актаар баталгаажуулсан байна. Энэ актаас харахад үүрэг даалгавар өгснөөс хойш нэг өдрийн дотор нийт 2147 м.кв арматурчлалыг буулгаж дахин угсарсан болж байна. Өөрөөр хэлбэл ийм их хэмжээний ажлыг багадаа 7, ихдээ 14 хоногийн хугацаанд хийдэг байтал 1 өдрийн дотор хийж гүйцэтгэсэн мэтээр баримт үйлдсэн байгаагаас дүгнэхэд энэхүү ажлыг бодитой хийж гүйцэтгээгүй гэж үзэж байна. Мөн ажлын хөлсийг олгосон бэлэн мөнгөний орлогын баримтаар мөнгө хүлээн авагч нь П А Э Э-ХХК тушаагч нь Пехньян намган ХХК байгааг дүгнэхэд энэхүү зардал нь бодит бус гэдгийг нотолж байхад шүүгч нь дээрх баримтуудыг нягталж үзэлгүйгээр хууль зөрчин, үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. Иймд П А Э Э-ХХК нь Пехньян намган ХХК-д төлсөн гэх 32.200.000 төгрөгийг Г Б  ХХК-иас нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нэхэмжлэгчид нийлүүлсэн ган трубаны үнэ 33.239.136 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс суутгаж тооцно гэж тайлбарлах боловч энэ талаар ямар нэг сөрөг шаардлага гаргаагүй, энэ татгалзал нь гэрээний талууд нэгэн зэрэг гүйцэтгэх, харилцан тооцогдох шаардлагад хамаарахгүй тул шүүх дүгнэлт өгөөгүй гэжээ. Г Б  ХХК болон П А Э Э-ХХК-ийн хооронд байгуулсан 13/08-21-1 дугаар бүхий зээлийн болон барьцааны гэрээ, мөн 13/08-21-02 дугаар бүхий зээлийн төлбөр барагдуулах гэрээнуудын батлан даагч нь Гангар Инвест ХХК юм. Гангар Инвест ХХК нь П А Э Э-ХХК-д цайран труба нийлүүлсэн бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу П А Э Э-ХХК нь 33.239.136 төгрөгийг Гангар Инвест ХХК-д төлөхөөр байдаг. Энэхүү төлбөр тооцоог талууд хүлээн зөвшөөрч Г Б  ХХК-ийн өглөгөөс хаахаар тохирсон байхад шүүгч хэрэгт хамааралгүй мэт шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд магадлалыг хүчингүй болгож нотлох баримтанд тулгуурлаагүй буруу дүгнэлт хийж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчид төлөх гэж шийдвэрлэсэн 107.022.240 төгрөгийн дүнгээс хэв хашмалын түрээсийн төлбөр 10.000.000 төгрөг, нэмэлт ажил хийсний 32.200.000 төгрөг болон хоорондын төлбөр тооцоо болох 33.239.136 төгрөгийг хасч нийт 75.439.136 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, төлбөрийн дүнг бууруулан зохих шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч П А Э Э-ХХК нь хариуцагч Г Б  ХХК-д холбогдуулж, гэрээний үүргээ хугацаандаа, зохих ёсоор гүйцэтгээгүйгээс

            бусдаас арматур өндөр үнээр авсны зөрүү 141.008.221 төгрөг,

            ажил гүйцэтгэгчид төлсөн сул зогсолтын төлбөр 32.200.000 төгрөг,

            бусдад түрээсийн төлбөр төлсний 32.384.680 төгрөг,

зээл 133.787.040 төгрөг, нийт 339.379.941 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

 

1. Хариуцагчийн төлөөлөгчийн магадлалыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо, “шүүхээс хариуцагч талд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэргийн материал танилцуулсан нь хуульд нийцээгүй, хэргийн 67-151 дүгээр талд авагдсан нотлох баримттай талуудыг танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг зөрчсөн, мөн нэхэмжлэгч тал 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон ба шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаан болох өдөр хэргийн баримттай танилцуулж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн өмнө талуудын тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй юм” гэх үндэслэл заажээ.

 

Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ дараах нөхцлийг анхаараагүй байна.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2018/00572 тоот захирамжаар шүүх хуралдааныг мөн оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цагт хийхээр зарлажээ./хх-52-р тал/

 

Шүүх хуралдаан товлогдсон өдөр нэхэмжлэгч П А Э Э-ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Мэндсайхан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Өлзийбаатарыг томилсон, тухайн төлөөлөгч хэргийн баримттай танилцах, өмгөөлөгч авах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, хуралдааныг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хийхээр шийдвэрлэжээ./хх-54-55, 61-62-р тал/

 

Шүүх хуралдаан хойшлогдсон хугацаанд буюу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч талаас 46 хуудас баримт өгсөн тул тухайн баримттай ирж танилцахыг шүүгчийн туслах О.Анхбаяр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийбаатарт мөн өдөр 99033748 дугаар утсаар мэдэгдсэн тэмдэглэл хэргийн 64-р талд авагдсан байх бөгөөд төлөөлөгч ирж хэргийн баримттай танилцаагүй байна.

 

Нэхэмжлэгч П А Э Э-ХХК 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Билгүүнийг томилсон ба тэрээр хэргийн баримттай танилцах үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг мөн өдрийн 15 цаг хүртэл хойшлуулжээ./хх-153-154-р тал/

 

15 цагийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал П.Мэндсайхан, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шинээр томилогдсон П.Алтанзул нар ирсэн, тэд шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн баримттай танилцсан тухай баримтад гарын үсэг зурсан, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг хэргийн оролцогч эдлэхийг заасан бөгөөд энэ эрхээр хангах үүргийг шүүх хүлээнэ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд, хуульд заасан журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн зүгээс нэхэмжлэгчийг хэргийн баримттай танилцах боломжоор хангаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Магадлалд заасан анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, зохигчийн эрхийг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдоогүй, шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасантай нийцээгүй байх тул энэ талаархи хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж магадлалыг хүчингүй болгов.

 

2. Шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

П А Э Э-ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээгээр 20 тэрбум төгрөг зээлсэн, П А Э Э-ХХК, Г Б  ХХК, Гангар инвест ХХК-ийн хооронд 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “зээлийн болон барьцааны” гэрээгээр  зээлдүүлэгч тал П А Э Э-ХХК, зээлдэгч тал Г Б  ХХК-д арматур худалдан авах зорилгоор, зээлийн мөнгөнөөс 4 тэрбум төгрөгийг, жилийн 12 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэх, гэрээний хавсралт 1-д эргэн төлөх хуваарийг тохиролцож, төлбөрийг арматур төмөр нийлүүлэх болон мөнгөн хэлбэрээр төлөхөөр, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Гангар инвест ХХК-ийн эзэмшлийн П А Э Э-ХХК-ийн нэг бүр нь 10.000 төгрөгөөр үнэлэгдэх 400.000 ширхэг хувьцааг барьцаалжээ.

 

Гэрээний хавсралт 1-д зааснаар “2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2.298.000.000 төгрөгийн үнэ бүхий 2000 тн арматур төмөр нийлүүлэх, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн үлдэгдэл 1.702.000.000 төгрөг, зээлийн хүү 82.834.666 төгрөгийн хамт төлж зээлийн үүргийг гүйцэтгэх”-ээр талууд тохиролцжээ.

 

Мөн өдрөө П А Э Э-ХХК, Г Б  ХХК-ийн хооронд төлбөр барагдуулах гэрээ байгуулж, 2.298.000.000 төгрөгийн үнэ бүхий 2000 тн арматурыг 1 тн-ийг 1.149.000 төгрөгөөр үнэлэх, тухайн барилгын материал нь БНХАУ-ын Бугатын төмрийн үйлдвэрийн HRB 400 маркийнх байхыг тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь зээлийн болон худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан холимог гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

2.1. Зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 133.787.040 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс шүүх 64.822.240 төгрөг гаргуулахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу харьцуулан үнэлсэн, шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлжээ.

 

2.2 Нэхэмжлэгч, хариуцагчийг арматур нийлүүлэх үүргээ хугацаандаа, чанарын шаардлага хангасан байдлаар нийлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс бусдаас өндөр үнээр арматур худалдан авч ажлаа гүйцэтгэсэн үнийн зөрүү буюу учирсан хохирол гэж 141.008.221 төгрөг гаргуулахыг хүссэн ба энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх “нэхэмжлэгчид хохирол учирсан нь нотлогдоогүй” гэсэн дүгнэлт хийжээ.

 

Хугацаа хэтрүүлсэн болон нийлүүлсэн бүтээгдэхүүний доголдолтой холбоотой хохирол гаргуулах шаардлагын талаархи шүүхийн эрх зүйн дүгнэлт бүрэн болоогүй байна.

 

а. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тохиолдолд, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, мөн үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол гэсэн нөхцлийг хамааруулжээ.

 

Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдвол Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар хохирол шаардах эрх үүсэх бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацааг талууд хэрхэн тохирсон нь ач холбогдолтой байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хавсралтад зааснаар хариуцагч 2.298.000.000 төгрөгийн буюу 2000 тн арматурыг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч тус компанийн толгой компани Гангар инвест ХХК-ийн хүсэлтээр талууд арматур нийлүүлэх хугацааг 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр болгож сунгасан үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл дээрх хугацаанаас хойш нэхэмжлэгч 2014 оны 3 дугаар сарын 24-ний 28 тоот албан бичгээр арматураа нийлүүлэхийг шаардсан, 2014 оны 4 дүгээр сарын 14-ний 43 тоот албан бичгээр долоо хоногт 160 тн-р арматур нийлүүлэхийг хүссэн, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн албан бичгээр 2.274.7 тн буюу 3.453.790.704 төгрөгийн арматур нийлүүлсэн боловч чанарыг тогтоосны дараа хүлээн авахыг хариуцагчид мэдэгдсэн нь тогтоогджээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргийг хэзээ биелүүлэх байснаас хэдий хүртэл биелүүлээгүй гэж үзснээ тодорхой тайлбарлаагүй бөгөөд хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Иймд “үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс учирсан хохирол гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн үндэслэл нотлогдоогүй гэж үзнэ.

 

            б. Нэхэмжлэгч дээрх шаардлагыг гаргахдаа нийлүүлсэн арматур чанарын шаардлага хангаагүй буюу доголдолтой байсан гэх үндэслэл заажээ.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заахдаа үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ.

 

            Талууд тухайн арматурын чанар байдлын талаар маргасан ба нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт нь эд хөрөнгийн доголдлыг бүрэн нотлохгүй байна.

 

            Иймээс хариуцагч доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул бусдаас өндөр үнээр арматур авсан гэх хохиролд 141.008.221 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

            2.3. 32.200.000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа, Пэхньян намган ХХК-иар барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан, уг ажилд шаардлагатай арматурыг хариуцагч Г Б  ХХК нь хугацаа хэтрүүлж нийлүүлснээс тухайн компанид сул зогсолтын хөлс төлсөн гэж тодорхойлсон бол шүүх хуралдаанд дээрх мөнгө гаргуулах үндэслэлээ, нийлүүлсэн арматураар хийгдсэн ажил чанарын шаардлага хангаагүйгээс буулгаж туслан гүйцэтгэгчээр ажлыг шинээр хийлгэж төлбөр төлсөн гэж тайлбарлажээ.

 

            Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.

 

            Анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийг хангахдаа хэргийн 68-69, 115-116 дугаар талд авагдсан тухайлбал, нэхэмжлэгчийн арматурыг авахаас татгалзаж, “арматурыг барилгад хэрэглэхийг ШУТИС-ын мэргэжлийн лабораторийн эрхлэгч Я.Дүйнхэржав, зураг төсөл зохиогч Монгол улсын зөвлөх инженер Н.Эрдэнэсүрэн нар зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн” гэх агуулгатай 2014 оны 5 дугаар сарын 14-ний 55 тоот албан бичиг, үүний хариуд бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаж байгааг Г Б  ХХК мэдэгдэж, бүтээгдэхүүний гэрчилгээ, төмөр замын наклад зэргийг хавсарган хүргүүлсэн тухай 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 18 тоот албан бичиг,  барилгын арматурыг буулгаж дахин угсарсан гэх 2014 оны 4 дүгээр сарын 18-ны П А Э Э-ХХК болон Пэхньян намган ХХК-ийн хооронд үйлдсэн ажлын гүйцэтгэлийн акт, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 32.200.000 төгрөгийг Пэхньян намган ХХК хүлээн авсан гэх бэлэн мөнгөний орлогын баримтыг /хүлээлгэн өгсөн этгээдийн гарын үсэггүй/ баримтуудыг үндэслэсэн байх бөгөөд эдгээр баримт нь эргэлзээтэй байна.

 

Нийлүүлсэн арматурын чанар байдалд талууд урьд нь маргасан ба нэхэмжлэгч арматурыг чанарын шаардлага хангаагүй гэж үзэхдээ, “ШУТИС-ын мэргэжлийн лабораторийн эрхлэгч Я.Дүйнхэржав, зураг төсөл зохиогч Монгол улсын зөвлөх инженер Н.Эрдэнэсүрэн нар зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн” гэсэн албан бичгээс өөр мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг шүүхэд ирүүлээгүй, хариуцагч энэ мэдэгдлийг эсэргүүцэж нэхэмжлэгчид тухайн цаг хугацаанд буюу 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлсэн гэх 27 тоот албан бичиг, түүнд дурдсан нийлүүлсэн арматур чанарын шаардлага хангасан тухай 2014 оны 4 дүгээр сарын 15-ны, 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдийн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтүүдийг нотлох баримтаар гаргасныг, нэхэмжлэгч няцаагаагүй байна.

 

Нийлүүлсэн арматураас хариуцагч тодорхой хэсгийг буцаан авсан үйл баримт эд хөрөнгийн доголдолтой байсныг нотлохгүй юм.

 

            Иймд бүтээгдэхүүнийг доголдолтой гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж, энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасантай нийцнэ.

 

            2.4. Бусдаас хэв хашмал түрээсэлсэн, хариуцагч арматур нийлүүлэх үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс нэмж түрээсийн төлбөр төлж хохирсны 32.384.680 төгрөг гаргуулах шаардлагаас анхан шатны шүүх 10.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэж,  хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэхдээ өмнө дурдсан талуудын үүрэг гүйцэтгэх хугацаа сунгасан, арматур нийлүүлсэн цаг хугацааг харгалзалгүй, энэ байдалд дүгнэлт хийхгүйгээр Хэв хашмал ХХК болон П А Э Э-ХХК-ийн хооронд үүссэн түрээсийн гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэрэгт зохигчийн эвлэрлийг баталсан Дүүргийн иргэний хэгийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1095 тоот захирамж, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн П А Э Э-ХХК-с Г Б  ХХК-д хүргүүлсэн албан бичгийг үндэслэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Тиймээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар нэхэмжлэгчийн  32.384.680 төгрөгийн хохирол гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

            Дээрх байдлуудаас хариуцагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 64.822.240 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 884 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/00337 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “107.022.240 төгрөг” гэснийг “64.822.240 төгрөг” гэж, “232.375.701 төгрөг” гэснийг “274.557.701 төгрөг” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтад “639.061 төгрөг” гэснийг “482.061 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 537.150 төгрөг төлснийг шүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ