Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 073

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Өлгий сумын 8 дугаар багийн оршин суугч Ш.М-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох,

            “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Ш.М-ийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” Б/65 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус газрын халамжийн сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулкаш, хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-, гуравдагч этгээд Ж.О-,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ш.М- миний бие 2006 онд Монгол Улсын Худалдаа Үйлдвэрийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөж, 2008 онд ОХУ-аас эдийн засгийн ухааны магистр зэрэг хамгаалсан дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй болно.

2009 онд Төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцэж, Баян-Өлгий аймгийн Халамжийн үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 09 тоот тушаалаар халамжийн сан хариуцсан мэргэжилтнээр томилогдож, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б/65 тоот газрын даргын тушаалаар өөр ажил албан тушаалд шилжүүлэх хүртэл халамжийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажилласан болно.

Ш.М- миний бие халамжийн сан хариуцсан мэргэжилтний орон тоонд ажилласан хугацаанд ажил төрлийн ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд төрийн ажлыг шаардлагын хэмжээнд гүйцэтгэж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үр бүтээлтэй ажиллаж ирсэн билээ.

Үүний тод илрэл нь 2017 оны 03 дугаар сард салбарын тэргүүний ажилтнаар шалгарч, мөн оны 08 дугаар сард Сангийн яамны сайдын тушаалаар сарын цалингаар шагнагдсан юм. Мөн 2017 оны 10 дугаар сард Ш.М- миний ажлын үр дүнг харгалзан үзэж, сангийн яамнаас цалингийн 20 хувиар урамшуулан шагнасан юм. Түүнчлэн 2017 оны жилийн эцэст Санхүүгийн хяналт шалгалтын албанаас хийсэн шалгалтын үр дүнгээр болон 2018 оны Аудитын дүгнэлтээр тус тус зөрчилгүй дүгнэлт гарсан билээ.

Энэхүү дээд байгууллагаас Ш.М- надад олгосон шагнал урамшуулал болон  эрх бүхий байгууллагуудын зөрчилгүй дүгнэлт нь миний албан тушаалын ажлыг үр дүнтэй гүйцэтгэж ирсний баталгаа болох юм.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Ш.М-ийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” Б/65 тоот тушаал хууль бус бөгөөд Ш.М- миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/65 тоот тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан ...төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгээн ажиллуулах журмыг ноцтой зөрчсөн... гэж үзэж гомдол гаргаж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар ...төрийн жинхэнэ албан хаагчийг өөр ажилд шилжүүлэх, мөн сэлгэн ажиллуулах хоёр үндсэн нөхцөлийг тодорхойлсон байдаг. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан ...өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах... тухай зохицуулалт болон  мөн хуулийн 22.2-т заасан ...сэлгэн ажиллуулах... тухай хуулийн зохицуулалт нь нэг байгууллагаас нөгөө байгууллага буюу урьд ажиллаж байсан байгууллагаас өөр байгууллагад ажиллуулахыг зохицуулсан зохицуулалт юм. Гэтэл Ш.М- намайг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэг албан тушаалаас өөр нөгөө албан албан тушаалд сэлгэн ажиллуулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Энэ нь хууль зөрчсөн явдал юм.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар ...төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хороонд сэлгэн ажиллуулж болно... гэж заасныг зөрчсөн.  Сэлгэн ажиллуулах тухай ажилтан Ш.М- надтай ажил олгогч зөвшилцөж, тохиролцоогүй, миний бие зөвшөөрсөн асуудал огт байхгүй юм. Ажилтан Ш.М- миний зөвшөөрөлгүй сэлгэн ажиллуулах боломж ажил олгогч буюу байгууллагын удирдлагад олгогдоогүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар ...төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулсан нөхцөлд тодорхой хугацаа буюу 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулахаар... тогтоосон, зэрэг хуульд заасан шаардлагыг хариуцагч ноцтой зөрчсөн юм.

Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Ш.М-ийг өөр ажилд шилжүүлсэн ажиллуулах тухай” Б/65 тоот тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг баримталсан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/65 тоот тушаалыг гаргахдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.5, 12 дугаар зүйлийн 12.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1.6, 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримталсныг дараах үндэслэлээр хууль буруу хэрэглэсэн тул тухайн эрхийн акт илт хууль зөрчсөн, эрх зүйн чадамжгүй эрхийн акт гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд ...нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино... гэж уг хуулийн зорилтыг тодорхойлсон байдаг. Уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар энэхүү зохицуулалт нь тухайн хуулиар нягтлан бодох бүртгэл, нягтлан бодогч нарын үйл ажиллагаа, эрх зүйн байдлыг зохицуулсан байх тул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын халамжийн сангийн мэргэжилтний албан тушаалыг эрхэлж байгаа  Ш.М- миний албан тушаалын эрх зүйн байдлыг нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар зохицуулаагүй учир маргаан бүхий Б/65 тоот тушаалд баримталсан нь үндэслэлгүй юм.

Иймд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/65 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын халамжийн сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний төлөөлж байгаа Ш.М- нь 2009 оноос тухайн байгууллагад ажиллаж байгаа ба 2016 оны 10 дугаар сард тухайн байгууллагын халамжийн сангийн мэргэжилтнээр томилогдсон. Тухайн үеийн хууль журмын дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр энэ албан тушаалд томилогдсон байгаа. Энэ албан тушаалд ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хуулийн дагуу жирэмсний амралтаа аваад мөн оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа эргэж ороход янз бүрийн шалтгаан заагаад ажлыг нь өгөөгүй, Хөдөлмөрийн хуульд зааснаар жирэмсний амралттай байгаа хүний ажлын байр нь хэвээр хадгалагдах ёстой боловч миний бие улсад 40-өөд жил ажиллахдаа тийм хууль, журамтай байсан юм.

Энэ хуулийг Б.С- дарга үл тоомсорлож янз бүрийн шалтгаан заасаар байгаад  2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өөрийнх нь ажилд томилох шийдвэр гаргасан байна. Үүнийг нэхэмжлэгчид мэдэгдэлгүй байж байгаад 07 дугаар сарын 09-ний өдөр өөр ажилд томилох тухай тушаал гаргасан байгаа. Ийм шийдвэр гаргаснаа мэдэгдээгүй, гаднаас нь гаргачихаад нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гардаж авсан байгаа. Энэ хооронд Ш.М- нэг сар гаруй ажилгүй байсан. Мөн уг тушаал нь хууль бус байсан.

Учир нь, “Ш.М-ийг өөр ажилд шилжүүлэх тухай” гэсэн гарчигтай байсан ба  Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт аливаа албан тушаалтныг өөр ажилд шилжүүлэн томилохдоо тухайн ажилтантай зөвшилцөнө гэж заасан байгаа. Гэтэл ажил олгогч Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-ыг зөрчсөн гэж үзсэн. Хоёрдугаарт, энэ тушаалын утга нь өөр ажилд шилжүүлэх тухай боловч сэлгэн ажиллах тухай хуулийг хэрэглэсэн байгаа. Хэрвээ ажилтныг сэлгэн ажиллуулж байгаа бол тухайн ажилтанд тохиролцсон байх, гэрээ байгуулсан байх, тодорхой хугацаа заасан байх ёстой боловч эдгээр шаардлагуудын аль алийг биелүүлээгүй учраас Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийг ажил олгогч зөрчсөн учраас бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах тухай журамд ч гэсэн тодорхой хугацаа заагаад, ажилтантай зөвшилцөөд гэрээ байгуулан сэлгэн ажиллуулахаар зохицуулсан.  Мөн сэлгэн ажиллуулж байгаа нөхцөлд мэргэжлийн албан тушаалд сэлгэн ажиллуулсан байх ёстой. Тодруулбал, нягтлан бодогчийг нягтлан бодогчоор бусад албан тушаалтыг ажил чанарын албан тушаалд сэлгэн ажиллуулах ёстой бөгөөд мэргэжлийн бус албан тушаалд сэлгэн ажиллуулах ёсгүй юм.

Уг тушаалд ажилтан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн  мэтээр тайлбарласан байгаа. Тухайлбал, 10 дугаар зүйлийн 10.1, 10.5, 12 дугаар зүйлийн 12.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1.6 дахь заалтуудыг үндэслэл болгосон боловч хуулийн дээрх заалтууд нь ажилтныг өөр ажилд шилжүүлэхэд хамаарах үндэслэл биш байна. Миний бодлоор ажил олгогч эдгээрийн хуулийн заалтуудыг ажилтан зөрчсөн гэж үзээд баримталсан болов уу гэж харж байна. Дээрх хуулийн заалтуудыг нэг бүрчлэн тайлбарлавал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “...Аж ахуйн нэгж, байгууллага нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад, төсөвт байгууллага нь Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн санхүүгийн тайлангаа гаргана...” гэж заасан байгаа. Тэгвэл Ш.М- энэ олон улсын стандартад нийцсэн тайлангуудыг тухай бүрд нь гаргаж өгч байсан. Энэ нь жил бүрийн аудитын зөрчилгүй тайлан гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Хоёрдугаарт, аймгийн төрийн сангийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул хуулийн дээрх заалтыг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэх ямар нэгэн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь заалтад “...Санхүүгийн тайланд аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий (ахлах) болон гэрээгээр ажилласан нягтлан бодогч гарын үсэг зурж, тамга (тэмдэг) дарна...” гэж заасан ба байгууллагын тайланд дарга болон нягтлан бодогч гарын үсэг зурахгүй бол аудитын болон бусад байгууллага хүлээж авахгүй. Энэ нь тайлан хүлээн авч байгаа байгууллагуудыг гүтгэсэн шинжтэй зүйл болжээ. Сарын мэдээнд Б.С- дарга байхгүй үед тус газрын хэлтсийн дарга гарын үсэг зураад явуулж байсан тохиолдолд байсан байна. Хуульд ч гэсэн сарын мэдээнд заавал байгууллагын дарга гарын үсэг зурна гэсэн зохицуулалт байхгүй байгаа. Байгууллагын дарга байхгүй үед даргын орлож байгаа хүн нь сарын тайлан мэдээнд гарын үсэг зурах нь хууль ёсны асуудал байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “...Аж ахуйн нэгж, байгууллага нь улирал, жилийн санхүүгийн тайланг батлагдсан маягтаар болон цахим хэлбэрээр энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад тушаана...” нэхэмжлэгч зөрчсөн гэж заасан байгаа.

Гэхдээ энэ заалтыг нэхэмжлэгч зөрчөөгүй болох нь харилцагч санхүүгийн байгууллага болон аудитын байгууллагын дүгнэлтээр нотлогдож байгаа. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “...төлбөр тооцооны тооллого хийх, зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч хариуцна...” гэжээ. Энэ дээр халамжийн сангийн дансанд нэг ч хөрөнгө байхгүй, хөрөнгө нь үйл ажиллагаа хариуцсан нягтлан бодогчийн дансанд байдаг. Тийм учраас тооллого тооцоо хийх асуудлыг нэхэмжлэгч хариуцахгүй юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан нягтлан бодогчийн эрх, үүргийг зөрчсөн гэж байна. Энэ дээр Б.С- дарга андуурсан бололтой, халамжийн сангийн мэргэжилтэн нягтлан бодогч биш, нягтлан бодогч төрийн үйлчилгээний ажилтан байх ба мэргэжилтэн төрийн захиргааны албан хаагч байгаа. Гэтэл хариуцагчаас сан хариуцаж байгаа мэргэжилтнийг нягтлан бодогчийн үүргийг хийж, гүйцэтгэж байгаа мэт үзэж байгаа нь өөрөө буруу байна. Энэ нь прокурорын байгууллагын чиг үүргийг шүүх гүйцэтгэнэ гэдэгт адил зүйл байгаа. Тийм зүйл ерөөсөө болохгүй юм. “...Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ...”, “...Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналт хариуцсан албан тушаалтны эрх, үүргийг тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэртээ тодорхойлно...” гэсэн заалтууд нэхэмжлэгчийн гүйцэтгэх чиг үүрэгт хамааралгүй байна.

            Тийм учраас нэхэмжлэгчийн ажлын чиг үүрэгт хамааралгүй хуулийн заалтын тушаалд дурдсан байна гэж хэлмээр байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан “...Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэлийг ногдуулна...” гэснийг нэхэмжлэгч зөрчсөн гэж хариуцагч тушаалдаа дурдсан байна. Гэхдээ хуулийг дээрх заалтыг ямар учраас тушаалд баримталсан нь ойлгомжгүй байна. Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч төсвийн байгууллагад ерөнхий санхүүч байдаг юм байна. Харин Садырбек гэдэг байцаагч нь Ш.М- нь ямар нэгэн зөрчил гараагүй гэж тодорхойлолт өгсөн байх тул нэхэмжлэгч ямар нэгэн хууль зөрчөөгүй байна гэж хэлмээр байна.

Нэгдүгээрт, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албан тоотыг үндэслэсэн гэх боловч уг албан тоотыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас өөрчлөх үндэслэл байхгүй гэж харж байна. Яагаад гэвэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд ч тэр, Төсвийн тухай хуульд ч тэр дээд шатны агентлагт тайлан тушаана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд төсвийн шууд захирагч нь санхүүгийн тайланг харьяа санхүүгийн байгууллагад тушаана гэж заасан байгаа. Харин харьяа санхүүгийн байгууллага гэж аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийг хэлэх байна. Төсвийн тухай хуульд төсвийн шууд захирагч нь тайлангаа төсвийн ерөнхийлөн захирагчид тушаана гэж заасан байгаа. Харин төсвийн ерөнхийлөн захирагч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга байна. Тийм учраас хуулиараа тайланг ерөнхий газарт тушаах үүрэг хүлээгээгүй юм. Бусад шугамаар мэдээ, тайлан авах нь дээд шатны байгууллагын эрх хэмжээний асуудал байгаа. Хугацаа хожимдуулсан гэх боловч агентлагт тайлан тушаах хугацаа заагаагүй байна.

 Хоёрдугаарт, хуулийн хугацаа хэтэрсэн байна гэжээ. Төрийн албаны тухай хуульд зөрчил гаргаснаас хойш 6 сар, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байх ба С.Батсүх даргын албан бичигт “...тухай байгууллагад гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй боловч 6 сар өнгөрсөн байх тул сахилгын шийтгэл оногдуулж болохгүй...” гэж дурдаж Б.С- даргад өгсөн байна. Эрүүгийн хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сар өнгөрсөн байвал хариуцлага тооцохгүй байхад, зөрчил гаргаснаас хойш яагаад 1 жилийн дараа хариуцлага тооцож байгаа вэ гэдэг асуудал байгаа.

Гуравдугаарт, 2017 оны 09 дүгээр сард шийдвэр гаргаад, сар бүр цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгохоор ерөнхий газраас тушаал гарсан байна. 9, 10 сард ажил нь сайн байсан хүн 11 дүгээр сард гэнэт юу болсон бэ гэж гайхаж байна. Энэ хооронд ямар нэгэн хяналт шалгалт ирээгүй, тайлан тооцоо гаргаагүй, ганцхан мэдээ өгсөн байгаа юм. Энэ бичиг нь дутагдлыг олж ирүүлсэн биш дутагдалтай болгох гэж харуулахаар бичсэн бичиг гэж ойлгож байна. Дутагдалтай болгож харуулах гэж бичсэн гэдэг нь дараах зүйлүүдээр нотлогдож байна. Тухайн албан бичигт өмчийн өөрчлөлтийн тайлан гараагүй гэж заасан байх ба нэг ч төгрөгийн өмч хөрөнгө байхгүй хүн яаж өмч хөрөнгийн өөрчлөлтийн тайлан гаргах вэ, мөн мэдээний хугацааг удаа дараа хожимдуулсан гэж тайлбарлаж байна. Хэнээс болж яагаад хожимдуулсан бэ гэдгийг тогтоох ёстой, албан тушаалтнаас арга хэмжээ авах гэж байгаа бол тухайн үндэслэлийг бодитой болгож тогтоох хэрэгтэй байна. Энэ асуудлыг шалгаж тогтоосон зүйл байхгүй, 10 дугаар сарын мэдээг 11 дүгээр сарын эхэнд өгөхдөө системд доголдол гарсан байна.

Дөрөвдүгээрт, 6 сарын мэдээг хоёр хоног хожимдуулсан гэж байна. 07 дугаар сарын 01, 02-ны өдөр амралтын өдөрт таарч байгаа бөгөөд амралтын өдрөөр мэдээ, тайлан гаргахыг шаардах эрх хэнд ч байхгүй, харин ч амралтын болон баярын өдрүүдэд ажиллахыг хориглоно гэсэн хуулийн заалттай байгаа. Иймээс энэ үндэслэл нь мөн адил үндэслэлгүй болж байна. Тухайн албан бичигт улирлын тайланг дараагийн улирлын 15-ны дотор хүлээж авах ёстой гэжээ. Гэхдээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд дараа улирлын 20-ны дотор хүлээж авна гэж заасан байдаг. Хуулиас давсан шаардлага тавих боломжгүй байна гэж харж байгаа юм. Мэдээ, тайланг дараа сарын 02-ны дотор гэж Төсвийн тухай хуульд тодорхой заагаад өгсөн байдаг. Гэхдээ хариуцагчаас дараа сарын 01-ний дотор гаргах ёстой боловч 2, 3 хоцорч гаргасан гэж буруутгасан байна. Тэр тусмаа Төсвийн тухай хуульд аливаа сангийн тайланг дараа сарын 04-ний дотор гаргах ёстой гэж заасан байна. Шалтгааныг тогтоохгүйгээр хариуцлага тооцсоныг би ойлгохгүй байна. Мөн 4 дүгээр сарын тайланг хоцорч гаргасан гэх боловч 05 дугаар сарын 01-ний өдөр нь амралтын өдөрт таарч байна. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт дараа сарын 02-ны дотор хүлээж авна гэж заасан байгаа.

Тавдугаарт, энэ гаргасан зөрчлийг тухайн албан тушаалтанд хүлээлгэсэн байх ёстой боловч тийм асуудал тавиагүйгээр шууд хариуцлага тооцох шийдвэр гаргасан нь буруу байна. Тухайн үед нэхэмжлэгч амралттай байж болно, чөлөөтэй байж болно, өвчтэй байж болох юм. Үнэхээр зөрчил гаргасан байвал түүнийг тогтоож танилцуулсан байх ёстой байсан.

Зургаадугаарт, эдгээр зөрчлүүд гарсан байвал, эхний ээлжид байгууллагын даргад хариуцлага тооцох ёстой. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээхээр байна. Өөрөөр хэлбэл энэ нь хариуцагч байгууллагын дарга Б.С-ы үүрэг байна гэж харж байна. Дээд шатны төсвийн захирагчид хүргүүлнэ гэж заасан болохоос ерөнхий газарт хүргүүлнэ гэж заагаагүй байна. Дээд шатны төсвийн захирагч нь аймгийн Засаг дарга байна. Харин халамжийн ерөнхий газарт хүргүүлээгүй гэдэг нь буруу ойлголт болжээ гэж харж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт тайланг хүргүүлэх үүргийг төсвийн шууд захирагч хариуцна гэж заасан байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.7-д “...байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах үүргийг байгууллагын дарга хүлээнэ...” гэж заасан байх бөгөөд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг ерөнхий газрын өмнө Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга хүлээж, гэрээ байгуулж байна. Холбогдох зөрчил гаргасан этгээдэд арга хэмжээ тооцох хэрэгтэй гэж явуулсан байвал энэ албан тоот зөв байсан болов уу.

Мөн тухайн албан бичигт Б.С- даргын гарын үсэг байхгүй байна гэж заасан ба нэг удаа хэлтсийн дарга Д.Алтынгүл гарын үсэг зурсан байх ба түүнийг би дээр тайлбарласан байгаа. Энэ нь зөвхөн мэдээ байдаг ба тайланд байгууллагын дарга гарын үсэг зурна гэж тодорхой заасан байдаг. 10 дугаар сарын мэдээг шинэчилсэн маягтаар ирүүлээгүй гэдэг нь хоёр талтай. Халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь анхан шатны байгууллагад арга зүйн туслалцаа үзүүлэх ёстой. Нэгэнт маягт гаргасан байвал тухайн маягтын талаар чиглэл, зааварчилга өгөх нь ерөнхий газрын үүрэг байдаг. Энэ албан тоотод дурдсан зүйлүүд ямар ч үндэслэлгүй байна гэж хэлмээр байна.

Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын тайлбарт холбогдуулан нэмж тайлбар хэлэхэд, ажил олгогчийн тушаал дээр дурдсан Төрийн албаны тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн заалтуудыг үндэслэлгүй хэрэглэсэн нь дээрх нотлох баримтууд нотолж байгаа. Ш.М- нь 2014 оны 08 сард  шалгагдаад хөнгөн хэрэгт холбогдож хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг ажлаас өөрчлөх үндэслэл болгож заасан байна. Энэ нь нэхэмжлэгчийг ажлаас нь өөрчлөхөд үндэслэл болохгүй юм. Хяналтын прокурор Б.Ботакөзын албан бичгийг хэрэгт гаргаж өгсөн ба 2017 онд хэд хэдэн ажилтан эрүүгийн хэрэг үйлдсэн боловч 6 сар өнгөрсөн учраас мөн адил хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 2017 онд болсон хэргийг авч хэлэлцэхгүйгээр 2014 онд болсон Ш.М-ийн асуудлыг хөндөж байгаа нь мөн үндэслэлгүй зүйл гэж харж байна.

Хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш байна. Мөн тухайн үед Ш.М- нь хохирсон байдаг юм. Прокурорын албан бичигт дурдсан Эрүүгийн хуулийн 272.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон бол тухайн үед ажилдаа шууд орох ёстой байгаа. Хэрэг нь шүүхэд шилжсэн зарим хүмүүсийг эргээд ажилд нь авсан мөртлөө энэ хүнийг ажилд аваагүй байна. Харин тухайн үед Ш.М- нь маргах боломжгүй байсан.

Яагаад гэвэл тухайн үед би хүнд өвчтэй хэвтэрт байсан, гэр бүлийн хүн маань намайг сахиж байсан ба энэ асуудлыг хөөцөлдөх өөр хүн байгаагүй юм. Нэг хүүхэд маань хотод сурч байсан ба нэг охин маань бидэнтэй хамт Казахстан улсад байсан. Ийм аргагүй байдлын ашиглан тухайн үед Ш.М-ийг хохироож байсан байна гэж хэлмээр байна. Хариуцагчаас нэхэмжлэгч Ш.М-ийг  2017 оны 05 дугаар сард арга хэмжээнд орсон гэж буруутгаж байна. Сахилгын шийтгэл хүлээсэн этгээд нэг жилийн дотор дахин шийтгэл аваагүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно гэж Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан байдаг.

2017 оны 05 дугаар сард нэхэмжлэгч арга хэмжээ авагдсан бол 2018 оны 05 дугаар сар гэхэд шийтгэлгүйд тооцогдсон байгаа. Нэхэмжлэгч Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж хариуцагч тайлбарт дурдсан байгаа. Уг хуулийн заалтын өөртэй холбогдох хэсгийг хариуцагч хасаад үлдсэн хэсгийг бичсэн байгаа. Тодруулж хэлэхэд, Төсвийн тухай хуулийн 8 дугаар  зүйлийн 8.9.1 дэх хэсэгт заасан “...төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлнэ...” гэснийг, “...жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх...” гэж өөрийн хариуцах үүргийг ажилтанд чиглүүлсэн байна.

Халамжийн сангийн тайлан болон төсвийн гүйцэтгэлийн тайланг тус тус гаргаж явуулаагүй гэх боловч үүнийг тухай бүрд нь гаргаж явуулсан байна. Ганцхан 2017 оны эхний хагас жилийн тайланд нэг тоо зөрсөн байна. Дараа нь нийгмийн халамжийн мэдээг хоцроогоод гаргасан гэжээ. Энэ асуудлыг би цаг хугацаагаар нь нэг бүрчлэн дээр тайлбарласан. Б.С- дарга нь дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгч байна гэж Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 66 хуудас материалыг гаргаж өгсөн ба үүнийг би нотлох баримтаар авах боломжгүй гэж үзэж байна. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д бичмэл нотлох баримтыг шүүхэд гаргахдаа эх хувийг боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан байгаа. Эдгээр 66 хуудас бүхий материалд шаардлага хангасан нэг ч баримт байхгүй байгаа. Дандаа Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын харьяа Хөдөлмөрийн хэлтсийн бичиг хэргийн нүүрийг дарсан байгаа. Дээрээс ирсэн бичигт нүүр дараад байвал нотариатын хэрэг алга байна. Ганцхан энэ биш прокуророос ирүүлсэн бичигт ч гэсэн бичиг хэргийн нүүрийг дарсан байна. Тухайн байгууллагын өөрөөс нь гарч байгаа бичиг дээр “хуулбар үнэн” тэмдэг дарсан байвал уг баримтын эх хувьтай тулгаж үзээд дарсан байна гэж үзэж болох юм. “Хуулбар үнэн” тэмдэг ч дараагүй, зүгээр л нүүр дараад өгч байсан байна. Гэхдээ эдгээр бичгүүд нотлох баримтын шаардлага хангаагүй гэж хэлмээр байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулкаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй гэрээ байгуулсны үндсэн дээр энэхүү захиргааны хэрэгт нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд гаргасан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/65 тоот хууль бус тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын сангийн мэргэжилтний  албан тушаалд эргүүлэн томилохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Ажил олгогч 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/65 тоот тушаалаар нэхэмжлэгч Ш.М-ийг урьд эрхэлж байсан тус байгууллагын халамжийн сангийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.5, 20 дугаар зүйлийн 20.1.6, 23 дугаар зүйлийн 23.1.3 болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын албан бичгийг тус тус үндэслэн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулжээ. Гэтэл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/65 тоот тушаал нь өөрөө хууль зүйн үндэслэлтэй гарсан уу, гэдэгт эхний ээлжид хариулт өгөх ёстой гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасан сэлгэн ажиллуулах журмыг баримталсан байна. Ингэхдээ ажил олгогч хуулийн дараах шаардлагуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа юм. Тодруулж хэлэхэд, төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагын албан тушаалд  шилжүүлэхийг сэлгэн ажиллуулах гэж ойлгож байгаа юм.

Өөрөөр хэлбэл, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас бусад аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжүүлэн ажиллуулахыг сэлгэн ажиллуулах гэж ойлгож болно. Түүнээс биш байгууллага дотор нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд сэлгэн ажиллуулах тухай ойлголт байхгүй байгаа. Мөн ажилтныг сэлгэн ажиллуулахдаа тухайн ажилтны зөвшөөрлийг авсан байх ёстой. Гэтэл хариуцагч Ш.М-ийн албан тушаалыг өөрчилж, өөр албан тушаалд ажиглуулахдаа түүний зөвшөөрлийг аваагүй, энэхүү өөр ажилд шилжүүлэн ажиллуулах болсон үндэслэлийг хариуцагч гаргаж чадаагүй, үүгээрээ Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан албан хаагчийн өөрийнх нь зөвшөөрснөөр гэдгийг  ажил олгогч давхар зөрчсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаачлан төрийн албаны хаагчийг  сэлгэн ажиллуулсан нөхцөлд тодорхой хугацаа заасан байх ёстой, зөвшөөрлийг авсан байхыг хуулиар шаардаж байгаа.

Хариуцагч сэлгэн ажиллуулах нэрийдлээр хуулийг ноцтой зөрчиж, тушаалд баримталсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн заалтууд нь төрийн албан хаагчийг өөр ажилд шилжүүлэх үндэслэлийг тодорхойлохгүй, энэ харилцаанд огт холбогдолгүй заалтуудыг баримталсан байна. Мөн маргаан бүхий тушаалд баримталсан Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/7791 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн албан тушаалыг өөрчлөх боломжгүй юм. Хэрэв уг албан бичгийн дагуу нэхэмжлэгчид хариуцлага тооцохоор байвал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг тушаалд баримталсан байх ёстой.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаачлан ажил олгогч Ш.М-д 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 36 дугаар тушаалаар цалин хөлсийг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсныг Прокурорын газрын 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон 524 тоот тогтоолыг үндэслэн Ш.М-ийг өөр ажид шилжүүлж байвал хуульд заасан журмаар албан тушаалыг өөрчилсөн байхыг шаарддаг. Ингэхдээ ажил олгогч Төрийн албаны тухай хуулийн сахилгын шийтгэлтэй холбоотой заалтуудыг баримтлах ёстой байсан юм. Гэтэл нэхэмжлэгчийг сахилгын журмаар ажлаас нь халаагүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Түүнчлэн, Ш.М-ийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг үндэслэн түүнийг өөр ажилд шилжүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зүйд нийцэхгүй юм.

Учир нь, аливаа этгээдийн гэм буруугийн асуудлыг зөвхөн шүүх тогтоох бөгөөд прокурорын тогтоолоор нэхэмжлэгчийг гэм буруутай гэж тооцох боломж байхгүй байгаа. Мөн ажил олгогчийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр Ш.М-д цалин бууруулах  сахилгын шийтгэл оногдуулсан гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч Ш.М- нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн мэтээр тушаалд дурдсан боловч нэхэмжлэгч ямар нэгэн зөрчил, дутагдал гараагүй болох нь 2016, 2017 онуудын аудитын байгууллагын “Зөрчилгүй” гэсэн дүгнэлтүүдээр нотлогдож байгаа бөгөөд урамшуулал олгож байсан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/103 тоот  тушаал болон гэрчээр асуугдсан хариуцагч байгууллагын ерөнхий нягтлан бодогч Мухибатын мэдүүлэг, аудитор Хуатхан, ерөнхий санхүүч Садырбек нарын тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

Ш.М-ийг аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилсноор түүний хууль ёсны ямар нэгэн эрх ашиг нь хөндөгдөөгүй гэж хариуцагч тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэгч Ш.М- нь халамжийн сангийн мэргэжилтний албан тушаалд томилогдож, төрийн албаны сонгон шалгаруулалт орж, тухайн албан тушаалын орон тоонд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч учраас тухайн албан тушаалыг эрхлэх эрхтэй бөгөөд үүрэгтэй байна. Гэтэл нэхэмжлэгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн нь түүний эрх ашгийг зөрчиж байна гэсэн үг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлүүдээр хангах шийдвэрлэх боломжтой гэсэн саналыг дэвшүүлж байна гэв.

Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш.М- нь 2012 оны 07 дугаар сард Баян-Өлгий аймгийн Халамжийн үйлчилгээний хэлтэст халамжийн сангийн мэргэжилтнээр томилогдон 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажиллаж байгаад эрүүгийн хэрэгт шалгагдаж, 2014 оны 02 дугаар сарын 1-ны өдөр хуулийн байгууллагаас албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн байдаг. Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор ...улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан... болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба дээрх үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн буюу эрүүгийн хариуцлагад татах хугацаа дууссан байх тул Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 209 дүгээр зүйлийг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгосон тул 2015 оны 01 дүгээр сард аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын тушаалаар өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн халамжийн сангийн мэргэжилтнээр Ж.О- 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажиллаж байсан ба газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар Ш.М-ийг халамжийн сангийн мэргэжилтнээр, Ж.О-ийг өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилсон.

Ш.М- нь ажиллаж хугацаандаа удаа дараа ажил үүргээ хууль ёсны шударга биелүүлээгүй, санхүүгийн ноцтой зөрчил гаргаж байсан учир дээрх албан тушаалд дахин томилоогүй ба тухайн албан тушаалыг бууруулаагүй өрхийн мэдээллийн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилсон. Ш.М-ийг дахин томилоогүй шалтгаан нь:

Ш.М- нь Алтанцөгц сумын хөдөлмөр, эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Айбектэй  гуйвалдан удирдлагад буруу мэдээлэл өгч, өрх иргэнд өгөх төслийг ажлын хэсэгт танилцуулалгүй шалгаруулж, зүй бусаар санхүүжилт зарцуулсан тул 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 36 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5 дугаар заалт, Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн сахилгын шийтгэл ногдуулж, арга хэмжээ авагдсан болно.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэргэжилтэн Ш.М-д ажлын хариуцлага тооцож арга хэмжээ авахыг үүрэг болгож 1/1791 тоот ирүүлсэн. Албан тоотод Ш.М- нь “...Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9-т заасан санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх гэснийг зөрчиж хугацааг хожимдуулдаг байсан. 2017 оны эхний хагас жилийн тайланд холбогдох нийгмийн халамжийн сангийн улсын төсвийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланг тус тус гаргаж явуулаагүй. Нийгмийн халамжийн сангийн төсвийн мэдээг хоцроож, баталгаажуулдаггүй явуулдаг. Дээд шатны байгууллагын шаардсан тайлан, судалгаанд байгууллагын яаралтай тайлан, мэдээ явуулдаггүй, илгээсэн тайлан мэдээ зөрүүтэй, алдаатай байсан...”. Иймд Ш.М- нь удаа дараа зөрчил гаргасан, ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй нь улмаас өөр ажлын байранд шилжүүлэн томилсон юм.

Уг тоотод дурдсан Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн зөрчлүүд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан заалтаар ажлаас халагдах үндэслэлтэй байсан боловч Ш.М- дахин энэ ажлыг хийхгүй, эрүүл мэндийн байдал, жирэмсний амралтаа авах гэж байгааг харгалзан үзээч гэсний дагуу тухайн албан тушаалыг бууруулаагүй өрхийн мэдээллийн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилсон. Гэтэл шүүхэд нэхэмжлэлийн шаардлага урьд ажиллаж байсан ажилдаа ямар алдаа гаргаж байснаа мартсан, тэс өөр зүйл бичсэн байгаа нь тэр хүний ёс зүйгүйг харуулж байна.

Сангийн мэргэжилтэн нь нягтлан бодох бүртгэлийн хуулийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах журамтай байдаг. Тушаалд баримталсан хуулийн зүйл заалт бүрийг мэргэжилтэн Ш.М- нь зөрчсөн болох нь Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албан бичгээр тогтоогдсон байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Захиргааны хэргийн шүүхэд эрх ашиг нь зөрчигдсөн этгээд нэхэмжлэл гаргах бөгөөд нэхэмжлэгч Ш.М-ийн ямар нэгэн эрх ашиг нь зөрчигдөөгүй гэж үзэж байна. Энэхүү нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй нь түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох юм. Ш.М- тухайн байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажил олгогч түүнийг нэг өрөөнөөс нөгөө өрөөнд шилжүүлсэн цалингийн зэрэглэл, нэмэгдэл нь хэвээр байгаа. 10 жил ажилласан хүн учраас өргөдөл, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр сольж ажиллуулсан ба нэхэмжлэгчийн хувьд тухайн албан тушаалд ажиллах боломж нь байгаа  гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгч зохих цалингаа аваад ажлаа хийгээд явж байгаа гэдгийг хэлье. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн олон удаа давтан ярьж байгаачлан нэхэмжлэгч ямар нэгэн сахилгын шийтгэл аваагүй тул энэ талаар тайлбар өгөх шаардлага байхгүй гэж үзлээ.  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид 3 төрлийн сахилгын арга хэмжээ авдаг ба нэхэмжлэгч эдгээр арга хэмжээнүүдийн аль нэгийг хэрэглээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн, Монгол улсын харьяатаас гарсан бол төрийн албанаас халах бөгөөд энэ арга хэмжээг мөн хэрэглээгүй байна.

Тийм учраас шүүх хэрэгт авагдсан баримтуудыг сахилгын зөрчил гэж үнэлэх боломжгүй гэдгийг хэлье. Тухайн ажлын албан шаардлагыг харгалзаад дүүргийн Прокурорын газрын тогтоолоор нэхэмжлэгч халамжийн сангийн мэргэжилтэн хийж байсан үед түүний албан үүргийг түдгэлзүүлсэн, гэмт хэрэг үйлдсэнийг тогтоож хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон уг тогтоолд нэхэмжлэгч тухайн үед ямар нэгэн гомдол гаргаагүй учраас тухайн тогтоол нь одоо хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн нэхэмжлэгч Алтанцөгц сумын байцаагчтай гуйвалдаж удирдлагад буруу мэдээлэл өгч арга хэмжээ авагдсан ажил олгогчийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр байж байгаа ба энэ тушаалд нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар маргаагүй юм.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн албан бичигт газрын дарга Б.С- санаачлан бичээгүй, уг албан бичигт нэхэмжлэгчийн зохих хэмжээний алдаа дутагдлыг тусгасан байх ба эдгээр шаардлагуудыг харгалзаж, байгууллага дотроо цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажилд шилжүүлсэн асуудалд ажил олгогчийг буруутгах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн олон тайлбар дээр би ганцхан тайлбар хэлье. Нэхэмжлэгч Ш.М-ийг сүүнээс цагаан, уснаас тунгалаг мэтээр ярьж байгаа. Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь өөрөө босоо удирдлагатай байгууллага бөгөөд уг байгууллагын цалин хөлс нь ерөнхий газраас ирдэг, бүх тайлан тооцоог ерөнхий газарт явуулдаг. Хариуцагч байгууллага нэг талаас нягтлан бодогчийн ажлыг хийж тайлан мэдээ, гаргаж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан тооцоо гаргаж байгааг ойлгох хэрэгтэй байна. Б.С- дарга нарийн тооцоо, судалгаа, мэдээг гаргах боломжгүй, тийм үүрэг хүлээх этгээд биш юм. Тийм учраас нэхэмжлэгчийг цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажилд шилжүүлсэн нь түүний эрх ашгийг хөндөөгүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

Гуравдагч этгээд Ж.О- шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.О- миний бие аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/37 тоот тушаалаар халамжийн сангийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан ба хуулийн шаардлага хангасан төрийн албан хаагч билээ.

2014 оны 06 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын хооронд халамжийн сангийн мэргэжилтнээр ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн үүргээ чандлан биелүүлж,санхүүгийн ямарваа зөрчил, дутагдал гаргаагүй бөгөөд тайлан мэдээгээ харьяалагдах дээд шатны байгууллагуудад алдаа зөрчилгүйгээр хугацаанд нь хүргүүлж, сумдын ажлыг сайжруулахаар сум хариуцсан мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөгөө өгч санхүүгийн зөрчил гаргахгүй байх тал дээр онцгой анхаарч, сэргийлж ажиллаж  байсан.

2016 онд Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар  болж бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбогдуулан тухайн үед  Ш.М-  бид хоёрын ажлыг хооронд сольж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тоот тушаалаар намайг өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр томилсон билээ.

Энэхүү тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандах гэж байхад Ш.М- нь ...би 2 сарын дараа Улаанбаатар хот руу шилжиж явна, ажлыг чинь удахгүй өгнө...” гэхээр хүн чанар гаргаж өргөдлөө гаргаагүй бөгөөд тухайн үед 2016 оны жилийн эцсийн тайлан тооцоо гаргахад нь Ш.М-д зааж, тусалж ажилласан.

Миний бие уг албан тушаалд 2014 оноос эхлэн ажиллахдаа зөрчил дутагдалгүй ажиллаж байсан мөн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс одоог хүртэл ажиллахдаа ямарваа нэгэн зөрчилгүй ажилласан нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа болно.

Халамжийн сангийн мэргэжилтнээр 2014 оноос эхлэн ажиллаж хугацаандаа ямарваа нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, уг албан тушаал дээр ажиллах хуулийн шаардлагыг  хангасан тул уг ажлын байран дээр миний эрх хөндөгдөж байгаа учраас тайлбар гаргаж байна.

Миний бие Ш.М-ийн нэхэмжлэлтэй, захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон болсон зорилго, үндэслэлийн талаар тайлбарлавал, би 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Нийгмийн халамжийн хэлтсийн даргын тушаалаар халамжийн сангийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байгаа. аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн хэлтсийг нэгтгэж, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болсонтой холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус газрын дарга буруу тушаал гаргаж намайг өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилсон байгаа. Тухайн үед би шүүхэд хандах байсан боловч байгууллагын даргаас хоёр сарын хугацаатай ийм шийдвэр гаргасан, Ш.М- нь удахгүй шилжин явах гэж байгаа ба тухайн үед таныг өмнөх ажилд эгүүлэн томилно гэж хэлсэн болохоор тухайн үед би захиргааны хэргийн шүүхэд хандаагүй.

Миний гомдож байгаа зүйл бол тухайн үед намайг өөр ажилд шилжүүлж байсан мөртлөө, Ш.М-ийг яагаад шилжүүлж болохгүй юм вэ, эсхүл Ш.М- заавал тухайн ажлыг хийх ёстой юу гэж маргаж байна. Мөн энэ талаар нэхэмжлэгч талаас хариу авахыг хүсэж байна. Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар босоо удирдлагатай байгууллага бөгөөд төсөв нь халамжийн сан болон орон нутгийн төсвөөс бүрддэг. Төсвийн зарцуулалтыг бид нар төсвийн ерөнхийлөн захирагч буюу ерөнхий газарт тайлагнах үүрэгтэй тул Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Нямдаваагийн албан бичгийг үгүйсгэх үндэслэлгүй гэж бодож байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.М- нь  аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Ш.М-ийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” Б/65 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус газрын халамжийн сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийг баримтлан намайг өөр албан тушаалд томилохдоо миний зөвшөөрлийг аваагүй, сэлгэн ажиллуулах хууль зүйн үндэслэл байхгүй, миний гүйцэтгэх албан тушаалын чиг үүрэгт хамааралгүй Нягтлан болох бүртгэлийн тухай хуулийг баримталсан нь мөн хууль бус, өөр албан тушаалд шилжүүлснээр миний эрх , хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна” гэж тайлбарлан маргажээ.

Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь маргаан бүхий захиргааны актаар[1] нэхэмжлэгчийг урьд нь эрхэлж байсан халамжийн сангийн мэргэжилтний ажлаас чөлөөлж, өрхийн мэдээллийн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.5, 12 дугаар зүйлийн 12.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1.6, 23 дугаар зүйлийн 23.1.3, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1791 тоот албан бичгийг тус тус үндэслэжээ.

Мөн энэхүү маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон  үндэслэлээ шүүхэд “Алтанцөгц сумын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Айбектэй хуйвалдан удирдлагад буруу мэдээлэл өгч, өрх, иргэнд олгох төслийг ажлын хэсэгт танилцуулалгүй шалгаруулж, зүй бусаар санхүүжилт зарцуулсан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичгээр  Ш.М-д ажлын хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг үүрэг болгосон, ажил үүргээ хууль ёсны, шударга биелүүлдэггүй, санхүүгийн ноцтой зөрчил гаргасан” хэмээн тайлбарлажээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд,  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар  зэрэг нь дараах  байдлаар хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тушаалаар[2]  томилогдсон халамжийн сангийн  албан тушаалд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзлээ.  Үүнд:

1.Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дах хэсэгт    “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулахад шаардагдах хуулийн урьдчилсан нөхцөлүүд нь сэлгэн ажиллахыг зөвшөөрсөн  төрийн жинхэнэ албан хаагчийн өөрийнх нь зөвшөөрөл  байх (1),  төрийн байгууллага дотор биш төрийн байгууллагууд  хооронд  байх (2), төрийн байгууллагуудын удирдлага харилцан тохиролцсон байх (3)-аар тус тус зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгчийг байгууллага дотор сэлгэн ажиллуулахдаа нэхэмжлэгч Ш.М-д  урьдчилан мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрлийг авалгүйгээр, түүнтэй тохиролцолгүйгээр  шууд өөр албан тушаалд буюу өрхийн мэдээллийн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд  сэлгэн  ажиллуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн “миний зөвшөөрөлгүйгээр өөр албан тушаалд сэлгэн ажиллуулсан нь хууль бус” гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

2. Маргаан бүхий захиргааны актад хариуцагч  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.5, 12 дугаар зүйлийн 12.2, 19 дүгээр зүйлийн 19.1, Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1791 дугаар албан бичиг зэргийг тус тус үндэслэл болгожээ.

 Хэрэгт авагдсан Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1791 дугаар албан бичигт[3] Ш.М-ийг 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг ирүүлэх хуулийн хугацааг 12 хоногоор  хоцроож ирүүлсэн, мөн санхүүгийн тайланд гаргасан алдааг тусгаж,  хариуцлага тооцохыг мэдэгджээ.

Хариуцагчаас энэхүү албан бичгийн дагуу Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дээрх холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулсан гэж тайлбарласан боловч энэхүү тайлбар, үндэслэл нь сэлгэн ажиллуулах асуудлыг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дах хэсэгт заасан үндэслэлүүдэд хамаарахгүй бөгөөд  хэрэв  төрийн жинхэнэ албан хаагч нь албан үүргээ хэрэгжүүлэх  явцад зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага тооцох асуудал нь хуулийн өөр зүйл,  заалтуудаар зохицуулагдах ёстой юм.

3. Нэхэмжлэгчийн гаргасан гэх  “Алтанцөгц сумын хөдөлмөр, эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Айбектэй гуйвалдаж, удирдлагад буруу мэдээлэл өгч, санхүүжилтийг зүй бусаар зарцуулсан”  зөрчилд урьд нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар тушаалаар[4] нэхэмжлэгчийн үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа ба энэхүү зөрчлийг дахин үндэслэл болгож, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, нэг төрлийн зөрчилд давхар арга хэмжээ авсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Мөн хариуцагч маргаан бүхий захиргааны актад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 23 дугаар зүйлийн 23.1.3 дах заалтыг тус тус үндэслэсэн боловч 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд эдгээр зүйл, заалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

            Иймд  дээрх үндэслэлүүдээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь  2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн б/65 дугаар “Ш.М-ийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг  гаргахдаа холбогдох хуулийг зөрчсөн, мөн үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “...хууль дээдлэх...” үндсэн зарчмыг баримтлаагүй гэж үзэн хүчингүй болгож, нэхэмжлэгчийг  халамжийн сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                    ТОГТООХ нь:

            1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.2 дах  хэсэгт заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/65 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ш.М-ийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын халамжийн сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 6 дугаар хуудас

[2] Хэргийн 8 дугаар хуудас

[3] Хэргийн 28 дугаар хуудас

[4] Хэргийн 24 дүгээр хуудас