Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 33

 

 

  

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Д,

Хариуцагч: Х сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Х сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Х сумын 2 дугаар багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, хариуцагч С.Э, гэрч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ганжуур нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, Л.Дийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь Х сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанд багийн Засаг даргаар нэр дэвшигдэн сонгогдож улмаар сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар тус багийн Засаг даргаар томилогдсон.

Гэтэл сумын Засаг даргын зүгээс 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад хандан “2 дугаар багийн Засаг дарга Л.Д-тэй хамтран ажиллах боломжгүй тул хамтран ажиллах гэрээг цуцалж байгааг мэдэгдэж байна. Иймд уг асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн Л.Д-ийг ажлаас чөлөөлж, дараагийн Засаг даргыг томилуулах саналаа ирүүлнэ үү” гэх утга бүхий 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 05/443 тоот албан бичгийг хүргүүлсэн байсан.

Мөн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хийсэн сумын Тамгын газрын ажилчдын хурал дээр Засаг дарга С.Э нь “Э багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад 07 сарын 18-ны өдөр албан бичиг хүргүүлсэн боловч хуульд заасан хугацаанд буюу 15 хоногийн дотор хариу ирүүлээгүй тул уг албан бичгийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзээд өнөөдрөөс Л.Дийг захирамжаар ажлаас халж байгаа” гэж хэлж байсан.

Гэтэл сумын Засаг дарга нь намайг ажлаас халах эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд би “Э” багийн иргэдийн Нийтийн Хурлаар нэр дэвшигдэн сонгогдсон тул хэрэв намайг ажлаас халах бол заавал багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх ёстой байсан.

Мөн сумын Засаг даргын гаргасан 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 05/443 тоот албан бичгийг багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.Б нь 08 дугаар сарын 01-ний өдөр сумын ЗДТГ-ын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Н-ээс албан ёсоор гардан авсан байдаг.

Энэхүү албан бичгийн хүрээнд миний асуудлыг хэлэлцэхээр багийн иргэдийн Нийтийн Хурал 08 дугаар сарын 04-ний өдөр хуралдсан боловч хуралдаанд 56 өрхийн 56 иргэн ирсэн байсан. Гэтэл тус баг нь нийт 124 өрхтэй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11-д “Багийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэх тохиолдолд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно” гэж заасны дагуу 62 өрхийн төлөөлөл оролцож байж хурлын ирц бүрдэх байсан. Гэтэл сумын Засаг дарга С.Э нь миний хүргүүлсэн албан бичгийн талаар та нар хэлэлцэх ёстой. Энэ бичгийг хэлэлцэхэд 4 өрх тутмаас 1 хүн ирсэн байхад ирц бүрдэнэ гэж дайрч давшилсаар иргэдийн толгойг янз бүрээр эргүүлж байгаад сумын Засаг даргын захирамж нь зөв, буруу эсэх дээр санал хураалт явуулсан байсан нь багийн иргэдийн Нийтийн Хурлын тухайн өдрийн хурлын тэмдэглэлээс харагддаг. Гэхдээ энэ асуудлаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас ямар нэгэн тогтоол, шийдвэр гараагүй юм билээ.

Миний бие нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр толгойдоо гэмтэл авсны улмаас 08 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл эмнэлгийн магадлагаатай байсан учир 08 дугаар сарын 04-ний өдөр тухайн Хуралд өөрийн биөэр очиж чадаагүй бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.Б над дээр ирж “08 дугаар сарын 08-ны өдөр сумын төв дээр хурал зарласан. Чиний асуудлыг хэлэлцэх учир хэрвээ чи өөрөө чөлөөлөгдье гэж байгаа бол багийн сангийн тайлангаа тавиад, өргөдлөө өгөөд хурлын тогтоолоор чөлөөлөгдвөл дараагийн Засаг даргыг сонгох асуудал яригдана. Сумын Засаг дарга захирамж гаргаад чамайг халсан гээд хурал дээр яриад байх юм. Захирамжийг нь үзье гэж хэлж байсан.

Тухайн үед намайг халсан захирамж гаргаагүй байсан бөгөөд сумын Засаг дарга нь намайг ажил дээр ирэх шаардлагагүй, битгий очоорой гэсэн учир багийн иргэдээ хохироохгүйн тулд бичиг баримтаа гэртээ авчраад тодорхойлолт гаргах, ноосны падаан дээр гарын үсэг зурах, малын тавин өгөх зэрэг ажлыг хийж байсан.

Ингээд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагаас зарласан багийн хурлаар  миний талаар хэлэлцэх нь гэж бодож холбогдох тайлан мэдээгээ бэлтгээд очиход хурал хуралдах байргүй байсан учир сургуулийн няравтай ярьж нэг ангид хуралдахаар болсон. Мөн ирц бүрдээгүй байсан учир сумын төв дээр байгаа болон ойр орчмоос ирэх боломжтой иргэдийг утсаар дуудан авчирч ирцийг бүрдүүлсэн. Ингээд 15 цагт хурал эхэлж, 1-рт багийн Засаг даргыг чөлөөлөх эсэх асуудал, багийн сангийн тайлан, 2-рт багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байтал гаднаас сумын Засаг дарга С.Э орж ирэн Л.Дийн талаарх асуудлыг хэлэлцэхгүй. Л.Дийн асуудлыг 08 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцээд шийдсэн. Энэ хүнийг халсан захирамж гарсан байгаа. Одоо шинэ багийн Засаг даргыг сонгох асуудал л яригдана. Хэрвээ та нарыг Л.Дийн талаар хэлэлцэж, шинэ багийн Засаг даргаа сонгохгүй бол танай багийн иргэдийн ноосны падаан дээр дарсан багийн Засаг даргын тамгыг хүчингүй болгоно. Та нар ноосны урамшуулал авахгүй хохирно шүү гэх мэтээр иргэдийг сэтгэл зүйгээр нь дарамталсаар багийн Засаг даргыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцүүлээгүй.

Миний хувьд багийн Засаг даргын үүрэгт ажлаа цаг хугацаанд нь хийж байсан төдийгүй хугацаа хоцруулж өгч байсан тайлан мэдээ байхгүй, багийн иргэдийнхээ эрх ашгийн төлөө явж төрийн албыг цалгардуулж байсан удаагүй. Харин Засаг даргын болон бусад удирдлагын хууль бус шаардлагыг эсэргүүцэн, хэлэх зүйлээ тухай бүрд нь хэлээд явдаг байсан.

Сумын Засаг дарга нь намайг батламж гэрээг зөрчсөн гэсэн асуудлыг тавьдаг. Гэтэл би гэрээг зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй бөгөөд тухайлбал:

2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үдээс хойш 14 цаг өнгөрөөгөөд Төрийн банкинд ортол олон үйлчлүүлэгчтэй байсан. Гэтэл Төрийн банкны дарга /сумын Засаг даргын эхнэр/ нь хүмүүсийнхээ суудал дээр сууж байсан тул “энд олон хүмүүс байна, баяр наадам болох гээд олон хоногоор амрах гээд байхад гүйлгээ хийхгүй суугаад байх юм. Дээд шатны байгууллагынхаа утсыг өгчих” гэж хэлж маргалдсан болно.

Мөн намайг сумын баяр наадмын бөхийн ажлын хэсэгт оруулсан байсан бөгөөд 128 бөх барилдуулах асуудлаас болж 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Баяр наадмын хурал дээр сумын Засаг даргатай маргалдсан. Тухайн үед намайг архи уусан гэдэг боловч би архи уугаагүй байсан. Миний хувьд хариуцагчийн хэлсэнчлэн ажлын цагаар архидан согтуурсан болон удаа дараа ажил тасалсан асуудал огт байхгүй бөгөөд хурал, цуглаан дээр чанга дуугаар ярьдаг байсан учраас намайг согтуу байна гэж ойлгодог.

Мөн сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед би хөдөөгийн багийн постод гарсан бөгөөд тухайн үед намайг шөнийн цагаар согтуугаар штабын дарга руу залгаж нэгж авсан, тэмээ устгахаар 2 хоног явахдаа архи уусан гэсэн байдаг. Гэтэл тухайн үеүдэд архи огт уугаагүй байсан.

Б.Түмэнжаргал, Б.А нартай 2017 оны жилийн эцсийн малын тооллогын ажлыг зохион байгуулахаар хөдөө явсан. Гэтэл тэр хоёр сум руугаа буцаж явах гэж яараад байсан тул малыг нүдээр үзэж тоолох ёстой, амаар тоо авч болохгүй, бүх айлуудаар орж байж тоогоо гаргана гэж хэлээд Б.Түмэнжаргал, Б.А нарт шаардлага тавихын зэрэгцээ хэл амаар доромжилсон нь үнэн. Мөн зарим айлаас архи нэхэж уусан нь үнэн болно. Мөн миний хувьд Хөвсгөл сумын айлд очиж агсам согтуу тавьсан зүйл байхгүй. Хоёр сумын малчдын хооронд газрын маргаан гарсан тул уг асуудлыг зохицуулахаар л очсон.

Ажил тасалсан гэх зөрчлийн тухайд: Багийн Засаг дарга нь хөдөөгийн иргэдтэйгээ ажилладаг болохоор байнга цаг бүртгүүлж, албан өрөөндөө суугаад байх боломжгүй байдаг. Сумын баяр наадмаар 128 бөх барилдуулах болсонтой холбоотойгоор багаас 20 бөх гаргахаар болсон тул 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд бөхөө бүрдүүлэхээр хөдөө явсан байсан.

Намайг ажлаас халах тухай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд  тухайн захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дахь заалтыг баримталсан боловч багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.Б нь сумын Засаг даргын албан бичгийг 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн аваад 08 дугаар сарын 04-ний өдөр хурлаар хэлэлцүүлэх байсан боловч ирц бүрдээгүй учир 08 дугаар сарын 08-ны өдөр дахин хурал зарлаж хэлэлцүүлэхээр болсон гэх хариуг 2018 оны сарын 06-ны өдөр сумын Засаг даргад албан бичгээр хүргүүлсэн байхад 08 дугаар сарын 07-ны өдөр захирамж гаргасан нь иргэдийн Нийтийн Хурлыг үл хүндэтгэсэн хууль зөрчсөн үйлдэл байх тул дээрх захирамжийг хууль тогтоомжид нийцээгүй захирамж гэж үзэж байна.

Иймээс Х сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “Л.Дийг ажлаас халах тухай” Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж өгнө үү гэв.

   ХариуцагчХ сумын Засаг даргын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус сумын Засаг дарга миний бие нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б/15 дугаар захирамж гаргаж Л.Дийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Л.Д нь сумын Засаг даргын захирамжаар 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр томилогдон, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хамтран ажиллах Батламж гэрээ болон Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг тус тус харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрч байгуулан “Э” багийн Засаг даргын албан үүргээ хэрэгжүүлж эхлүүлсэн байдаг.

Л.Д нь Батламж гэрээний 6 дугаар хэсэгт заасныг зөрчиж, ажлын цагаар архидан согтуурсан, төрийн албаны ёс зүйн зарчим баримтлаагүй, ажлын байранд зүй бус авирлаж, ёс зүйн зөрчил, ёс суртахууны доголдол гаргасан тул түүнийг ажлаас огцруулах саналыг багийн иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлсэн боловч хуульд заасан хугацааны дотор албан бичгийн хариу өгөөгүй тул уг албан бичгийг хүлээн зөвшөөрсөнд тооцсон гэж үзэж Л.Дийг ажлаас халах тухай захирамжаа гаргасан.

Л.Дийн зүгээс түүнийг ажлаас халах асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлээгүй, сумын Засаг дарга иргэдийг дарамталж, тулгаснаар санал хураалт явуулсан гэдэг. Гэтэл Л.Дийг огцруулах асуудлыг хэлэлцэхээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2 удаа хуралдсан байдаг бөгөөд эхний буюу 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанд ирц хүрээгүй хэдий ч багийн Засаг даргын халах нь зөв эсэхэд санал хураалт явуулсан байдаг. Хоёрдахь удаагийн буюу 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар ирц бүрдэж, дараагийн багийн Засаг даргыг нэр дэвшүүлж, сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг бөгөөд тухайн хуралдааны хувьд миний зүгээс иргэдийг тулган шаардсан асуудал байхгүй ба Л.Дийг ажлаас халах захирамжийг гаргахдаа дээрх 2 хуралдаанаас гарсан шийдвэрийг үндэслээгүй болно.

Л.Дийн гаргасан зөрчлүүдийн тухайд: 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор багт тойролтоор явж байх хугацаандаа хөдөө архи ууж хамт ажлын хэсэгт явсан төрийн албан хаагчдыг мэдлэг байхгүй хэмээн хэл амаар доромжилсон байдаг. Энэ байдлыг ажлын хэсэгт хамт ажилласан Тамгын газрын мэргэжилтэн Б.А, Б.Түмэнжаргал нар нь ЗДТГ-ын даргад мэдэгдэж, дахин Л.Дтэй хамт тойролтоор явмааргүй байна гэх гомдлыг амаар гаргасан байдаг. Энэ байдлыг байгууллагын хамт олны хурал дээр ярилцан, өөрт нь сануулж байсан удаатай юм.

Мөн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Сумын засаг даргын зөвлөлийн хурал дээр багийн Засаг дарга нарыг дуудан оролцуулахад Л.Д нь согтуу ирж, зөрүү, буруу ярьснаар сумын ИТХ-ын даргын өрөөнөөс хөөгдөн гарч байсан.

2017 оны хавар баг руу тойролтоор ажиллахаар явахдаа Хөвсгөл сумын малчин Б.Батжаргалынд согтуу очиж, агсам согтуу тавьж Хөвсгөл сумынх нь нутаг дэвсгэр дээрээс хөөж туун танхайрсан байдаг. Энэ талаар Хөвсгөл сумын Засаг дарга нь тухайн үед утсаар гомдол мэдүүлж байсныг өөрт нь хэлж сануулж сум орон нутгийн нэр хүнд болоод төрийн албан хаагчийн нэр хүндийг унгаж байгаа талаар удаа дараа сануулж байсан.

Л.Дийн архи ууж танхайрах болон төрийн албан хаагчийн ёс зүйгүй байдал нь улам даамжирч 2018 оны 02 дугаар сард сумын Тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн Б.Түмэнжаргал ажлын шаардлага тавьсны төлөө ажлын байран дээр түүний биед нь халдан танхайрсан тул 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/03 дугаар захирамжаар түүнд сахилгын арга хэмжээ авч сануулсан.

2018 оны 03 дугаар сард тус сумын Э багийн малчин өрхөд малын гоц халдварт шүлхий өвчин гарч тус бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоон, сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажилласан бөгөөд Л.Дийг хээрийн хяналтын постонд гаргахаар томилон явуулахад тус постон дээрээ архидан согтуурч төв штабын байранд ажиллаж байсан жижүүр болон ЗДТГ-ын дарга руу утсаар ёс бус харьцаж, ёс зүйгүй авирлаж хариуцлага алдсан байдаг.

Мөн устгалын комиссын бүрэлдэхүүнд томилогдон, хөдөө очиж устгал хийж байх явцдаа архидан согтуурч ажил цалгардуулсныг сумын онцгой комиссын хурал дээр сануулж хэлсэн.

Удаа дараагийн ажлын байран дээрээ болон ажлаа гүйцэтгэж явахдаа архидан согтуурч байсныг нь сануулж хамт олны өмнө шүүмжилж байснаас улбаалан сумын Засаг дарга надад өшөөрхөж 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай эхнэр У.Алтанзаяагийн ажлын байр болох тус суман дахь Төрийн банкны байранд согтуугаар үйлчлүүлэхээр очиж ажлаа хэвийн үргэлжлүүлж байсан эхнэр У.Аптанзаяаг хэл амаар доромжлон сэтгэл зүйн дарамтанд оруулсан байдаг. У.Алтанзаяа нь Э багийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Дийн талаар сумын цагдаагийн тасагт гомдол гаргасан бөгөөд энэ асуудал шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа болно. Энэ нь Батламж гэрээний 6 дугаар хэсэгт заасан ажлын цагаар архидан согтуурсан, ёс суртахууны доголдол гаргасан гэх зөрчилд хамаарч байгаа.

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын өргөтгөсөн хурал дээр Л.Д нь мөн ажлын цагаар архи ууж согтуу оролцож, зөрүү, буруу ярьж зориуд комиссын хуралдааныг үймүүлсэн тул хурлыг орхиж гар гэсэн шаардлага тавихад сумын Засаг дарга миний өөдөөс хэл амаар доромжилж хаалга саван гарч явсан бөгөөд сумын баяр наадам зохион байгуулах үйл ажиллагаанд огт оролцолгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, чиглэлийг хэрэгжүүлэлгүй ажил тасалсан. Л.Дийн энэхүү байдал нь удирдлагаа үл хүндэтгэн, ажлын цагаар удаа дараа архи ууж танхайрсан, төрийн албан хаагчийн ёс зүйгүй явдал нь цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэхэд хүргэсэн.

Л.Д нь ажлын цагаар архидан согтуурсан, ажил тасалж, төрийн албаны захирах захирагдах ёсны зарчмыг баримтлаагүй, ажлын байран дээр зүй бус авирлаж, ёс зүйн зөрчил гаргасан нь Батламж гэрээний 6 дугаар хэсэгт заасан сумын Засаг дарга болон түүний Тамгын газраас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, ажлын цагаар архидан согтуурсан, ёс суртахууны доголдол гаргасан гэх зөрчилд хамаарч байгаа.

Сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 05/443 тоот “... багийн Иргэдийн Нийтийн Хуралд нь төрийн албан хаагчийн ёс зүйгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажлын цагаар архи ууж танхайрсан явдлыг хамтран ажиллах Батламж гэрээний 6 дугаар заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж цаашид Л.Дтэй хамтран ажиллах боломжгүй тул Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх заалтын хэрэгжилтийг хангаж хариу ирүүлнэ үү” гэх утга бүхий албан бичгийг багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.Бд хүргүүлсэн бөгөөд албан бичиг гарсан даруйд нь Засаг даргын Тамгын газрын Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Н, Э багийн ИНХ-ын дарга Ч.Бд утсаар дуулгаж албан тоотыг уншиж танилцуулан мэдэгдсэн байдаг.  Э багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.Б нь сумын төвөөс 50 км-т алслагдсан хөдөө амьдардаг тул шууд хүргэх боломжгүй учир урьдчилан утсаар дуулгахад албан бичгийг ойлгосон тул хүлээн авсанд тооц гэж хэлсэн байдаг. 

Албан бичиг гарснаас хойш Э багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.Б нь сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх 2 өдрийн хугацаанд буюу 2018 оны 07 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд сумын төв дээр ирсэн боловч зориуд албан бичгийг авалгүй байсаар хугацааг дуусгасан байдаг бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 32 дугаар зүйлийн 32.4-т заасан хугацаанд Э багийн Иргэдийн Нийтийн Хурлаас хариу ирүүлээгүй тул уг албан бичгийг хүлээн зөвшөөрсөнд тооцсон.

Л.Д нь багийн иргэдийн Нийтийн Хурал болон багийн иргэдээ үл хүндэтгэж тус хуралдаанд оролцоогүй нь мөн түүний ажлын цагаар архи ууж танхайрсан нь төрийн албаны ёс зүйгүй гэдгээ нотолсон хариуцлагагүй явдал юм. Иймд дээрх байдлуудыг харгалзан Л.Дийг 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар ажлаас халсан.

Мөн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Э” багийн иргэдийн Нийтийн Хурлын 04 дүгээр тогтоолоор Д.Аг багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан байдаг бөгөөд тус Хурлаас энэхүү тогтоолыг ирүүлсэн байдал нь мөн сумын Засаг даргын 2018 оны 07 сарын 18-ны өдрийн 05/443 тоот албан бичгийг хүлээн зөвшөөрсөнд тооцсон гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Л.Дийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт: Миний бие 2018 оны 07 дугаар сард төрсөн нутагтаа шилжин ирээд эрхэлсэн тодорхой ажилгүй байж байтал мөн оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Э” багийн иргэдээс багийн дарга болох хүсэлт ирсний дагуу тус багийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдөж иргэдийн Нийтийн Хурлаас олонхийн санал авсан бөгөөд уг санал хураалтын дүнг сумын Засаг даргад өргөн барьж улмаар Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн бичиг ирснээр 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс “Э” багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Х сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар[1], Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны А/02 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын дотоод журам”-ын 9.1 дэх заалтыг тус тус үндэслэл болгон “Сумын Засаг даргатай байгуулсан батламж гэрээний 6 дахь заалтыг удаа дараа зөрчиж ажлын цагаар архидан согтуурч, ажил тасалж, төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлалгүй ажлын байранд зүй бус авирлаж ёс зүйн зөрчил гаргасан” гэх үндэслэлээр тус сумын 2 дугаар багийн Засаг дарга Л.Дийг мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халжээ.

            Нэхэмжлэгчээс дээрх захиргааны актыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар  маргаж буй үндэслэлээ “...багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг авалгүйгээр...багийн Засаг даргын албан тушаалаас халсан нь хууль бус” гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг “...саналаа багийн иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлсэн боловч хуульд заасан 15 хоногийн хугацаанд хариу ирүүлээгүй тул саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж...захирамжийг гаргасан нь үндэслэлтэй” хэмээн тайлбарлаж байна.

            ХариуцагчХ сумын Засаг дарга, тус сумын “Э” /2 дугаар баг/ багийн Засаг дарга Л.Дийг “ажлын цагаар архидан согтуурч, удирдлага болон хамт олонтой удаа дараа ёс зүйгүй авирлаж ам хэлээр доромжлон ажил таслан өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй ажилдаа хариуцлагагүй хандаж...төрийн албыг цалгардуулж сумын Засаг даргатай байгуулсан “Батламж” гэрээний холбогдох заалтыг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр түүнтэй цаашид хамтран ажиллах боломжгүй байгаагаа мэдэгдэж улмаар уг асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн ажлаас чөлөөлж, дараагийн багийн Засаг даргыг томилуулах саналаа ирүүлнэ үү” гэсэн агуулга бүхий 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 05/448 тоот албан бичгийг[2] “Э” багийн иргэдийн Нийтийн Хурал /цаашид БИНХ гэх/-д хүргүүлсэн, ингэхдээ сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Номин-Эрдэнэ тухайн өдөр нь БИНХ-ын дарга н.Баяраатай утсаар холбогдож уг албан бичгийн агуулгын талаар танилцуулж улмаар 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр түүнд гардуулан өгснөөр тус БИНХ-ыг 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зарлан  хуралдуулсан, гэвч уг хуралдаанд 56 өрхийн төлөөлөл буюу тухайн багийн нийт 124 өрхийн 45 хувийн төлөөлөл хүрэлцэн ирсэн[3] нь тухайн асуудал /багийн Засаг даргыг огцруулах эсэх/-ыг хэлэлцэхэд шаардагдах ирцэд хүрээгүйн улмаас уг асуудлыг хэлэлцэх боломжгүй болж улмаар БИНХ-ыг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дахин хуралдуулахаар товлон энэ тухайг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 01 тоот албан бичгээр[4] сумын Засаг даргад мэдэгдсэн байна.

            Гэвч хариуцагч сумын Засаг дарга нь, БИНХ-ын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааныг буюу багийн Засаг дарга Л.Дийг огцруулах эсэх асуудлыг тус хуралдаанаар хэлэлцэж холбогдох хариуг ирүүлэхийг хүлээлгүйгээр 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр, нэхэмжлэгчийг 2 дугаар багийн Засаг даргын үүрэгт ажлаас халах тухай Б/15 дугаар захирамжийг гаргасан байх бөгөөд улмаар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан БИНХ-аар сумын Засаг даргын саналыг буюу Л.Дийг багийн Засаг даргаас огцруулах эсэх асуудлыг огт хэлэлцээгүй[5], харин шинээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шууд хэлэлцэн иргэн Д.Аг тус багийн Засаг даргаар томилуулахаар холбогдох тогтоолыг[6] дээд шатны Засаг даргад уламжилсан үйл баримт тогтоогдож байх ба хариуцагчийн зүгээс энэхүү үйл баримтыг “Л.Дийг огцруулахыг тухайн БИНХ-аас зөвшөөрсөн” гэж үзэх нэг үндэслэл болж байгаа хэмээн тайлбарлаж байгаа ч уг үйл баримтын тухайд маргаан бүхий захиргааны актыг гарснаас хойш болсон асуудал тул хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч Л.Д нь төрийн улс төрийн албан тушаал болох багийн Засаг даргын ажил, албан тушаалыг эрхэлж байсны хувьд түүнийг огцруулах /халах/-тай холбоотой асуудал нь тухайн албан тушаалтны эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар  зохицуулагдах ба тухайлбал, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар “тус хуулийн 32.2-т заасан үндэслэл, журмаар огцруулах”-аар байна.

            Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэх үндэслэлүүдээр багийн Засаг даргыг огцруулах бөгөөд ингэхдээ мөн зүйлд зааснаар Хурлын хувьд огцруулах тухай саналыг дээд шатны Засаг даргад  хүргүүлэх, харин тухайн маргааны хувьд 32.4-т зааснаар дээд шатны Засаг дарга, огцруулах саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэн санал хураалт явуулж хариу өгөх журмаар тухайн асуудлыг шийдвэрлэхээр зохицуулжээ.

            Хариуцагч сумын Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актдаа дээр дурдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.4, 32.2 дахь хэсгүүдийг тус тус үндэслэл болгосон байх боловч бодит байдал дээр уг журмыг хэрэгжүүлээгүй буюу тухайн БИНХ-аас холбогдох хариуг нь авалгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан байх бөгөөд тэрээр энэхүү журмыг хэрэгжүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Хурал хуульд заасан 15 хоногийн хугацаанд хариу ирүүлээгүй тул...саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж тухайн шийдвэрийг гаргасан” хэмээн маргаж байгаа нь мөн үндэслэлгүй байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийг багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлүүлэх тухай саналыг хүргүүлсэн сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 05/443 тоот албан бичгийг хаяглагдсан этгээд болох “Э” БИНХ-ын даргад мөн өдөр нь /сумын Засаг даргын тамгын газрын ажилтан Номин-Эрдэнэ/ утсаар мэдэгдсэн нь тогтоогдож байх боловч ийнхүү мэдэгдсэнийг нь тухайн “саналыг хүргүүлсэн” гэж үзэх боломжгүй юм. Учир нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох БИНХ болон харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч болох сумын Засаг даргын хооронд хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд харилцахдаа утсаар холбогдож харилцах бус тухайн субъектүүдийн тамга, тэмдэг, гарын үсгээр баталгаажсан бичиг баримтыг албан ёсоор хүргүүлэх замаар харилцах бөгөөд,

Тухайн маргааны хувьд 05/443 тоот албан бичгийг БИНХ-ыг хуулиар төлөөлөх эрх бүхий этгээд болох тус Хурлын даргад 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гардуулж өгснөөр, сумын Засаг даргын саналыг “Хуралд хүргүүлсэн” гэж үзэхээр байх тул БИНХ-ын хувьд холбогдох хариуг хүргүүлэх хуульд заасан боломжит хугацаа нь 2018 оны 08 дугаар 16-ны өдөр дуусахаар байжээ. Иймээс “БИНХ хуульд заасан 15 хугацаанд саналаа ирүүлээгүй” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байхаас гадна Хурлаас хуульд заасан 15 хоногийн хугацаанд хариу ирүүлээгүй байх нөхцөл байдлыг “саналыг хүлээн зөвшөөрсөн” гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.

            Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Баг, хорооны Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.1.2-т “баг, хорооны Засаг даргыг...огцруулах санал.../-ыг/ хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах”, 28 дугаар зүйлийн 28.5-д  “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус заасан болон 32 дугаар зүйлийн 32.8-д заасан “..., Хурал энэ хуулийн 32.4, 32.6-д заасан саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй...” гэх зохицуулалтуудаас тус тус үзэхэд төрийн улс төрийн албан хаагч багийн Засаг даргын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой асуудлыг түүнийг томилох эрх бүхий этгээд болох дээд шатны Засаг дарга нь шууд бие даан шийдвэрлэх боломжгүй, харин тухайн шатны нутгийн өөрөө удирдах байгууллага болох БИНХ-ын саналыг заавал үндэслэж байж уг асуудлыг шийдвэрлэх журамтай нь давхар батлагдаж байна.

            Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дэмжиж, Засаг даргыг огцруулах тухай хүсэлтийг хэлэлцэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11-д зааснаар аймгийн төвийнхөөс бусад сумын багийн Хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцох бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын ирц 50 хувьд хүрээгүй” гэх тайлбарыг гаргаж байх боловч маргаан бүхий захиргааны актад “Э” БИНХ-ын санал /тогтоол/-ыг нэгэнт үндэслээгүй улмаар хариуцагч нь тухайн БИНХ-ын саналыг үндэслээгүй бөгөөд энэ талаар маргахгүй гэдгээ шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа дурдсан учир 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хуралдсан “Э” БИНХ-ын хуралдааны ирцтэй холбоотой асуудлаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Нөгөөтэйгүүр, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримталснаас үзвэл хариуцагч албан тушаалтан нь, нэхэмжлэгчид гаргасан гэх зөрчлүүдэд нь холбогдуулан сахилгын шийтгэл хүлээлгэх замаар ажлаас нь халсан гэж үзэхээр байх бөгөөд энэ тохиолдолд тухайн маргаанд хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй болохыг мөн дурдах нь зүйтэй байна.

            Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна”, 5.1.1-д “төрийн улс төрийн” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд...дараахь албан тушаал хамаарна” 6.1.12-т “бүх шатны Засаг дарга...” гэж, улмаар 11 дүгээр зүйлийн 11.3-т “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” мөн 11 дүгээр зүйлийн 11.6-д  “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” хэмээн тус тус заажээ.

      Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл төрийн улс төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан хуулиар холбогдох харилцааг зохицуулаагүй тохиолдолд төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөх харин төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөхөөр байх ба тухайн тохиолдолд төрийн улс төрийн албан хаагч багийн Засаг даргын эрх зүйн байдлыг зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар уг албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой асуудлыг нэгэнт зохицуулаагүй учир төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэхээр байжээ.

      Хариуцагч нь, нэхэмжлэгч Л.Дийг багийн Засаг даргын үүрэгт ажлаас  халах нөхцөл шалтгаан болгож маргаан бүхий захиргааны актад дурдсан “Засаг даргатай байгуулсан Батламж гэрээний 6 дахь заалтыг удаа дараа зөрчсөн, ажлын цагаар архидан согтуурсан, ажил тасалсан, ажлын байранд зүй бус авирлаж ёс зүйн зөрчил гаргасан” гэх үндэслэлүүдийг;

      - 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор архи ууж, хамт явсан хүмүүсийг хэл амаар доромжилсон,

      -  2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Засаг даргын зөвлөлийн хурал дээр согтуу орж ирсэн,

      - 2018 оны 02 дугаар сард Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн н.Түмэнжаргалын биед халдаж танхайрсан,

      - 2018 оны 03 дугаар сард малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийн үед хөдөө постон дээр ажиллаж байхдаа архи ууж, сумын Засаг даргын тамгын газрын даргатай ёс зүйгүй харьцсан, мөн хорио цээрийн устгалын үеэр архи уусан үүнийг нь сумын онцгой комиссын хурал дээр сануулж хэлсэн,

      - 2018 оны 07 дугаар сарын 10-нд тус суман дахь Төрийн банканд согтуугаар үйлчлүүлэхээр очиж бусдыг хэл амаар доромжилсон,

      - 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баяр наадмын өргөтгөсөн хурал дээр согтуу ирж хөөгдөн гарч улмаар ажил тасалсан /2018.07.17-20/ гэх үйл баримтуудтай холбон тайлбарладаг боловч,

      Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн 2018 оны 03 дугаар сард болон 07 дугаар сарын 10,  07 дугаар сарын 16-нд гаргасан гэх зөрчлүүдийн хувьд хангалттай шалган тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон тухайн зөрчлүүдийг заавал шалган тогтоож, холбогдох баримт, үндэслэлийг зөрчил гаргасан этгээдэд танилцуулсан байх талаарх Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан журмын холбогдох заалтыг хэрэгжүүлээгүй болох нь,

      Харин “2018 оны 02 дугаар сард Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн н.Түмэнжаргалын биед халдаж танхайрсан” улмаар үүнээс өмнө удаа дараа ёс зүйгүй авир гаргасан гэх үйлдэлтэй нь холбогдуулан  сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/03 дугаар захирамжаар[7]  нэхэмжлэгчид “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан болох нь,

      Улмаар нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд ажил тасалсан зөрчлийг гаргасан болох нь тус тус тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

            Дээр тогтоогдож буй нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч нь, багийн Засаг даргыг огцруулах хуульд заасан үндэслэлийн нэг болох “хууль тогтоомж зөрчсөн” буюу ажил тасалсан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байх хэдий ч хариуцагч албан тушаалтны хувьд маргаан бүхий Б/15 дугаар захирамжийг гаргахдаа хуулиар тогтоосон журмыг буюу багийн Засаг даргыг огцруулах тухай саналыг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж холбогдох хариуг нь авсаны үндсэн дээр зохих шийдвэрийг гаргах талаарх хуулийн зохицуулалтыг зөрчин тухайн улс төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг шууд гаргасан байх тул уг захиргааны актыг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй бөгөөд улмаар энэ нь захиргаанаас аливаа шийдвэр гаргахдаа баримтлавал зохих Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “...шийдвэр нь үндэслэл бүхий байх”  зарчмуудад мөн нийцэхгүй байна.

            ХариуцагчХ сумын Засаг даргын гаргасан, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаар захирамж нь ийнхүү хууль бус байх бөгөөд уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч Л.Дийн төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзэх үндэслэлтэй байх тул уг захиргааны актыг хүчингүй болгож үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

ИйнхүүХ сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Дийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүхээс үзсэн тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1-д  “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…/-ыг/ олгоно” гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан цалингийн жагсаалт, нийгмийн даатгалын дэвтэр, холбогдох бусад баримтуудад үндэслэн тодорхойлсноор ажлын нийт 88 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,055,532.48 төгрөгийг холбогдох байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

            Шүүхээс, тухайн маргаанд холбогдуулан иргэн Д.Аг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулж холбогдох тайлбарыг авсан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн тул гуравдагч этгээдийг оролцуулалгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн ба улмаар нэхэмжлэгчээс, иргэн Д.Аг 2 дугаар багийн Засаг даргаар томилсон шийдвэртэй холбогдуулан маргахгүй гэдгээ илэрхийлсэн учир шүүх тухайн захиргааны актад дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, 32 дугаар зүйлийн 32.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Л.Дийг ажлаас халах тухай Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Дашзэвэгийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буюу Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх ажлын 88 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,055,532.48 /Гурван сая тавин таван мянга таван зуун гучин хоёр төгрөг 48 мөнгө/ төгрөгийг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Л.Дт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА