Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0206

 

 

 

 

 

 

 

 

  “Элек” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд “А” ХХК-ийн төлөөлөгч Б.Ч нар

Нэхэмжлэлийн шаардлага: “Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтийн “Элек” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу шалгараагүй, “А” ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн тендер гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар тогтоох, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “А” ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НХААГ-20/0134 дугаартай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18

Нэхэмжлэгч: “Элек” ХХК

Хариуцагч: Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Гуравдагч этгээд: “А” ХХК

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, П.У, гуравдагч этгээд “А” ХХК-ийн төлөөлөгч Б.Ч нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2020/0875/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Элек” ХХК нь ““Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтийн “Элек” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу шалгараагүй, “А” ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн тендер гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар тогтоох, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “А” ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НХААГ-20/0134 дугаартай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Элек” ХХК-аас Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтийн “Элек” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу шалгараагүй, “А” ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн тендер гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын “А” ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НХХААГ-20/0134 дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. Шүүх манай нэхэмжлэлийн “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын “А" ХХК-тай байгуулсан 2020 оны 11 сарын 16-ны өдрийн № НХААГ-20/0134 дугаартай “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ” -г гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

3.2. Хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь “106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” хэмээн заасан бөгөөд ... гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоох" шийдвэрлэх эрх хэмжээ шүүхэд олгогдоогүй байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, шүүх энэ хэрэг дээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

3.3. Учир нь “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн” гэдгийг тайлбарлавал, нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны үр дагавар буюу хэлбэр болох тодорхой нэг НХААГ-20/0134 дугаартай “захиргааны гэрээ”-г зөв биш, буруу гэдгийг тогтоолгохоор шаардсан. Нэгэнт энэ “захиргааны гэрээ” зөв биш, буруу гэдэг нь үндэслэлтэйгээр тогтоогдож байгаа бол Захиргааны шүүхэд уг захиргааны гэрээг “хүчингүй болгох”, “хууль бус байсан болохыг тогтоох”, “хүчин төгөлдөр бус гэж тооцох”," илт хууль бус болохыг тогтоох”, “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах" зэрэг шийдвэрүүдийн аль нэгийг гаргах эрх нь бүрэн байна.

3.4. Харин иргэн хүн эдгээр шийдвэрүүдийн аль нэгийг гаргуулъя гээд гаргуулах шийдвэр нэг бүрээр нэхэмжлэлийн шаардлага гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ингэвэл шүүхийн процесс эцэс төгсгөлгүй болно.

3.5. Нөгөө талаас хэрэв шүүх “захиргааны гэрээ”-ний асуудлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан “хууль бус байсан болохыг тогтоох” шийдвэр гаргаж болохгүй, “захиргааны акт” гэсэн болохоос “захиргааны гэрээ” гэж алга байна гэж үзэж байгаа бол шүүхэд бас дараах эрх олгогдоогүй байна.

3.6. Өөрөөр хэлбэл, шүүх “захиргааны гэрээ", “захиргааны хэм хэмжээний акт”-ын тухай маргааныг хянан шийдвэрлээд “үндэслэлээ” шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ бичиж болохгүй, бичвэл хууль зөрчинө. Учир нь шүүхийн шийдвэрийн агуулгын Үндэслэх хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар зөвхөн “... захиргааны актын хууль зүйн үндэслэл...”-ийг бичихээс биш, “захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт”-ын үндэслэлийг бичиж болохгүй гэдэг нь үгчлэн харагдаж байна.

3.7. Түүнчлэн “маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэжээ. Гэтэл “нэхэмжлэгч нь хоёр дахь шаардлагаараа “Захиргааны гэрээ”-ний талаар маргасан. Өөр ямар нэг асуудлаар маргасан зүйлгүй.

3.8. Хэрэв захиргааны байгууллага хууль зөрчсөн бол захиргааны шүүх өөрөө дүгнэлт гаргах эрхтэй. Учир нь Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 3.3-д “хэргийн оролцогчийн шаардлага гаргаагүй асуудлаар шүүх зөвхөн хуульд заасан үндэслэлээр дүгнэлт хийх эрхтэй. Тухайлбал, хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх, ... асуудлаар шүүх дүгнэлт хийх бүрэн эрхтэй юм” гэж заасан байна.

3.9. Харин төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Худалдан авах гэрээг дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ:”, 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан;”, 42.1.3-т “энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” бол гэж хуульчилсан байна. Нэгэнт хуульд ингэж заасан тул “худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус” эсэх талаар шүүх дүгнэлт гаргах эрхтэй байна. Харин биднийг “нэхэмжлэлийн шаардлага гаргасаар” байтал анхан шатны шүүх энэ эрхээ хэрэгжүүлсэнгүйд маш их гомдолтой байна.

3.10. “Захиргааны гэрээг хүчин төгөлдөр бус” гэж дүгнэх үндэслэлүүдээ шүүх харин Үндэслэх хэсэгтээ хариуцагчийг тендер шалгаруулахдаа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйл, 28 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийг (захиалагч нь гэрээ байгуулах эрх олгохтой холбоотой шийдвэрийг гаргаагүй) тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байна.

3.11. Бодит амьдрал дээр шүүхийн шийдвэрийн үр дагаврыг харахад “төрийн өмчөөр худалдан авалт хийх эрх бүхий байгууллага нь хууль бус тендер шалгаруулалт явуулсан ч худалдан авах гэрээ нь зөв гэж дүгнэгдсэнээр тендерийн луйвар хэзээ ч зогсохгүй юм байна”, “тендер шалгаруулалт хууль бус байхад яагаад түүнийг үндэслэн байгуулах ёстой худалдан авалтын гэрээ нь зөв байдаг юм бэ?" гэх яриа өгүүлэл МХАҮТ-ын гишүүн байгууллагуудын дунд өрнөөд байна.

3.12. Иймд манай гомдлыг хянан үзэж, анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын “А” ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НХААГ-20/0134 дугаартай “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ”-г гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү”,

4. Хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаар дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хэмээн үзэх боломжгүй гэж үзсэн тухайд:

4.1.1. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасны дагуу “А” ХХК-иас үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон чанарын гэрчилгээний талаар, “Элек" ХХК-аас тендерийн баталгааны хүчинтэй хугацааг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал сунгасан тухай албан бичигт дурдсан боловч баталгааны өөрчлөлтийг ирүүлээгүй байх тул энэ талаар тус тус тодруулга авахаар шийдвэрлэсэн.

4.1.2. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/2150, 02/2151 дүгээр “Тодруулга авах тухай” албан бичгүүдийг “А” ХХК, “Элек” ХХК-иудад тус тус хүргүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Элек” ХХК, “А” ХХК-иуд нь тодруулгын хариуг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт ирүүлсэн.

4.1.3. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтад заасны дагуу “А” ХХК-ийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгслийг 193.401.660 (нэг зуун ерэн гурван сая дөрвөн зуун нэг мянга зургаан зуун жар) төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлж, “Элек” ХХК нь 194.258.000 (Нэг ерэн дөрвөн сая хоёр зуун тавин найман мянга) төгрөгийн үнийн санал ирүүлсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь хэсэгт заасны дагуу татгалзсан тул Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02/2157 дугаар “мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг тус тус хүргүүлсэн.

4.1.4. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-т “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно.” гэж заасны дагуу 2 оролцогчоос тодруулга авч үнэлгээнд харгалзан үзсэнийг шүүх авч хэлэлцээгүй.

4.2. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “А” ХХК-тай байгуулсан гэрээг байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн тухайд:

4.2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-т ““үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг;” 5.1.18-т ““гэрээ байгуулах эрх олгох” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэхийг;”, 46.1.3-т “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах;”, 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж тус тус заасныг шүүх хуулийг буруу хэрэглэсэн.

4.2.2. Учир нь худалдан авах ажиллагаа нь гэрээ байгуулах эрх олгосноор дуусдаг. Захиалагчийн байгуулсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02/2156 дугаар “А” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгээр мэдэгдсэнээр худалдан авах ажиллагаа дуусгавар болсон бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.” гэж зааснаас бусад тохиолдолд гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй байна.

4.2.3. Үүнийг шүүх харгалзаж үзээгүй, уг хуулийн заалтыг хэрэглээгүй шийдвэр гаргасан. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

5. Гуравдагч этгээд “А” ХХК-ийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тендерийн үнэлгээний хорооны 2020.11.02-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтийн “Элек” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу шалгараагүй, “А” ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн тендер гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг дараах үндэслэлээр эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

5.2. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “А” ХХК нь тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт ТОӨЗ 5.2-т ..., ТОӨЗ 12.1 ё-д ..., ТОӨЗ 18.1 а-д .... заасан шаардлагыг хангаагүй байхад тус компанийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн хэмээн үнэлсэн хариуцагч ... газрын Үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны 6 дугаар дүгнэлтийг шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хэмээн үзэх боломжгүй. Мөн захиалагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “А” ХХК-тай НХААГ-20/0134 ...-г байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасан журмыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ” гэжээ.

5.3. Манай компани ТОӨЗ 12.1 ё-д заасны дагуу өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар болон засварын төвийн үйл ажиллагааны фото зургийг өгсөн. Мөн ТОӨЗ 5.2, 18.1 а дахь шаардлагын дагуу үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон холбогдох баримтуудыг хүргүүлсэн.

5.4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна.

5.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтийн “Элек” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу шалгараагүй, “А” ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн тендер гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлуудыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Анхан шатны шүүх “...Тухайн тохиолдолд, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан НХААГ-20/0134 дугаар тендер сонгон шалгаруулалтад шалгарсан гуравдагч этгээд “А” ХХК нь тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2-т “үйлдвэрлэгчийн гэрчилгээ, барааны гарал үүслийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх”, ТОӨЗ 12.1 ё-д “өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх бөгөөд нотлох баримтыг ирүүлнэ”, ТОӨЗ 18.1 а-д “үйлдвэрлэгчийн зөвшөөрөл эсхүл гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг ирүүлэх” гэж заасан шаардлагыг хангаагүй байхад тус компанийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн хэмээн үнэлсэн хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаар дүгнэлтийг шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хэмээн үзэх боломжгүй ... Мөн захиалагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “А” ХХК-тай НХААГ-20/0134 “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ”-г байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасан журмыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ” гэж дүгнэж Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтийн “Элек” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу шалгараагүй, “А” ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн тендер гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн атлаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын “А” ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НХХААГ-20/0134 дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна

4. Гуравдагч этгээд “А” ХХК-ийн цахимаар ирүүлсэн тендерийн баримтуудыг үзвэл тухайн тендер сонгон шалгаруулалт оролцохоор ирүүлсэн тендерийн баримт бичигт нийлүүлэхээр санал болгосон 8 бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон чанарын гэрчилгээг бүрэн хавсаргаагүй, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/521 дүгээр албан бичгээр тухайн 8 төрлийн багаж хэрэгслийг бүгдийг нь БНХАУ-ын “Ji” компаниас нийлүүлэх тухай мэдэгдэж, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэх баримтыг хавсарган өгсөн, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тендерийн баримт бичигт Хятад, Солонгос, Америк улсын гэж тодорхой заасны дагуу байх ёстой улсын бүтээгдэхүүнүүдийг авсан ... бүгд Хятад улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн биш, тухайн Хятад улсын компани нь борлуулагч компани байж болно” гэж тайлбарласнаас үзэхэд “А” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1(а)-д заасан үйлдвэрлэгчийн зөвшөөрөл эсхүл гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг ирүүлэх, 5.2-т заасан олон улсын чанарын стандартын аль нэгийг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлэх, 12.1-ийн 4-т заасан өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх бөгөөд нотлох баримтыг ирүүлнэ гэсэн шаардлагуудыг хангаагүй болох нь тогтоогдож байна.

5. Тодруулбал, гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийн материалд хар тугалгын усны чанарын онлайн анализатор, эрчим хүчний дисперсив, рентген туяаны фльюресценсийн спектрометр, индукцийн холбоост плазмын масс спектрометрийн гэрчилгээг тус тус хавсаргасан боловч тендер захиалагчийн хүссэн гадна орчны агаарын тоосжилт хэмжигч, шахмал түлшний чийг хэмжигч, дизель хөдөлгүүрт автомашины хаягдал утааны хий хэмжигч, хөрсний хүнд металл тодорхойлогч, автобензины актоны тоо хэмжигч, байгалийн болон шатамхай хий хэмжигч, орчны агаарын урсгал хэмжигч болон дотоод орчны агаар дахь хорт хийн агууламж тодорхойлогч гэсэн нийт 8 төрлийн бүтээгдэхүүнүүдийн чанарын гэрчилгээг тус тус ирүүлэх шаардлагыг хангаагүй энэ тохиолдолд хариуцагчийн тендер шалгаруулалтыг зөвтгөж давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

6. Түүнчлэн “А” ХХК-тай гэрээ байгуулах үндэслэл болсон тендер шалгаруулалт хууль бус болох нь тогтоогдсон энэ тохиолдолд тендер шалгаруулалтыг үндэслэж байгуулагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ мөн хууль бус болох учиртай.

7.  Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.1.1-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага.”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж зааснаас үзэхэд гуравдагч этгээдийн ирүүлсэн тендер анхнаасаа бүрдэл дутуу, тендерийн шаардлага хангаагүй байхад захиалагч уг тендерээс татгалзаж, түүнтэй гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй байжээ.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох;” гэж зааснаар нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тухайн акт хэрэгжиж дууссан, энэ тохиолдолд хууль бус шийдвэрийг үндэслэж гэрээ байгуулагдсан, улмаар уг гэрээ мөн биелэгдсэн тул маргаан бүхий актыг дагалдаж гарсан гэрээг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Худалдан авах ажиллагааны газар болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

10. Мөн тендер захиалагчаас тендерийг анх 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зарлаж, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нээлт хийсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж заасны дагуу тендерийн хүчинтэй байх хугацаа 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болж байгаа боловч нэхэмжлэгчээс Сангийн яаманд гаргасан гомдлын дагуу уг хүчинтэй хугацаа 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд тасалдаж, Сангийн яамнаас гомдлын хариуг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгснөөс  үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасны дагуу гэрээ байгуулах хүчинтэй хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Элек” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтийн “Элек” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу шалгараагүй, “А” ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн тендер гэсэн хэсгийг болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын “А” ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НХХААГ-20/0134 дугаартай “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж нийлүүлэх гэрээ”-г тус тус хууль бус байсан болохыг тогтоосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Худалдан авах ажиллагааны газар болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ