Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 513

 

 Г.Сэр-Одын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01627 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Сэр-Од,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй,

Г.Сэр-Одын хууль бус өмчлөлөөс албадан нүүлгэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дуламсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дуламсүрэн, өмгөөлөгч Ш.Базаррагчаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 хороо Зайсангийн гудамж 14/1 байрны 4 тоотын 252 м.кв талбай бүхий 8 өрөө орон сууцны өмчлөгч билээ. Миний эцэг Д.Ганбат нь найз Д.Баатарзоригтой хамтран Капитал банкнаас зээл авахаар тохиролцон миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэлийн хүрээнд найз Д.Баатарзоригийн өмчлөлд 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн юм. Харин найз Д.Баатарзориг нь Капитал банкинд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 315 000 000 төгрөгийг 15 жилийн хугацаатайгаар зээлж мөнгийг хуваан авсан. Ингэхдээ миний эцэг Д.Ганбат түүний найз Д.Баатарзориг нар доорх тохиролцоог хийж шүүхээр баталгаажуулсан юм. Тодруулбал, Капитал банкнаас хүлээн авсан зээлээс 185 000 000 төгрөгийг миний эцэг Д.Ганбат 130 000 000 төгрөгийг, түүний найз Д.Баатарзориг төлөх байсан зээлийг талууд төлж дуусмагц Д.Баатарзоригийн өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг Г.Сэр-Од миний өмчлөлд буцаан шилжүүлэх талаар харилцан тохиролцож энэ тохиролцоогоо Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар эвлэрч баталгаажуулсан.

Гэтэл Д.Баатарзориг болон миний эцэг Д.Ганбат нар нь Капитал банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй учир Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.12.17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Баатарзоригоос 385.9 сая төгрөг гаргуулж Капитал банканд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгзх ажиллагаагаар Капитал банканд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа зөвхөн төлбөр төлөгч Д.Баатарзоригоос үнийн санал авч дуудлага худалдаанд оруулан улмаар 2014.05.27-ны өдрийн санал болгох комиссын хурлаараа төлбөр авагч Капитал банканд төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн төлбөр төлөгч Д.Баатарзориг нь өөрийн төлбөрийг миний хөрөнгөөр төлж барагдуулах хүсэл сонирхол бүхий учраас өнөөдрийн зэх зээлийн ханшнаас маш доогуур буюу 600 000 000 төгрөгөөр дур мэдэн, үндэслэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн үнийн санал өгсөн байсан.

Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасан бие даасан шаардлага гаргах эрх бүхий гуравдагч этгээдийн хувиар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй хэмээн үзэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /цаашид НШГА гэх/-ны Чингэлтэй дүүргийн 122 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Оюунцэцэгт өөрийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар болон Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамж гарсан талаар танилцуулж нотлох баримтуудыг гарган өгсөн. Улмаар өөрийн зөрчигдөж буй эрх ашгаа хамгаалахын тулд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох шаардлагатай талаар 2014 оны 2 дугаар сард мэдэгдсэн ч харамсалтай нь хүлээн аваагүй.

Гэтэл Улсын Дээд шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 8 дугаар зүйлд “...бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж байгаа төлбөр төлөгч болон төлбөр авагчаас бусад этгээдийг ойлгоно” гэж заасан байдаг. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд шүүхэд хандан гомдол гаргаж болох талаар хуульчилсан байдаг.

Гэвч НШГА шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа гуравдагч этгээд миний эрх ашгийг ноцтой зөрчиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эрх эдлүүлж ажиллагаанд оролцуулалгүй 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн санал болгох комиссын хурлаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Д.Баатарзоригийн төлбөрт тооцон төлбөр авагч Капитал банкинд шилжүүлсэнд маш их гомдолтой байна. Мөн гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дэх хэсэгт заасан гуравдагч этгээд болох Г.Сэр-Од намайг тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эрх эдлүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулалгүй 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн санал болгох комиссын хурлаараа үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Д.Баатарзоригийн төлбөрт тооцон төлбөр авагч Капитал банкинд шилжүүлсэн НШГА-ны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Миний бие дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Чингэлтэй дүүргийн шүүхээс Д.Баатарзоригийн авсан зээлийн барьцаанд байсан ХУД-ийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхоны 14-1-1 тоотын 252 м.кв, 8 өрөө амины орон сууцны өмчлөлийг Г.Сэр-Од миний өмчлөлд буцаан шилжүүлнэ гэж тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1347 дугаар шүүгчийн захирамж гарсан. Гэтэл энэхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр төлбөртэй Д.Баатарзориг нь Капитал банкинд төлөх 130 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй атлаа миний өмчлөлийн орон сууцыг Капитал банкинд шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэлтийг НШГА-нд гаргасан нь хууль бус үйлдэл юм.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Баатарзоригоос 358 979 000 гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэж, улмаар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ХУД-ийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Андууд хотхоны 14-1-1 тоот 252 м.кв 8 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Д.Баатарзориг нь уг шүүхийн шийдвэрийн өмнө гарсан 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1347 дугаар шүүгчийн захирамжийг биелүүлэхээс зайлсхийж, улмаар миний өмчлөлийн орон сууцыг төлбөртөө тооцуулах санаа зорилго агуулж, Капитал банкны өмчлөлд шилжүүлсэн.

Мөн НШГА нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1347 дугаар шүүгчийн захирамж түүний албадан гүйцэтгэх хуудсыг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан тул энэ талаар нэхэмжлэгч би ШШГЕГ-ын ШГГазарт болон НШГА-нд тус тус гомдол гаргасан байгаа болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хуулийн заалтыг үндэслэн дээрх захирамж, түүний гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг НШГА-нд даалгах, мөн миний өмчлөлийн орон сууцны өмчлөл хууль бусаар Капитал банк руу шилжсэн тул орон сууцны өмчлөлийг бусдад дамжуулан шилжүүлэхгүй байхыг Капитал банкинд тус тус даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: НШГА нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Баатарзоригоос 358 979 000 төгрөг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч Д.Баатарзоригийн "нэг хүний" өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 14/1 дүгээр байрны 4 тоот 252 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн 000177320 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 122/01 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж мөн өдрийн 122/02 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолоор хурааж тэмдэглэл үйлдсэн. Д.Баатарзориг нь өөрийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 630 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч тал харилцан тохиролцож зөвшөөрсөн тул 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан нь хуулийн дагуу явагдсан бөгөөд худалдан борлогдоогүй байна.

Төлбөр төлөгч Д.Баатарзориг нь 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Капитал банкинд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 14/1 дүгээр байрны 4 тоот 252 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн 000177320 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг төлбөр авагч Капитал банкны өмчлөлд төлбөртөө тооцон өгөхөөр санал гаргасан бөгөөд төлбөр авагч Капитал банк 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4/1664 тоот албан бичгээр төлбөрт тооцон авахыг зөвшөөрсөн байна.

Мөн нэхэмжлэгч Г.Сэр-Од нь 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр НШГА-аас 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр болон 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргаж байсан ба шүүх хуралдааныг санаатайгаар хойшлуулж, удаашруулсаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6649 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч Г.Сэр-Од нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч, гуравдагч этгээд биш бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад хийж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Г.Сэр-Од нь эзэмшиж, суллаж өгөхөөс зайлсхийсээр байгаа болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Г.Сэр-Одын зүгээс байнга гомдол, хүсэлт гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр удаа дараа саад учруулах үйлдэл гаргадаг байсан бөгөөд одоо ч гэсэн дээр дурдсан маргаан бүхий орон сууцыг суллан өгөхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсаар байгаа болохыг дурдах нь зүйтэй. Иймд Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 14/1 тоот байрны 4 тоот хаягт байрлах 252 м.кв бүхий 8 өрөө амины орон сууцыг Г.Сэр-Одын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Сэр-Одын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай үндсэн, Г.Сэр-Одын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн.хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дуламсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хангалгүй, хуулийг буруу хэрэглэж буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 22 дугаар зүйлийг үндэслээгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийнн 34 дүгээр зүйл 34.3 дахь хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэх байтал хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Мөн миний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар бусдад шилжүүлсэн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.2 дахь хэсэгт заасныг үнэлэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, миний үндсэн нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх талаарх хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

            Нэхэмжлэгч Г.Сэр-Од нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн санал болгох комиссын хурлаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Д.Баатарзоригийн төлбөрт тооцон төлбөр авагч Капитал банкинд шилжүүлснийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ба шүүх 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр уг нэхэмжлэлээр НШГА-нд холбогдуулан иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлсон байна. /хх11/

            Харин шүүх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэргийг шийдвэрлэхдээ шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг “Чингэлтэй дүүргийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох” гэж,

            Үндэслэх хэсэгт “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн санал болгох комиссын хурлаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Д.Баатарзоригийн төлбөрт тооцон төлбөр авагч Капитал банканд шилжүүлснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн санал болгох хурал, түүнээс хойш хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох тухай” нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлсон атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэлийн шаардлагыг “Чингэлтэй дүүргийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох” гэж тодорхойлон үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

            Хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Д.Баатарзоригийн төлбөрт тооцон төлбөр авагч Капитал банкинд шилжүүлэх санал болгох комиссын хурал 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хуралдсан болон 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Санал болгох хурлын талаарх баримт авагдаагүй, харин 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч Д.Баатарзориг барьцааны зүйл болох орон сууцыг төлбөр авагчид шилжүүлэхийг зөвшөөрч хүсэлт бичсэн /хх-37/, 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай 14/06 дугаар тогтоол /хх-39/, мөн Г.Сэр-Одын НШГА-нд холбогдуулан гаргасан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6649 дүгээр шийдвэр авагджээ.

Хэргийн дээрх баримтууд болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг харьцуулан үзвэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг “Чингэлтэй дүүргийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох” гэж тодорхойлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүй, шаардлагыг бүрэн шийдвэрлээгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагчид гардуулан өгч, тайлбар гаргуулсан атлаа шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ тухай дүгнээгүй, улмаар тогтоох хэсэгт шийдвэрлээгүй байна. Мөн уг шаардлагатай холбоотой баримт нь хуулбар хувиар /133-137/ буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй хэлбэрээр хэрэгт авагджээ.

Дээрх байдлаар шүүхийн шийдвэрийн удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөр өөрөөр бичигдсэн, нэхэмжлэлийн агуулга бүрэн тусгагдаагүй, зөрүүтэй тодорхойлсон, улмаар бүрэн шийдвэрлэгдээгүй байх тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлээр тогтоосон шаардлагад нийцэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг шүүх зөрчсөн гэж үзэх бөгөөд шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01627 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                                    ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ