Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/03265

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар баг, өлзийт 6-5 А тоотод оршин суух Өлзийт овогт Жамцын Жаргалсайхан /РД: СЭ 62062612/-ы нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, чингисийн өргөн чөлөө, АТҮТ  ТӨҮГ-т  холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн  нар оролцов.

 

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.Ж ы хөдөлмөрийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот Хэнтий аймгийн Авто тээврийн даргын тушаалаар цуцалсан байдаг. Энэ тушаалд хөдөлмөрийн дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээний заалт, ёс зүйн дүрмийн 2 заалтыг зөрчин, удаа дараа зөрчил гаргасан учир хөдөлмөрийн гэрээг 2015 оны 10  дугаар сарын 08-ны өдөр цуцалсан гэж тушаалд дурдсан байгаа. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, холбогдох хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан тушаал шийдвэр гаргах байтал тухайн тушаал маань хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус тушаал гэж үзэж байна. Яагаад гэхээр ажил олгогч санаачлаад хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа. Дээд шүүхийн тайлбарласнаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг зүйл заалтыг баримтална гэсэн байгаа. Гэтэл холбогдох хуулийг бариагүй.

Мөн дотоод журмын заалтуудыг тогтоогдсон зөрчил тус бүр дээр нь тогтоосон байх шаардлагатай байдаг. Гэтэл зөрчил тогтоогдоогүй. Энэ хүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 удаа ажил тасалсан гэсэн байдаг. Хэрэгт авагдсан байгаа. Нэгэн дээр нь эрүүл мэндийн шалтгаантай, өвчтэй байсан. 2 дахь дээр нь Улаанбаатар хотын Авто тээврийн үндэсний төв дээрээ 2 хоног компьютер засуулах ажилтай байсан гэсэн Техникийн албаны даргын гарын үсэгтэй албан бичиг байдаг. Тэгэхээр энэ хүн маань хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Үүнийг зөрчил гэж үзэж 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан ба үүнийг үндэслээд ажлаас нь чөлөөлж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байгаа юм.

Нэхэмжлэгч маань нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсөнд нийтдээ 26.935.696 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэж, баталгаажилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Ажилгүй байсан хугацааны цалинг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт ажлын 568 хоног, сарын дундаж цалин 1.019.580 төгрөг, өдрийн цалин 47.922 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ Хэнтий аймгийн Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтэн Ж.Ж  нь хөдөлмөрийн дотоод журмын 3.17 болон 3.17.1-д заасан байгууллагын дотоод журам, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, ёс зүйн зөрчил болоод сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ нь 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр болон 2015 оны 8 дугаар сард 2 удаагийн сахилгын шийтгэл авсан байдаг. Энэ 2 удаагийн сахилгын шийтгэл дээрээ арга хэмжээ тооцуулсан байдаг.

Мөн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр даргынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан байдаг. Ингээд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Мөн даргын тодорхойлолт гэж хэлээд байдаг. Энэ тодорхойлолт нь н.Энхцэцэг гэдэг хүний хийж өгсөн тодорхойлолт байгаа. Авто тээврийн үндэсний төвийг төлөөлөх этгээд бол тухайн үеийн захирал байдаг. Тухайн үед захирал нь н.П гэдэг хүн байсан. Тийм учраас энэ тодорхойлолт хүчингүй байдаг.

Үүнтэй холбоотой шүүхийн маргаан өнөөдрийг хүртэл явагдаагүй байгаа. Ийм учраас Хөдөлмөрийн хуулийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, мөн ёс зүйн дүрэм болон байгууллагынхаа удирдлагатай ёс зүйгүй харьцсан, ажлаа тасалдаг гэсэн нөхцөл байдал нэмэгдээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ нь ч өөрөө Авто тээврийн үндэсний төвүүдийн салбаруудын салбарын дүрэм дээр тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд Авто тээврийн үндэсний төвийн захиралтай зөвшилцөж ажлаас чөлөөлөх тушаал гаргадаг. Үүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1-д заасан хэлэлцэж эхлэх үед энэ нөхцөл байдлыг ярь гэж байгаа.

Аливаа хэрэг маргааныг 1 удаа шийдэх ёстой байдаг. Түүнээс нэхэмжлэлээ татан авсны дараа дахин шийдэх гэсэн асуудал байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хууль мэдэхгүй байгаа нь тухайн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Үүнээс үзэх юм бол 2016 оны 2 сарын 22-ны өдрийн 428 тоот захирамж гарахад Хэнтий аймагт шүүх хуралдаан болсон байдаг. Энэ захирамж гарахад Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн дарга болон нэхэмжлэгч бүгд оролцсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хүсэлтээ гаргаад, нэхэмжлэлээ татан авч байгаа асуудал байгаа юм.

Тэгэхээр шүүх талуудын тэгш эрхийн харилцаан дээр үргэлжлэх ёстой. Хэн нэгэнд давуу байдлыг үүсгэх зарчим гэж байхгүй юм. Мөн талууд өөрсдөө нотлох баримтаа бүрдүүлж, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр шүүхийн өмнө оролцдог. Шүүх хөндлөнгийн байр суурьтай байгууллага. Тэгэхээр тэр үед хууль хэрэглээний асуудал дээр шүүх хуралдааныг зайлшгүй хойшлуулж, зайлшгүй нотлох баримт шаардлагатай байгаа тохиолдолд хойшлуулах хүсэлт гаргах боломж нь нэхэмжлэгчид байгаа. Тэгсээр байтал өөрөө шууд татан авъя гэсэн зүйл ярьж байгаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3, 106.5-д өөрөө татаж авч байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил үйлчлэнэ шүү гэсэн зохицуулалт заагаад өгсөн байгаа. Үүнээс харахаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдаж байгаа шүү гэдэг асуудал ярьж байгаа. 2015 оны 10 сард нэхэмжлэл гаргаад, 2016 оны 2 сарын 22-ны өдрийг хүртэл 2 тал харилцан мэтгэлцэх энэ бүх боломжийг шүүх хангасан байна. Тэгсээр байтал өөрөө нэхэмжлэлээс татгалзаж байгаа.

Энэ нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8 гээд миний яриад байгаа нөхцөл байдал зайлшгүй илэрч байна. Шүүх нэхэмжлэлийг татан авсан хүчин төгөлдөр шүүхийн шүүгчийн захирамжтай хэргийг дахин хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт өнөөдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй байна. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү ” гэв.  

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ж  нь хариуцагч АТҮТ  ТӨҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татан авсан тул татгалзсан гэж үзэж шаардах эрхээ алдсан, мөн сахилгын зөрчил удаа, дараа гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

 

2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хэнтий аймгийн Автотээврийн төвийн даргын 14 тоот тушаалын 1 дэх заалтаар “Автотээврийн төвийн даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тушаал, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар захиргааны арга хэмжээ давтан авагдсан дээр Байгууллагын ажилтны “Ёс зүйн дүрэм”-ийн 2.3.5, 3.1.4 заалтын зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдсон тул бүртгэлийн мэргэжилтэн Ж-ын Ж-ы хөдөлмөрийн гэрээг 10 дугаар сарын 8-ны өдрөөс цуцалсугай” гэж АТҮТ ийн ТӨҮГ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 3.17, 3.17.1, 3.18.2 дахь заалт, “Аймгийн Автотээврийн төвийн нийтлэг дүрмийн 4.4 дэх заалт, Ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.4-1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Ж ыг ажлаас нь чөлөөлжээ.

 

Ажлаас халах тушаал нь эрх зүйн акт болохын хувьд тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх, мөн тушаал гарах болсон зөрчлийг тодорхой нэрлэн заасан байх ёстой.

 

Автотээврийн төвийн даргын 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тушаалаар Ж.Ж ы цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан болох нь баримтаар тогтоогдож байна. /нэгдүгээр хх-ийн 42, 47 дугаар тал/.

 

Нэхэмжлэгч нь уг тушаал хууль зөрчсөн гэж эс зөвшөөрч гомдол гаргаагүй байх тул уг тушаал хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тушаалаар Ж.Ж ы цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл гаргасан тул давтан зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зөрчил гаргаагүй” гэх тайлбараас үзэхэд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тушаал гарахад нэхэмжлэгч ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй байхад өмнөх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан атлаа нэг зөрчилд хоёр удаа шийтгэл ногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй юм.

 

Ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтны гэм бурууд тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох бөгөөд нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давтан ногдуулж болохгүй.

 

Хариуцагч нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 428 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар татан авсныг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсантай адилтган үзэх тул дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно.”, 106.5-т “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах, нэхэмжлэлээсээ татгалзах нь түүний субъектив эрх бөгөөд нэхэмжлэлийг татан авах, татгалзах нь зарчмын ялгаатай хууль зүйн ойлголт юм.

 

Нэхэмжлэлээ татан авах нь тодорхой шалтгааны улмаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээ тухайн цаг хугацаанд шийдвэрлүүлэх боломжгүй, эсхүл шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлийн татан /буцаан авах/ нэг хэлбэр бөгөөд шүүхийн шийдвэр гарч, уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй тул дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан маргаан бүхий асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзсан үйл баримтыг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх бөгөөд хэрэв татгалзсан тохиолдолд шүүх татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, шаардах эрхлээ алдах ба уг хариуцагчид холбогдох маргаан бүхий асуудлаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзнэ.

 

Хууль зүйн үр дагаврын хувьд татан авах, татгалзах нь ялгаатай бөгөөд шүүхээс ямар нэг шийдэл гараагүй байхад татан авсныг татгалзсан гэж үзэж, шаардах эрхийг хязгаардах нь шударга ёсны зарчим үл нийцнэ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 428 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар Ж.Ж ы нэхэмжлэлтэй Хэнтий аймгийн Авто тээврийн төвд холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах тухай хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.3-д заасныг баримталсан, мөн уг захирамжийн үндэслэх хэсэгт “...шүүх түр хугацаагаар татан авах хүсэлт гаргасан” гэж дурдсан байна.

 

Шүүх нэхэмжлэлээ татан авах, татгалзах талаар хүсэлт зоригийг тодруулах үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74, 75 дугаар зүйлийг баримтлан гараагүй байх тул мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасан үр дагавар үүсэхгүй.

 

Хариуцагч талын нэхэмжлэлээсээ татгалзсан учир шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заажээ.

 

Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14 дүгээр тушаал гарсан боловч Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1524 дүгээр захирамж,   2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1668 дугаар захирамжаар Ж.Ж  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

 

Мөн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлээ татан авч, шүүхэд 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч Ж.Ж ыг Хэнтий аймгийн авто тээврийн төвийн даргын тушаалаар ажлаас халсан боловч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын  2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/129 дүгээр тушаалын 1-д “Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/115 дугаар тушаалаар батлагдсан “Аймгийн Авто тээврийн төв”-ийн нийтлэг дүрмийн 4,2-т төвийн дарга, менежер, ахлах нягтлан бодогчийг Үйлдвэрийн газрын захирал томилж, чөлөөлнө гэснийг Төвийн ажилтнуудыг Үйлдвэрийн газрын захирал томилж, чөлөөлнө” гэж өөрчилжээ. /хоёрдугаар хх-ийн 123 дах тал/

 

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/115 дугаар тушаалаар батлагдсан “Аймгийн Авто тээврийн төв”-ийн нийтлэг дүрмийн 4,2-т төвийн дарга, менежер, ахлах нягтлан бодогчийг Үйлдвэрийн газрын захирал томилж, чөлөөлнө” гэж заасан тул эрх хэмжээнийхээ хүрээнд Хэнтий аймгийн авто тээврийн төвийн даргын тушаалаар ажлаас халсан, одоо ажилд томилох, чөлөөлөх эрх хэмжээ Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захиралд хадгалагдаж байх тул Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ыг хариуцагч гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгч Ж.Ж ыг Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтэний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 26.935.696 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар түүний сүүлийн 3 сарын дундаж цалин 680.976 төгрөгийг ажилгүй байсан хугацааг 26 сар 9 хоногоор тооцоход  17.990.438 төгрөгийн хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 8.945.258 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Ж ы нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгч Ж.Ж ыг Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтэний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 17.990.433 төгрөгийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ж д олгож,  8.945.258 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ж ыг Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтэний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17.990.433 төгрөгийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ж д олгож,  илүү нэхэмжилсэн 8.945.258 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ж ы нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 247.902 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР