Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 00492

 

Ц.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06900 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Лосолд холбогдох

 

Гэм хорын хохиролд 1 606 337 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч, болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Борхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан : Ч.Лосол нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны оройн 23:40 цагт Сансарын бензин түгээгүүрийн автобусны буудлын хойно байрлах туслах замд 35-48 УНД улсын дугаартай автомашинаар ухрах үйлдэл хийх гэж байхдаа намайг мөргөж, гэмтэл учруулсан. Энэ мөргөлтийн улмаас би хойшоо 2.7 метр шидэгдэж, замын шон мөргөж, толгойдоо гэмтэл авсан ба түргэнээр эмнэлэгт хүргэгдэж, үзүүлэхэд хуйхны зөөлөн эдийн няцралттай байсан бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтээр толгойд цус хурсан, цууралттай хэмээн урьдчилсан дүгнэлт гарсан. Тээврийн прокурорын газраас Ч.Лосолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, шүүх эмнэлгийн дүгнэлтээр толгойн хуйхны зөөлөн эдийн гэмтэлтэй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдахгүй гэж дүгнэж, гэмтлийн зэрэг тогтоохгүй гэсэн. Осол болсон өдрөөс хойш толгой байнга өвдөх, нүд харанхуйлах, толгой эргэх, шилэн хүзүү татах зовиурууд илэрч, өөрийн зардлаар эмнэлэгт үзүүлж, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 10 хоног эмчлүүлж, бариачаар толгойгоо байнга бариулж, ажилдаа яваагүйгээс авах ёстой цалингаа авч чадаагүй, түрээсийн байрнаасаа гарах нөхцөл байдал үүссэн Ч.Лосолоос Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн томографын шинжилгээний төлбөр 310 000 төгрөгийг төлснөөс хойш ямар ч тусламж үзүүлээгүй тул ор хоногийн мөнгө 280 000 төгрөг, физик эмчилгээ 5 000 төгрөг, эхо, зүрхний бичлэг хийлгэхэд 40 000 төгрөг, хүзүүний зургийн төлбөр 20 000 төгрөг, эмнэлэгт хэвтэхэд ахуйн хэрэгцээнд 5 746 төгрөг, унааны зардал 58 000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын 10 хувь 25 521 төгрөг, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэхэд хэрэглэсэн эмийн мөнгө 59 340 төгрөг, 2016 оны 7, 8 сарын цалин 791 000 төгрөг, ажилд ирэх унааны зардал 110 000 төгрөг, Зүрх баян ХХК-иас эм худалдаж авсан эм 149 400 төгрөг Прокурорын байгууллагаас баримт хуулбарлахад гарсан 12 600 төгрөг, бариа засал хийлгэхэд гарсан 50 000 төгрөг нийт 1 606 337 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн орой 23:00 цагийн үед Сансарын бензин түгээгүүрийн хойно байрлах туслах зам дээр ухрах үйлдэл хийхдээ иргэн Ц.Нарантуяаг мөргөж, осол гаргасан нь үнэн бөгөөд түүнийг тэр даруй эмнэлэгт хүргэж шаардлагатай арга хэмжээг авсан. Цагдаагийн байгууллага болон эмнэлгийн зүгээс яаралтай үйлчилгээ үзүүлж биеийн байдал гайгүй байсан учраас өөрийнхөө машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэж толгойн зураг авахуулахад 310 000 төгрөг гарсныг төлсөн. Тээврийн прокурорын газраас хэргийг шалгаж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад дахин ийнхүү мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Ослоос шалтгаалан нэхэмжлэгч тал ийм хэмжээний зардал зайлшгүй гаргах шаардлагатай байсан эсэх нь тодорхой бус байна.

Өөрөөр хэлбэл, осол болсон өдөр хариуцагч Ч.Лосол машинаараа хохирогчийг эмнэлэгт хүргэж, толгойн МRI зураг авахуулахад ямар нэгэн гэмтэл байхгүй байсан бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтээр зөөлөн эдийн гэмтэл, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн байсан. Гэтэл нэхэмжлэгч Ц.Нарантуяа өөрөө эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэх зэргээр зардал гаргасан нь үнэхээр шаардлагатай байсан эсэх, тухайн осолтой шууд холбогдож байгаа зэрэг үйл баримтууд тодорхой бус учраас хүлээн зөвшөөрөхгүй. Бид, эмчилгээтэй холбоотой буюу хүзүүний зураг, эм тариатай холбоотой болон ор хоногийн гарсан зардлын хувьд төлж, эвлэрэх хүсэлттэй байсан хэдий ч нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн зүгээс эвлэрэхгүй гэсэн учраас уг саналаасаа татгалзаж байна. Хэдийгээр 35-48 УНД улсын дугаартай автомашин Ц.Намуунцэцэгийн эзэмшил боловч нэхэмжлэгч тал түүнийг хариуцагчаар татаагүй, бид энэ талаар маргахгүй байгаа ба Ч.Лосол тухай үед эзэмшиж, ашиглаж явсан талаар маргаан байхгүй.

Нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн хувьд гэм хорыг арилгахаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй боловч хөдөлмөрийн чадвараа алдсан гэдгээ баримтаар нотлохгүй байх тул хөдөлмөрийн чадамжаа алдаагүй байна гэж ойлгож байна. Хоол унааны мөнгөтэй холбоотой нотлох баримт байхгүй, цалингийн хувьд хамааралгүй баримт бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудыг хэрэгт өгөөгүй.

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч Ч.Лосолоос 454,591,00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц Нарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 151 746 төгрөгтхолбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зуйлийн 56.2, 60 60,1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Нарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 651 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Лосолоос 14 288 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нарантуяад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр миний бие Ц.Нарантуяа нь Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд /2016.06.30-ны өдрөөс 2016.07.08-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт/ тус эмнэлэгт тухайн өдөр эхо аппарат гэмтэлтэй эвдэрсэн гээд хувийн эмнэлэг болох Сэрдог Арур эмнэлэгт хэвлийн эхо 20 000, зүрхний бичлэг 10 000, эмчийн үзлэг 10 000 , нийт 40 000 төгрөг төлсөн. Энэ баримт нь хуулийн шаардлага бүрэн хангасан, хэн үзүүлсэн нэр устайгаа, хэн үзсэн нь нэр, тамгатай байхад шүүхээс хасаж танасан. Тухайн осол болж машин миний ар хажуугаас хүчтэй мөргөсний улмаас 5-6 хоногийн дараа хэвлий орчмоор хөндүүрлэж өвдөж байсан. Мөн шүүхээс физик эмчилгээнд 5 000 төгрөг төлсөн эсэх нь буюу хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан талаарх тодорхой бичилт байхгүй дүгнэсэнд гомдолтой байна.

Учир нь миний бие Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт физик эмчилгээ 4 хоног хийлгэсэн, сүүлийн хоног болох 2016.07.09-ний өдрийн №00003727 дугаартай баримтаар, хагас /хагас сайн өдөр таарсан/ амралтын өдөр таарсан тул хувиараа тус эмнэлэгтээ 5 000 төгрөгөө төлж физик эмчилгээ хийлгэсэн. Үүнийг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхээс давхар баталж болно. Өвчтөн надаас 5 000 төгрөг эмнэлэг авсан учраас надад баримт өгсөн юм. Гэтэл энэ баримтыг хасаж танасанд гомдолтой байна. Мөн шүүх Зүрх баян ХХК-иас 149 400 төгрөгийг нотлогдохгүй байна гэж үзэв гэж дүгнэснийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2016.07.20-ны өдрийн Зүрт баян ХХК-ийн Регистрийн №5504929 дугаартай, Зүрт баян ХХК-ийн улаан тамгатай, баримт эх хувиараа хавтаст хэрэгт авагдсан байгаа бөгөөд Зарлагын баримтыг зөвхөн хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн этгээдүүдийн нэр тодорхойгүй байна гэдгээр нотлох баримтыг үнэлээгүйд маш их гомдолтой байна. Тухайн осол болсноос улбаатай толгой хавантай, яаралтай доргилттой байсан учраас тухайн үед автобусаар зорчих боломжгүй байсны улмаас хувиараа мөнгө төлж, гэрээс гэмтлийн эмнэлэг хооронд буюу тус Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэхдээ унаа барьж үйлчлүүлсэн, мөн 2016.07.02-ны өдөр эход харуулахдаа унаагаар үйлчлүүлсэн, 2016.06.29-ний осол гарсны шөнө гэмтлийн эмнэлгээс гэр хүртлээ үйлчлүүлсэн 58 000 төгрөг буюу ирэх, очихын зөвхөн 3-4 удаагийн л унаа барьсны төлбөр юм.

Гэвч би олон удаа машин барьсан боловч баримтжуулсан зөвхөн жолоочийн гарын үсэг, машины дугаартай эх баримтыг л шүүхэд өгсөн. Мөн шүүх бариа заслын 50 000 төгрөгийн баримтууд нь миний толгойг 5 удаа барьсан гэдгээ өөрийн гараар бичиж, бариач мөн юм гэдгийг нотолсон, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй гэдгээ баталсан баримттайгаа хуулийн шаардлага бүрэн дүүрэн хангаж өгсөн баримт юм. Мөн шүүх Прокурорын байгууллагаас нотлох баримт хуулбарлан авахад 12 600 төгрөг төлсөн гэдгээ баримтаар нотлохгүй байна гэсэн хавтаст хэрэгт авагдсан 3 дугаар хуудсны хамгийн доор Тээврийн Прокурорын газрын архивын ажилтан хуулбар өгөхдөө өөрийн гараар хараар бичсэн нийт 13 хуудас 12 600 төгрөг гэж бичсэн баримт нь 12 600 төгрөгийг хуулбар авахдаа төлсөн гэдгийг нотлох юм.

Ослоос болж, толгойд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан бөгөөд Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 2016.06.30-ны өдрөөс 2016.07.08-ны өдрийг хүртэл нийт 9 хоног хэвтэж эмчлүүлсэн нь бодит үнэн бөгөөд эмнэлэгт хэвтэж байх хугацаанд би ажил хийгээгүй, хувийн байгууллага болох Баялаг бууз хоолны газарт ажилладаг. Би ослоос болж 7, 8 сард ажил хийгээгүй, байнга эмчилгээ хийлгүүлж байсан нь үнэн тул үүнтэй холбоотой бүх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан тул миний 07, 08 сарын цалин 791 000 төгрөг, ажилд ирэх унааны зардал 110 000 төгрөг, нийт 901 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэв би осолд ороогүй байсан бол ажлаа хийгээд, цалингаа аваад, бие эрүүл явж байх байсан. Мөн санхүү эдийн засагаар давхар хохирохгүй байсан. Толгойн зураг авахуулахад 70 000 төгрөг хариуцагч Ч.Лосолоос өмнө нь гарсан байсныг шүүхийн шийдвэрээр надад олгохоор оруулсныг хасаж тооцон, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1 216 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Нарантуяа нь хариуцагч Ч.Лосолд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1 606 337 төгрөггаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүх эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй шаардлагатай эмчилгээний зардал биш гэж маргажээ.

 

Хариуцагч Ч.Лосол нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны оройн 00:40 цагт Сансарын тунелийн туслах замд 35-48 УНД улсын дугаартай автомашинаар ухрах үйлдэл хийх үедээ нэхэмжлэгч Ц.Нарантуяаг мөргөж, гэмтэл учруулан зам тээврийн осол гаргасанүйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин уг ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан эсэх шалтгаант холбооны талаар маргаантай байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 1852 дугаар тогтоолд ...Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Сансарын тунелийн туслах замд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шилжих шөнө 00:40 минутын орчим Тоёота Ист маркийн 35-48 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ч.Лосол жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлын хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Нарантуяаг м гэж заасан байх тул хариуцагчийн хууль бус үйлдэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Дээрх прокурорын тогтоолд шинжээчийн дүгнэлтээр Ц.Нарантуяаг гэж заасан боловч хэрэгт авагдсан Ц.Нарантуяагэмнэлгийн өвчтний карт, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас зэрэг баримтад бичигдсэн агуулга, цаг хугацааны байдлаас үзэхэд уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас гэм хор учирсан гэж үзнэ.

 

Ийнхүү хариуцагч Ч.Лосол нь нэхэмжлэгч Ц.Нарантуяаг м , уг ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан болох нь хэргийн баримт, зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй, уг үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч Ц.Нарантуяа нь шаардах эрхтэй.

 

Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн болон холбогдох бусад хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Гэвч уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон гэх боловч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон комиссын шийдвэр, акт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалт хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заагдсан хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд гэм хорын хохиролд тооцож болох ажиллаагүй хугацааны цалин, хөлсийг хариуцагчаасгаргуулахаар шаардах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ажил, хөдөлмөр эрхлээгүй гэх 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлэмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаар баримт авагдсан /хх.79-88/ боловч эдгээр баримтыг хөдөлмөрийн чадвар алдалтыг нотлох баримт гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

 

Мөн ослын улмаас нэхэмжлэгч өөрийн эрүүл мэндийн байдлыг хэвийн байдалд оруулахтай холбоотой гарсан зардал гэх Сэрдэг Арур ХХК-д төлсөн шинжилгээний 40 000 төгрөг, Физик эмчилгээнд 5 000 төгрөг, Зүрхт баян ХХК-иас эм, тариа авсан 149 400 төгрөг, эмчид үзүүлэх, эмнэлэгт хэвтэхтэй холбоотойгоор автомашинаар хүргүүлсэн зардал 58 000 төгрөг, бариа заслын 50 000 төгрөгийн баримтууд хэрэгт авагдсан байгаа боловч эдгээр эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай байсан эсэх талаарх баримт авагдаагүй байх тул эрүүл мэндэд учруулсан гэм хортой шууд шалтгаант холбоотой үүссэн зардал гэж үзэх боломжгүй юм.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд тооцох зайлшгүй зардлыг тодорхойлсон байдаг.

 

Хэргийн 21, 91 дүгээр талд авагдсан Сэрдог арур ХХК, Бариа заслын 50 000 төгрөг гэх баримтуудад уг баримтыг үйлдсэн огноо нэхэмжлэгчийн нэр бичигдсэн байх боловч хэвлийн эхо, зүрхний бичлэгийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, физик эмчилгээнд төлсөн 5 000 төгрөгийн баримт, Зүрх баян ХХК-иас эм, тариа авсан 149 400 төгрөгийн баримт, автомашинаар хүргүүлсэн зардал 58 000 төгрөгийн баримтуудад нэхэмжлэгчийн нэр байхгүй байна. Иймд эдгээр баримтад үндэслэн нэхэмжлэгчид 320 746 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй тул эдгээрт холбогдох нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн зарчимд нийцжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хоорондох эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Хариуцагч Ч.Лосолыг гэм буруутай гэж үзэж эмчилгээний зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын үүднээс хангагдсан нэхэмжлэлд хамаарах асуудлаар дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийг өөрчлөх шаардлагагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06900 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

С.ЭНХТӨР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ