Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 756

 

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00756

 

 

С.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00320 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Г-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ТБ” ХХК-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21 430 519 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Түвшинбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Жавхлан, Ж.Болорчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ТБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/106 дугаар тушаалаар харилцагчийн гүйлгээний хэлстийн захирлын албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б/1412 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Уг тушаалд гомдол гаргаж улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дүгээр шийдвэрээр намайг “ТБ” ХХК-ийн харилцагчийн гүйлгээний хэлстийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг маань хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн.

“ТБ” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр намайг ажилд эргүүлэн авах тушаал гаргасан. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дүгээр шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн авсан “ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/1661 дүгээр тушаал гарсан өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 21 430 519 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрээр С.Г-гийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 425 556 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Манай банкны зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нь 425 556 төгрөгийг бүрэн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь дээрх хугацааны нөхөн бичилтийг хийсэн.

Нэхэмжлэлийн шаардлага болох 21 430 519 төгрөгийг ямар үндэслэлээр тооцон нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрээр С.Г-гийн ажилгүй байсан хугацааг тодорхойлсон байхад дахин ажилгүй байсан хугацааны цалин гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Мөн С.Г- нь нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмжээ авсан байдаг. Хариуцагчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалинг бүрэн олгосон учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар “ТБ” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 18 362 736 төгрөг гаргуулж С.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 067 783 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч С.Г-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “ТБ” ХХК-иас 249 763 төгрөг гаргуулж С.Г-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 103 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч С.Г- нэхэмжлэлийн шаардлагаа: "... анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нийт 165 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч "ТБ" ХХК-аас гаргуулах ..." гэж тодорхой гаргасан байхад шүүгч хэргийг шийдвэрлэхдээ сайн дураараа 3 хоног нэмж шийдвэрлэсэн.

Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 210/MA2017/01216 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2017/01271 дугаар тогтоолоор нэхэмжлэгч С.Г-г урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 425 556 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу “ТБ” ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, С.Г-г 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/1661 дугаар тушаалаар ажилд томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгосон байхад дахин ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гэж 18 362 736 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч С.Г- нь хариуцагч “ТБ” ХХК-д холбогдуулан 2017 онб 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21 430 519 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2017/01216 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2017/01271 дүгээр тогтоолоор С.Г-г ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 425 556 төгрөгийг хариуцагч “ТБ” ХХК-иас  гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэдэг нь тогтоогдсон, уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил үргэлжилсээр байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй бол түүнээс үүсэх эрх зүйн үр дагавар болох олговрыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн томилсон тушаал гарах хүртэл буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хоногоос нийтээр амрах баярын өдөр болон сонгуулийн өдрийг хасч, ажилгүй байсан хугацааг 168 хоногоор тогтоож, урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 18 362 736 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00320 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ТБ” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 265 103 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                               

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА