Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 913

 

Г.Гандигарагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00417 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Гандигарагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Жи Эс Проперти” ХХК-д холбогдох

 

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 430 875 117 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч  С.Ууганбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонго

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Гандигара нь 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Жи Эс Проперти” ХХК-тай GV/G4/2G тоот орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ байгуулсан билээ. Гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэгэ Вилла орон сууцны A4 блокт 163 м.кв талбай бүхий 201 тоотод байрлах орон сууц, автомашины зогсоолын хамт худалдан авахаар тохиролцсон. Г.Гандигара нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууц болон автомашины зогсоолуудын үнийг дараах байдлаар төлсөн байдаг. Үүнд: 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 109 430 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 190 000 000 төгрөгийг хариуцагч компанийн Голомт банкны дансаар тус тус шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Лексус 570 маркийн автомашиныг 110 000 000 төгрөгөөр үнэлж, гэрээний төлбөрт тооцуулан  хүлээлгэж өгсөн. Гэрээний 3.1.1-д Гүйцэтгэгч нь 1.2-д заасан гүйцэтгэгч нь орон сууцыг  барьж 2015 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл уг үүргээ биелүүлээгүй байна.

2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр автомашин хүлээлгэн өгөхдөө “Жи Эс Проперти” ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэж байсан н. Аззаяагаас барилгын үйл явцыг асуухад өвөл болоод барилгын ажил зогссон байна 2016 оны 3 дугаар сард хүлээлгэн өгнө гэсэн боловч биелүүлээгүй. 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр алданги тооцохоор  нэмэлт гэрээ байгуулсан юм. 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр барилгын үйл явцтай танилцахад  барилгын үйл явц огт өөрчлөгдөөгүй байсан. Барилгын инженер нь утсаар төвийн цэвэр усанд холбогдох байснаа больж худаг гаргахаар болсон, Барилга энэ ондоо багтаж ашиглалтад орж амжихгүй, 2016 оны 1 дүгээр улиралд ашиглалтад орохоор болсон, Хотхон бүрэн ашиглалтад ортлоо гадна тохижилтын ажил тоглоомын талбай зэрэг хийгдэхгүй зэрэг мэдээлэл өгсөн. Орон сууц болон автомашины зогсоолууд, гадаа тохижилт хийгдээгүй уг барилга хэзээ ашиглалтад орох нь тодорхой бус байна.

Тиймээс “Жи Эс Проперти” ХХК-ийн орон сууц захиалгаар барих гэрээнээс татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч “Жи Эс Проперти” ХХК-ийн зүгээс төлбөр төлөх боломжгүй гэсэн хариу өгч барилгын ажлаа үргэлжлүүлсээр байна. Гэрээний хугацаа  дуусаад нэг жил өнгөрсөн, цаашид ч хугацаа сунжрах нь илэрхий болсон тул гэрээнээс татгалзаж байна.

Гэрээний  үүрэгт төлсөн төлбөр 409 430 000 төгрөг, үүрэг гүйцэтгэгчийн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол, алдангид 21 000 000 төгрөгийг, нийт 430 875 117 төгрөгийг "Жи Эс Проперти" ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Гандигарагийн байр 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад орох байсан бөгөөд хугацаа сунгасан нэмэлт гэрээ байгуулсан байдаг. Орон сууцны барилгын ажлын талаар бид Г.Гандигарад тухай бүрд нь байнга мэдээлэл өгч байсан. Г.Гандигара нь орон сууц бүхэлд нь ашиглалтад орсон хойно орон сууцаа хүлээн авна гэсэн. Бид анх 409 000 000 төгрөгийн захиалга авсан. Гэтэл Г.Гандигара нь 21 000 000 орчим төгрөгийг нэмэлтээр нэхэмжилсэн байна. Манайхаас гэрээ цуцлаагүй урамшуулал болгон 8 000 000 төгрөг хасна гэсэн байгаа. Мөн нэмэлт гэрээ байгуулан уг нэмэлт гэрээгээр 0,1 хувиар тооцон буцаан олголт хийнэ гэсэн байдаг.       

Нэмэлт гэрээ байгуулсны дараа манайхаас байраа хүлээлгэн өгөх бодолтойгоор ажиллаж байхад хэд хоногийн дараа “Жи Эс Проперти” ХХК-г шүүхэд өгч гэрээгээ цуцална гэсэн. Манай зүгээс ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгнө. Тиймээс гэрээгээ цуцлах боломжгүй юм. Хэрэв гэрээгээ цуцлах хүсэлтэй байгаа бол өмнө нь манайд ямар хэлбэрээр төлбөр тооцоо хийсэн яг тэр хэлбэрээр төлбөр тооцоо хийх хүсэлтэй байгаа. Төлбөрт дүйцүүлэн бодсон автомашин зэргийг адил байдлаар өгнө. Талууд гэрээний 3.1.5-д тохирсон бөгөөд орон сууц ашиглалтад орох хүртэл алданги тооцохоор тохиролцсон байдаг. Нэмэлт гэрээ нь дээр алдангийн асуудлаар тохиролцсон ч захиалагч үүргээ биелүүлээгүй.

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.4 дэх хэсэгт заасны дагуу татгалзах санал гаргаагүй тохиолдолд 204 дүгээр зүйлийн 204.5 дахь хэсэгт заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд татгалзана гэсэн байдаг. Гэтэл захиалагч үүргээ биелүүлээгүй байхад бид яагаад гэрээ цуцлах ёстой юм бэ, тиймээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай зүгээс торгууль алданги бүх зүйлээ төлнө гэсэн байгаа. Хэрэв Г.Гандигарагийн зүгээс мөнгөө бүрэн өгсөн бол бид гэрээ цуцлах боломжтой байсан. Мөн Г.Гандигара нь өөр байр захиалсан гэх тул бид энэ талаар судална гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Гандигара нь “Жи Эс Проперти” ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ хийсэн бөгөөд хугацаа сунгасан гэрээгээр орон сууцыг хүлээн авах хугацаа болоогүй байхад гэрээнээс татгалзаж төлсөн төлбөр болох мөнгөн дүн дээр учирсан хохирол гэх 21 000 000 төгрөг нэмж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Манай зүгээс алдангаа 0,5 хувиар бодсон бөгөөд 110 000 000 төгрөгийн дутагдалтайгаар дутуу төлсөн. Дахин 9 хоног хоцорч төлбөр өгсөн  байгаа. Бидний зүгээс алдангаа 02 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаагаар тооцсон. Г. Гандигара нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 190 000.000 төгрөг төлөх ёстой байсан төлөөгүйн улмаас манай компани хохирол хүлээсэн. Г.Гандигара болон бусад захиалагчид Монгол улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор мөнгөө хугацаандаа шилжүүлээгүй тул барилгын бараа бүтээгдэхүүн авах хугацаа хойшилж барилгын ажил удааширсан.

Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, мөн гэрээний 4.1-т тус тус зааснаар Г.Гандигараас 3 618 800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан  тайлбартаа: Талууд гэрээ байгуулан 109 000 000 төгрөг төлөх ёстой байсан. Тухайн гэрээгээ төлбөр хийхийн өмнө нь байгуулаад дараа нь мөнгө өгөхөөр тохиролцсон байдаг. 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 190 000 000 төгрөг төлөх ёстой байсан төлөөгүйн улмаас хохирсон гэж байна. "Жи Эс Проперти" ХХК-ийн захирал н.Аззаяа болон Г.Гандигара нар 14 хоногийн дараа бүх мөнгөө өгнө гэж хоорондоо тохиролцсон байдаг. Тохиролцооны дагуу Г.Гандигара төлбөрөө төлсөн боловч 2015 оны 04 дүгээр улиралд байр ашиглалтад ороогүйн дээр барилгын ажил зогсонги байдалтай болсон байсан. Н.Аззаяа захирал Г.Гандигарагийн нөхөр болох н.Мөнхбаттай тохиролцоод төлбөрийнхөө оронд автомашин өгч болно гэсний үндсэн дээр тухайн автомашинаа өг хэмээн шахамдуулж авсан байдаг. Г.Гандигара нь н.Аззаяа захиралтай уулзан мөнгө төгрөг өнгөрлөө, манайх гэрээнээс татгалзъя гэсэн боловч гэрээгээ цуцалмааргүй байна танайд алданги тооцож, тавилга гарган өгнө гэж хугацаа хожсон байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэлээс 804 035 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч Жи Эс проперти ХХК-иас 409 430 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гандигарад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21 455 117 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.Гандигараагаас 804 035 төгрөг гаргуулж, хариуцагч “Жи Эс проперти” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 814 765 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 312 330 төгрөг болон хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72 860 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жи Эс проперти ХХК-иас 2 205 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гандигараад олгож, нэхэмжлэгч Г.Гандигараагаас 23 847 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Жи Эс Проперти” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иргэн Г.Гандигара нь гэрээний үүргээ анхнаасаа дангаараа зөрчиж Орон сууцны барилгыг захиалгаар барих №GV/A4/2A дугаар гэрээнд заасны дагуу 2015.11.12-ны өдрийн байдлаар төлөх байсан төлбөрөөс 83 032 000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа нь түүний захиалж бариулсан орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулах нөхцөлгүй болгож байна. Г.Гандигарагийн захиалсан 5 өрөө орон сууцанд түүний өгсөн гэж тооцож буй 409 403 000 төгрөгийг бүрэн оруулсан. Компаниас нэмж 33 788 500 төгрөгийг оруулж одоо уг байрны гүйцэтгэл 90%-тай байна. Гэтэл нэхэмжлэгч гэрээний үүргээ өөрөө зөрчсөн байж гэрээнээс татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүх Г.Гандигараг гэрээний үүргээ биелүүлээгүйг тогтоож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ч хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм. Г.Гандигара гэрээний үүргээ зөрчсөн тул хариуцагч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулах боломжгүй болсон нь нотлогдож байгаа тул түүний гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүйг дахин давтан хэлье. Тэрээр гэрээнээс татгалзах болсон үндэслэлээ "өөр байр захиалсан" гэж тайлбарласан. Тэрээр гэрээнээс татгалзах гол шалтгаанаа ингэж тайлбарлаж нотолсон тул энэ нь түүний зүгээс бусдын өмнө хүлээсэн үүргээсээ татгалзах хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Гандигара нь хариуцагч “Жи Эс Проперти” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 409 430 000 төгрөг, хохиролд 21 445 117 төгрөг нийт 430 875 117 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, алдангид 3 618 800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ” байгуулагдсан, ба хариуцагч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэгэ Вилла орон сууцны А4 блок, 163 м.кв талбайтай, 201 тоот 5 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч орон сууцны үнэд 1 м.кв-ыг 3 050 000 төгрөгөөр тооцож, нийт 497 150 000 төгрөг, 2 авто зогсоолыг үнэд 50 000 000 төгрөгийг хариуцагчид төлөх үүргийг хүлээсэн, нэхэмжлэгч орон сууцны  төлбөрт 409 430 000 төгрөгийг хариуцагчид төлсөн, хариуцагч орон сууцыг 2015 оны 04 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэмэлт гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр хариуцагчийн  алданги төлөх хугацааны талаар тохирсон үйл баримтын талаар маргаангүй байна. 

 

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Хариуцагч нь орон сууц барилгыг захиалгаар барих гэрээний 3.1.1-т хэсэгт зааснаар орон сууцыг барьж 2015 оны 04 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Захиалагч Г.Гандигара нь гэрээний 2.4-т заасан төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн болон уг зөрчлөөс шалтгаалж орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй тул уг тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.  

 

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул тэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгт төлсөн 409 430 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй тул анхан шатны шүүх уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь зөв болно.

 

Анхан шатны шүүх 21 445 117 төгрөгийг хохиролд тооцож гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохиролд хадгаламжийн хүүгийн хэмжээгээр хохирол тооцохгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан 3 618 800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 804 035 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар алданги шаардах эрхээ алдах тул холбогдох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.205.100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА 

                         

                                          ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                 

                                                                                    

                                                                                                  Б.НАРМАНДАХ                                                                                                                     

 

.

.