Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2017/00417

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: г.г /РД:ЧК77081461/-ын  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  “Ж.Э”  ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 430.875.117 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмон,  хариуцагчийн өмгөөлөгч Ц.Монгол,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

 

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Г.Гандигара нь 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Ж.Э” ХХК-тай GV/G4/2G тоот орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ байгуулсан билээ. Гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэгэ Вилла орон сууцны A4 блокт 163 м.кв талбай бүхий 201 тоотод байрлах орон сууц, автомашины зогсоолын хамт худалдан авахаар тохиролцсон.

Г.Гандигара нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууц болон автомашины зогсоолуудын үнийг дараах байдлаар төлсөн байдаг. Үүнд: 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 109.430.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 190.000.000 төгрөгийг хариуцагч компанийн Голомт банкны дансаар тус тус шилжүүлсэн.  2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Лексус 570 маркийн автомашин 110.000.000 төгрөгөөр үнэлж, гэрээний төлбөрт тооцуулан танай компанид хүлээлгэж өгсөн. Гэрээний 3.1.1-д “Гүйцэтгэгч нь 1.2-д дурдсан орон сууцыг нэг айлын зориулалтаар иж бүрэн чанар сайтай биет байдлын доголдолгүй барьж 2015 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгнө” гэж тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл орон сууц болон автомашинуудыг хүлээлгэн өгөөгүй байна.

Гэрээ байгуулахаас өмнө буюу 2015 оны 4 дүгээр сард Гэрэгэ Вилла хотхоны барилгын ажилтай танилцахад 2 блокны барилга 5 давхар хүртэл угсралт хийгдсэн байсан ба тухайн үед “эхний ээлжийн 2 блокыг 2015 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулна” гээд “энэ хотхон 6 блоктой, ногоон байгууламж, цэцэрлэг, фитнес, үйлчилгээний төвүүдтэй тансаг зэрэглэлийн байх болно”, мөн “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Гэрэгэ тауэрт удахгүй загварын өрөө байгуулж дотоод заслын шал, хананы цаас зэргийг сонгуулна” гэх зэргээр амлалт баталгаа өгч байсан тул орон байраа шинэчлэн сайжруулах зорилгоор гэрээ хийсэн.

2015 оны 10 дугаар сарын 30-ны  өдөр автомашин хүлээлгэн өгөхдөө “Ж.Э” ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэж байсан Аззаяагаас барилгын үйл явцыг асуухад “өвөл болоод барилгын ажил зогссон байна 2016 оны 3 дугаар сард хүлээлгэн өгнө” гэх хэлсэн. Гэвч “Ж.Э” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болон бизнесийн үйл ажиллагааны амлалт, баталгааг хэрэгжүүлэхгүй цаг хугацаа хойшлуулах болсон. Г.Гандигара нь тус компанийн захирлуудтай хэд хэдэн удаа уулзах гэж очиж байсан боловч хуралтай, сонгуультай гэх мэт шалтгаан тоочиж хойшлуулсан байдаг. Утсаар ярьж очиж уулзсаны эцэст 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэрээний хугацаа хойшилж буйтай холбогдуулан гэрээний алданги тооцох тооцооллыг өөрчлөн нэмэлт гэрээ байгуулсан юм. Энэ үед 2016 оны 10 сар гэхэд орон сууц болон автомашинуудын зогсоолуудыг хүлээлгэн өгөх талаар ярьж байсан. Сүүлд 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр барилгын үйл явцтай танилцсан бөгөөд барилгын үйл явц огт өөрчлөгдөөгүй байсан. Барилгын инженер нь утсаар “Төвийн цэвэр усанд холбогдох байснаа больж худаг гаргахаар болсон”, “Барилга энэ ондоо багтаж ашиглалтад орж амжихгүй”, “2016 оны 1дүгээр улиралд ашиглалтад орохоор болсон”, “Хотхон бүрэн ашиглалтад ортлоо гадна тохижилтын ажил тоглоомын талбай зэрэг хийгдэхгүй” зэрэг мэдээлэл өгсөн.

Орон сууц болон автомашины зогсоолууд, гадаа тохижилт хийгдээгүй уг барилга хэзээ ашиглалтад орох нь тодорхой бус байна. Тиймээс “Ж.Э” ХХК-ийн орон сууц захиалгаар барих гэрээнээс татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч “Ж.Э” ХХК-ийн зүгээс төлбөр төлөх боломжгүй гэсэн хариу өгч барилгын ажлаа үргэлжлүүлсээр байна. Гэрээний хугацаа бүрэн дууссан, дуусаад нэг жил өнгөрсөн, цаашид ч хугацаа сунжрах нь илэрхий болсон тул гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн мөнгөө буцаан авахаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно. Гэрээний төлбөрт төлсөн 409.430.000 төгрөг болон учирсан хохирол 21.445.117 төгрөг нийт 430.875.117 төгрөгийг “Ж.Э” ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд талууд гэрээ байгуулан 109.000.000 төгрөг төлөх ёстой байсан. Тухайн гэрээгээ төлбөр хийхийн өмнө нь байгуулаад дараа нь мөнгө өгөхөөр тохиролцсон байдаг. 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 190.000.000 төгрөг төлөх ёстой байсан төлөөгүйн улмаас хохирсон гэж байна. "Ж.Э" ХХК-ийн захирал Аззаяа болон Гандигара нар 14 хоногийн дараа бүх мөнгөө өгнө гэж хоорондоо тохиролцсон байдаг. Тохиролцооны дагуу Гандигара төлбөрөө төлсөн боловч 2015 оны 04 дүгээр улиралд байр ашиглалтад ороогүйн дээр барилгын ажил зогсонги байдалтай болсон байсан.

Аззаяа захирал Гандигарагийн нөхөр болох Мөнхбаттай тохиролцоод төлбөрийнхөө оронд автомашин өгч болно гэсний үндсэн дээр тухайн автомашина өг хэмээн шахамдуулж авсан байдаг.

Гандигара нь Аззаяа захиралтай уулзан мөнгө төгрөг өнгөрлөө, манайх гэрээнээс татгалзъя гэсэн боловч гэрээгээ цуцалмааргүй байна танайд алданги тооцож, тавилга гарган өгнө гэж хугацаа хожсон байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэлээс 804.035 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бидний хувьд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас Иргэний хуулинд заасны дагуу татгалзах эрх нэхэмжлэгч талд байгаа учир гэрээнээс татгалзаж  өгсөн авснаа буцааж байна. Үүрэг гүйцэтгэгчийн үүргээ биелүүлээгүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг арилгуулах шаардлагатай тул 21.000.000 төгрөгийг алдангид гаргуулж нийт 430.875.117 төгрөгийг "Ж.Эз" ХХК-аас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Гандигарагийн байр 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад орох байсан бөгөөд хугацаа сунгасан нэмэлт гэрээ байгуулсан байдаг. Орон сууцны барилгын ажлын талаар бид Гандигарад тухай бүрд нь байнга мэдээлэл өгч байсан. Гандигара нь орон сууц бүхэлд нь ашиглалтад орсон хойно орон сууцаа хүлээн авна гэсэн. Бид анх 409.000.000 төгрөгийн захиалга авсан. Гэтэл Гандигара нь 21.000.000 орчим төгрөгийг нэмэлтээр нэхэмжилсэн байна. Манайхаас гэрээ цуцлаагүй урамшуулал болгон 8.000.000 төгрөг хасна гэсэн байгаа. Мөн нэмэлт гэрээ байгуулан уг нэмэлт гэрээгээр 0,1 хувиар тооцон буцаан олголт хийнэ гэсэн байдаг. Нэмэлт гэрээ байгуулсны дараа манайхаас байраа хүлээлгэн өгөх бодолтойгоор ажиллаж байхад хэд хоногийн дараа “Ж.Э” ХХК-г шүүхэд өгч гэрээгээ цуцлана гэсэн. Манай зүгээс ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгнө. Тиймээс гэрээгээ цуцлах боломжгүй юм. Хэрэв гэрээгээ цуцлах хүсэлтэй байгаа бол өмнө нь манайд ямар хэлбэрээр төлбөр тооцоо хийсэн яг тэр хэлбэрээр төлбөр тооцоо хийх хүсэлтэй байгаа. Төлбөрт дүүцүүлэн бодсон автомашин зэргийг адил байдлаар өгнө.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Г.Гандигара нь “Ж.Э” ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ хийсэн бөгөөд хугацаа сунгасан гэрээгээр орон сууцыг хүлээн авах хугацаа болоогүй байхад гэрээнээс татгалзаж төлсөн төлбөр болох мөнгөн дүн дээр учирсан хохирол гэх 21.000.000 гаран төгрөг нэмж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд манай зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Манай зүгээс алдангаа 0,5 хувиар бодсон бөгөөд 110.000.000 төгрөгийн дутагдалтайгаар дутуу төлсөн. Дахин 9 хоног хоцорч өгсөн байгаа. Бидний зүгээс алдангаа 02 дугаар сарын 01-ний хүртэл хугацаагаар тооцсон гэв. Гандигара нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 190.000.000 төгрөг төлөх ёстой байсан төлөөгүйн улмаас манай компани хохирол хүлээсэн. Гандигара болон бусад захиалагчид Монгол улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор мөнгөө хугацаандаа шилжүүлээгүй тул барилгын бараа бүтээгдэхүүн авах хугацаа хойшилж барилгын ажил удааширсан. Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, мөн гэрээний 4.1-т тус тус зааснаар Гандигараас 3.618.800 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талууд гэрээний 3.1.5-д тохирсон бөгөөд орон сууц ашиглалтад орох хүртэл алданги тооцохоор тохиролцсон байдаг. Нэмэлт гэрээ нь дээр алдангийн асуудлаар тохиролцсон ч захиалагч үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.4-т заасны дагуу татгалзах санал гаргаагүй тохиолдолд 204.5-д заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд татгалзана гэсэн байдаг. Гэтэл захиалагч үүргээ биелүүлээгүй байхад бид яагаад гэрээ цуцлах ёстой юм бэ? Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай зүгээс торгууль алданги бүх зүйлээ төлнө гэсэн байгаа. Хэрэв Гандигарагийн зүгээс мөнгөө бүрэн өгсөн бол бид гэрээ цуцлах боломжтой байсан. Мөн Гандигара нь өөр байр захиалсан гэх тул бид энэ талаар судална” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Г.Гандигара нь хариуцагч Ж.Э ХХК-д холбогдуулан 409.430.000 төгрөг болон учирсан хохиролд 21.445.117 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Э ХХК нь нэхэмжлэгч Г.Гандигарад холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны алдангид нийт 3.618.800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Г.Гандигара нь хариуцагч Ж.Э ХХК-тай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр GV/A4/2A дугаартай Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ, болон  2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн GV/A4/2A-01 дугаартай Орон сууцны барилга захиалгаар барих нэмэлт гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 409.430.000 төгрөг болон учирсан хохиролд 21.445.117 төгрөг гаргуулах гэж тодруулсан болно.

 

Нэхэмжлэгч Г.Гандигара нь хариуцагч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй тул ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 409.430.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс олох ёстой байсан орлого 21.455.117 төгрөг, нийт 430.875.117 төгрөгийг хариуцагчаас шаардаж нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Ж.Э ХХК нь гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр GV/A4/2A дугаартай Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Gerege Villa” орон сууцны А4 блок, 163 м.кв талбайтай, 201 тоотод байрлах орон сууцыг нэг м.кв-ыг 3.050.000 төгрөгөөр тооцож, нийт 497.150.000 төгрөг, мөн авто зогсоолыг 50.000.000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан бөгөөд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэв.

Түүнчлэн талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн GV/A4/2A-01 дугаартай “Орон сууцны барилга захиалгаар барих нэмэлт гэрээ” байгуулагдаж, Ж.Э ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон сууц ашиглалтад орох хүртэл үнийн дүнгийн 0.01 хувиар алданги тооцож захиалагчид төлөх, гэрээ цуцлаагүйн урамшуулалд 8.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.1-д зааснаар гүйцэтгэгч нь 1.2д заасан орон сууцыг нэг айлын зориулалтаар иж бүрэн чанар сайтай, биет байдлын доголдолгүй барьж 2015 оны 04 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ба нэмэлт гэрээнд талууд орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг тохиролцоогүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 409.430.000 төгрөг төлсөн, мөн захиалсан орон сууц нь 2017 оны 04 дүгээр сард ашиглалтад орно гэж хугацаа хэтрүүлсэн үйл баримт дээр маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар хариуцагч гэрээнд заасан хугацаанд нь орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тул гэрээний үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэрээнээс татгалзах саналыг хариуцагч Ж.Э ХХК-ийн хангамж хариуцсан захирал Н.Отгонжаргалд хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч гэрээний үүргээ зөрчиж, гэрээний хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 409.430.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Lexus 570 маркын JTJHY7AXXB4082883 арлын дугаартай автомашиныг 110.000.000 төгрөгт тооцож, харицагчид хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “уг автомашин Ж.Э ХХК-д биетээр байхгүй” гэх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т зааснаар  110.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Э ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс олох ёстой байсан орлогыг Худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн хүүгээр тооцож 21.455.117 төгрөг нь шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан зайлшгүй орох байсан орлогод хадгаламжийн хүүгээр тооцсон хохирол хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Ж.Э ХХК-иас 409.430.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гандигарад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21.455.117 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч “Ж.Э” ХХК нь нэхэмжлэгч Г.Гандигарад холбогдуулан гэрээгээр тогтоосон графикийн дагуу төлбөрийн төлөөгүй тул алданги 3.618.800  төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 804.035 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргаагүй, харин үлдэх 2.814.765 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Хариуцагч тал гэрээний үүргээ зөрчиж, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй атлаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож, нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй боловч нэхэмжлэгч тал 804.035 төгрөгийг зөвшөөрч байгаа тул зөвшөөрсөн хэмжээгээр буюу 804.035 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Э ХХК-иас 409.430.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гандигарад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21.455.117 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.Гандигараагаас 804.035 төгрөг гаргуулж, хариуцагч Ж.Э ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас  2.814.765 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.312.330 төгрөг болон хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжил урьдчилан төлсөн 72.860 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э ХХК-иас 2.205.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гандигараад олгож, нэхэмжлэгч Г.Гандигараагаас 23.847 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ж.Э ХХК-д олгосугай.

 

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ЭНХБАЯР