Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 534

 

“Кибернетик ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/00029 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Кибернетик ББСБ” ХХК,

Хариуцагч Э.Болормаад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 88 956 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Э.Болормаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзаяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Э.Болормаатай 13/094 тоот зээлийн гэрээ байгуулан 67 400 000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, барьцаа хөрөнгөгүй зээлүүлсэн. Э.Болормаа нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас хуримтлагдсан зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй байгаа тул зээлийн үндсэн төлбөр 54 400 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хуримтлагдсан хүү 26 670 670 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү 7 885 930 төгрөг, нийт 88 956 600 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонсайхан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Кибернетик ББСБ” ХХК-иас эргэлтийн хөрөнгөдөө зориулж зээл авсан. Миний бие төлбөрөө төлж байтал бизнесийн хэвийн байдал алдагдалтай болсон. Мөн манай эхнэр төрсөн учраас бизнесээ явуулах боломжгүй болоод зогсоосон. Бид бол үндсэн зээлээ төлнө. Хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч тооцож өгнө үү, хүүгийн тооцоололд маргахгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч 86 404 804 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Кибернетик ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 551 796 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “Кибернетик ББСБ” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 602 733 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Э.Болормаагаас 589 974 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Кибернетик ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Болормаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие үндсэн зээл 54 400 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хүү 26 670 670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 334 134 төгрөг, нийт 32 004 404 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Кибернетик ББСБ” ХХК нь хариуцагч Э.Болормаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 88 956 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасанд хариуцагч үндсэн зээл 54 400 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ/13/094 тоот, /хх 4/ 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ЗГ 14/064 тоот /хх 26/зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч Э.Болормаа нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ/13/094 тоот зээлийн гэрээгээр 67 400 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ 14/064 тоот зээлийн гэрээгээр 7 000 000 төгрөгийг 16 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлснээс үндсэн зээл 54 400 000 төгрөг, хүү 26 670 670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 885 930 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийн тооцоололд /хх 31/ маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгч хугацаа хэтэрснээс хойшхи зээл түүний хүү, нэмэгдсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.  

Түүнчлэн талууд зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөхгүй болохыг харилцан тохиролцож, гэрээний 5.2-т тусгасан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасанд нийцсэн ба хууль болон гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч төлөх  үүрэгтэй, хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэлгүйгээр 5 334 134 төгрөгөөр тооцсон нь зөв бөгөөд хариуцагчаас үндсэн зээл 54 400 000 төгрөг, хүү 26 670 670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 334 134 төгрөг, нийт 86 404 804 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/00029 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                                    ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ