Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01139

 

Ж.Жы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03265 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 597 дугаар магадлалтай,

Ж.Жы нэхэмжлэлтэй

АТҮТТӨҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, Н.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот Хэнтий аймгийн Авто тээврийн даргын тушаалаар цуцалсан байдаг. Энэ тушаалд хөдөлмөрийн дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээний заалт, ёс зүйн дүрмийн 2 заалтыг зөрчин, удаа дараа зөрчил гаргасан учир хөдөлмөрийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр цуцалсан гэж тушаалд дурдсан байгаа. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, холбогдох хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан тушаал шийдвэр гаргах байтал тухайн тушаал маань хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус тушаал гэж үзэж байна. Яагаад гэхээр ажил олгогч санаачлаад хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа. Дээд шүүхийн тайлбарласнаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг зүйл заалтыг баримтална гэсэн байгаа. Гэтэл холбогдох хуулийг баримтлаагүй. Мөн дотоод журмын заалтуудыг тогтоогдсон зөрчил тус бүр дээр нь тогтоосон байх шаардлагатай байдаг. Гэтэл зөрчил тогтоогдоогүй. Энэ хүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 удаа ажил тасалсан гэсэн байдаг. Нэгэн дээр нь эрүүл мэндийн шалтгаантай, өвчтэй байсан. 2 дахь дээр нь Улаанбаатар хотын АТҮТдээрээ 2 хоног компьютер засуулах ажилтай байсан гэсэн Техникийн албаны даргын гарын үсэгтэй албан бичиг байдаг. Тэгэхээр энэ хүн маань хүнд этгэн үзэх шалтгаантай байсан. Үүнийг зөрчил гэж үзэж 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан ба үүнийг үндэслээд ажлаас нь чөлөөлж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байгаа юм. Хэнтий аймгийн АТҮТийн бүртгэлийн мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийтдээ 26 935 696 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэж, баталгаажилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ажилгүй байсан хугацааны цалинг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт ажлын 568 хоног, сарын дундаж цалин 1 019 580 төгрөг, өдрийн цалин 47 922 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хэнтий аймгийн АТҮТийн мэргэжилтэн Ж.Ж нь хөдөлмөрийн дотоод журмын 3.17 болон 3.17.1-д заасан байгууллагын дотоод журам, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, ёс зүйн зөрчил болоод сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ нь 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр болон 2015 оны 8 дугаар сард 2 удаагийн сахилгын шийтгэл авсан байдаг. Энэ 2 удаагийн сахилгын шийтгэл дээрээ арга хэмжээ тооцуулсан байдаг. Мөн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр даргынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан байдаг. Ингээд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн даргын тодорхойлолт гэж хэлээд байдаг. Энэ тодорхойлолт нь н.Энхцэцэг гэдэг хүний хийж өгсөн тодорхойлолт байгаа. АТҮТийг төлөөлөх этгээд бол тухайн үеийн захирал байдаг. Тухайн үед захирал нь н.Пунцаг гэдэг хүн байсан. Тийм учраас энэ тодорхойлолт хүчингүй. Үүнтэй холбоотой шүүхийн маргаан өнөөдрийг хүртэл явагдаагүй байгаа. Үүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан хэлэлцэж эхлэх үед энэ нөхцөл байдлыг ярь гэж байгаа. Аливаа хэрэг маргааныг 1 удаа шийдэх ёстой байдаг. Түүнээс нэхэмжлэлээ татан авсны дараа дахин шийдэх гэсэн асуудал байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хууль мэдэхгүй байгаа нь тухайн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Үүнээс үзэх юм бол 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 428 тоот захирамж гарахад Хэнтий аймагт шүүх хуралдаан болсон байдаг. Энэ захирамж гарахад Хэнтий аймгийн  АТҮТийн дарга болон нэхэмжлэгч бүгд оролцсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хүсэлтээ гаргаад, нэхэмжлэлээ татан авч байгаа асуудал байгаа юм. 2015 оны 10 сард нэхэмжлэл гаргаад, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 2 тал харилцан мэтгэлцэх энэ бүх боломжийг шүүх хангасан байна. Тэгсээр байтал өөрөө нэхэмжлэлээс татгалзаж байгаа. Шүүх нэхэмжлэлийг татан авсан хүчин төгөлдөр шүүхийн шүүгчийн захирамжтай хэргийг дахин хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй байна. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны .12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03265 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.Жыг Хэнтий аймгийн АТҮТийн    бүртгэлийн мэргэжилтэний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17 990 433 төгрөгийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Жд олгож, илүү нэхэмжилсэн 8 945 258 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Жы нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч АТҮТТӨҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 247 902 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 597 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хууль мэдэхгүй нь тухайн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Нэхэмжлэгч нь 2016 оны 2 сарын 22-ны өдрийн 428 тоот захирамж гарахад Хэнтий аймагт шүүх хуралдаанд оролцож нэхэмжлэлээ татан авсан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалдаа Ж.Ж нь “Нотлох баримт бүрдүүлэх” үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээ түр татан авах хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан үр дагавар үүсэхгүй гэж хуулийн буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь аливаа хэрэг маргааныг нэг удаа шийдэх ёстой болохоос нэхэмжлэгч нэхэмжлэлээ нэгэнт татан авсны дараа дахин шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3, 106.5-д өөрөө татан авч байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил үйлчлэх зохицуулалттай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад ямарч хуульд түр татан авах гэсэн ойлголт болон зохицуулалт байдаггүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “106.5.Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.” гэж мөн хуулийн “74.4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.” гэж заасан байгаа нь 106.3 зааснаар татан авсан бол заавал 74.4 заасан зохицуулалт үүсэх нь илт байна. Гэвч шүүх нэхэмжлэлийг татан авсан хүчин төгөлдөр шүүхийн шүүгчийн захирамжтай хэргийг дахин хянан шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6 дахь хэсгийг зөрчин хүлээн авч шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нь дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдсан байх тул магадлал, шийдвэрийг тус тус хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх зохигч талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ж.Ж нь хариуцагч Хэнтий аймгийн АТҮТ-д  холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад АТҮТ/ТӨҮГ/-ийг хариуцагчаар солих хүсэлт гаргасныг шүүх хангаж, хариуцагчаар оролцуулсан байна. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...нэхэмжлэгч нь давтан зөрчил гаргаснаас гадна ёс зүйн зөрчил гаргасан, улмаар нэхэмжлэлээ татан авсан учир дахин нэхэмжлэл гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн үндэслэлээр маргажээ.

Ж.Жыг Хэнтий аймаг дахь АТҮТийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот тушаалаар ажлаас халахдаа 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 03, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар тушаалаар тус тус  захиргааны арга хэмжээ авагдсан, байгууллагын ажилтны Ёс зүйн дүрмийн 2.3.5, 3.1.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон... гэх үндэслэлийг заасан байна.

 

Хэрэгт байгаа баримтаас үзвэл ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчил бүрд сахилгын шийтгэлийг ногдуулсан атлаа давтан зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халах шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д заасан сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэсэн зохицуулалтыг зөрчсөн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн үндэслэлтэй болжээ.

Ажил олгогч Хэнтий аймгийн АТҮТ өөс 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 66 тоот албан бичгээр АТҮТ ТӨҮГ-т хандаж, “...бүртгэлийн мэргэжилтэн Ж.Ж нь давтан арга хэмжээ авагдаж хөдөлмөрийн гэрээнд зааснаар гэрээг цуцлах болсон тул хариу ирүүлнэ үү.” гэсэн үндэслэл дурьдснаас үзвэл давтан зөрчлийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосноос гадна ажлаас халсан тушаалд ёс зүйн ямар зөрчлийг, хэзээ гаргасан талаар тодорхой заагаагүй байх тул шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тушаалыг гардаж авснаас хойш хуульд заасан хугацаанд буюу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1524 тоот шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин гаргасан нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1668 тоот шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 428 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, үүний дараа нэхэмжлэгч 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан баримтад тулгуурлан хөөн хугацааг тасалдсан гэж үзэж, шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 428 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах талаар зохицуулаагүй байхад шүүх уг ажиллагааг явуулж захирамж гаргасан нь буруу бөгөөд үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан “нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч болно.” гэх заалт нь мөн хуулийн 106.5-д заасан “...нэхэмжлэлээсээ татгалзсан...” ойлголт тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дахин гаргах зорилгоор түр буцааж авах хүсэлт гаргасныг уг зохицуулалтын дагуу шийдвэрлэсэн нь буруу болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, багасгах, ихэсгэх, нэхэмжлэлээсээ татгалзах, эвлэрэх эрхтэй байдгийн нэгэн адил нэхэмжлэлээ татан авч болох эрхтэй хэдий ч энэ талаар хуульд зохицуулаагүй тул шүүх хуульд заагаагүй ажиллагааг хийх ёсгүй болно. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэ зөрчил нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар  сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03265 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 597 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УНДРАХ

  ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА