Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 155/2014/00928/И |
Дугаар | 001/ХТ2018/01242 |
Огноо | 2018-09-25 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2018/01242
Ц-У Т ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр магадлалтай,
Ц-У Т ХХК-ийн нэхэмжлэлтэй
Ч.Т, Ё.Ц-, Ц.Ж-, Г.Ү-, Б.Б-, Ц.Д- нарт холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, олох байсан орлого нийт 124.290.000 төгрөг гаргуулах тухай,
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох гэм хорын хохирол нийт 90.590.100 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 5.325.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.Ж-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжавын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Алтанхуяг, хариуцагч Ч.Т, Ц.Ж-, Ц.Д-, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзаяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Ц-У Т ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 146 тоот захирамжийг хуульд нийцүүлэн гаргуулах 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргад өгсөн хүсэлтийг үл ойшоон улмаар дээрх захирамжийг хүчингүй болгон аймгийн засаг дарга Л.Цэрэнжав 2009 оны 107, уг газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх боломжтой байхад Газрын тухай хууль зөрчин манай компаниас өмнө газар эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй Хот тохижилт ХК-д 3261 м.кв, иргэн Ц.Гантуяад 250 м.кв газар эзэмшүүлсэн 108 тоот захирамжуудыг гарган 18 жил эзэмшсэн газрыг түрэмгийлэн авсныг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны хуралдааны 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 249 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Засаг даргын 2009 оны 107, 108 дугаар тоот захирамжуудыг хүчингүй болгож манай компанид 3871 м.кв газар эзэмшүүлэхийг аймгийн засаг даргад даалгасан юм. Гэтэл шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн Хот тохижилт ХК-д эзэмшүүлсэн газрыг дуудлага худалдаанд оруулах 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/409, Ц.Гантуяад эзэмшүүлсэн газрыг Ч.Тт хууль зөрчин шилжүүлсэн А/409 тоот давхардсан хууль бус захирамжуудыг Улсын дээд шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаар тогтоолоор хүчингүй болгож аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав Улсын дээд шүүхийн 2010 оны 249 дүгээр тогтоолыг биелүүлж, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 84 тоот захирамж гарган гэрчилгээ шинэчилж олгосон. Газрын тухай хуулийн 40.5 дахь заалт, аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 71, 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 40, 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот захирамжуудыг зөрчин Хот тохижилт ХК болон Ц.Гантуяа, Ч.Т нарт удаа дараа газар эзэмших гэрчилгээ олгосноор хууль дээдлэх зарчим алдагдан 2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хот тохижилт ХК болон иргэн Ц.Гантуяа, Ч.Т нар 44 сарын турш хүчин төгөлдөр бус гэрчилгээгээр газар эзэмшин бусдад зарах, газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулснаас манай компани олж байсан орлогоо олж чадаагүйгээр барахгүй төрийн албан хаагчдын буруутай үйлдлийн улмаас газрын захирамж удаа дараа алга болж эрх баригчдын буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хууль шүүхийн байгууллагаар олон жил явж шалгуулж компани болон миний нэр хүнд хохирч сэтгэл санааны хохирол учирч бизнесийн нэр хүнд болон эдийн засгийн хувьд хохирсон юм. Мөн Ч.Т нарын 3 гэр бүл зөвхөн 2013 оноос өнөөдрийг хүртэл эрх баригчдад дулдуйдан манай эзэмшил газарт 414.3 м.кв газар бүхий худалдааны талбайд архи, пиво, хүнсний бөөний худалдаа эрхлэн тасралтгүй ашиг орлого олж манай компаниар үйлчлүүлж байгаа боловч гэрээ хийхээс татгалзан бусдыг гэрээ хийхгүй байхад турхирч хэвлэл мэдээллээр нэр хүндэд халдаж үндэслэлгүйгээр Цагдаа, Прокурор Авлигатай тэмцэх газраар олон удаа шалгуулж манай компаниар өдөр тутам үйлчлүүлж буй үйлчилгээний хураамжаа төлөхгүй эзэмшил газраа захиран зарцуулах эрхэнд халдаж хүнсний захыг машины зогсоолгүй болгон дэлгүүр барих контейнер нэмж тавих зэргээр дураараа аашлан нийтийн эрх ашгийг хохироон осол аваар гарах эрсдэл үүсгээд байгаа тул газар чөлөөлүүлэх хохирол төлүүлэх гарах ёсгүй зардал олох ёстой орлогыг буюу төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс учирсан гэм хорыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын Хяналтын шатны хуралдааны 2010 оны 249, 2012 оны 107 дугаар тогтоолууд газар эзэмших захирамж, гэрээ, гэрчилгээ, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн газар эзэмшигчтэй гэрээ хийхээс татгалзан газар эзэмшигчийн зөвшөөрөлгүй манай эзэмшил газарт үйл ажиллагаа явуулж байгаа эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсож зөрчихөөс өмнөх байдал сэргээн Ч.Т, Ц.Ж-, Ц.Д- нараас Баянцагаан, Андууд, авто машины зогсоолын нийт 250 м.кв газар чөлөөлүүлэх, иргэн Ч.Т, эхнэр Ё.Ц- нараас Ёлт дэлгүүр, контейнерийн 43,4 м.кв газар, иргэн Ц.Д-, эхнэр Б.Б- нараас Оргих дэлгүүр контейнерийн 59,2 м.кв газар, иргэн Ц.Ж- эхнэр Г.Ү- нараас Бумбат дэлгүүр, контейнерүүдийн 61,7 м.кв газрыг буюу нийт 414,3 м.кв газрыг чөлөөлүүлж өгнө үү. Хариуцагч иргэд өнөөдөр ч манай эзэмшлийн газарт худалдаа эрхэлж манай компаниар үйлчлүүлж байгаа боловч үйлчилгээний хураамжаа төлөхгүй хохироосоор байгаа тул 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 5 жил буюу нийт 60 сарын үйлчилгээний хураамжид Ч.Т, Ц.Ж-, Ц.Д- нараас 250 м.кв худалдааны талбайд сарын 1.250.000 төгрөгийг 60 сараар 75.000.000 төгрөг, дээрхээс тусдаа иргэн Ч.Т, Ё.Ц- нарын Ёлт дэлгүүр, контейнерийн хураамж сарын 217.000 төгрөгийг 60 сараар 17.760.000 төгрөг, Ц.Д-, Б.Б- нарын Оргих дэлгүүр контейнерийн хураамж сарын 296.000 төгрөгийг 60 сараар 17.760.000 төгрөг, Иргэн Ц.Ж-, Г.Ү- нарын Бумбат дэлгүүр контейнерийн хураамж сарын 308.500 төгрөгийг 60 сараар 18.510.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Мөн хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас гэм хорын хохирол нэг сарын үйлчилгээний хураамж олох ёстой орлого 1.979.500 төгрөг, 44 сарын 87.098.000 төгрөг, өмгөөллийн зардал 3.000.000 төгрөг, нотариатын зардал 396.100 төгрөг, унааны зардал 96.000 төгрөг, нийт 90.590.100 төгрөгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Ж-, Ц.Д- нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй түүний нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шаардлага биш. Нэхэмжлэгч байгууллагын захирал Ж.Алтанхуягт газар олгосон гэх Улсын дээд шүүхийн 2010 оны 249 дүгээр тогтоолд заагдсан тогтоох хэсэгт Ц-У Т ХХК-д 3871 м.кв газар олгох асуудлыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Цэрэнжавт даалгасугай гэсэн байдаг. Үүнийг Газрын тухай хуулийг үзээд тайлбарлахад хуулийн 33 дугаар зүйлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах заалтын 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн ААНБ-д газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ. Хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил, төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны засаг дарга гаргана. Илүү газар эзэмших хүсэлт гаргасан ААНБ-д газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэсэн байхад үүний алинд нь ч хамрагдахгүй шууд газар эзэмших болсны үнэн учир юунд байгаа нь ойлгогдохгүй өдий хүрч байна. Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Цэрэнжав нь 2013 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр 84 тоот захирамжаар Ж.Алтанхуягт 3871 м.кв газрыг олгосонд бид маргаж байна. Тухайлбал Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд газар эзэмших гэрээ байгуулахдаа түүний байгуулах журмыг хэрэгжүүлэх ёстой. Үүнийг тодруулбал хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заахдаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан ААНБ нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэнэ. Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшил олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно. Хуулийн 35-р зүйлд газар эзэмшигчдийн эрх үүрэг, хуулийн 35.3.4-т газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх гэсэн заалтуудыг хэрэгжүүлдэггүй. Газар эзэмшигч Ж.Алтанхуягийн нэхэмжлэлийн шаардлага хууль ёсны биш болно. Бид Хөвсгөл аймгийн засаг даргад газрын хууль зөрчөөд хууль бус үйл ажиллагаа явуулаад байгаа Цагаан Уул тэрхэн ХХК-ний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага тавьсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн ямар ч үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч Ч.Тийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Бид Ж.Алтанхуягийн албан ёсны захирамжтай эзэмшил 2500 м.кв газартай хамааралгүй. Ц-У Т ХХК-ны захирал Ж.Алтанхуяг нь нийтийн эзэмшлийн газар дээрх худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа явуулж байсан хүмүүсээс захирамжгүйгээр хураамж авч ард иргэдийг хохироож байгаад, улмаар захирамж гаргах эрхгүй нэг намын хүн Мөрөн сумын засаг дарга асан Ц.Мэндээг ажлаа өгөх үед нь хуурамч, хууль ёсны бус 2008 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 146 дугаар захирамжаар өөрийн компанидаа 3871 м.кв газрыг нэмж эзэмшихээр захирамж гаргуулж авсан нь маргаан гарах эх үндэс болсон юм. Энэ нь газрын тухай хууль болон, аймгийн өөрөө удирдах шашны байгууллага, Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2004 оны 35 дугаар тогтоолд Мөрөн сумын нутаг дэвсгэрт инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар олгох эрх хэмжээ нь зөвхөн аймгийн засаг даргад олгогдсон байхад эрх мэдэлгүй Мөрөн сумын засаг дарга орон нутгийн хурлын байгууллагын шийдвэр болох 35 дугаар тогтоол болон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3. 23.3.2 дахь заалтыг тус тус ноцтойгоор зөрчсөн нь тодорхой болсон. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах заалтын 33.1-д ...Монгол улсын иргэн Аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ. Хуулийн 33.1.2-т ...эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ байршил, төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэхэд тухайн шийдвэрийг тухайн шатны засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэсэн байхад, үүний алинд нь ч хамаарагдахгүй шууд газар эзэмшигч болсон нь хууль зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль ёсны биш гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын шүүхэд гаргасан тайлбарт: ...Ж.Алтанхуяг нь газрыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэх ёстой. Гэтэл Ж.Алтанхуяг нь 2500 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байсан бөгөөд Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 146 дугаар захирамжаар 3871 м.кв газрыг нэмж олгохоор болсон байдаг. Дээрх захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2004 оны 35 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн. Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2010 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 249 тоот тогтоолд Ц-У Т ХХК-нд 3871 м.кв газрыг эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Хөвсгөл аймгийн засаг даргад даалгасугай гэсэн бөгөөд уг маргаж буй газар нь Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газар бөгөөд уг газрыг эзэмшүүлэх, ашиглуулах талаар Газрын тухай хуулийн 33.1.2-д ...газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу 2010 онд А/410 дугаар газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах аймгийн засаг даргын захирамж гарч Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолд заасны дагуу Зууны мэдээ сонинд болон орон нутгийн ЛХА, Далай ван телевизүүдээр нийтэд мэдээлсэн. Ж.Алтанхуягт хуульд заасны дагуу буюу тухайн газрыг дуудлага худалдаанд оруулах замаар эзэмшүүлэхээр 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр албан тоот хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй. Ингээд Газрын тухай хуулийн 33.1.2. дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаа явуулж иргэдэд газрыг эзэмшүүлсэн. Иймд Ж.Алтанхуяг нь 2013 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр хүртэл уг газрыг хууль ёсоор мэдэлдээ авч эрх бүхий этгээд болоогүй байсан. Иймд Ж.Алтанхуяг 2008 оноос 2013 он хүртэл уг газрын эзэмшигч мөн үр шимийг нь хүртэх ёстой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Төрийн байгууллагын зүгээс Ж.Алтанхуягийн эд хөрөнгөнд халдах, эд хөрөнгөнд нь хохирол учруулах зэргээр ямар нэгэн үйлдэл эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд уг зах болон түүнийг түрээсэлж байсан иргэд нь үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулж байсан тул мөнгөн орлогоо олж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Ж.Алтанхуяг нь олох ёстой орлого гэдэгт бизнес төлөвлөгөөнд тусгагдсан мөнгөн орлогыг хамааруулж байгаа нь сар бүр олох ёстой байсан бодит орлого гэж үзэх боломжгүй. Мөн гарах ёсгүй зардал гэдэгт өмгөөлөгчийн зардал, нотариатын зардал, унааны зардал зэргийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Ж-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Ц-У Т ХХК-ийн захирал Ж.Алтанхуяг нь зах болон түүний зүүн талд байдаг 3871 м.кв газрыг 2008 оны 9 дүгээр сарын 17-нд эзэмшихээр болсон гэж бидний эзэмшлийн хувийн өмчид халдаж эхэлсэн. Иймд бидний эзэмшиж байсан газрыг түүнээс өмнө хууль бусаар Ц-У Т ХХК-ийн газар гэж төлбөр авч байсныг мэдсэн. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу Ц-У Т ХХК-ийн захирал Ж.Алтанхуягаас дээрх хугацаанд авч байсан 5.325.000 төгрөгийг хуулийн дагуу буцаан олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц-У Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Манай эзэмшил газрын захирамжийг хүчингүй болгосон аймгийн засаг дарга 2009 оны 10 дугаар захирамж, уг газраас Хот тохижилт ХХК-д 3662 м.кв иргэн Ц.Гантуяад 250 м.кв газрын тус тус эзэмшүүлсэн 108 дугаар захирамжуудыг шүүх түдгэлзүүлж байгаад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн хариуцагчид газар эзэмшиж байгаагүй. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд зааснаар захирамж хүчингүй болсныг мэдмэгц хуульд заасан хугацаанд манай компани шүүхэд гомдол гаргаж, шүүх аймгийн засаг даргын хууль зөрчсөн захирамжийг түдгэлзүүлж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчид манай компанид болон Хот тохижилт ХХК-д түрээсийн төлбөр төлж өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж ашиг орлогоо олсоор байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Ж-, Г.Ү- нар нь өнөөдрийг хүртэл манай компанийн эзэмшил газарт хүнсний бөөний худалдаа эрхэлж улмаар манай компаниар үйлчлүүлж үүрэг гүйцэтгэн орлого олж ашиг хүртэж байгаа тул ашгаасаа үйлчилгээний хураамж төлөх үүрэгтэй бөгөөд цаг хугацаа хожин үйлчилгээний хураамжаа сар бүр төлөхгүй хуримтлуулсаар байгаагийн үр дагавар нь манай компани олох ёстой орлогоо олох, орлогоо захиран зарцуулах эрх тус тус зөрчигдөж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 189 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 95 дугаар зүйлийн 95.1-т заасныг баримтлан Ц-У Т ХХК-ний Цагаан-Уул захад байрлах 250 м.кв газрыг Ч.Т, Ц.Ж-, Ц.Д- нарын хууль бус эзэмшлээс, 43.4 м.кв газрыг Ч.Т, Ё.Ц- нар хууль бус эзэмшлээс, 59.2 м.кв газрыг Ц.Д-, Б.Б- нарын хууль бус эзэмшлээс, 61.7 м.кв газрыг Ц.Ж-, Г.Ү- нарын хууль бус эзэмшлээс тус тус чөлөөлж, нэхэмжлэгчийн гаргасан Ч.Т, Д.Жадамба, Ц.Д- нараас 75.000.000 төгрөгийг, хариуцагч Ч.Т, Ё.Ц- нараас 13.020.000 төгрөгийг, хариуцагч Ц.Д-, Б.Б- нараас 17.760.000 төгрөгийг, хариуцагч Ц.Ж-, Г.Ү- нараас 18.510.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1. 492 дугаар зүйлийн 492.1, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц-У Т ХХК-ний гаргасан хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 90.590.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Ж-ын гаргасан нэхэмжлэгчээс 5.325.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.314.148 төгрөгөөс илүү төлсөн 12.598 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 1.302.550 төгрөгийг, хариуцагч Ц.Ж-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.150 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Т, Ё.Ц-, Г.Ү-, Ц.Ж-, Ц.Д-, Б.Б- нараас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 189 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц-У Т ХХК-ийн захирал Ж.Алтанхуягийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 779.900 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Дааж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа өмчлөгчийн бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрх нь гагцхүү түүний уг эд хөрөнгийг хууль ёсны өмчлөх эрхтэй тохиолдолд хэрэгждэг бөгөөд энэ шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн зохицуулалт нь хууль ёсны эзэмшигчид ч мөн хамаарах юм. Хэрэгт авагдсан баримтууд болох газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ болон Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоол зэргээс Ц-У Т ХХК нь газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй этгээд мөн болох нь тогтоогдож байх тул газрыг эзэмших ашиглахад саад болж буй аливаа үйлдлийг зогсоолгох газрын эзэмшлийг шаардах эрхтэй байна гээд газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг буюу зарим хэсгийг ашиглуулж болно. Ийнхүү ашиглуулахдаа гэрээгээр төлбөр тохиролцсон тохиолдолд уг төлбөрийг нэхэмжлэх эрхтэй боловч ийм тохиролцоо талуудын хооронд хийгдээгүй. Иймд хураамж болон төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж буруу дүгнэсэн. Учир нь бидний хооронд гэрээ байгуулаагүй боловч Ц-У Т ХХК-ийн газрыг ашиглаж, ямар ч хөлс, үйлчилгээний хураамж төлөлгүйгээр, өөрсдөө ашиг орлого олон Ц-У Т ХХК-ийн олох ёстой орлогыг оруулалгүйгзэр гэм хор учруулсан. Энэ нь шүүхийн магадлалд дурдсан шиг татварын хураамж биш бөгөөд газар ашигласан болон үйлчилгээ үзүүлсэний хураамж гэдэг байдлыг шүүхэд тайлбарласан боловч ойлгоогүй буруу дүгнэсэн. Мөн нэхэмжлэгч шүүхэд Ц.Чулуунбаатартай байгуулсан гэрээг нотлох баримтаар гаргасныг шүүх үнэлээгүй гэж гомджээ. Дээрх нотлох баримтыг тухайн маргаанд хамааралтай, үнэн зөв гэж үнэлээгүйд анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй байна гэсэн нь өөрийн шаардлагаа тодруулж, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай гэж үзсэнээс буюу хариуцагч нараас ашиглаж байгаа газрын 1 м.кв газрыг 5000 төгрегөөр тооцож, захын үйлчилгээний хураамжийг нэхэмжилсэн шаардлагаа тогтооход шаардлагатай учир гаргаж өгсөн байхад нотлох баримтыг буруу үнэлсэн. Түүнчлзн нэхэмжлэгч нь хариуиагч Г.Ү-ым Ц.Ж-д өгсөн итгэмжлэлийн хугацаа дууссан байхад түүнийг төлөөлүүлэн хуралдаанд оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгох ёстой атал тухайн эрх нь зөрчигдсвн этгээд гомдол гаргасан тохиолдолд хуулийн энэ заалт хэрэгжих үндэслэлтэй. Г.Ү- нь шүүхэд өөрийгөе нөхрөөрөө төлөөлүүлсэн бөгөөд энэ итгзмжлэлийн хугацаа дууссан байгааг шүүх анхаараагүй нь шүүхийн алдаа боловч хариуцагчийн хамтран хариуцагч болох нөхөр нь шүүхэд нэгдмэл сонирхолтойгоор төлөөлсөн бөгөөд энэ талаар гомдол гаргаагүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй юм гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4, 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн эрх үүргийг эдэлж оролцох бөгөөд түүнд энэ эрх, үүргийг нь эдлүүлээгүй ноцтой алдаа болсон. Иргэнийг гагцхүү хуулийн дагуу болон итгэмжлэл олгох замаар төлөөлөл үүснэ. Энэ төлөөлөл нь дуусгавар бопсон бөгөөд нөхөр нь төлөөлсөн гэх байдал тогтоогдоогүй байхад түүнийг нөхөр нь төлөөлсөн гэж үзэж байгаа нь шүүх өөрийнхөө алдааг хайцаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн хуулийг буруу хэрэглэсэн, буруу дүгнэлт болсон.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ц-У Т ХХК нь Ч.Т, Ё.Ц-, Ц.Ж-, Г.Ү-, Б.Б-, Ц.Д- нарт холбогдуулж, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, олох байсан орлого нийт 124.290.000 төгрөг гаргуулах, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулж гэм хорын хохирол 90.590.100 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч Ц.Ж- Ц-У Т ХХК-с 5.325.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасныг зохигч хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх 6 иргэнд холбогдох нэхэмжлэлээс газар чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Ц-У Т ХХК нь маргааны зүйл болсон газрын хууль ёсны эзэмшигч болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч Ч.Т, Ё.Ц-, Ц.Ж-, Г.Ү-, Б.Б-, Ц.Д- нар хууль болон гэрээний үндсэн дээр газрыг эзэмшээгүй тул нэхэмжлэгчийн газар чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нараас газар ашигласны төлбөрийг 1 м.кв талбайг 5000 төгрөгөөр тооцож, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар нэхэмжилснийг, талууд төлбөр төлөхөөр харилцан тохиролцоогүй тул өөр бусадтай байгуулсан гэрээний үнийг жишиг болгож шаардсан нь үндэслэлгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулж гэм хорын хохирол 90.590.100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийг хариуцах этгээд биш гэж үзсэн, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
Өмнө төлсөн төлбөрөө буцаан гаргуулах хариуцагч Ц.Ж-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлүүдэд давж заалдах шатны шүүх тодорхой дүгнэлт хийсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 189 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжав нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 779.900 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ