Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2022/0073

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Ч.Д-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ч.Д-,

Нэхэмжлэгч: Ч.Д-

Хариуцагч: ӨАЗД

Гуравдагч этгээд Д.Д,

Нэхэмжлэлийн шаардлага: “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ****дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн хавсралтын Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ч.Д-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х,

Гуравдагч этгээд: Д.Д,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 121/2020/0001/З           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Д- нь Өвөрхангай аймгийн Засаг даргад “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ****дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн хавсралтын Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-д зааасныг тус тус баримтлан Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ****дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг Өвөрхангай аймгийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд Өвөрхангай аймгийн Засаг даргаас шинэ акт гаргахгүй бол Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ****дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болохыг дурдаж ...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00153 дугаар захирамжаар 35,477,081 төгрөг, мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 00224 дугаар захирамжаар 59,180,074.87 төгрөгийг Ч.Д-, Ц.Ү нар Хаан банкинд төлөх шүүхийн шийдвэр гарч, эдгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, төлбөрт хураагдсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сум шинэ төвд байрлалтай нэгж талбарын 6216000388 дугаар бүхий 1400 мкв газрыг албадан дуудлага худалдаанд оруулж, гуравдагч этгээд Д.Д дуудлага худалдааны ялагч болсон.

3.2. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 01/1607 тоот албан бичгийн дагуу Ч.Д-ы амины орон сууцны зориулалт бүхий 1400 мкв газрыг Д.Дд шилжүүлэх тухай маргаан бүхий Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” ****дугаар захирамж гарсан байдаг.

3.3. Гэтэл Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 07-ны өдрийн 00599 дугаар шийдвэрээр Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №1715210, №1715211 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор үүссэнээс хойш иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.4. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00599 дугаар шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хүчингүй болж, гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримт болон Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн 2021 оны 10 сарын 07-ны өдрийн 01/1656 албан бичигт “Төлбөр төлөгч Ч.Д-ы эзэмших эрхийн нэгж талбарын 6226000388 дугаартай Арвайхээр сумын шинэ төвд байрлалтай 1400 м.кв хэмжээтэй худалдаа үйлчилгээний зөриулалттай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дугаар зүйлд зааснаар албадан дуудлага худалдааны ялагч Д.Дгийн нэр дээр нэгж талбарын 6216031771 дугаар бүхий 1400 м.кв хэмжээтэй газар, 2019 өны 10 дугаар сарын 30-ны өдрийн 000029986 дугаартай гэрчилгээг 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 01/1607 дугаар албан бичгээр шилжүүлсэн.

3.5. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 07-ны өдрийн 145/ШШ2020/00599 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол”-уудаас хойших хийгдсэн бүхий л ажиллагааг хүчингүй болгосөн тул төлбөр төлөгч Ч.Д-ы нэр дээр гэрчилгээг шилжүүлж, гэрчилгээг эх хувиар албан тоотоор манай байгууллагад ирүүлнэ үү’’” гэх, 2021 оны 11 сарын 21-ний өдрийн 11/227 тоот албан бичгээр Өвөрхангай аймаг дахь Хаан банканд хийгдсэн бүхий л шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон.

3.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар Ч.Д-ы эзэмших эрхийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын шинэ төвд байрлалтай нэгж талбарын 6216000388 дугаартай 1400м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газрын албадан дуудлага худалдааны ялагч Д.Дгийн тушаасан 22,100,000 төгрөгийг тус газраас танай байгууллагын эзэмшлийн Хаан банканд байрших 5564000014 тоот дансанд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн.

3.7. Иймд дээрх дуудлага худалдааны ялагчийн төлсөн төлбөрийг тус газрын Төрийн банк дахь /ӨВ.ШШГГАЗАР/ нэртэй 190000029645 тоот дансанд буцаан шилжүүлж өгнө үү” нотлох баримтыг анхан шатны шүүхийн 11 дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “..2020 оны 7 сарын 07-ны өдрийн 145/ШШ2020/00599 дугаар шийдвэрээр ... шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дахин явагдаж байгаа нөхцөл байдлууд тогтоогдож байнагэж анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад зөв үнэлэлт дүгнэлт өгсөн боловч, ****дугаартай актыг хүчингүй болгохгүйгээр дахин шинэ акт гаргахыг даалгасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

3.8. Тодруулбал, дээрх нөхцөл байдлаар маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 01/1607 албан бичиг нь хуульд заасан журам зөрчсөн болохыг шүүхээр нэгэнт тогтоосон тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд гарсан захиргааны акт мөн хүчингүй болох эрх зүйн үр дагавартай болно.

3.9. Анхан шатны шүүхШүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 01/1607 тоот албан бичигт нэхэмжлэгч Ч.Д-ы бодитоор эзэмшиж байгаа газрын байршил, зориулалт зөрүүтэй буюу “нэгж талбарын 6216000388 дугаартай Арвайхээр сумын шинэ төвд байрлалтай 1400 м.кв хэмжээтэй худалдаа үйлчилгээний зориулалттай газар”-ыг шилжүүлэхийг хүссэн байхад газрын байршил, зориулалтыг нягтлан шалгалгүйгээр нэгж талбарын 6216031771 дугаартай амины орон сууцны зориулалттай газрыг гуравдагч этгээд Д.Дд шилжүүлсэн нь буруумөн “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст маргаан бүхий акт хууль бус болох нь тогтоогдсон ч...” гэх дүгнэлтийг хийсэн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар Захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон бол маргаан бүхий актыг хүчингүй болгох ёстой байсан.

3.10. Гэтэл дээрх байдлаар эрх зүйн зөрчилтэй, хууль бус гэдгийг тогтоосон хэдий ч өөр бусад үндэслэлээр хууль ёсны байж болохуйц нөхцөл байдал бий болсноор түүнийг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тохиолдолд маргаан бүхий актыг түдгэлзүүлэхээр зохицуулагдсан” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хууль хэрэглээний алдаа гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна. Нөгөөтээгүүр өөр бусад үндэслэлээр хууль ёсны байж болохуйц нөхцөл байдал байхгүй болно.

3.11. Мөн шүүхийн шийдвэрт “Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Ч.Д-ы бодитоор эзэмшиж байсан газар, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн газрын байршлын зөрүүг тодруулсны үндсэн дээр газар эзэмших эрх шилжүүлэх эсэх шийдвэр /дахин шинэ акт/ гаргах шаардлагатай” гэж дүгнэжээ.

3.12. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар цугларсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2021 оны 08 сарын 03-ны өдрийн 1/1461 тоот албан бичиг, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 753 тоот албан бичиг, хариуцагчийн тайлбар зэргээр Ч.Д-ы бодитоор эзэмшиж байсан газар, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн газрын байршлын зөрүүтэй болох нь тодорхой байтал 11 дугаар Шүүхийн шийдвэрт “... шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

3.13. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон нь тухай үйл баримтыг дараагийн шүүх дахин нотлох үүргийг хүлээхгүй болно. Мөн маргаан бүхий актаар шилжсэн газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу дахин дуудлага худалдаагаар оруулах үр дагавар үүссэн тул Ч.Д-ы уг газрыг дахин Д.Д-д шилжүүлсэн захиргааны акт гарах боломжгүй.

3.14. Д.Д нь дахин дуудлага худалдаанд оролцож ялах эсэх, дахин дуудлага худалдаа болох эсэх нь тодорхойгүй байхад шүүх ЗХШХШТХ-ийн 106.3.11-т зааснаар шинэ акт гаргах хүртэл хугацаагаар захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэж буй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

3.15. Дээрх байдлаар Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 02-ны өдрийн 0011 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.16. Иймд Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, Өвөрхангай аймгийн Засаг дарга дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

3. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

3.1. Маргаан бүхий захиргааны акт болох Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ****дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.Д-ы газар эзэмших эрхийг гуравдагч этгээд Д.Дд шилжүүлэхдээ Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/1607 дугаар “... албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон төлбөр төлөгч Ч.Д-ы эзэмших эрхийн нэгж талбарын 6216000388 дугаартай Арвайхээр сумын шинэ төвд байрлалтай 1400 м.кв хэмжээтэй худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.11, 71.18 дахь хасэгт тус тус зааснаар албадан дуудлага худалдааны ялагч Д.Д СФ77062917 -ийн нэр дээр албадан шилжүүлнэ үү” гэх албан бичгийг үндэслэжээ.

3.2. Хэрэгт авагдсан Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 145/ШШ2016/00153 дугаар захирамж, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 145/ШШ2016/00224 дүгээр захирамжууд гарч хуулийн хүчин төгөлдөр болсноор шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан, төлбөрт хураагдсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сум шинэ төвд байрлалтай нэгж талбарын 6216000388 дугаар бүхий 1400 м.кв газрыг албадан дуудлага худалдаанд оруулж, гуравдагч этгээд Д.Д дуудлага худалдааны ялагч болсон үйл баримтууд тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримттай маргаагүй байна.

3.3. Ийнхүү маргаан бүхий Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ****дугаар захирамжаар Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, улмаар уг ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан албадан дуудлага худалдааны шийдвэрийг үндэслэн гуравдагч этгээд Д.Дд нэгж талбарын 6216000388 дугаар бүхий 1400 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлсэн байна.

3.4. Гэвч нэгж талбарын 6216000388 дугаартай Арвайхээр сумын шинэ төвд байрлалтай 1400 м.кв хэмжээтэй худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг нэхэмжлэгч Ч.Д- анх эзэмшиж байсан боловч тус газрын доор шугам сүлжээ байрладгаас ашиглах боломжгүй гэсэн агуулга бүхий хүсэлтийг сумын Засаг дарга, газрын албанд хүсэлт гаргаснаар уг газрын байршлыг сольж шинээр нэгж талбарын 6216031771 дугаар газрыг эзэмшүүлсэн талаар хариуцагч, түүний төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн буюу нэхэмжлэгч нэгж талбарын 6216000388 дугаар бүхий газрыг эзэмших эрхгүй болсон үйл баримт тогтоогдсон, харин нэхэмжлэгчийн анх эзэмшсэн нэгж талбарын 6216000388 дугаартай газрыг шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаанд оруулсан шинэ талбарын дугаар бүхий газрын талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй байх боловч уг дуудлага худалдаа явагдах болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа шинээр явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд хэргийн оролцогчдын тайлбараар тодорхой тогтоогдсон энэ тохиолдолд шүүх маргаан бүхий захиргааны актыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх үндэслэлгүй боловч уг захиргааны актыг шууд хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Харин анхан шатны шүүх дахин шинэ акт гартал маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлсэн нь буруу биш байна.

            3.5. Хэрэгт авагдсан Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Ч.Д-, Ц.Ү нарын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийн 145/ШШ2020/00599 дугаар шийдвэрээр Ц.Ү-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №1715210, №1715211 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор үүссэнээс хойшхи иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгож, Ч.Д-ы “Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын 5 дугаар баг, 227 дугаар байрны 02-11 тоотод байрлах 35 м.кв талбай бүхий 02 өрөө орон сууцны үнэлгээг  хүчингүй болгуулах, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах 09/22 тоот тогтоол хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дахин явагдаж байгаа нөхцөл байдлууд тогтоогдож байна.

3.6. Түүнчлэн анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгч Ч.Д- бодит байдал дээр Хаан банкны зээлийн гэрээнд барьцаалсан газраас өөр буюу Арвайхээрийн төв 9 дүгээр цэцэрлэгийн баруун урд байрлалтай, нэгж талбарын 6216031771 дугаар бүхий 1400 м.кв газрыг эзэмшиж, уг газар дээр гуравдагч этгээд Д.Дгийн хөрөнгө оруулалтаар 2 давхар үл хөдлөх хөрөнгө барьсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, шүүхийн хийсэн үзлэг, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 753 дугаар албан бичгээр ирүүлсэн сансрын зургуудаар нотлогдоно” гэж дүгнэснийг нэхэмжлэгч үгүйсгэж няцаагаагүй байна.

3.7. Ийнхүү нэгэнт маргаан бүхий актын үндэслэл болсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хүчингүй болгож шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь мөн нэхэмжлэгч Ч.Д-ы бодитоор эзэмшиж байсан газар, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн газрын байршил зөрүүтэй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байх тул хариуцагчаас эдгээр нөхцөл байдлуудыг тодруулж судалсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах боломжтой, эдгээр нөхцөл байдлыг судлах нь нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн, улмаар шүүхийн шийдвэрт заасан хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох талаар заасан анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг буруутгах үндэслэлгүй.

Иймд шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Д-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                                 Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ