Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2022/0018

 

                                              

 

  

 

    2022 оны 01 сарын05 өдөр                               128/ШШ2022/0018            

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Э” ХХК /РД:..../,

Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд: Ч.Б

Хариуцагч: НХААГ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хуулийн хэлтсийн мэргэжилтэн П.Э,

Хариуцагч: НМХГ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У,

Хариуцагч НМХ-ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч:Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Р.Д,

Хариуцагч НМХ-ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрх зүйн мэргэжилтэн Б.Ц,

Гуравдагч этгээд: “А” ХХК /РД:/,

Гуравдагч этгээд “А” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Ч нарын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч НХАА-ны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, О.Б, хариуцагч НМХ-ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Р.Д, Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь НХААГ, НМХГт тус тус холбогдуулан “...Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №6 дугаартай дүгнэлтийн “Э” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу шалгараагүй, “А” ХХК-ийн ирүүлсэн тендер “хамгийн сайн” тендер гэсэн” хэсгийг хууль бус байсан болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар тогтоох,

НМХ-ын газрын “А” ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн № НХААГ-20/0134 дугаартай “НМХ-ын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох”-оор маргаж байна.

2. “Э” ХХК 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр НХАА-ны газраас зарласан “НМХ-ын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх” НХААГ-20/0134 дүгээр тендер сонгон шалгаруулалтад оролцсон.

НХАА-ны газраас 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02/2055 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн “ирүүлсэн тендерээс ... татгалзаж... “А” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн” болохыг мэдэгдсэнтэй холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд хандан гомдол гаргасныг Сангийн яамнаас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/6767 дугаар албан бичгээр “...тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг” НХААГт мэдэгдсэн.

Улмаар, НХАА-ны газраас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02/2157 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн “ирүүлсэн тендерээс ... татгалзаж... “А” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн” болохыг мэдэгдсэн мэдэгдлийг дахин хүргүүлжээ.

3. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Э” ХХК-иас анх 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд хандан “тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага өөрчлөн “НХААГ, НМХГт тус тус холбогдуулан “...Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №6 дугаартай дүгнэлтийн “Э” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу шалгараагүй, “А” ХХК-ийн ирүүлсэн тендер “хамгийн сайн” тендер гэсэн” хэсгийг хууль бус байсан болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар тогтоох,

НМХ-ын газрын “А” ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн № НХААГ-20/0134 дугаартай “НМХ-ын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох” хэмээн эцэслэн тодорхойлсон.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

1). “А” ХХК нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1(а)-д заасан үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлэх шаардлагыг хангахгүй байна.

2). “А" ХХК нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2-т заасан чанарын гэрчилгээ ирүүлэх шаардлагыг хангахгүй байна.

3). “А" ХХК нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1-ийн 4-т заасан өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх бөгөөд нотлох баримтыг ирүүлнэ гэсэн шаардлагыг хангахгүй байна.

4). Тендерийн Үнэлгээний хороо нь тендерийн хүчинтэй байх хугацааны дотор сонгон шалгаруулалт хийгээгүй.

5). Захиалагч нь тендерийн хүчинтэй байх хугацааны дотор гэрээ байгуулаагүй.

6). Захиалагч нь үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хяналт тавиагүй, дүгнэлтийг хянаж, баталгаажуулаагүй, (“Хууль”-ийн 46.1.2 дахь заалт, "Журам"-ын 7.1.1 дэх заалт)

7). Захиалагч нь тендерт оролцогчтой гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргаагүй, (“Хууль"-ийн 29.1 дэх заалт, 46.1.3 дахь заалт,)

8). Захиалагчийн эрх олгосон шийдвэргүйгээр худалдах, худалдан авах гэрээ хууль бусаар байгуулагдсан байна.

9). Захиалагч нь “А” ХХК-тай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан байна, (“Хууль"-ийн 42.1.2 дахь заалт)

10). Хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ дурьдсан ноцтой зөрчлүүд нь тендер шалгаруулалтын эцсийн үр дүнд илт буруу нөлөөлсөн учир байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. ("Хууль"-ийн 42.1.3 дахь заалт),

11). “А” ХХК нь тендерт хуурамч бичиг баримт гарган өгсөн байхад түүнийг хяналгүй шалгаруулсан” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... 1 дэх үндэслэлд үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэсэн асуудал байгаа. Үүнд манай зүгээс гомдол гаргасан. Сангийн яамны зүгээс гомдлыг хянаад үйлдвэрлэгчийн зөвшөөрөл дутуу байна гэж шийдвэрлэсэн. Гэтэл тендерийн үнэлгээний хороо үйлдвэрлэгчийн зөвшөөрөл байна гэж үзэж байхгүй зүйлийг бичиж шийдвэрлэсэн байна.

2 дахь үндэслэл нь чанарын гэрчилгээ ирүүлэх шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүдээс зөвхөн 1 бүтээгдэхүүнд чанарын гэрчилгээ ирүүлсэн байхад шаардлага хангасан гэж үзэж шийдвэрлэсэн.

3 дахь үндэслэл нь “А” ХХК-ийн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл хуурамч байсан байна. Үүнийг явцын дунд мэдсэн байгаа” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагын 11 хууль зүйн үндэслэл байгаа.

Үндэслэл 1. “А” ХХК-ийн тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1.а-д заасан үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлэх шаардлагыг хангахгүй байна. “А” ХХК нь үйлдвэрлэгчийн гэрээт борлуулагчийн итгэмжлэл буюу тус тусдаа өөр улсад үйлдвэрлэгдсэн 8 бүтээгдэхүүний нэг ч үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг ирүүлээгүй. Нэг ирүүлсэн зөвшөөрөл нь хуурамч тамга тавьсан, хуурамчаар үйлдсэн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл байгаа. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, тамгыг Монгол хэл дээр орчуулан шүүхэд өгсөн байгаа.

Үндэслэл 2. “А" ХХК нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2-т заасан чанарын гэрчилгээ ирүүлэх шаардлагыг хангахгүй байна. Тус компани нь зөвхөн нэг бүтээгдэхүүний гэрчилгээг ирүүлсэн. Бусад 7 бүтээгдэхүүний гэрчилгээг ирүүлээгүй.

Үндэслэл 3. “А” ХХК нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1-ийн 4-т заасан Өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх бөгөөд нотлох баримтыг ирүүлнэ гэсэн шаардлагыг хангахгүй байна. Баталгаат засварын төвтэй гэдэг дээр зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон засвар үйлчилгээ хийж байгаа хүмүүсийн зураг хавсаргасан байгаа. Засвар үйлчилгээ эрхэлдэг талаар шаардлага хангасан нотлох баримт байхгүй.

Үндэслэл 4. Хуурамч бичиг баримт гарган өгсөн байхад түүнийг хяналгүй шалгаруулсан. 8 бүтээгдэхүүний 1 бүтээгдэхүүн дээр үйлдвэрлэгчийн тамгыг хуурамчаар хийсэн. Хавсаргасан чанарын сертификат дээрх тамгыг хуулж гэрчилгээг хуурамчаар хийсэн. Өндөр технологийн аж ахуйн ахуйн нэгжийн гэрчилгээний тамга болон эмблемийг авч үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон хуулбарлан ашигласан байсан.

Үндэслэл 5.  Тендерийн Үнэлгээний хороо нь тендерийн хүчинтэй байх хугацааны дотор сонгон шалгаруулалт хийгээгүй.

Үндэслэл 6. Захиалагч нь тендерийн хүчинтэй байх хугацааны дотор гэрээ байгуулаагүй.

Үндэслэл 7. Захиалагч нь үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хяналт тавиагүй, дүгнэлтийг хянаж, баталгаажуулаагүй.

Үндэслэл 8. Захиалагч нь тендерт оролцогчтой гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр буюу захиргааны акт гаргаагүй.

Үндэслэл 9. Захиалагчийн эрх олгосон шийдвэргүйгээр худалдах, худалдан авах гэрээ хууль бусаар байгуулагдсан байна.

Үндэслэл 10. Захиалагч нь “А" ХХК-тай төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан байна.

Үндэслэл 11. Хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ дээр дурдсан ноцтой зөрчлүүд нь тендер шалгаруулалтын эцсийн үр дүнд илт буруу нөлөөлсөн учир байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 Хариуцагч НМХ-ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “2020 онд НМХ-ын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэст Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 194 caя төгрөгийн санхүүжилтээр агаарын бохирдлыг хянахад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахаар төсөвлөгдсөн.

Уг ажлын хүрээнд манай байгууллага тендер зохион байгуулах эрх бүхий ажилтангүй тул НХААГт тендер зохион байгуулж өгөх хүсэлтийг хүргүүлсний дагуу НХААГ нь захиалагчийн үүрэг хүлээж НХААГ-20/0134 дугаартай НМХ-ын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдсан.

 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Тендерт “А” ХХК нээлттэй тендер шалгаруулалтын журмаар ялсан тул 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор гэрээ байгуулах зөвлөмжийг НХАА-ны газраас ирүүлсэн ба манай байгууллага судлан үзэхэд тендерт шалгарсан тоног төхөөрөмжүүдээс хөрсөнд хүнд металл тодорхойлогч багаж нь хөрсөнд хүнд металл биш хуванцар тоглоомд хүнд металл тодорхойлогч багаж байна гэж үзэн гэрээ байгуулах боломжгүй тул дахин тендер зарлаж өгөх хүсэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02-01/4673 дугаартай албан бичгээр НХААГт хүргүүлсэн.

Уг албан бичгийн хариуд 2020 оны 11 дүгээр сарын 13-ны ажлын сүүлчийн өдөр /баасан гарагт/ НХАА-ны газраас “Аркисос” ХХК-ын санал болгосон хөрсөнд хүнд металл тодорхойлогч багаж нь танай байгууллагаас ирүүлсэн техникийн тодорхойлолтод нийцэж байгаа тул ТБОНӨХ-өөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гэрээгээ байгуулна уу гэсэн утгатай 3/2203 дугаар бүхий албан албан бичиг ирүүлсэн. Мөн “А” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/901 дугаар албан бичгээр хөрсөнд хүнд металл тодорхойлогч Skyray Explorer 9000 загварыг нийлүүлэхээ мэдэгдсэн.

Дээрх шалтгаануудын улмаас дараагийн ажлын өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр /даваа гарагт/ манай байгууллага “А” ХХК-тай гэрээ байгуулж бүх багаж тоног төхөөрөмжийг бүрэн хүлээн авч хяналт шалгалтад ашиглаж байна.

Захиалагч байгууллага болох НХАА-ны газрын зөвлөмжийн дагуу тус компанитай гэрээ байгуулсан ба уг тендер зохион байгуулах болон тендер үнэлгээний хороо зэрэг үйл ажиллагаанд манай байгууллага ямар нэг байдлаар оролцоогүй болно.

Иймд “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг манай байгууллагатай хамааралгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын НМХГ-тай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч НМХ-ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Угтахбаяраас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...НХАА-ны газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хугацаандаа гэрээгээ байгуулсан. Сүүлийн 45 дахь хоног нь ням гарагт таарсан учраас дараагийн ажлын өдөр буюу даваа гарагт гэрээ хийгдсэн байгаа” гэв.

Хариуцагч НХАА-ны газраас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “НМХГ нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 02-01/2041 тоот албан бичгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах хүсэлт гаргасны дагуу улсын хөрөнгөөр 194.614.800 /нэг зуун ерэн дөрвөн сая зургаан зуун арван дөрвөн мянга найман зуу/ төгрөгөөр санхүүжигдэх НМХ-ын газрын Агаарын хяналтын хэлтэст шаардлагатай багаж хэрэгсэл нийлүүлэх худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороо 2020 оны 5 дугаар 21-ний өдрийн А/76 дугаар тушаалаар байгуулагдсан.

Тус үнэлгээний хороо 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж тендерийн баримт бичгийг боловсруулж, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зарлаж, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нээхэд 5 оролцогч тендер ирүүлсэн. 2020 оны 7 дугаар 16-ны өдөр шалгарсан “И” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгож, НХАА-ны газрын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 02/1770 тоот албан бичгээр НМХГ гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн.

НМХ-ын газрын 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 02-02/3228 тоот албан бичгээр шалгарсан “И” ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй дахин тендер шалгаруулалт явуулах тухай албан бичгийг НХААГ-т ирүүлсэн. Ингээд уг тендерт оролцогч нарт уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг хүчингүй болгосныг НХАА-ны газрын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 02/1894 тоот албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний хороо 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хуралдан тендерийн баримт бичгийг боловсруулан, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нээлттэй тендер шалгаруулалтын журмаар дахин зарласан 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нээхэд 7 оролцогч тендер ирүүлсэн.

НХАА-ны газрын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02/2058 тоот албан бичгээр “А" ХХК-тай 193.401.660 /нэг зуун ерэн гурван сая дөрвөн зуун нэг мянга зургаан зуун жар/ төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02/2055 тоот албан бичгээр "Э" ХХК нь 194.258.000 /Нэг зуун ерэн дөрвөн сая хоёр зуун тавин найман мянга/ төгрөгийн үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь хэсэгт заасны дагуу шалгараагүй мэдэгдлийг хүргүүлсэн.

“Э” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан тул Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/6595 тоот "Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай" албан бичгийг НХААГ ирүүлсэн. Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 6-1 / 6767 тоот "Гомдол хянасан тухай" албан бичгийг Нийслэлийн Худалдан ажиллагааны газар ирүүлсэн ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож дахин үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг даалгасан.

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасны дагуу "А” ХХК-иас үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон чанарын гэрчилгээний талаар, "Э" ХХК-иас тендерийн баталгааны хүчинтэй хугацааг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал сунгасан тухай албан бичигт дурьдсан боловч баталгааны өөрчлөлийг ирүүлээгүй байх тул энэ талаар тус тус тодруулга авахаар шийдвэрлэсэн.

 НХАА-ны газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны 02/2150, 02/2151 тоот "Тодруулга авах тухай” албан бичгүүдийг “А" ХХК, "Э” ХХК-иудад тус тус хүргүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Э” ХХК, “А” ХХК-иуд нь тодруулгын хариуг НХААГт ирүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дугаар зүйлийн 28.7.4 дэх хэсэгт заасны дагуу “А” ХХК-ийг НМХ-ын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгслийг 193.401.660 /нэг зуун ерэн гурван сая дөрвөн зуун нэг мянга зургаан зуун жар/ төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлж, "Э" ХХК нь 194.258.000 /Нэг зуун ерэн дөрвөн сая хоёр зуун тавин найман мянга/ төгрөгийн үнийн санал ирүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь хэсэгт заасны дагуу татгалзсан тул НХАА-ны газрын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02/2157 тоот “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хүргүүлсэн.

НХАА-ны газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/2196 тоот “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийг НМХГ хүргүүлсэн. Иймд “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч НХАА-ны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон чанарын гэрчилгээг тендерт оролцогч аж ахуйн нэгж цахимаар ирүүлсэн байгаа. Үнэлгээний хороо тендерт оролцогч нараас дахин тодруулга авсан. Энэ баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Сангийн яаманд гомдол гаргахдаа нэхэмжлэгч баталгаат засварын төвгүй гэсэн асуудлаар маргаж байсан. Тендерийн өгөгдлийн хүснэгт дээр баталгаат засварын төвтэй байх талаар ийм байдлаар нотолно гэж заагаагүй учраас гомдлыг үндэслэлгүй байна гэж Сангийн яамны гомдол шийдвэрлэсэн албан бичигт тодорхой дурдсан байгаа” гэв.

Хариуцагч НХАА-ны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Хуурамч баримт бичиг баримт бүрдүүлсэн гэж байна. Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хүсэлт өгсний дагуу хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг улсын байцаагч тодорхойлж шийдвэр гаргаад хар жагсаалтад оруулдаг.

Хүчинтэй хугацаанд гэрээ байгуулаагүй гэж тайлбарлалаа. Хүчинтэй хугацаа нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусаж байгаа. Тодруулбал тендерийг анх 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зарласан, нээлт хийсэн нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр юм. Хүчинтэй хугацаа нь 30 хоног гэж тооцоход 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүчинтэй хугацаа дуусна. Сангийн яаманд гомдол гаргасан учраас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс түдгэлзүүлж байгаа. Гомдлын хариу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ирсэн.

Тэгэхээр тендерийн хүчинтэй хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусаад 15-ны өдөр нь амралтын өдөр таарсан учраас дараагийн ажлын өдөрт шилжүүлж 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан. Тэгэхээр гэрээг хүчинтэй хугацаанд хийгээгүй, хууль бус гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэв.  

Гуравдагч этгээд “А” ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Манай “А” ХХК нь НХАА-ны газраас зарласан НХААГ-20/0134 тоот дугаартай тендерт шалгарсан билээ. Уг тендерт шалгарахад манай компанийн зүгээс НХААГ-тай ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй бөгөөд Монгол улсад мөрдөгдөж буй хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд уг тендерт шалгарсан үйл явдал нь хуулийн хүрээнд гэж үзэж байна.

Иймд “Э” ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Татгалзаж буй үндэслэлүүд:

1. ТОӨЗ 18.1 (а)-д заасны дагуу /Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл эсвэл гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг МАЯГТ №:ТШМ-4-ийн дагуу ирүүлэх шаардлагатай. Баталгаат орчуулгын товчоогоор орчуулж баталгаажуулсан байх/-гэсэн шаардлагын дагуу бид уг тендерт нийлүүлэгдэх багаж хэрэгслүүдийн албан ёсны борлуулагч болох Хятад улсын "Ж багаж хэрэгслийн ХХК"-иас зөвшөөрлийг авч тендерийн материалдаа баталгаат орчуулгын товчоогоор орчуулуулж тендерийн материалд хавсаргасан болно.

2. ТОӨЗ 5.2-д заасны дагуу /Үйлдвэрлэгчийн гэрчилгээ, барааны гарал үүслийн гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ. Олон улсын чанарын CE, FDA, ISO, TUV зэрэг стандартын аль нэгийг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ/-гэсэн шаардлагын дагуу олон улсын чанарын гэрчилгээг цахим тендерийн материалд хавсаргаж илгээсэн болно.

 3. ТОӨЗ 12.1 (ё)-д заасны дагуу /Тендерт оролцогч дараах нэмэлт материалыг өөрийн тендерт хавсралтаар ирүүлнэ. 4. Өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх бөгөөд нотлох баримтыг ирүүлнэ/-гэсэн заалтын дагуу өөрийн эзэмшлийн засварын төвийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон нотлох фото зургуудыг тендерийн материалд хавсаргаж илгээсэн болно.

4. Уг нэхэмжлэлийг гаргагч "Э" ХХК-нь тендерт манай компаниас өндөр үнийг санал болгосон байна.

Нотлох баримтад тооцогдох тендерийн материал нь цахим тендерт илгээгдсэн бөгөөд захиалагч болон тендерт оролцогчдод ил тод нээлттэй харагдаж байгаа юм” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч “Э” ХХК-иас анх тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас анх тус шүүхэд хандан “...Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №2 дугаартай дүгнэлтийн “Э” ХХК-ийн ирүүлсэн тендер нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу шалгараагүй, “А” ХХК-ийн ирүүлсэн тендер “хамгийн сайн” тендер гэсэн хэсгийг хүчингүй болгуулах, Захиалагчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/215 дугаартай тушаалын “А” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа

“...Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №6 дугаартай дүгнэлтийн “Э” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу шалгараагүй, “А” ХХК-ийн ирүүлсэн тендер “хамгийн сайн” тендер гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар тогтоох,

НМХ-ын газрын “А” ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн № НХААГ-20/0134 дугаартай “НМХ-ын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох” хэмээн эцэслэн тодорхойлсон.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

1. “А” ХХК-ийн тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1.а-д заасан үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлэх шаардлагыг хангахгүй буюу тус тусдаа өөр улсад үйлдвэрлэгдсэн 8 бүтээгдэхүүний нэг ч үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг ирүүлээгүй. Нэг ирүүлсэн зөвшөөрөл нь хуурамчаар үйлдсэн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл,

2. “А" ХХК нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2-т заасан бүтээгдэхүүн тус бүрт чанарын гэрчилгээ ирүүлэх шаардлагыг хангахгүй буюу зөвхөн нэг бүтээгдэхүүний гэрчилгээг ирүүлсэн,

3. “А” ХХК нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1-ийн 4-т заасан “өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх бөгөөд нотлох баримтыг ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй,

4. Тендерийн Үнэлгээний хороо нь тендерийн хүчинтэй байх хугацааны дотор сонгон шалгаруулалт хийгээгүй,

5. Захиалагч нь тендерийн хүчинтэй байх хугацааны дотор гэрээ байгуулаагүй,

6. Захиалагч нь үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хяналт тавиагүй, дүгнэлтийг хянаж, баталгаажуулаагүй,

7. Захиалагч нь тендерт оролцогчтой гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр буюу захиргааны акт гаргаагүй,

8. Захиалагчийн эрх олгосон шийдвэргүйгээр худалдах, худалдан авах гэрээ хууль бусаар байгуулагдсан байна.

9. Захиалагч нь “А" ХХК-тай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан,

10. Хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ дээр дурдсан ноцтой зөрчлүүд нь тендер шалгаруулалтын эцсийн үр дүнд илт буруу нөлөөлсөн учир байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

4. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/58 дугаар тушаалаар НМХГ-т ”Агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай машин, тоног төхөөрөмж худалдан авах” эрхийг шилжүүлсэнтэй холбогдуулан НМХ-ын газраас 2020 оны  5 дугаар сарын 19-ны өдрийн 02-01/2041 дүгээр албан бичгээр НХААГ-т хандан тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг хүргүүлсэн.

НХАА-ны газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн А/76 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “НМХ-ын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх” НХААГ-20/0134 дүгээр тендер сонгон шалгаруулалтыг зарлаж,  2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “...”А” ХХК-тай ... гэрээ байгуулах эрх олгох” тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02/2055 дугаар албан бичгээр “Э” ХХК-нд “ирүүлсэн тендерээс ... татгалзаж” байгаа тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Сангийн яаманд хандан гомдол гаргасныг Сангийн яамнаас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/6767 дугаар албан бичгээр “...тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг” НХААГ-т мэдэгдсэн бөгөөд НХАА-ны газраас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин “... “А” ХХК-тай ... гэрээ байгуулах эрх олгох” тухай 6 дугаар дүгнэлтийг гарган мөн өдрийн огноо бүхий 02/2157 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид  “татгалзсан” мэдэгдлийг хүргүүлж,

НХАА-ны газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/2196 дугаар албан бичгээр НМХГ-т “А” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн.

Улмаар НМХ-ын газраас 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “А” ХХК-тай “НМХ-ын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ” НХААГ-0/0134 дугаар гэрээг байгуулж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэмжилтийн багаж хэрэгслийг хүлээлцэн, гэрээ дүгнэсэн акт үйлдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/58 дугаар тушаал, НМХ-ын газрын 2020 оны 02-01/2041 дүгээр албан бичиг, НХАА-ны газрын даргын 2020 оны А/76 дугаар тушаал, Үнэлгээний хороо 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн  болон 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, 2020 оны 02/2055 болон  02/2157 дугаар албан бичиг холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

5. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасанчлан захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх” тусгай зарчмыг баримтлах бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” -ыг хангасан эсэхийг хянах, 27.3-т “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” хэмээн, 28 дугаар зүйлийн 28.1-т “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” , 28.7.3-т “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”,  28.11-т “Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлж «хамгийн сайн» үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт бичигт заасан журмын дагуу ашиглана” хэмээн, 46 дугаар зүйлийн 46.1.3-т  захиалагч “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” хэмээн тус тус хуульчилсан.

Тухайн тохиолдолд, НХАА-ны газраас зохион байгуулсан НХААГ-20/0134 дугаар тендер сонгон шалгаруулалтад шалгарсан гуравдагч этгээд “А” ХХК нь тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт ТОӨЗ 5.2-т “үйлдвэрлэгчийн гэрчилгээ, барааны гарал үүслийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх”, ТОӨЗ 12.1 ё-д “өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх бөгөөд нотлох баримтыг ирүүлнэ”, ТОӨЗ 18.1 а-д “үйлдвэрлэгчийн зөвшөөрөл эсхүл гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг ирүүлэх” шаардлагыг хангаагүй байхад тус компанийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” хэмээн үнэлсэн хариуцагч НХАА-ны газрын Үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаар дүгнэлтийг шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хэмээн үзэх боломжгүй.

Мөн захиалагч НМХ-ын газраас 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “А” ХХК-тай НХААГ-20/0134 “НМХ-ын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ”-г  байгуулахдаа  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.1.3-т заасан журмыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Тодруулбал, НХАА-ны газраас НМХ-ын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай:

  • Гадна орчны агаарын тоосжилт хэмжигч,
  • Шахмал түлшний чийг хэмжигч,
  • Дизель хөдөлгүүрт автомашины хаягдал утааны хий хэмжигч,
  • Хөрсний хүнд металл тодорхойлогч,
  • Автобензины актоны тоо хэмжигч,
  • Байгалийн болон шатамхай хий хэмжигч,
  • Орчны агаарын урсгал хэмжигч,
  • Дотоод орчны агаар дахь хорт хийн агууламж тодорхойлогч гэсэн нийт

8 төрлийн барааг худалдан авах зорилгоор НХААГ-20/0134 дугаар тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

Гуравдагч этгээд “А” ХХК-иас анх тухайн тендер сонгон шалгаруулалт оролцохоор ирүүлсэн тендерийн баримт бичигт нийлүүлэхээр санал болгосон 8 бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон чанарын гэрчилгээг бүрэн хавсаргаагүй,

НХАА-ны газраас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/2150 дугаар албан бичгээр “..."Jiangsu Skyray Instrument ХХК-ийн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг ирүүлсэн байх боловч энэхүү ... үйлдвэрлэгчийн зөвшөөрөлд тус тендерт шаардсан 8 төрлийн бараа багтаж байгаа эсэх тухай нотлох баримт, чанарын гэрчилгээ ... ирүүлэх”-ийг мэдэгдсэн дагуу “А” ХХК-иас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/521 дүгээр албан бичгээр тухайн 8 төрлийн багаж хэрэгслийг бүгдийг нь БНХАУ-ын “Jiangsu Skyray Instrument” ХХК-аас нийлүүлэх тухай мэдэгдэж, “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл” гэх баримтыг хавсарган өгсөн байх боловч тухайн албан бичигт хавсаргасан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн огноо бүхий үйлдвэрлэгчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдээс анх тендерийн баримт бичигт хавсаргасан “Jiangsu Skyray Instrument” ХХК-ийн “үйлдвэрлэгчийн гэрчилгээ” гэх баримтаас өөр лого тэмдэгтэй,

 

Гуравдагч этгээдээс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр “Хэмжилтийн багаж хэрэгсэл хүлээн авсан комиссын акт”-аар НМХГ-т хүлээлгэж өгсөн 8 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс 4 нь л БНХАУ-ын “Jiangsu Skyray Instrument” ХХК-ийн бүтээгдэхүүн бөгөөд бусад нь өөр үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнд болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан НМХ-ын газрын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 02-01/579 дүгээр албан бичиг, түүнд хавсаргасан баримтаар, мөн “А” ХХК нь ТОӨЗ 12.1 ё-д заасанчлан өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвгүй болох нь гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан гаргасан “...шаардлагатай засвар үйлчилгээг БНХАУ-д үйлдвэрлэгчид нь илгээж засварлуулдаг” хэмээх тайлбараар, НХАА-ны газраас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/2150 дугаар тодруулга авах тухай албан бичгээр,

мөн, НМХ-ын газраас 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “А” ХХК-тай НХААГ-20/0134 дугаар бүхий “НМХ-ын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ”-г байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн

46 дугаар зүйлийн 46.1.3-д заасан журмын дагуу гэрээ байгуулах эрх олгохтой холбоотой шийдвэрийг гаргаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: 106.3.3.захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” хэмээн, 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” хэмээн заасан бөгөөд тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсончлон “... гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоох” шийдвэрлэх эрх хэмжээ шүүхэд олгогдоогүй байна.

Үүнтэй холбогдуулан шүүхээс, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №6 дугаартай дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоож,  нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг буюу “НМХ-ын газрын “А” ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НХХААГ-20/0134 дугаартай НМХ-ын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчид хандан нэхэмжлэлийн шаардлагыг оновчтой тодорхойлсон эсэх асуудлыг удаа дараа тодруулсан бөгөөд, гуравдагч этгээдийн төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны  товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн хэдий ч гуравдагч этгээдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т заасныг удирдлага болгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.13 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Э” ХХК-иас НХААГ болон НМХГ-т тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтийн “Э” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу шалгараагүй, “А” ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн тендер гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “НМХ-ын газрын “А” ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НХХААГ-20/0134 дугаартай НМХ-ын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ