Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 01

 

Б.Билгүүнд  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч             Б.Батзориг

Шүүгчид                       Я.Туул                                       

                                     Д.Буянжаргал

Оролцогчид:

 Прокурор                     Д.Нямдэлэг

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Дашзэвэг овогт Болдбаатарын Билгүүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1731000650062 дугаартай, 148/2017/0162/Э индэкстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2-р баг, 8-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Дашзэвэг овогт Болдбаатарын Билгүүн
/Регистрийн дугаар:МП86082975/

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Билгүүн нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 16-н даваа гэх газраас 3.38 м3 модыг бэлтгэн байгаль орчин экологид 730080 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Б.Билгүүнд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 169 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Дашзэвэг овогт Болдбаатарын Билгүүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Дашзэвэг овогт Болдбаатарын Билгүүнд 500 /таван зуу/ нэгжээр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Билгүүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 сарын дотор төлж барагдуулахаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдан,

-Б.Билгүүн нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдан,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хүдэр сумын Цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж буй 12 метрийн урттай 1 ширхэг, 6 метрийн урттай 2 ширхэг нойтон нарсан модыг хурааж, улсын орлогод авахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

-Улаан өнгийн МТЗ-50 маркийн тракторыг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар баг, 06-07 тоотод оршин суух Цагаанууд овогт Пүрэвийн Үнэнбадрахад буцаан олгож,

-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд тус тус зааснаар Б.Билгүүнээс 1.451.640 төгрөгийг гаргуулан байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар МТЗ-50 тракторын үнэлгээ 1.500.000 төгрөгийг улсын төсөвт оруулахыг Б.Билгүүнд даалгаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Билгүүн оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

-Б.Билгүүнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Билгүүн, түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...шүүхийн 2017 оны 11 сарын 27-ны өдрийн 169 тоот шийтгэх тогтоолын зарим заалтыг ялтан Билгүүн би өмгөөлөгчийн хамт эс зөвшөөрч хуулийн хугацаанд гомдол гаргах нь:

1.Ялтан Билгүүн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг лрокурорт гаргаснаар, прокурор үндэстэй гэж үзэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх үндэслэл бүхий гэж үзэж шийдвэрлэсэн. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д шүүх прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн байх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь заалтыг барьж МТЗ-50 тракторын үнэ 1.500.000 төгрөгийг улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн болохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ялтан Билгүүн нь хөгжлийн бэрхшээлтэй, 2 настай хүүтэй. Хүүдээ хагалгаа хийлгэх шаардлага тулгарч ирсэн энэ хүнд үеэс болж шууд бус байгаль экологид учруулсан хохирол 1.451.640 төгрөг төлөгдөөгүй ба төлөхөө илэрхийлж ирсэн байгаа тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-д зааснаар МТЗ-50 тракторын үнэ 1.500.000 төгрөгийг бусдад учруулсан шууд бус 1.451.640 төгрөгийн хохиролд тооцож төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү”  гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

    Анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 27-ны өдрийн 169 тоот шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Тодорхойлох  нь:

Шүүгдэгч  Б.Билгүүн нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 16-н даваа гэх газраас 3.38 м3 модыг бэлтгэн байгаль орчин экологид 730080 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Б.Билгүүнд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 169 дугаартай  шийтгэх тогтоолоор Дашзэвэг овогт Болдбаатарын Билгүүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжээр торгох ял шийтгэж  шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Билгүүн болон түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Билгүүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Б.Билгүүн нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 16-н даваа гэх газраас 3.38 м3 модыг бэлтгэн байгаль орчин экологид 730080 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасны дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 15 дугаартай тогтоолыг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул оролцогчдын зүгээс гэм буруугийн асуудал, ял шийтгэлийн талаар ямар нэгэн санал гомдол гаргаагүй байна.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг ...”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно... гэсэн ерөнхий заалтыг баримтлан шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 9 дүгээр заалтаар

 -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар МТЗ-50 тракторын үнэлгээ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг  улсын төсөвд оруулахыг Б.Билгүүнд даалгасугай... гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтыг өөрчлөх замаар зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Билгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн боловч давхардуулан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч байгаа үндэслэл, нөхцлийн талаар шийтгэх тогтоолд дурьдалгүйгээр Б.Билгүүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тодорхой хугацаа заалгүйгээр авч, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, тодорхой хугацаа заагаагүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан байх ба торгох ял оногдуулсан этгээдэд дээр дурьдсан албадлагын арга хэмжээг оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, үндэслэл муутай болсон байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтыг өөрчлөн найруулж, 9,10,11 дүгээр заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэхээр давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1, 33.2 дугаар зүйлүүдийг удирдлага болгон Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж байгаа нь мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ ...Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно...” гэсэн заалттай зөрчилдөж байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.5, 2 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

         2 дугаар заалтыг:

         “2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Билгүүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан МТЗ-50 маркийн тракторын үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг Б.Билгүүнээс албадан гаргуулах хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авч, уг мөнгөнөөс 1.451.640 /нэг сая дөрвөн зуун тавин нэгэн мянга зургаан зуун дөчин/ төгрөгийг шийтгэх тогтоолын 8 дугаар заалтаар заасан байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, үлдэх 48.360 /дөчин найман мянга гурван зуун жар/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын 9,10,11 дүгээр заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

       

 

           

 

 

 ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                     Я.ТУУЛ

                                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ