Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 6900

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, Н.Сарангүн, Л.Энхжаргал ,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-гийн,

Хариуцагч: *******,*******,,,-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1,606,337.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч , хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны оройн 23:40 цагт Сансарын бензин түгээгүүрийн автобусны буудлын хойно байрлах туслах замд улсын дугаартай автомашинаар ухрах үйлдэл хийх гэж байхдаа намайг мөргөж, гэмтэл учруулсан.

 

Энэ мөргөлтийн улмаас би хойшоо 2.70 гаруй метр шидэгдэж, замын шон мөргөж, толгойндоо гэмтэл авсан ба түргэнээр эмнэлэгт хүргэгдэж, үзүүлэхэд хуйхны зөөлөн эдийн няцралттай байсан бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтээр толгойнд цус хурсан, цууралттай хэмээн урьдчилсан дүгнэлт гарсан.

 

Тээврийн прокурорын газраас д эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, Шүүх эмнэлгийн дүгнэлтээр толгойн хуйхны зөөлөн эдийн гэмтэлтэй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдахгүй гэж дүгнэж, ШЭГЗТЖ-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй гэсэн.

Осол болсон өдрөөс хойш миний толгой байнга өвдөх, нүд харанхуйлах, толгой эргэх, шилэн хүзүү татах зовиурууд илэрч, өөрийн зардлаар эмнэлэгт үзүүлж, эмчлүүлсэн юм.

 

Миний бие тус өдрөөс хойш Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 10 хоног эмчлүүлсэн бөгөөд одоо бариачаар толгойгоо байнга бариулж байна. 

 

Энэхүү гэмтлээс улбаалан надад эмнэлэг явах, буцах зардал, эмнэлгийн ор хоног, эм тарианы зардлаас гадна ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө алдахад хүрсэн.

 

Энэ хугацаанд би өөрийн зардлаар эмчлүүлсэн, ажилдаа яваагүйгээс авах ёстой цалингаа авч чадаагүй, түрээсийн байрнаасаа гарах нөхцөл байдал үүсч, хэцүү байна.

 

Надад, оос эмнэлэгт үзүүлсэн томографын шинжилгээний төлбөр 310,000.00 төгрөгийг төлж, үүнээс хойш ямар ч тусламж, дэмжлэг үзүүлээгүй.

 

Иймд, хариуцагч оос гэм хорын хохиролд 1,606,337.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Энэхүү хохиролд Ор хоногийн мөнгө 280,000.00 төгрөг, Физик эмчилгээ 5,000.00 төгрөг, Эхо, зүрхний бичлэг хийлгэхэд 40,000.00 төгрөг, Хүзүүний зургийн төлбөр 20,000.00 төгрөг, Эмнэлэгт хэвтэхэд зарцуулсан оо, сойз, ариун цэврийн цаас 5,746.00 төгрөг, Унааны зардал 58,000.00 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын 10 хувь 25,521.00 төгрөг, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэхэд хэрэглэсэн эмийн мөнгө 59,340.00 төгрөг, 2016 оны 7, 8 сарын цалин 791,000.00 төгрөг, Ажилд ирэх унааны зардал 110,000.00 төгрөг, -иас эм худалдаж авсан эм 149,400.00 төгрөг, Прокурорын байгууллагаас баримт хуулбарлахад гарсан 12,600.00 төгрөг, Бариа засал хийлгэхэд гарсан 50,000.00 төгрөг тус тус багтаж байгаа болно гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн орой 23:00 цагийн үед Сансарын бензин түгээгүүрийн хойно байрлах туслах зам дээр ухрах үйлдэл хийхдээ иргэн г мөргөж, осол гаргасан нь үнэн бөгөөд түүнийг тэр даруй эмнэлэгт хүргэж, шаардлагатай арга хэмжээг авсан.

 

Цагдаагийн байгууллага болон эмнэлгийн зүгээс яаралтай үйлчилгээ үзүүлж, биеийн байдал гайгүй байсан учраас өөрийнхөө машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэж толгойн зураг авахуулахад 310,000.00 төгрөг гарсныг би төлсөн.

 

Тээврийн прокурорын газраас хэргийг шалгаж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад дахин ийнхүү мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна гэв.

 

Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Осол болсон талаар маргаан байхгүй, гэвч энэхүү ослоос шалтгаалан нэхэмжлэгч тал ийм хэмжээний зардал зайлшгүй гаргах шаардлагатай байсан эсэх нь тодорхой бус байна.

 

Өөрөөр хэлбэл, осол болсон өдөр хариуцагч машинаараа хохирогчийг эмнэлэгт хүргэж, толгойн MRI зураг авахуулахад ямар нэгэн гэмтэл байхгүй байсан бөгөөд Шүүх эмнэлгийн дүгнэлтээр зөөлөн эдийн гэмтэл, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн байсан.

 

Гэтэл нэхэмжлэгч өөрөө эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэх зэргээр зардал гаргасан нь үнэхээр шаардлагатай байсан эсэх, тухайн осолтой шууд холбогдож байгаа зэрэг үйл баримтууд тодорхой бус байна.

 

Бидний зүгээс илт нэхэмжлэлийг үгүйсгээгүй, гагцхүү ослоос шалтгаалж ийнхүү эм тариа авах болсон, эмчилгээ хийлгэсэн нь түүний өөрийнх нь сайн дурын үйлдэлтэй холбоотой, эдгээр баримтууд шаардлага хангахгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй.

 

Жишээлбэл, -д Эхоны зардалд төлсөн 40,000.00 төгрөгийн хувьд дотор эрхтэний үзлэг, шинжилгээ хийлгэсэн байхад осолтой ямар байдлаар холбогдож байгаа нь ойлгомжгүй байгаагаас гадна Ор хоногийн 280,000.00 төгрөгийг өөрийн сайн дурын үндсэн дээр эмчлүүлсэн байх тул хүлээн зөвшөөрөхгүй.

 

Бид, эмчилгээтэй холбоотой буюу Хүзүүний зураг, Эм тариатай холбоотой болон Ор хоногийн гарсан зардлын хувьд төлж, эвлэрэх хүсэлттэй байсан хэдий ч нэхэмжлэгч гийн зүгээс эвлэрэхгүй гэсэн учраас уг саналаасаа татгалзаж байна.

 

Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг ойлгохгүй байна, Иргэний хуулийн 499 дүгээр зүйл үү эсхүл 497 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргаж байна уу гэдгийг тодруулах шаардлагатай.

 

Хэдийгээр улсын дугаартай автомашин Ц.Намуунцэцэгийн эзэмшил боловч нэхэмжлэгч тал түүнийг хариуцагчаар татаагүй, бид энэ талаар маргахгүй байгаа ба тухай үед эзэмшиж, ашиглаж явсан талаар маргаан байхгүй

 

Нэхэмжлэгч гийн хувьд гэм хорыг арилгахаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй боловч хөдөлмөрийн чадвараа алдсан гэдгээ баримтаар нотлохгүй байх тул хөдөлмөрийн чадамжаа алдаагүй байна гэж ойлгож байна.

 

Хоол унааны мөнгөтэй холбоотой нотлох баримт байхгүй, цалингийн хувьд хамааралгүй баримт бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудыг хэрэгт өгөөгүй байна.

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч гаас хариуцагч д холбогдуулан 1,606,337.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн зүгээс гэм буруугийн талаар маргахгүй байгаа хэдий ч гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг зохих ёсоор нотлохгүй байна хэмээн мэтгэлцэж байна.

Шүүхээс уг хэрэгт 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлд авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шилжих шөнө 00:40 минутын орчим Тоёота Ист маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлын хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчиж, осол гаргажээ /х.х-ийн 4-р хуудас/.

 

Энэхүү ослын буюу ухрах үйлдэл хийх явцад тус автомашин нэхэмжлэгч мөргүүлж, түүний толгойд хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан Шинжээч эмч ийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна /х.х-ийн 16-р хуудас/.

 

Замын цагдаагийн газрын******* дэх Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Ганбатын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 59 тоот дугаартай дүгнэлтээс үзвэл явган зорчигч буюу нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчөөгүй, харин хариуцагч нь Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.17-д заасан заалтыг зөрчиж, д хохирол учруулжээ /х.х-ийн 18 дугаар хуудас/.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар уг үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс гагцхүү нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг гэм хор учирсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг зохих ёсоор нотлохгүй байна хэмээн татгалзаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.

 

Нэхэмжлэгч гаас нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн гэм бурууг нотлох зорилгоор шүүхэд өгсөн Тээврийн прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1852 тоот дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол, Шинжээч эмч ийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт болон******* дэх Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Ганбатын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 59 тоот дүгнэлтийг хариуцагч ын зүгээс үгүйсгээгүй, өөрийн гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул түүнийг энэхүү осолд гэм буруутай байна гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т ...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасан бол Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар үүрэг нь тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан үндэслэл болох гэм хор учруулсан үйлдэл эс үйлдэхүйгээс үүсэх бөгөөд үүнд гэм хор учруулсан этгээд гэм буруутай байх тохиолдолд тэрээр хохирогчийн өмнө учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээх юм.

 

Нэгэнт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Прокурорын тогтоол, шинжээчдийн дүгнэлтээр хариуцагч ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч д гэм хор учруулсан байх тул хариуцагч нь хохирогчийн өмнө түүнд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

 

Хэрэгт авагдсан Тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс үзвэл тоот улсын дугаартай Тоёот Ист маркийн автомашины эзэмшигч нь ажээ /х.х-ийн 15 дугаар хуудас/.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Энэ нь, тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдийг гэм хор учруулагчаас гадна тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч байхаар зохицуулсан.

 

Гэвч хохирогч нь тээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотойгоор үүссэн гэм хорын хохирлоо бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд эсхүл тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хэн алинаас нэхэмжлэх эрхтэй юм.

 

Иймд, нэхэмжлэгч нь хариуцагч оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хорыг хариуцан арилгахыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл тэрээр хариуцагч оос хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой зардал /дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого/ мөн өөрийн эрүүл мэндийн байдлыг хэвийн байдалд оруулахтай холбоотой гарсан зардал /эмнэлэгт үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх болон түүнтэй холбоотой бусад/-ыг тус тус нэхэмжилж байна.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д эрүүл мэнд гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг гэж, мөн 3.1.9-д эмчлэх гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг хэлнэ гэж, түүнчлэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг ойлгоно хэмээн тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн Өвчний түүхээс үзвэл нэхэмжлэгч нь тус ослын улмаас биед учирсан гэмтлийг оношлуулах, эмчлүүлэх зорилгоор 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд тус эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсэн байна /х.х-ийн 68-р хуудас/.

 

Энэхүү эмчилгээ, сувилгаа болон шинжилгээ өгөхтэй холбоотой үйл ажиллагаанд нэхэмжлэгч гаас шууд зардалд Ор хоногийн мөнгө 280,000.00 төгрөг, Хүзүүний зураг авахуулахад 20,000.00 төгрөг, шаардлагатай Эм, тариа худалдан авах 59,340.00 төгрөг, Толгойн зураг авахуулахад 70,000.00 төгрөг, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын төлбөрт 25,251.00 төгрөгийн зардал тус тус гарсан нь баримтаар тогтоогдож байгаагаас гадна эдгээр зардлууд нь хохирогчийн эрүүл мэндийг хэвийн байдалд оруулахтай холбоотой зайлшгүй гарсан зардал гэж үзэх үндэслэлтэй байна /х.х-ийн 18, 19, 52, 53, 75-р хуудас/.

 

Учир нь, Шинжээч эмч ийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн Өвчний түүхээс тус тус үзвэл нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр болсон ослоос толгойд хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан тул ийнхүү эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, толгой, хүзүүний зураг авахуулах болон эмчийн бичиж өгсөн шаардлагатай эм, тариаг худалдан авах зорилгоор нийт 454,591.00 төгрөгийн зардал гаргасан байна.

 

Иймд, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн эрүүл мэндийн байдлыг хэвийн байдалд оруулахтай холбоотой гарсан зардал 454,591.00 төгрөгийг хариуцагч оос нэхэмжлэх эрхтэй байна.

 

Харин нэхэмжлэгч гийн гаргасан хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой зардал /дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого/ мөн өөрийн эрүүл мэндийн байдлыг хэвийн байдалд оруулахтай холбоотой гарсан бусад зардал 1,151,746.00 төгрөгийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна /х.х-ийн 19, 20, 21, 24, 80-р хуудас/.

 

Учир нь, хэрэгт авагдсан -д төлсөн 40,000.00 төгрөгийн хувьд осол, гэмтэл болсон үйл баримтаас өмнө эсхүл хойно Эхо болон Зүрхний бичлэг хийсэн эсэх нь тодорхойгүй, Физик эмчилгээнд 5,000.00 төгрөг төлсөн эсэх нь эргэлзээтэй буюу хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан талаарх тодорхой бичилт байхгүй, Зүрт баян ХХК-иас 149,400.00 төгрөгийн эм, тариа авсан зарлагын падаанд хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн этгээдүүдийн нэр тодорхойгүй байх тул эдгээр зардлыг нотлогдохгүй байна гэж үзэв.

 

Мөн эмчид үзүүлэх, эмнэлэгт хэвтэхтэй холбоотойгоор хөлсний тэрэг /такси/-т төлсөн 58,000.00 төгрөг, Бариа, заслын 50,000.00 төгрөгийн баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан шаардлагыг хангахгүй байгаагаас гадна нэхэмжлэгч гаас ийм хэмжээний зардал бодитоор гарсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн Номин скай таун дэлгүүрээс авсан 5,746.00 төгрөгийн хувьд нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдлыг хэвийн байдалд оруулахтай шууд холбоотой гарсан зардал биш, түүний өдөр тутмын ахуйн хэрэглээний зүйлд зарцуулсан зардал бөгөөд Прокурорын байгууллагаас нотлох баримт хуулбарлан авахад 12,600.00 төгрөг төлсөн гэдгээ баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч гийн эрүүл мэндийн байдлыг хэвийн байдалд оруулахтай холбоотой гарсан бусад зардал болох 320,746.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч гаас хариуцагч оос хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого /2016 оны 07, 08 дугаар саруудын цалин хөлс, унааны зардал/-д нийт 831,000.00 төгрөг гаргуулахыг хүсчээ /х.х-ийн 54, 79-р хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр болсон ослоос улбаалан ажлаа зохих ёсоор хийж чадаагүй, үүний улмаас авах ёстой байсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо аваагүй хэмээн мэдүүлж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нь сүлжээний хоолны газарт тогоочоор ажилладаг, түүний сарын цалин 370,000.00 төгрөг, унааны мөнгө өдрийн 2,500.00 төгрөг ажээ /х.х-ийн 34, 54, 79-р хуудас/.

 

Гэвч тус ослын улмаас нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдсан эсэх, үүнээс улбаалан түүнийг ажлаас чөлөөлсөн буюу ажиллаж болохгүй тухай зохих эмнэлгийн байгууллагын дүгнэлт гарсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шинжээч эмч ийн гаргасан дүгнэлтэд эрүүл мэндийг сарниулахгүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонго алдагдахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан буюу шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг (биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй) зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, өнгөц шарханд гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно гэсний дагуу гэмтлийн зэрэг тогтоогоогүй, мөн Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн Өвчний түүх, гийн Амбулаториор эмчлүүлэгчдийн картад түүнийг ажлаа хийж болохгүй тухай зөвлөж, ажлаас тодорхой хугацаанд чөлөөлсөн талаар эмчийн зөвлөгөө байхгүй байна.

 

Иймд, гийн хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийт 831,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн хариуцагч оос 454,591.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,151,746.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл удирдлага болгон

 

                           ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч оос 454,591.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,151,746.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,651.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос 14,288.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.МАНДАЛБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                             Н.САРАНГҮН

 

                                                                                     Л.ЭНХЖАРГАЛ