Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 337

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2018/00337

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам-302, Ханбогд ресиденс хороолол, өөрийн байранд байрлах, “П А Э Э” ХХК /РД:5163161/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгэльсийн гудамж, Гангарын1-1, өөрийн байранд байрлах, “Г” /РД:2649519/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд 339 379 941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Мэндсайхан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-Амгалан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “П А Э Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П А Э Э” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “Ханбогд ресиденс” орон сууцны төслийг хэрэгжүүлдэг. Уг төслийн эхний ээлжийн 1152 айлын орон сууцны барилгын ажлын санхүүжилтэнд зориулж, тухайн үеийн хувьцаа эзэмшигч “Гангар инвест” ХХК, “Капитрон банк” ХХК болон компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу “П А Э Э” ХХК нь Монгол Улсын “Хөгжлийн банк”-тай 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 тэрбум төгрөгийг жилийн 12 хувийн үндсэн хүү, 0,6 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 33 сарын хугацаатай зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Мөн тухайн үеийн хувьцаа эзэмшигч болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу дээрх 20 тэрбум төгрөгийн 4 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигч “Гангар инвест” ХХК-ийн охин компани “Г” ХХК-д зээлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу “П А Э Э” ХХК болон “Г” ХХК, “Гангар инвест” ХХК- ууд нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 13/08-21-01 тоот “Зээлийн болон барьцааны хүүтэй, 3 сарын хугацаатай, арматур төмөр худалдан авах зориулалтаар зээлдэгч "Г’' ХХК-д зээлүүлэх, зээлдэгч нь зээлийн 2 298 000 000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор барилгын арматур төмөр нийлүүлэх хэлбэрээр буцаан төлөх, үлдэгдэл 1 702 000 000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрээнд заасан хүүгийн хамт мөнгөн хэлбэрээр төлөхөөр харилцан тохиролцсон ба “Гангар инвест” ХХК нь “Г” ХХК-ийг үүргээ гүйцэтгэх баталгаа болгож тухайн үед “П А Э Э” ХХК-д эзэмшиж байсан нэг бүр нь 10 000 төгрөгийн үнэтэй 400 000 ширхэг, 4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хувьцааг барьцаалсан. “П А Э Э” ХХК нь гэрээний дагуу 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 3 300 000 000 төгрөгийг, 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 700 000 000 төгрөгийг тус тус “Г” ХХК-д шилжүүлсэн. “Г” ХХК болон “П А Э Э” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 21 -ний өдөр 13/08-21-02 дугаар “Зээлийн төлбөр барагдуулах гэрээ” байгуулж 13/08-21-01 тоот “Зээлийн болон барьцааны гэрээ”-ний арматур нийлүүлэх хэлбэрээр төлөгдөх 2 298 000 000 төгрөгт БНХАУ-ын Бугатын үйлдвэрийн НКВ400 маркын арматур 2000 тн арматурыг 1 тн-ыг 1 149 000 төгрөгт тооцон 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээний хэрэгжилтийн явцад “Г” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2 298 000 000 төгрөгийн арматурыг 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөөгүй, мөн 1 702 000 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр хугацаанд нь буцаан төлөөгүй, 2015 оныг хүртэл хэсэгчилсэн байдлаар арматур нийлүүлэх, мөнгийг төлөх журмаар 1 тодорхой хэмжээгээр төлж, 2015 оноос хойш төлөлт хийгээгүй одоогоор зээлийн үлдэгдэл нь 130 000 000 төгрөг байна. “Г” ХХК нь арматураа хугацаандаа нийлүүлээгүй, зарим нийлүүлсэн арматур нь гэрээнд заасан шаардлагыг хангахгүй байсан тул “П А Э Э” ХХК нь хувьцаа эзэмшигчээс баталсан барилгын ажлын графикт хугацааг баримтлах, өвөл болохоос өмнө барилгын ажлыг явуулах, барилгын борлуулалтыг яаралтай эхлэх, туслан гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээний хугацааг баримтлах зэрэг цаг хугацаа, эдийн засгийн шаардлагын улмаас арматур худалдаалдаг өөр газруудаас арматур худалдан авч барилгын ажилд хэрэглэсэн. Ингэж худалдан авахдаа “Г” ХХК-тай байгуулсан “Зээлийн төлбөр барагдуулах гэрээ”-ээс өндөр үнээр худалдан авсан байдаг. Энэхүү арматурын үнийн зөрүүг тооцон үзвэл 141 008 221 төгрөг байна. Мөн арматур хугацаандаа нийлүүлээгүйгээс барилгын гүйцэтгэгч “Пхяньян намган” ХХК-д төлсөн сул зогсолтын төлбөр 32 200 000 төгрөгийг арматурыг гэрээний дагуу нийлүүлээгүйгээр бусдаас түрээслэн авсан хэв хашмалын материалыг барилгаас салган буцаан өгөх боломжгүй болж түрээсийн хугацаа хэтрүүлсний төлбөр 32 384 680 төгрөгийг тус тус төлсөн. Мөн энэхүү хохирлоос “П А Э Э” ХХК нь Монгол улсын Хөгжлийн банкнаас авсан 20 тэрбум төгрөгийн 4 тэрбум төгрөгт ногдох хүүгийн төлбөрийг өөрөө ашиглаагүй боловч төлсөн, “Г” ХХК хугацаандаа мөнгөө буцаан төлөөгүйгээс Хөгжлийн банкинд хүүний төлбөрөө тогтоосон хугацаанд төлөх боломжгүй болж нэмэгдүүлсэн хүү төлсөн, сул зогсолтын болон бусад нэмэгдэл зардал гарсан. “П А Э Э'’ ХХК-ийн зүгээс дээрх төлбөр хохирлыг барагдуулах талаар “Г” ХХК, “Гангар инвест" ХХК-д албан бичгээр болон төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчдийн хурлаар дамжуулж удаа дараа хандаж байсан боловч төлбөр төлөх хугацааг хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. “Г” ХХК нь чанарын шаардлага хангахгүй арматур нийлүүлсний улмаас бусад аж ахуйн нэгж манай байгууллагад төлсөн 141 008 221 төгрөгийн хохирол, зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 133 787 040 төгрөг, хэв хашмал түрээсэлсэн зардал 32 384 680, сул зогсолтын төлбөр 32 200 000  төгрөг, нийт 339 379 941 төгрөгийг  Иймд “Г” ХХК-иас гаргуулж өгнө үү. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцооллын алдаа гаргасан байна. Шүүх хуралдаанд дэмжиж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн  339 379 941 төгрөг гэв.

 

Хариуцагч “Г” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь “П А Э Э” ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 21-ны өдөр №2013/08/21-01 дугаар бүхий “Худалдах, худалдан авах тухай гэрээ”, 13/08-21-1 дугаар бүхий “Зээлийн болон барьцааны гэрээ”, мөн 13/08-21-02 дугаар бүхий “Зээлийн төлбөр барагдуулах гэрээ”-г тус тус байгуулсан. Энэхүү гэрээнүүдийг байгуулахдаа: №2013/08/21-01 тоот “Худалдах, худалдан авах тухай гэрээ”-гээр /гэрээний 3.1-т заасанаар/ 1 тонн бүрийн 1 149 000 /нэг сая нэг зуун дөчин есөн мянга/ төгрөгөөр нийт 3481,2 тонн арматурыг нийт 4 000 000 000/дөрвөн тэрбум/ төгрөгийн үнийн дүнтэйгээр “Г” ХХК нь “П А Э Э” ХХК-нд нийлүүлэхээр гэрээг байгуулсан. №13/08-21-1 тоот “Зээлийн болон барьцааны гэрээ”-гээр /гэрээний 3.1-т зааснаар/ 4 000 000 000 /дөрвөн тэрбум/ төгрөгийг жилийн 12.0 хувийн хүүтэйгээр “П А Э Э” ХХК нь “Г” ХХК-нд зээлүүлсэн бөгөөд гэрээний 6.1.1-т зааснаар зээлийн барьцаанд “Гангар Инвест” ХХК-ийн эзэмшлийн “П А Э Э” ХХК-ийн 400 000 /дөрвөн зуун мянга/ ширхэг, нэг бүр нь 10 000 /арван мянга/-н төгрөг, нийт 4 000 000 000 /дөрвөн тэрбум/ төгрөгийн үнэ бүхий энгийн хувьцааг барьцаалсан. Ингэж дээрх нөхцөлүүдээр талууд гэрээнүүдийг анх байгуулахдаа 2 хувилбартайгаар хийсэн бөгөөд талууд харилцан тохиролцож “Зээлийн болон барьцааны гэрээ” болон “Зээлийн төлбөр барагдуулах гэрээ” хэрэгжүүлэхээр болсон. “П А Э Э” ХХК нь №13/08-21-1 тоот “Зээлийн болон барьцааны гэрээ”-ний дагуу 2000 тонн арматурыг нэг дор бүгдийн авах сонирхолгүй байгаагаа илэрхийлж “Г” ХХК нь шаардлагатай хэмжээгээр нь тухай бүр нийлүүлж үлдэгдэл төлбөрт ногдох хүүгээ хариуцаж байхаар харилцан тохиролцсон байдаг. Энэхүү нөхцөл байдалтай уялдан “Г” ХХК-ийн толгой компани болох “Гангар Инвест” ХХК нь 2013 оны 11-р сарын 20-ны өдрийн №964 тоот “П А Э Э” ХХК-ийн Ерөнхийлөгч С.Зоригтод “Зээлийн болон зээлийн барьцааны гэрээ”, “Зээлийн төлбөр барагдуулах гэрээ”-нүүдийн хугацааг сунгах хүсэлтээ хүргүүлсэн бөгөөд энэхүү хүсэлтийн дагуу талууд тус гэрээнүүдийг сунгасан. “Г” ХХК нь дээрхи гэрээний дагуу 2013 онд 281.1 тонн арматур 2014 оны 1039.58 тонн арматурыг захиалгын дагуу нийлүүлсэн бөгөөд энэ хугацаанд гэрээнд заасан 2000 тонн арматурыг бүрэн нийлүүлэх боломж байсан. Гэвч “П А Э Э” ХХК нь арматураа нэг дор бүгдийг авах сонирхолгүй байснаас гадна 2000 гонн арматурынхаа захиалгыг албан ёсоор өгөлгүй явсаар 2013 оны 11-р сарын 22-нд арматурынхаа захиалгыг өгсөн. Энэхүү захиалгын дагуу бид 2014 оны 1 улиралдаа багтаан БНХАУ-ын Бугатын төмөрлөгийн үйлдвэрээс арматурыг нийлүүлэхээр болж үүнээс 1039.58 тонн арматурыг нийлүүлж 1310 тоннын 12, 14 диаметртэй арматурыг авах боломжгүй гэдэг үндэслэлээр хүлээн аваагүй. Хүлээн авахаас татгалзах үндэслэл нь “П А Э Э” ХХК-ийн “Г” ХХК-нд ирүүлсэн 2014 оны 04-р сарын 18-ны өдрийн №48 тоот албан бичигт дурдсанаар 12-н 835.413 тн буюу 1 749 853 650 төгрөгийн арматур, 14-н 1 439 348 тн буюу 1 703 937 054 төгрөгийн үнэ бүхий хуйлаастай арматурыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсны дараа авахаа илэрхийлж тус арматурыг гэрээний дагуу нийлүүлж байгаа арматур гэж үзэхгүй бөгөөд хүлээн авсанд тооцохгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн 2014 оны 05-р сарын 14-ний өдрийн №55 тоот албан бичгээр ШУТИС-ийн мэргэжлийн лабораторын эрхлэгч Я.Дүйнхэржав /РH.D/, зураг төсөл зохиогч Монгол улсын зөвлөх инженер Н.Эрдэнэсүрэн нар танай компанийн буулгасан арматурыг барилгад хэрэглэхийг зөвшөөрөхгүй тухайгаа бидэнд мэдэгдлээ зэрэг албан бичгүүдийг ирүүлсэн. Энэхүү албан бичгүүдийг үндэслэн “Г” ХХК нь “П А Э Э” ХХК нд 2014 оны 05-р сарын 18-ны №18 болон 2014 оны 06-р сарын 03-ны өдрийн №27 тоот албан бичгийг хүргүүлсэн. 2014 оны 06-р сарын 03-ны өдрийн №27 тоот албан бичгээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төмөр болон төмөр бүтээцтэй холбоотой шинжилгээ хийдэг бүхий л лабраторуудад хандаж шинжилгээ аван өгсөн. Энэхүү шинжилгээнүүдээр “Г” ХХК- ийн нийлүүлж буй арматур нь Монгол улсад мөрдөгдөж байгаа чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан гэдгээ илэрхийлсэн. Гэвч “П А Э Э” ХХК нь тус арматурыг авахгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн тул тус арматурыг буцаан авч “Зээлийн болон барьцааны гэрээ”-ний дагуу арматурын үнэнд ногдох үнийн дүнгээс хүү тооцон төлж байхаар болж холбогдох төлбор тооцоог барагдуулсан. “Г” ХХК нь Монгол улсын чанарын шаардлага хангасан арматурыг бүрэн нийлүүлсэн тул тухайн үед нь тооцоогоо бүрэн хаах боломжтой байсан ч бизнесийн зарчим болон “П А Э Э” ХХК-ийг хүндэтгэн арматураа буцаан авч холбогдох төлбөр тооцоонд нь хүү тооцон төлбөр барагдуулсан. 1310 тонны арматур буцаасантай холбогдон 2014 онд “Г” ХХК нь 6 486 480 төгрөгийн барилгын гадна фасадны хөөс, 196 800 250 төгрөгийн бетон нийлүүлсэн бөгөөд 2014 ондоо 1 400 000 000 /нэг тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийг бэлнээр төлж үлдэгдэл 154 000 000 /нэг зуун тавин сая/ орчим төгрөгийг 2014 оны 09-р сарын 01-ний өдрийн "‘П А Э Э” ХХК, “Гангар” ХХК болон “Г” ХХК-ний хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үнийн дүн болох 774 568 000 /долоон зуун далан дөрвөн сая таван зуун жаран найман мянга/ төгрөгийн ажлын 20% болох 154 913 600 /нэг зуун тавин дөрвөн сая есөн зуун арван гурван мянга зургаан зуу/ төгрөгийн гүйцэтгэлийн төлбөрийг “Г” ХХК нь “П А Э Э” ХХК-ийн өмнөөс төлж барагдуулахаар болсон байдаг. Ийнхүү дээрхи бараа материалыг өгч, холбогдох төлбөр тооцоог бүрэн барагдуулж 2014 оны 11 дүгээр сарын 25-нд “П А Э Э” ХХК-ийн Ерөнхий нягглан бодогчтой нь тооцоог нийлсэн байдаг. Гэтэл “Г” ХХК-ийн толгой компани болох “Гангар Инвест” ХХК-тай холбоотой компани болох “Хүчит цайз” ХХК-тай 2015 оны 04-р сарын 23-ний өдрийн №21/15-04 тоот “Харуул хамгаалалтын гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээний дагуу үйлчилгээний төлбөр болох 133 600 000 /нэг зуун гучин гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийн өр төлбөрөөс зайлсхийх зорилгоор 2016 оны 12-р сарын 09-ний өдөр “Г” ХХК-ийн нягтлан бодогч П.Алимаа дээр “П А Э Э” ХХК-ийн нягтлан бодогч П.Алтанзул нь ирж дахин тооцоо нийлэхээр боллоо хэмээн “Гангар” ХХК-ийн гүйцэтгэл болох 154 913 600 /нэг зуун тавин дөрвөн сая есөн зуун арван гурван мянга зургаан зуун/ төгрөгийн гүйцэтгэлийн ажлыг “Гангар" ХХК-тай тооцоо нийлсэн актгүйгээр 36 276 972 төгрөг болсон хэмээн бууруулж “Г” ХХК-ийг “П А Э Э” ХХК-нд 133 878 040 /нэг зуун гучин гурван сая найман зуун далан найман мянга дөч/ төгрөгийн өр төлбөртэй мэтээр харагдуулсан байиа. Мөн 2015 оны 05-р сарын 09-нд 70 704 414 төгрөгийн цайран труба. 2015 оны 07-р сарын 17-ны өдөр 55 868 222 төгрөгийн арматурыг “П А Э Э” ХХК нь зээлээр авсан бөгөөд өнөөдрийг хүртэл 33 239 136 төгрөгийн хоорондын тооцоотой байгаа боловч дээрхи 2016 оны 12-р сарын 13-ны өдөр үйлдсэн тооцоо нийлсэн актан дээр тусгаагүй байгаа нь анхнаас нь л “Хүчит Цайз” ХХК-ийн 133 600 000 төгрөгийн өглөгөө хаах зорилготойгоор энэхүү тооцоо нийлсэн актыг үйлдсэн гэж үзэж байна. Ийнхүү тооцоо нийлсэн даруйдаа буюу 2016 оны 12-р сарын 15-ны өдөр “П А Э Э” ХХК нь №385 тоот албан бичиг ирүүлсэн бөгөөд энэхүү албан бичгээрээ “Зээлийн болон барьцааны гэрээ” болон “Зээлийн төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу арматураа нийлүүлээгүй, зарим нийлүүлсэн арматур нь гэрээнд заасан шаардлага хангаагүйгээс үүссэн 349 599 261 төгрөг, 5933.33 ам.долларын төлбөрийг дурдсан албан бичиг ирүүлсэн. Энэхүү албан бичгийн дагуу “Гангар Инвест” ХХК-иас 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн № 1/997 дугаар тоот бүхий албан бичгийг хүргүүлсэн бөгөөд энэхүү албан бичгээр төлбөр тооцоог бүрэн дууссан болохыг мэдэгдсэн бөгөөд төлбөр тооцоотой асуудлыг яаравчлан дахин нийлж санхүүгийн өглөг авлагаа цэгцлэхийг үүгээр мэдэгдсэн. Гэвч “П А Э Э” ХХК өнөөдрийг хүртэл тооцоогоо бүрэн нийлээгүй байж ийнхүү “Г” ХХК-иас 335 892 901 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Иймд “П А Э Э” ХХК-ийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “П А Э Э” ХХК зээлийн гэрээний үүрэгт 133 787 040 төгрөг, гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас бусдаас худалдаж авсан арматурын үнийн зөрүү 141 008 221 төгрөг, арматур дахин угсралтын зардал 32 200 000 төгрөг, хэв хашмалын түрээсийн төлбөр 32 384 680 төгрөг, нийт 335 892 901 төгрөг  хариуцагч “Г” ХХК-иас гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тооцооллын алдаа гаргасан гэх үндэслэлээр шаардлагаа ихэсгэж 339 379 941 төгрөг гаргуулахаар хариуцагчаас шаардаж байна.  

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ, зээлийн гэрээний үүрэгт шаардаж буй 133 787 040 төгрөг нь нэхэмжлэгч харуул хамгаалалтын зардалд төлвөл зохих 133 600 000 төгрөгийг төлөхөөс зайлсхийх зорилгоор Гангар инвест ХХК-ний 154 913 600 төгрөгийн өртөг бүхий гүйцэтгэсэн ажлыг үндэслэлгүйгээр 36 276 972 төгрөгөөр бууруулан 133 878 040 төгрөгийн өр төлбөртэй мэтээр тооцоо нийлсэн акт үйлдсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж, зээлдэгч талаас нийлүүлсэн арматур нь чанарын шаардлага хангасан байсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдох тул арматурын үнийн зөрүү  141 008 221 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, түүнчлэн хэв хашмалын төлбөрт шүүхийн шийдвэрээр 10 000 000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн атлаа  32 384 680 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. Тодруулбал,

 

Хэрэгт авагдсан баримтаар, 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зээлдүүлэгчээр нэхэмжлэгч “П А Э Э” ХХК, зээлдэгчээр “Г” ХХК барьцаалуулагчаар “Гангар инвест” ХХК нар харилцан тохиролцож, 13/08/21-1 дугаар зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, энэ гэрээгээр нэхэмжлэгч “П А Э Э” ХХК нь “Г” ХХК-д

-4 000 000 000 төгрөгийг нэг жилийн 12 хувийн хүүтэй,

-гурван сарын хугацаатай,

-арматурын төмөр авах зориулалтаар зээлдүүлэхээр,

зээлийн барьцаанд “Гангар инвест” ХХК-ийн эзэмшлийн “П А Э Э” ХХК-ийн 400 000 ширхэг энгийн хувьцааг бариулахаар тохиролцсон байна.

 

Мөн өдрөө 13/08/21-2 дугаар гэрээгээр зээлийн төлбөр барагдуулах нөхцлийг тохиролцож, зээлийн эргэн төлөлтийн 2 298 000 000 төгрөгт 2000 тн арматур /1 тн 1 149 000 төгрөгийн үнэтэй/ тооцож зээлдүүлэгч талд өгөх, үлдэх 1 702 000 000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тохиролцсон байна. /хх 7-21 ху/

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл ба, эрх зүйн харилцааны төрлийн хувьд хэдийгээр зээлийн болон барьцааны гэрээ гэж нэрлэсэн боловч зээлийн мөнгөн хөрөнгийн зарим хэсгийг арматур худалдан авах зорилгоор шилжүүлсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах- худадан авах, хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцааны аль аль шинжийг агуулсан холимог гэрээ гэж дүгнэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байгааг дурьдвал,  2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Гангар инвест” ХХК-ний хүсэлтээр талууд зээлийн болон барьцааны гэрээний хугацааг 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан,  хариуцагч 2 000 тонн арматур нийлүүлэхээс 1320.68 тонныг нийлүүлсэн, зарим хэсгийг чанарын шаардлага хангахгүй үндэслэлээр нэхэмжлэгч буцаасан, хариуцагч буцаасан арматурыг хүлээн авсан боловч арматур шаардлага хангахаар үзүүлэлттэй хэмээн маргаж байсан, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “П А Э Э” ХХК, “Г” ХХК, “Гангар инвест” ХХК нар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “Гангар инвест” ХХК нь “П А Э Э” ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ яармаг орон сууцны А3, А4 барилгын дотор цэвэр бохир ус, халаалт, агаар салхивч, сантехникийн угсралт холболт, гүйцэтгэлийн зураг ажил гэх мэт 774 568 000 төгрөгийн өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэх, гэрээний үнийн дүнгийн 20 хувь буюу 154 913 600 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт суутган “П А Э Э” ХХК-ийн өмнөөс “Г” ХХК гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцсон байх ба эдгээр үйл баримтад талууд маргаангүй.  /хх-57, 25-26, 67-77ху/

 

Харин нэхэмжлэгч, хариуцагчтай тооцоо нийлэхдээ дээр дурьдсан 154 913 600 төгрөгийн ажил гүйцэтгэгдээгүй буюу сантехникийн 29 092 320 төгрөг, цахилгааны 7 184 652 төгрөгийн ажил гүйцэтгэгдсэн атал гүйцэтгэгдсэн мэтээр дундын тооцоонд андуурагдсан. Ийнхүү андуурснаа 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр залруулж, 154 913 600 төгрөгөөс гүйцэтгэгдсэн ажлын 36 276 972 төгрөгийг хасч тооцож, үлдэх 133 787 040 төгрөгийг гаргуулна гээд  “Гангар” ХХК-ний өглөгийн тооцоо, “П А Э Э” ХХК, “Г” ХХК-ний тооцооны үлдэгдлийн баталгаа,  “П А Э Э” ХХК тооцоо гэх баримтуудыг ирүүлсэн. /хх 117-120 ху/

 

Хариуцагч дээрх баримт нь тус компаний нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаа ба “Гангар инвест” ХХК-ний өр төлбөрийн тооцоонд “Г” ХХК-ний нягтлан гарын үсэг зурсан нь үндэслэлгүй, нэхэмжлэгчээс “Гангар инвест” ХХК-д төлвөл зохих 33 239 136 төгрөгийг уг тооцоонд оруулаагүй алдаатай тул тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Дээр дурьдсан “Гангар” ХХК-ний авлагын тооцоо гэх баримтад 2015.10.25 гээд 4 тэрбумаас тооцсон авлага 133 787 040 төгрөг гээд доод хэсэгт нь “154 913 600 төгрөгийг сантехник, цахилгааны ажлын гүйцэтгэлд хассаныг залруулж, сантехникийн ажилд 29 092 320, цахилгааны ажилд 7 184 652 төгрөг тооцохыг зөвшөөрөв гэж тэмдэглээд “П А Э Э” ХХК-ний нягтлан бодогч П.Алтанзул, “Г” ХХК-ний нягтлан бодогч П.Алимаа” хэмээн гарын үсэг зурсан, уг баримтыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулж, тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн зэргийг харгалзаад тухайн баримт хэдийгээр “Гангар ХХК-ний тооцоо” гэж гарчигласан боловч тооцоо хийсэн мөнгөн дүн “Гарбармат” ХХК, “П А Э Э” ХХК нарын хоорондын өглөг авлагад хамаарахаар байна гэж үзсэн.

 

Иймд 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэлд 154 913 600 төгрөгийн гүйцэтгэгдээгүй ажлын хөлс хасагдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзнэ.

 

Гэхдээ нэхэмжлэгч тал, “Гангар” ХХК-ийн гүйцэтгэсэн сантехникийн болон  цахилгааны ажлыг 36 276 972 төгрөгөөр тооцох үндэслэлгүй. Учир нь, “П А Э Э” ХХК, “Гангар инвест” ХХК нар гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг 68 964 800 төгрөгөөр тооцож, ажлын гүйцэтгэлийг актаар баталгаажуулсан байна. Иймээс 4 000 000 000 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл 133 787 040 төгрөгөөс дээр дурьдсан 68 964 800 төгрөгийг хасч, үлдэх 64 822 240 төгрөгийг  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. /хх 148-149 ху/

 

Түүнчлэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй  хөрөнгө... хүлээлгэн өгөх, худалдан авагч хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээхээр, хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасан байна.

 

Хариуцагч чанарын шаардлага хангаагүй арматур нийлүүлсний улмаас угсарсан арматурыг буулгаж, дахин угсрахад 32 200 000 төгрөгийн зардал гарсан гэх нэхэмжлэгчийн тайлбар “хучилтанд хэрэглэсэн зэвтэй арматурыг бүрэн буулгах” гэж дурьдсан 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн барилгын гүйцэтгэлд хяналт тавьсан баримт, талууд арматур чанарын шаардлага хангах, хангахгүй талаар маргасан 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар “П А Э Э” ХХК-ийн албан бичиг, 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн “Г” ХХК-ний албан бичиг, “Пэхньян намган” ХХК, “П А Э Э” ХХК нарын ажлын гүйцэтгэл баталгаажуулсан акт, бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг бичгийн нотлох баримтаар, зарим арматурыг хариуцагчид буцаасан үйл баримт зэргээр нотлогдож байх тул 32 200 000 төгрөгийг худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг арилгахад нэхэмжлэгч талаас гарсан зардалд хамаарна гэж үзээд хангах үндэслэлтэй гэж үзлээ. /хх 68-69, 115-116 ху/

 

Мөн нэхэмжлэгч хэв хашмал түрээсэлсэн зардалд 32 384 680 төгрөг гаргуулахаар шаардсанаас шүүх 10 000 000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг  тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхээр, 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, эсхүл үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр, үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй байхаар хуулийн 222 дугаар зүйлийн 227.7 дахь хэсэгт тус тус зохицуулсан.

 

Хариуцагч арматур нийлүүлэх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй болох нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1095 дугаартай, Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан “Г ХХК гэрээнд заасан хугацаанд арматур нийлүүлээгүйн улмаас барилгад суурилуулсан хэв хашмалыг салган авах боломжгүй болж, түрээсийн зүйлийн хүлээлгэн өгч чадаагүй” гэх тайлбар, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “П А Э Э” ХХК-ний хариуцагчид хүргүүлж байсан албан бичиг зэргээр нотлогдож байх тул  хариуцагч үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол болох хэв хашмалын түрээсийн төлбөрт төлөхөөр эвлэрсэн хэмжээ болох 10 000 000 төгрөгийг хэмжээгээр шаардах эрхтэй байна.

 

Харин арматур нийлүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас бусдаар өндөр үнээр худалдан авсан үнийн зөрүү 141 008 221 төгрөг нь нотлох баримтаар тогтоогдохгүй, хэнээс хэдэн төгрөгийн арматур худалдан авсан болох нь тодорхойгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Эцэст нь дээрхийг нэгтгэвэл, хариуцагч “Г” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 64 822 240 төгрөг, доголдол арилгахтай гарсан зардал буюу арматур дахин угсралтын зардал 32 200 000 төгрөг, хэв хашмал түрээсэлсэн зардал 10 000 000 төгрөг, нийт 107 022 240 төгрөг гаргуулж “П А Э Э” ХХК-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 232 375 701 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч нэхэмжлэгчид нийлүүлсэн ган трубаны үнэ 33 239 136 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс суутаж тооцно гэж тайлбарлах боловч энэ талаар ямар нэг сөрөг шаардлага гаргаагүй, энэ татгалзал нь гэрээний талууд нэгэн зэрэг гүйцэтгэх, харилцан тооцогдох шаардлагад хамаарахгүй тул шүүх дүгнэлт өгөөгүй.

 

Мөн нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 335 892 901 төгрөг гаргуулахаар шаарсдан  боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед 339 397 941 төгрөг болгон ихэсгэсэн үндэслэл нь тооцооллын алдаа байсан тул нэхэмжлэлийн ихэсэгэсэн шаардлага гэж үзээгүй тул ихэсгэсэн шаардлагыг хариуцагчид гардуудах ажиллагааг хийгээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар “Г” ХХК /РД:2649519/-аас 107 022 240 /нэг зуун долоон сая хорин хоёр мянга хоёр зуун дөчин/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “П А Э Э” ХХК /РД:2649519/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 232 375 701 /хоёр зуун гучин хоёр сая гурван зуун далан таван мянга долоон зуун нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 837 415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-аас 693 061 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “П А Э Э” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ