Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01153

 

Б.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00284 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 782 дугаар магадлалтай,

Б.Гын нэхэмжлэлтэй

“Т Б”ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 15 329 825 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлангийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Мөнхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Х.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч “Т Б”ХХК-ийн зээл хариуцсан харилцааны менежерээр ажиллаж байгаад хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1425 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн. Намайг гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1717 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилсон боловч ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг дутуу олгохоор тусгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Иймд 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 15 329 825 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т Б”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Н.Батгэрэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Гыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Т Б”ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1717 тоот тушаалаар ажилд томилсон боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, өөрөө ажлаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан учир 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/1766 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т Ажилгүй гэж Төрийн албаны тухай хуульд заасан улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаагүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, контракт, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах гэрээгээр ажил гүйцэтгээгүй, хувиараа ажил, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно гэж заасан. Б.Г нь 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 12 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тухай Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа хэрэгт авагдсан байна. Мөн Чингис Хаан банк ХХК-д ажиллаж цалин авсан байна. Өөрөөр хэлбэл эрх нь зөрчигдсөн энэ хугацаанд ажил, орлоготой байсан байна. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн боловч ажилтан ажилдаа нэг ч өдөр явалгүй, өөрийн хүсэлтээр ажлаас гарч, Чингис хаан банк ХХК-д үргэлжлүүлэн ажилласан болно. Ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгч хохироогүй, харин ч “Т Б”ХХК-иас өөр байгууллагад ажиллаж байсан хугацааныхаа цалинг авах гэсэн хүсэл зоригтой байсныг анхаарч үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00284 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т Б”ХХК-иас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14 891 830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Год олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 437 995 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “Т Б”ХХК-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т Б”ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 232 859 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Год олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 782 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 182/ШШ2018/00284 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Т Б”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 859 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Нэхэмжлэгч Б.Г нь ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаанд Чингис хаан банкинд ажиллаж байсан болох нь тогтоогдсон байхад ажилгүй байсан хугацааны олговрыг давхардуулан гаргасан” гэсэн үндэслэл зааж байгаа боловч шүүхийн шийдвэр биелүүлэх хуртэлх хугацаанд нэхэмжлэгч өөр байгууллагад ажиллах цалин хөлс авч байсан нь хууль бус шийдвэр гаргасан ажил олгогчийг уг хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэжээ. Мөн нэхэмжлэгч Б.Г нь тухайн шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан гэж тогтоосон хугацаанд “Чингис хаан” банкинд ажиллаж байсан тогтоогдсон байхад шүүх бүрэлдэхүүнд нэхэмжлэгчийг огт ажил хийгээгүй, ажилгүй байсан мэтээр үзэж шийдвэр, магадлал гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 /...хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно/ дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг Улсын дээд шүүхээс тогтоолоор тайлбарласан албан ёсны тайлбар байдаггүй, энэхүү заалтыг нэг мөр ойлгох ойлголт байдаггүйгээс тухайн заалтыг буруу хэрэглэж хэргийн оролцогч нэг талд давуу байдал олгож шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 /...хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно/ дэх заалт нь хэрвээ ажилгүй байсан бол ажилгүй байсан хугацаанд цалин олгох, өөр ажил эрхэлдэг бөгөөд тухайн ажилдаа өмнө авч байсан цалингаас бага цалинтай байсан бол зөрүүг нь олгох тухай шууд заасан хуулийн заалт юм. Ажил хөдөлмөр эрхлэхгүй байх гэдэг ойлголт нь хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй адилтгах гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон хувиараа ажил хөдөлмөр эрхлэхгүй байхыг ойлгодог байхад нэхэмжлэгч Б.Г нь “Чингис хаан” банкинд ажиллаж цалин авдаг байсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогч нэг тал болох нэхэмжлэгч талд давуу байдал үүсгэн хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагчийн зүгээс шүүх бүрэлдэхүүн Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэр болон Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож Б.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч “Т Б”ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 15 329 825 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч нь өөр байгууллагад ажиллаж байсан тул түүнд нөхөн олговор олгохгүй, шүүхийн шийдвэрээр цалингаа авсан...” гэсэн үндэслэлээр маргажээ.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааг шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар тодорхойлжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00576 дугаар шийдвэрээр Б.Гыг “Т Б”ХХК-ийн зээл хариуцсан харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 095 555 төгрөгийг хариуцагч “Т Б”ХХК-аас гаргуулан Б.Год олгосон, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Ажил олгогч “Т Б”ХХК нь дээрх шийдвэрийг биелүүлж 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1717 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Гыг байгууллагын банкны газрын харьяа зээлийн хэлтэст, байгууллагын зээл хариуцсан харилцааны менежерийн ажилд томилжээ. /хх-ийн 5 тал/ Нэхэмжлэгч Б.Г ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул хариуцагч “Т Б”ХХК-ийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/1766 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 48-49 тал/

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Гыг хууль бусаар ажлаас халсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, шүүхийн шийдвэрийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр биелүүлж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон байх тул дээрх хугацааны нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хууль зүйн үндэслэлийн талаар шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, зохих дүгнэлтийг хийжээ.

Ажилгүй байх хугацаанд ажилтан өөр ажил, хөдөлмөр эрхэлсэн нь хууль бус шийдвэр гаргасан ажил олгогчийг нөхөн олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэл болохыг хуулиар зөвшөөрөөгүй тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3-т заасан “ажилгүй иргэн”, “ажилгүй” гэх ойлголт нь хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэрээний талуудын хооронд үүссэн маргаан, гэрээг цуцалснаас ажил үүргээ гүйцэтгээгүй ажилтанд хамаарахгүй тул уг хуулийг хэрэглээгүй гэх хариуцагчийн гомдол мөн үндэслэлгүй байв.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар  сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00284 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 782 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 859 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                        ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА