Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2015/0628/з |
Дугаар | 270 |
Огноо | 2016-08-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 270
Б.Бат-Урамын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Х.Батсүрэн, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 115/ШШ2016/0005 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2016/0311 дүгээр магадлалтай, А.Энхтайваны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.Бат-Урам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Бат-Урам миний бие нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/50 тоот тушаалаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын Газрын даамлаар томилогдон ажиллаж байгаад мөн даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны Б/13 тоот тушаалаар Засаг даргын тамгын газрын Газрын харилцааны мэргэжилтнээр томилогдон ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа албан үүрэгтээ хайнга хандаж ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, үүрэг даалгаврыг цаг тухай бүрт биелүүлж ирсэн.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны Б/50 тоот тушаалаар үүрэгт ажлаас халсан. Миний бие удирдлага болох албан тушаалтнаас хандаж чөлөө хүсч зөвшөөрсөний үндсэн дээр явсан, ямар нэгэн байдлаар ажлын байранд заагдсан чиг үүрэг бүхий ажлыг цалгардуулсан, бусдад хүндрэл чирэгдэл учруулсан, бусад байдлаар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн байдалгүй байхад ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сануулах, цалинг нь хасах, мөн нэг жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах ойлголт байдаг.
Нөгөөтэйгүүр хэрэгжүүлэх 7 зорилтынхоо зүйлийг хэрэгжүүлж чадаагүй ноцтой зөрчил гаргасан 2 тохиолдолд л Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг хэрэглэж болно. Зөрчлийг нэг удаа сануулсан байх ёстой, алдаа зөрчлөө арилгах талаар хэлсэн байх ёстой. Ингэснээрээ ямар зөрчлөөр төрийн алба цалгардсаныг захиргааны материал нь өөрөө тодорхойлж гаргаж ирдэг. Б.Бат-Урам гэдэг албан тушаалтны хувьд үүсээд байгаа нөхцлийн эцсийн үр дүнд төрийн албаны ямар ажил үр дүнгүй болсон, ямар ажлын үр дүн гарч чадаагүй, үүнээс болоод хохирсон зүйл байхгүй учраас Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг хэрэглэж болохгүй, яг юу хохирсон нь тодорхойлогдож гарч ирэхгүй байгаа учраас уг хуулийн зүйл заалтыг хэрэглэж ажлаас халсан нь үндэслэлгүй.
Тиймээс Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/50 тоот тушаалыг хүчингүй болгуулж, сарын үндсэн цалин 635.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах өдрийн хугацаагаар тооцуулан гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалсантай холбогдуулан нэхэмжлэгч талаас анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа нэг зүйлийг багасгаж байна. Энэ нь юу вэ гэхээр цалингийн карт болох бодит баримтад тулгуурлан газрын харилцааны мэргэжилтэн гэдэг албан тушаалд томилогдсоны дараагаар 464,783 төгрөгийн цалинг авч байсан тодорхойлж гаргаж ирсэн. Уг ажилгүй байсан хугацааны цалин болох 6 сарын хугацааны цалин 2,788.698 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг Даргын Тамгын Газрын дарга Д.Даринчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6 дах заалтын дагуу Бат-Эрдэнийн Бат-Урамыг тус сумын Засаг даргын Тамгын газарт газрын харилцааны мэргэжилтний үүрэгт ажилд томилон, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулан ажилласан. Б.Бат-Урам нь ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалтгүй биелүүлж, ажил таслан удирдлагаас өгсөн цаг үеийн ажлыг бүрэн хэрэгжүүлэлгүй ажил үүргээ цалгардуулсан зөрчил дутагдлыг гаргаж байсан. Б.Бат-Урам нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ажил тасалсан мөн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1 хоногийн чөлөөг Засаг даргын орлогчоос авч, хугацааг хэтрүүлэн 1 өдөр ажил тасалсан байдаг.
Мөн Удирдлагаас өгсөн цаг үеийн ажлын үүрэг даалгавар болох Дулааны цахилгаан станцын техникийн комиссын хурлын тэмдэглэл хөтлөх ажлыг 08 дугаар сарын 21-ний өдөр бүрэн дүүрэн хэрэгжүүлэлгүй хувийн шалтаг, шалтгаан хэлж зөвшөөрөлгүйгээр дур мэдэн уг ажлыг орхин явсан. Цаашлаад сумын Засаг даргын 2013 оны А/154 тоот захирамжаар батлагдсан “Засаг даргын тамгын газрын албан хаагчийн гадаадад зорчих журам''-ыг зөрчин өөрийн удирдлагад мэдэгдэлгүй дур мэдэн БНХАУ-ын Эрээн хот руу зорчсон байдаг. 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажлын цаг тараагүй байхад ажлаа орхин, БНХАУ-ын Эрээн хот руу зорчиж, хувийн эрх ашигтаа нийцүүлэн ажил үүргээ цалгардуулсан.
Мөн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар дээр газрыг олгож, гэрчилгээг олгосон. Үүрэгт ажилдаа хайнга хандаж, сумын гэр хорооллын гудамжинд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр авто зам барих трасст нөлөөллийн дур мэдэн амаар зөвшөөрөл олгож айл буулгаж, иргэн удирдах албан тушаалтны хооронд маргаан үүсгэсэн. Мөн Засаг даргын Тамгын газрын бүрэлдэхүүний хамт 2015 оны 07 дугаар сарын 11-19 хооронд ОХУ-ын Улаан-Үүд хотод аялах зохион байгуулалттай арга хэмжээний үеэр удирдлагад мэдэгдэлгүй орхин явсан зэрэг зөрчил дутагдлыг гаргасан. Эдгээр зөрчил дутагдалд удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хамт олны хурал дээр амаар урьдчилан сануулж, ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэх чиглэлийг удаа дараа өгч байсан.
Ингээд мэргэжилтэн Б.Бат-Урамын урьд өмнө гаргасан зөрчил дутагдал болон 08 дугаар сарын 21-ний өдрийн гаргасан алдаа дутагдлыг удирдлагын зүгээс дүгнэн үзэж ажлаас халах шийдвэрт хүрсэн. Бат-Урамд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гараагүй бөгөөд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтын дагуу сахилгын шийтгэлийг дэс дараалан авах шаардлагагүй гэж үзэн, ажлаас халах шийдвэрт хүрсэн.
Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс Б.Бат-Урамыг өрөөндөө дуудаж, гаргасан зөрчил дутагдлын талаар дахин мэдэгдэж, төрийн албан хаагч хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, хуулийн хариуцлагын талаар сануулж хэлсэн. Б.Бат-Урам нь өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна. Ажлаас халагдахад татгалзах зүйлгүй талаар тухайн үед амаар мэдэгдэж байсан.
Энэ хүний гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах шаардлагагүй, нэгэнт ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж байгаа учир шууд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын дагуу ажлаас халсан байгаа. Манай байгууллагын дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт сахилгын зөрчлийг 3-н төрлөөр ногдуулах заалт байгаа. Мөн журмын 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зөрчил гаргасан албан хаагчид дээрх сахилгын шийтгэлд хуульд өөрөөр заагаагүй бол сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд удаа дараа ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн нь байгууллагын удирдлагын зөвлөл мөн холбогдох албан хаагчийн ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд гаргасан байдлуудаас дүгнэхэд шууд ажлаас халах шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү шийдвэр нь хууль тогтоомжийн дагуу гарсан болно гэжээ.
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 115/ШШ2016/0005 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг Даргын Тамгын Газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Бат-Урамыг Дорноговь аймгийн Засаг Даргын Тамгын Газрын “газрын харилцааны мэргэжилтэн"-ий албан тушаалд эгүүлэн тогтоож, Б.Бат-Урамын ажилгүй байсан хугацааны цалин 3935424 /гурван сая есөн зуун гучин таван мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийг хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг Даргын Тамгын Газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2016/0311 дүгээр магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Даринчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалд: “Мэргэжилтэн Б.Бат-Урам нь 2015 оны 08 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд магистрын дадлагын сургалттай байсан нь тогтоогдсон, түүнийг магистрт суралцахыг эрх бүхий албан тушаалтан зөвшөөрсөн. Улмаар 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн чөлөө олгосон атлаа чөлөөний хугацаа хэтрүүлж, 08 дугаар сарын 14-ний өдөр ажил тасалсан гэж түүнийг буруутгасан нь үндэслэлгүй. Мөн Газрын тухай хуулиар газар эзэмших, өмчлөх эрхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга олгохоор байхад нэхэмжлэгч Б.Бат-Урамыг бусдад газар олгох шийдвэрийг амаар гаргасан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, ээлжийн амралттай байсан газар эзэмшүүлэх, өмчлүүлэх эрх хэмжээгүй албан тушаал болох сумын газрын даамлын албан үүргийг гүйцэтгэж байсантай холбогдуулан газар олгох шийдвэрийг гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй.” гэж. Мөн “Түүнчлэн хариуцагч албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэдгийг зохих журмын дагуу шалгаагүй атлаа нэхэмжлэгчийг дээрх байдлаар тогтоогдоогүй зөрчлүүдийг гаргасан нь үзэж үүрэгт ажлаас нь халсан мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 /Энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх/-д заасантай нийцээгүй, маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хөнджээ” гэснийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анхан шатны шүүх нь нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд Б.Бат-Урам нь ах, дүү, хамаатан садныхаа хуриманд очих шалтгаанаар 1 өдрийн чөлөө авсан байтал магистрын ажилтай байсан эрх бүхий албан тушаалтан зөвшөөрсөн гэсэн үнэлэлт дүгнэлтийг өгсөн нь учир дутагдалтай.
Мөн Б.Бат-Урамын удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн байдалд удирдлагаас үнэлэлт дүгнэлт өгч шууд ажлаас халах шийдвэрийг гаргасан. Үүнд зохих журмын дагуу шалгаагүй атлаа нэхэмжлэгчийг ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасантай нийцээгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд, давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 311 дүгээр магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Б.Бат-Урамыг Засаг даргын Тамгын газрын Газрын харилцааны мэргэжилтний албан тушаалаас халсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/50 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасантай нийцээгүй, хууль бус захиргааны акт байна.
Б.Бат-Урамыг ажлаас халах үндэслэл болсон удирдлагаас өгсөн чиг үүргийг удаа дараа хэрэгжүүлээгүй, ажил үүргээ цалгардуулсан, ажил тасалсан гэх зөрчлүүдтэй хамааралтай асуудал нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй, хариуцагчийн тайлбарын үндэслэл болгож байгаа нотлох баримтууд нь нэхэмжлэгчийг буруутгах шууд үндэслэл болохгүй байгааг шүүхийн шийдвэрт тодорхой дэлгэрэнгүй дүгнэжээ.
Иймд шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэх талаарх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөв хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдол нь зөвхөн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхтэй холбоотой бөгөөд дээр дурдсанаар шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаанд хамаарал бүхий Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагчийн үйл баримт дурдаж хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 115/ШШ2016/0005 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2016/0311 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ