Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 321

 

  Н.Баяр, Э.Энхтулга нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч Н.Баярын өмгөөлөгч Г.Батбаяр, Ц.Цэцэгсүрэн,

шүүгдэгч Э.Энхтулгын өмгөөлөгч П.Амгаланбаатар, Ж.Яринпил,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 650 дугаар магадлалтай, 201525010414 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Баяр, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Ц.Цэцэгсүрэн, шүүгдэгч Э.Энхтулгын өмгөөлөгч Ж.Яринпил, П.Амгаланбаатар нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1965 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тэгш овогт Нацагийн Баяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Хясан боогдуулах замаар их хэмжээний хээл хахууль авах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Жинст овогт Эрдэнэболдын Энхтулга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Хясан боогдуулах замаар их хэмжээний хээл хахууль авах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Баяр, Э.Энхтулга нарыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, хясан боогдуулж их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баяраас 1.000.000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 2 /хоёр/ сар, шүүгдэгч Э.Энхтулгаас 1.000.000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баяр, Э.Энхтулга нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Энхтулга, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар, шүүгдэгч Н.Баяр, түүний өмгөөлөгч А.Нарантуяа, П.Отгонбаяр, Ц.Цэцэгсүрэн, Г.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Г.Батбаяр, Ц.Цэцэгсүрэн, П.Амгаланбаатар, Ж.Яринпил нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Энхтулгын өмгөөлөгч Ж.Яринпил хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Э.Энхтулгын Г.Түмэнжаргалаас хээл хахууль өгөхийг удаа дараа тулган шаардах буюу хясан боогдуулах замаар 30 сая төгрөгийг авсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан нь үндэслэл муутай бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй. Түмэнжаргалын мэдүүлгээр нотлогдож байна гэж үздэг боловч түүний мэдүүлгийг үнэн зөв эсэхийг шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүй. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2 дахь хэсгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болгосон байхад давж заалдах шатны шүүх өөрийн санаачилгаар шүүгдэгчид оногдуулсан ялыг хэт хөнгөдсөн гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хууль зөрчсөн магадлал гаргаж Э.Энхтулгын эрх зүйн байдлыг дордуулжээ. Э.Энхтулга давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа “Түмэнжаргалын надаар дамжуулж Баяр даргад өгүүлсэн 30 сая төгрөгний 10 саяыг нь Баяр дарга өөрөө авч, үлдэх 20 сая төгрөгийг манай хэлтсийн 14 хүн Сингапур, Малайзын чиглэлд “Хонгор Тур” ХХК-аар зуучлуулан аялалаар явахдаа бэлнээр тус компанид өгсөн болно гэж бичсэн байдаг бөгөөд хавтаст хэрэгт хахууль авсныг нотлох шууд нотлох баримт авагдаагүй. Иймд шийтгэх тогтоол магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Э.Энхтулгын өмгөөлөгч П.Амгаланбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Э.Энхтулгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэгт бусдыг хясан боогдуулсан, их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан гэх баримт цуглаагүй байхад шүүхээс хийсвэр дүгнэлт хийсэн. Э.Энхтулгын үйлдэлд бусдыг хясан боогдуулсан шинж байдаггүй. Хээл хахуульд авсан гэх 30,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг хамт олноороо Сингапур, Малайзын чиглэлд аялал хийхэд зарцуулж, үлдсэн 10,000,000 төгрөгийг Н.Баярт өгсөн тухай давж заалдах гомдолдоо дурддаг. Иймд энэ асуудлуудыг тодруулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Н.Баярын өмгөөлөгч Г.Батбаяр, Ц.Цэцэгсүрэн нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Шүүх Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах зарчмыг зөрчсөн. Хэргийн шалтгаант холбоо, үйлдэл тус бүрээр хууль зүйн үр дагаврыг нарийвчлан зөв тогтоож, гэм буруугийн хэлбэр, санаа сэдэлтийг тус бүрд нь авч үзэх ёстой байхад энэ үүргээ биелүүлээгүй. Э.Энхтулга болон Н.Баяр нарын үйлдлүүд хоорондоо гэмт хэргийн субьектив санаа зорилго болон бусад үйлдлээр холбогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан нийлмэл гэмт хэргийн шинжийг агуулж байхад шүүх анхаарч үзэлгүй үйл явдлын шалтгаант холбооны ялгаа, цаг хугацааг зааглаж анхаараагүй нь Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн. Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруутай этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын дагуу өөрийн эрхэлж байгаа албан тушаалын эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлэхээс татгалзаж, өөртөө эд материалын ашиг олохыг шаардсан” байдлаар илэрдэг. Гэтэл Баяр нь Түмэнжаргалын ашиг сонирхлын дагуу өөрийн албан тушаалын хүрээнд гүйцэтгэх ёстой үүргээсээ татгалзсан зүйл байхгүй байхад шүүх үйл явдлын шалтгаант холбоонд хууль зүйн үнэлэлт дүгнэлтийг ташаа өгөх байдлаар хууль буруу хэрэглэсэн. Н.Баярын хээл хахууль авсан гэх 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн үйлдэл нь урьд өмнөх болон хойших хээл хахууль өгөгчтэй холбогдон гарч буй үйл явдалтай ямар ч холбоогүй үйлдэл. Хээл хахууль авагчийн халдлагын зүйл нь хууль бус үйлдэл хийлгэх зорилгын үүднээс өгсөн мөнгө, эд хөрөнгө, ажил үйлчилгээ байдаг. Гэтэл Түмэнжаргалын Н.Баярт өгч буй мөнгө нь ямар нэгэн хууль бус үйлдэл хийлгэчихээд буюу хийлгэхээр өгч буй санаа зорилго агуулсан мөнгө биш юм. Авилга авагч нь уг мөнгийг авснаар албаны хувьд гүйцэтгэх ёстой ямар нэгэн ажил үйлчилгээнээс татгалзаж хахууль өгөгчид ашигтай байдал үүсгэсэн зүйл байхгүй байгааг шүүх анхаарч үзээгүй. Баярын мөнгө авсан үйлдэл нь Түмэнжаргалд ямар нэгэн ашигтай байдал үүсгээгүй. Мөн хахууль өгөгч өөрийн өмч хөрөнгөө зарах үедээ ч ашигтай нөхцөл үүсгэх тухай үгсэн хуйвалдсан байдалд ороогүй байна. Шийтгэх тогтоох, магадлалд өөрчлөлт оруулж Н.Баярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Н.Баяр хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “... иргэн Түмэнжаргалын газрыг зохих журмын дагуу үнэлгээ хийлгэж, газар чөлөөлөх мэдэгдлийг хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн. Үнэлгээг тухайн үед тохиролцож чадахгүй байсан тул нийслэлийн удирдлагуудад зөрүүтэй үнэлгээнүүдийг удаа дараа танилцуулсны үр дүнд иргэнтэй тодорхой мөнгөн дүнг тохиролцох боломжтой болсон. Ингээд Түмэнжаргалтай нөхөх олговрын дүнг 550,000,000 төгрөгөөр тохиролцож 2014 оны сүүлчийн санхүүжилт байсан тул олговрыг 100 хувь шилжүүлсэн. Үүнээс нэг сар орчмын дараа манай гэр бүлийн хүн Канад улс руу эмчилгээнд явах болсон тул яаралтай мөнгөний хэрэгцээ гараад 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Түмэнжаргалаас 30 сая төгрөг зээлээч гэхэд зөвшөөрч 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр манай ажлын ойролцоо машинтай ирж намайг аваад циркийн тэнд очиж мөнгө өгсөн. Тухайн үед манай ахлах мэргэжилтэн удаа дараа утасдаж Төрийн сангийн даргад өгнө гээд мөнгө авсныг мэдсэн. Түмэнжаргалыг хясан боогдуулах ямар нэг үйлдэл хийгээгүй. Түмэнжаргалаас мөнгө зээлж авсан үйлдэл нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн болж байгааг ойлгож байна. Иймд миний хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нотлогдсон, ял шийтгэл тохирсон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна ...” гэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д зааснаар Н.Баяр, Э.Энхтулга нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэхэд, шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотлоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох шаардлагатай дараах байдлууд тогтоогдлоо.

Нэг. Шүүгдэгч Н.Баяр нь “50 сая төгрөгийг надад өгөхөөр болсон. Тэгээд Түмэнжаргал надад 24 сая төгрөг өгөхөөр нь би 50 сая төгрөг өгнө гэсэн шүү дээ гэхэд Энхтулга 30 сая төгрөгийг оны өмнө надаас авсан гэж хэлсэн” гэж мэдүүлдэг боловч энэхүү 50 сая төгрөгийн тохиролцоо хийгдсэн эсэхийг мөрдөн байцаалтын шатанд хангалттай тодруулаагүй, энэхүү нотлох баримт шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан атал мэдүүлгүүдийг няцаасан үндэслэлээ дүгнээгүйн улмаас Н.Баяр, Э.Энхтулга нарыг тус бүр 30 сая төгрөгийн хээл хахууль авсан гэм буруутайд тооцсон байх бөгөөд Э.Энхтулга ашиг олох боломжит нөхцөл байдлыг ашигласан, эсхүл 60 сая төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт хамтран оролцсон байж болох өөр өөр нөхцөл байдлуудын аль нөхцөл байдал нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхийг тогтоох, улмаар Эрүүгийн хуулийг үндэслэлтэй зөв хэрэглэхэд дараах ажиллагааг нөхөн гүйцэтгэх шаардлагатай гэж үзэв.

  • Э.Энхтулга нь Н.Баяр, Түмэнжаргал нарын хооронд хээл хахууль өгөх, авах үйл ажиллагаанд зуучлагчаар оролцсон, эсхүл гэмт хэргийн хамтран оролцогч эсэх,
  • Н.Баяр, Э.Энхтулга нар Түмэнжаргалын дансанд мөнгө орсны дараа уг ажиллагааг саатуулах, зогсоох, улмаар Түмэнжаргалын эрх ашиг сонирхлыг албаны байдлаа ашиглан зөрчиж хясан боогдуулах, дарамт шахалт үзүүлэх үйл ажиллагаа бодитойгоор хэрэгжих боломжтой байсан эсэх,
  • Дээрх хясан боогдуулах ажиллагаа бодит бус бол ийнхүү төөрөгдөлд оруулан мөнгө нэхэж авсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх,
  • Н.Баяр, Түмэнжаргал нарын хооронд бодитой тохиролцоо хийгдсэн эсэх,
  • Тохиролцоонд Э.Энхтулга оролцож, урьдчилан амласан эсэх,
  • Э.Энхтулга энэхүү тохиролцоог ажил үүргийн хувьд мэдэж, түүнийгээ ашиглан өөртөө ашиг олсон эсэх,
  • Анхан болон давж заалдах шатны шүүх үнэлгээг 550,000,000 төгрөгөөр тохиролцсон ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа талаар дүгнэлт хийсэн боловч ийнхүү тохиролцсоны төлөө хариу төлбөр болгон мөнгө амласан эсэхээс шалтгаалан уг тохиролцоог хууль ёсны эсхүл хууль бус болохыг дүгнэх үндэслэл болох бөгөөд үүнээс шалтгаалан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхол илэрхийлэгдэх ба энэхүү үйл баримтад дүгнэлт хийхэд шаардлагатай нотлох баримт цуглараагүй байна.  

Хоёр. Шийтгэх тогтоол, магадлалд “...Э.Энхтулга нь төрийн сангийн дарга нь мөнгө нэхээд байна. 40 сая төгрөг өг, төрийн сангийнхан гүйлгээ хийдэг, захирамж гарна тэр болгонд мөнгө өгнө, хүмүүст мөнгийг нь тарааж өгөх хэрэгтэй байна, би хүмүүст тараадаг юм ...” гэж мөнгө авсан гэх Түмэнжаргалын мэдүүлгийг үнэлжээ. Энэ нөхцөл байдал бодитой эсэхийг шалгах нь хэргийн зүйлчлэл, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц ач холбогдолтой байна.

Мөн Н.Баяр нь “... би наадахыг чинь үзэглэсэн шүү зогсоож чадна ...” гэж сүрдүүлж байгаа үйлдэл нь хожим хэрэгжин биелэх боломжтой эсэх, өөрөөр хэлбэл захирамжийг хүчингүй болгуулж, мөнгийг шилжүүлэхгүй байх эрх хэмжээ тэдэнд байсан эсэхийг нарийвчлан тодруулах нь зүйтэй.

Гурав. Анх тохиролцох үнийн саналыг хаанаас гаргасан, уг үнэ тохирох хурлын протоколыг хэн үйлдэхийг даалгаж, тухайн хурал дээр ямар асуудал яригдсан, хэний шийдвэрээр газрыг чөлөөлөх акт үйлдэгдсэн болох нь тодорхойгүй байна.

Дөрөв. Шүүгдэгч Э.Энхтулга “Түмэнжаргалын надаар дамжуулж Баяр даргад өгүүлсэн 30 сая төгрөгний 10 саяыг нь Баяр дарга өөрөө авч, үлдэх 20 сая төгрөгийг манай хэлтсийн 14 хүн Сингапур, Малайзын чиглэлд “Хонгор Тур” ХХК-аар зуучлуулан аялалаар явахдаа бэлнээр тус компанид өгсөн болно” гэж урьд өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй нөхцөл байдлыг мэдүүлдэг бөгөөд аялалыг зохион байгуулах эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэр гарсан эсэх, уг аялал нь ямар цаг хугацаанд зохион байгуулагдсан, аялалын санхүүжилтыг хаанаас гаргасан эх үүсвэр, санхүүгийн баримт, түүнд оролцсон хүмүүсийн зардал төсвөөс, эсхүл хувь хүнээр төлөгдсөн эсэх талаар аялалд оролцсон багийн хүмүүсийг асууж тодруулах, бусад шаардлагатай, үгүйсгэсэн эсхүл баталсан дүгнэлт өгч болохуйц нотлох баримт цуглуулах шаардлагатай.

Шүүгдэгч Э.Энхтулгын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 650 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Н.Баяр, Э.Энхтулга нарт холбогдох эрүүгийн 201525010414 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, Н.Баяр, Э.Энхтулга нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ,

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                     Т.УРАНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ