Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 510

 

 

 

 

 

 

 

   2020         07         29                                       2020/ШЦТ/510

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Даариймаа,

Улсын яллагч: Н.Пүрэвтогтох,

Шүүгдэгч: Б.Б-, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910013980058 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, ..../.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б- нь ...гудамжинд 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэн М.О-г “манай гудамжинд байнга архи уулаа, миний машинаас хол бай” гэж нүүр рүү нь гараараа цохиж, түлхэж унагаан биед нь дух, баруун нүдний алим, зовхи, зүүн хацар, зүүн бугалга, баруун, зүүн тохой, зүүн шуу, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б- нь ...гудамжинд 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэн М.О-г “манай гудамжинд байнга архи уулаа, миний машинаас хол бай” гэж нүүр рүү нь гараараа цохиж, түлхэж унагаан биед нь дух, баруун нүдний алим, зовхи, зүүн хацар, зүүн бугалга, баруун, зүүн тохой, зүүн шуу, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр гудамжинд 2 архичин зодоон хийж байсан бөгөөд манай дүү эмнэлэгт үзүүлэх гээд машинаа гудамжинд тавьчихсан байсан. Гэтэл нэг архичин нь М.О-г манай дүүгийн машиныг налуулаад, доороо хийчихсэн зодож байсан. Ц.Отухайн гудамжны архичидтай нийлээд архи уугаад яваад байдаг. Би түүнийг зодоогүй гэв. 

 

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.О гэх эмэгтэй намайг хуцаад бай гээд хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжлоод над руу агсам тавиад намайг цохих гээд байхаар нь би эргүүлээд Ц.Огийн зүүн гар руу нь баруун гараараа түлхсэн чинь Ц.О хойшоо саваад уначихсан...Би Ц.Огийн зүүн гар руу баруун гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь Ц.О босч ирээд над руу дайраад байхаар нь би дахин 1 удаа мөр хэсэг рүү нь баруун гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 59/

 

Хохирогч М.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Миний урд Б- гэдэг хүүхэн алхаж байсан. Тэгээд гудамжны үзүүрээс буцаж над руу шууд ирээд миний мөрнөөс татаад архичин гичий авгай минь, манай гудамжинд байнга архи уух юм аа” гэж хэлээд миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Би газар ухаан алдаж унасан. Тэгтэл миний дээрээс өшиглөсөн...Миний биед учирсан гэмтлүүдийг Б- надад учруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21/,

Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б-гийн хашааны гадна Ц.О газар уначихсан дээрээс нь Б- 2 хүүхэнтэй нийлээд дээрээс нь өшиглөөд байсан...Ц.О надад хэлэхдээ Бт би зодуулсан. Бтай хамт явсан 2 эмэгтэй намайг цохиж зодоогүй гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

Гэрч А.М-ын “...Зүс таних М.О- гэх эмэгтэйг манай гудамжинд байдаг Б- гэх хочтой эмэгтэй зодож байхаар нь яагаад байгаа юм боль гэж хэлтэл удалгүй Б- гэх эмэгтэй Ц.Ог зодохоо болиод тэндээс яваад өгсөн...Б- гэх эмэгтэй Ц.Огийн толгой руу гараараа 2-3 удаа цохиж газар унагаасан. Мөн газар унасан байхад нь толгой руу нь 2-3 удаа цохичихоод болиод байж байтал Б-гийн хашаанаас 2 хүүхэд гарч ирээд Б-г аваад тэндээс яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

 

Гэрч Г.Б-ын “...Б гэх эмэгтэй Нүхтийн 13 дугаар гудамжны 210 тоотоос гарч ирээд М.О-тай маргалдаж улмаар Ц.Ог цохиод унагачихсан...Бт зодуулсны дараа М.О-гийн нүд нв хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6841 дугаартай “...М.О-гийн биед дух, баруун нүдний алим, зовхи, зүүн хацар, зүүн бугалга, баруун, зүүн тохой, зүүн шуу, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 63/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

             Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6841/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

 

Хэрэг учрал болсон өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ...гудамжинд шүүгдэгч Б.Б- нь иргэн М.О-г “манай гудамжинд байнга архи уулаа, миний машинаас хол бай” гэж нүүр рүү нь гараараа цохиж, түлхэж унагаан биед нь дух, баруун нүдний алим, зовхи, зүүн хацар, зүүн бугалга, баруун, зүүн тохой, зүүн шуу, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулжээ.

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба бусдыг цохиход хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул шүүгдэгч Б.Б-ын хохирогч М.О-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Мөн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн №6841 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ. 

Иймд хэрэгт нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...энэхүү хэргийн гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байх бөгөөд тэд өөрсдийгөө хамгаалсан байдлаар мэдүүлэг өгсөн байсан. Харин шүүгдэгч анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн нь гэрч Б.Отгонсүрэнгийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Тухайн үед гэрч Б.Отгонсүрэнгээс бусад гэрч нар бүгд биеэ хамгаалж, өөрийгөө авч явж чадахгүй байдалтай байснаа өөрсдөө мэдүүлсэн. Гэрч Б.Отгонсүрэн нь цонхоор харахад машин дээр хүмүүс зодолдоод байхаар нь Б.Б-ыг холдуудах гээд гарсан гэж мэдүүлдэг. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.О-гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Хохирогч М.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 500.000 төгрөг нэхэмжилсэн байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтаас нийт 241.200 төгрөгийн баримтыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцож шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-аас 241.200 төгрөгийг гаргуулж, хохирогч М.О-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгчийн хохирол төлбөр төлж барагдуулаагүй зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Б-т мэдэгдэх нь зүйтэй.

   Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага”-д даалгасугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 241.000 төгрөг гаргуулж хохирогч М.О-д олгосугай.

           

6. Хохирогч М.О- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Б.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

                      ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Д.ДОРЖСҮРЭН