Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 29

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Онол булгант төв, 103 тоотод байрлах Kибернетик ББСБ ХХК /РД: 2875985/-ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 9-1-20  тоотод оршин суух Боржигон овогт Эрэмгийдоржийн Болормаа /РД: ЧЭ 77100609/-т  холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 88.956.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн төлөөлөгч Ц.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Э.Болормаатай 13/094 тоот зээлийн гэрээ байгуулан 67.400.000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, барьцаа хөрөнгөгүй зээлүүлсэн. Э.Болормаа нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас хуримтлагдсан зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй байгаа тул зээлийн үндсэн төлбөр 54.400.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хуримтлагдсан хүү 26.670.670 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү 7.885.930 төгрөг, нийт 88.956.600 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Кибернетик ББСБ” ХХК-иас эргэлтийн хөрөнгөдөө зориулж зээл авсан. Миний бие төлбөрөө төлөөд явж байтал бизнес минь алдагдалтай байсан. Мөн манай хүн хүүхэд гаргаад бизнесээ явуулах боломжгүй болоод зогсоосон. Бид бол үндсэн зээлээ төлнө. Хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч тооцож өгнө үү, хүүгийн тооцоололд маргахгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “Кибернетик” ББСБ ХХК нь хариуцагч Э.Болормаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 88.956.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч “Кибернетик” ББСБ ХХК, хариуцагч Э.Болормаа нарын хооронд 2013 оны 11 сарын 01-ний өдөр 67.400.000 /жаран долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй, ЗГ 13/094 дугаартай зээлийн гэрээ, мөн 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 7.000.000 төгрөгийг 16 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй, ЗГ 14/064 дугаартай зээлийн гэрээ тус тус байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөрт 54.400.000 төгрөг, зээлийн хүү 26.670.670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.885.930 төгрөг шаардаж байгаа бөгөөд хариуцагч нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 54.400.000 төгрөгийг төлнө, мөн зээлийн хүүгийн тооцоололд маргаагүй, харин хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй, эдийн засгийн хямралтай холбоотой ямар ч орлогогүй болсон гэж маргажээ.

 

Шүүх доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.3-д “зээл нь нэг сарын 2.5 хувийн хүүтэй ба зээлийн хүүг сар бүр зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож болно” гэж тус тус заажээ.

 

Хариуцагч зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 20.000.000 төгрөг, зээлийн хүүнд 34.640.670 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.338.250 төгрөг, нийт 55.978.920 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн болох нь талуудын тайлбар, зээлийн бүртгэлийн карт зэрэг баримтаар тогтоогдож байна

 

Хариуцагч зээлийн хүүг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хуваарийн дагуу төлж ирсэн бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс зээлийн хуваарийн дагуу төлөлтийг хийгээгүй ба хариуцагч нь 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 3.884.000 төгрөг төлсөн, мөн өдрийн байдлаар 3.556.000 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байсан. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч нь  6.000.000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн, одоо зээлийн хүүгийн үлдэгдэл 26.670.670 төгрөг байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “ Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүнд 7.885.930 төгрөг шаардаж байгаа бөгөөд энэ нь одоо нэхэмжилж байгаа зээлийн хүүгийн 20 хувиас хэтэрсэн байх тул нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцож, 5.334.134 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн эдийн засгийн хямралаас үүдэн аж ахуйн үйл ажиллагаа амжилтгүй болсон, мөн ажлаас халагдсан гэх шалтгаан нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөх, зээлийн хүүг багасгах үндэслэл болохгүй болохыг дурдав.

 

Иймд хариуцагчаас 86.404.804 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Кибернетик ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.551.796 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч 86.404.804 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Кибернетик ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.551.796 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “Кибернетик” ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 602.733 төгрөгийг улсын төсөвт  хэвээр үлдээж, Э.Болормаагаас  589.974 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Кибернетик” ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР