Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01154

 

С.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00320 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 756 дугаар магадлалтай,

С.Ггийн нэхэмжлэлтэй

“Т Б”ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21 430 519 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Ж.Болорчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Т Б”ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/106 дугаар тушаалаар харилцагчийн гүйлгээний хэлтсийн захирлын албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б/1412 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Уг тушаалд гомдол гаргаж улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дүгээр шийдвэрээр намайг “Т Б”ХХК-ийн харилцагчийн гүйлгээний хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг маань хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн. “Т Б”ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр намайг ажилд эргүүлэн авах тушаал гаргасан. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дүгээр шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн авсан “Т Б”ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/1661 дүгээр тушаал гарсан өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 21 430 519 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрээр С.Ггийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 425 556 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Манай банкны зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нь 425 556 төгрөгийг бүрэн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь дээрх хугацааны нөхөн бичилтийг хийсэн. Нэхэмжлэлийн шаардлага болох 21 430 519 төгрөгийг ямар үндэслэлээр тооцон нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрээр С.Ггийн ажилгүй байсан хугацааг тодорхойлсон байхад дахин ажилгүй байсан хугацааны цалин гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн С.Г нь нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмжээ авсан байдаг. Хариуцагчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалинг бүрэн олгосон учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00320 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар “Т Б”ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 18 362 736 төгрөг гаргуулж С.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 067 783 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ггийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “Т Б”ХХК-иас 249 763 төгрөг гаргуулж С.Гд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 103 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 756 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00320 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т Б”ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 265 103 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, нэмэлт тайлбаруудын агуулгыг дахин давтахгүйгээр зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх хэсэг”-т дурдагдсан үндэслэлүүдэд холбогдуулан гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс ИХШХШТухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасны дагуу энэхүү гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэрэгт өмнө авагдсан тайлбар, нотлох баримтын хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэдэгт итгэж байна. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д: “...нэхэмжлэгчийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажилд томилсон тушаал гарах хүртэл буюу 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл 168 хоног /168 хоног * 109,302 төгрөг = 18,362.,736/-ийн хугацаанд тооцогдох цалинтай тэнцэх олговорт 18,362,736 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3,067,783 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.” гэж тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч С.Г нэхэмжлэлийн шаардлагаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нийт 165 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч “Төрийн банк” ХХК-аас гаргуулах...” гэж тодорхой гаргасан байхад шүүгч хэргийг шийдвэрлэхдээ сайн дураараа 3 хоног нэмж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүгч хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэлгүй нэхэмжлэгч талд давуу тал үзүүлэн, өөрийн дураар 3 хоног нэмж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ.” гэсэн заалтыг зөрчиж байна. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2017/01216 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2017/01271 дугаар тогтоолоор нэхэмжлэгч С.Гг урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 425 556 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу “Т Б”ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлж С.Гг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/1661 дугаар тушаалаар ажилд томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгосон байхад дахин ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гэж 18,362,736 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн талуудыг эрх тэгш эрхтэй оролцох нөхцлөөр хангаагүй, мөн С.Ггийн өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгосон байхад дахин ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гэж 18 362 736 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад хэргийн оролцогч бус этгээдэд холбогдуулан шийдвэр гаргасан алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь хуульд нийцээгүй тул зөвтгөж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч “Т Б”ХХК-д холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21 430 519 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй, маргажээ.

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дугаар шийдвэрээр С.Гг харилцагчийн гүйлгээний хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, “Т Б”ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 425 556 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2017/01216 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2017/01271 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн, “Т Б”ХХК шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авсан байна.

Ажил олгогчийн хууль бус тушаалын улмаас нэхэмжлэгч С.Ггийн зөрчигдсөн эрх шүүхийн шийдвэрээр сэргээгэгдснээс хойш ажилд нь эгүүлэн томилох хүртэл  үргэлжилсэн, ажилгүй хэвээр байсан тул энэ хугацааны цалин хөлсийг шаардах эрхтэй бөгөөд хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн томилсон тушаал гарах хүртэл буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл тооцохдоо 168 хоног гэж тооцсон нь  нэхэмжлэлд заасан ...165 хоног, энэ хугацааны бодит ажлын хоногоос зөрүүтэй боловч энэ нь шийдвэрийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүйгээс гадна нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй байв.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3-т заасан “ажилгүй иргэн”, “ажилгүй” гэх ойлголт нь хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэрээний талуудын хооронд үүссэн маргаан, гэрээг цуцалснаас ажил үүргээ гүйцэтгээгүй ажилтанд хамаарахгүй тул уг хуулийг хэрэглээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Иймд хуулийг буруу тайлбарласан, нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэр гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 756 дугаар магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00320 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “...хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд... гэснийг хариуцагч “Т Б”ХХКомпанид... гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265 103 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА