Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 279

 

“Сансар сүлжээ” ХХК-ийн  

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ренчинбямба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбаатар, гуравдагч этгээд “Талын Монгол групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандахсайхан, гуравдагч этгээд “Универсал Говь майнинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2016/0330 дугаар магадлалтай, “Сансар сүлжээ” ХХК-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Сансар сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Хүрэлхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сансар сүлжээ” ХХК 2015 оны 01 дүгээр сарын 26-нд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “Эрдэнэ” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар гаргаж, Ашигт малтмалын газраас өргөдлийн үйлчилгээний дугаар олгогдсон талаар мэдэгдэл ирсний дагуу түүнд заасан хугацаа болох 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр холбогдох материалыг бүрдүүлэн өргөдлөө гаргасан.

Гэтэл 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 350 дугаар шийдвэрээр “Сансар сүлжээ” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар “Засаг дарга дэмжихгүй” гэсэн санал ирүүлсэн тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ. Энэхүү татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрөн 2015 оны 5 дугаар сарын 29-нд Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргасан боловч 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 1/5505 дугаар албан бичгээр Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 350 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар хүсэлт гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд тухайн байгууллагад мэдэгдэн улмаар орон нутгаас санал авах талаар зохицуулсан. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д зааснаар тухайн хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцсан эсэхийг шалган тогтоох бөгөөд дээрх нөхцөл байхгүй тохиолдолд тухайн газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэхээр байна. Үүний дагуу Кадастрын хэлтэс тухайн газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар явуулсан байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар аймгийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгсөн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор татгалзахаар байна. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын татгалзсан хариунд хуульд заасан үндэслэл байгаа эсэхийг нягтлан шалгалгүйгээр саналын дагуу шууд татгалзах хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь аймгийн Засаг дарга хуульд заасан тодорхой үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд Кадастрын хэлтэс тухайн үндэслэлгүй татгалзлыг хүлээн авах нь Ашигт малтмалын тухай хуульд үл нийцнэ.

Түүнчлэн тухайн газар дээр дахин хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн өргөдөл хүлээн авахаар зарлан, улмаар өргөдөл хүлээн авсан нь Ашигт малтмалын тухай хуульд нийцээгүйн дээр “Сансар сүлжээ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Аймгийн Засаг даргын ирүүлсэн хариуг үндэслэлтэй гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг үндэслэж Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 350 дугаар тушаалаар манай компанийн өргөдлийг хүчингүй болгон уг талбай дээр дахин өргөдөл хүлээн авсан нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Орон нутгаас татгалзсан хариу үндэслэлтэй гэж үзвэл тухайн талбайд дахин өргөдөл хүлээн авах тухай журам, заалт байхгүй.

Иймд, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 350 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, өргөдөл гаргасан Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “Эрдэнэ” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Сансар сүлжээ” ХХК-ийн захирал Г.Хүрэлхүү нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 018702 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлснийг “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 537 дугаар шийдвэрийн “Талын Монгол групп” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж,

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 783 тоот шийдвэрээр “Талын монгол групп” ХХК-иас “Универсал говь майнинг” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлснээрээ Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-т “Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно” гэж заасныг илэрхий зөрчжээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших 14074,88 гектар талбай бүхий ХҮ-018702 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгааг мэдсээр байж ийнхүү тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн нь хуулиар хориглосон хэм хэмжээг ноцтой зөрчсөн байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай” 783 тоот шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сансар сүлжээ” ХХК нь 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр өргөдлийн бүртгэлийн 24992 дугаарт бүртгэгдсэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “Эрдэнэ” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

Өргөдлийн материалыг Кадастрын хэлтэс хүлээн аваад 2015 оны 1 дүгээр сарын 30-нд Говь-Алтай аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан “...Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ ...” гэж заасны дагуу санал авахаар албан тоот явуулсан байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно ...” гэж заасны дагуу 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх 14 тоот саналаар “Сансар сүлжээ” ХХК-ийн өргөдлийн бүртгэлийн 24992 дугаарт бүртгэгдсэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “Эрдэнэ” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлснийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 350 дугаартай шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 350 дугаар  шийдвэрээр “Сансар сүлжээ” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсний дараа “Талын монгол групп” ХХК 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 25880 дугаараар Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Бор цахир” нэртэй газарт 14074.88 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байна.

Кадастрын хэлтсээс Говь-Алтай аймгийн Засаг даргад 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 6/3777 дугаартай мэдэгдлээр “Талын монгол групп” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбицлыг саналын хуудасны хамт хүргүүлсэн байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 6/3777 дугаартай мэдэгдлийн хариуг ирүүлээгүй тул 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 18702 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг “Талын монгол групп” ХХК-д олгосон байна. Улмаар “Талын монгол групп” ХХК 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг “Бор цахир” нэртэй 14074.88 гектар талбай бүхий 18702 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн 8449 дугаартай өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргаж дээрх тусгай зөвшөөрлийн талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 783 дугаар шийдвэрээр “Универсал говь майнинг” ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “...Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно...” гэж заасны дагуу “Талын монгол групп” ХХК-иас 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг “Бор цахир” нэртэй 14074.88 гектар талбай бүхий 18702 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн 8449 дугаартай өргөдлийг үндэслэн дээрх тусгай зөвшөөрлийг 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 783 дугаар шийдвэрээр “Универсал говь майнинг” ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд 783 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, тухайн тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 46 дугаар зүйлд болон өөр хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч захирамж гаргаж, маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ ...” гэж заасан.

Манай байгууллагад дээрх хуулийн заалтын дагуу маргаан бүхий тусгай  зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр ирээгүй байх тул “Сансар сүлжээ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Талын монгол групп” ХХК-ийн захирал Л.Мөнхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2001 онд байгуулагдсан бөгөөд аялал жуулчлал, барилга угсралт, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Төрийн байгууллагаас тогтоосон журмын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох цахим системээр 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийн дугаар авч бүртгүүлсэн ба улмаар 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хуулийн дагуу өргөдлөө гаргасан.

Биднийг өргөдөл гаргах үед тус талбай нь хоосон, ямар нэгэн давхцал байгаагүй учир тэдгээрийг магадлан сайн шалгасны дараа хүсэлт гаргасан бөгөөд Ашигт малтмалын газар тухайн асуудлаар орон нутагт мэдээлж, ажиллагаа хийсэн байх. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу хүсэлт гаргасан талбайн талаар Говь-Алтай аймгаас болон тус аймгийн Эрдэнэ сумнаас ямар нэгэн хариу, санал ирүүлээгүй учраас 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ХV-018702 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.

Ийнхүү тусгай зөвшөөрөл авахдаа манай компани ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй тул “Сансар сүлжээ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Универсал говь майнинг” ХХК-ийн захирал Л.Мөнхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани уул уурхайн тоног төхөөрөмж, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Талын монгол групп” ХХК-иас Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт “Бор цахир” нэртэй ХV-018702 тоот 14074.88 га талбайтай тусгай зөвшөөрлийг “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан улмаар тусгай зөвшөөрлийн эрхийг 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлэн авсан билээ.

Тусгай зөвшөөрөл шилжүүлэн авахад Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль, журмын дагуу ажилласан. Улмаар уг газартаа Ашигт малтмалын газрын Геологийн алба болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн газраар батлуулсан “Талын монгол групп” ХХК-ийн хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлыг 2015 онд батлагдсан хайгуулын ажлын төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэн гүйцэтгэж 129.829.417 төгрөгийн зардал гаргаад байна. Цаашид ч батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллан хуулиар тогтоосон хугацаанд бүх хийсэн ажлын тайлангаа батлуулахаар ажиллаж байна.

Дээрх тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа манай компани ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй тул “Сансар сүлжээ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Сансар сүлжээ” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 350 дугаар шийдвэрийн “Сансар сүлжээ” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 537 дугаар шийдвэрийн “Талын монгол групп” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “Эрдэнэ” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсэгт заасныг баримтлан “Сансар сүлжээ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай” 783 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2016/0330 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ашигт малтмалын кадастрын хэлтэс нь 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн өглөө маргаан бүхий талбайн солбицол дээр дахин өргөдөл хүлээн авах ажиллагааг зохион байгуулж явуулсан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16.2-д “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй”, 16.4-д “шударга шүүхээр шүүлгэх эрхтэй”, Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5-р зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй" Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж заасан.

Хуульд заасан энэхүү шаардлагын дагуу нэхэмжлэгч “Сансар Сүлжээ” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Ашигт малтмалын газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар хандаж, улмаар Ашигт малтмалын газраас 2015 оны 7 дугаар сарын 01-ний 1/5505 тоот албан бичгээр хариу өгсөн.

Маргаан бүхий талбайд дахин сонгон шалгаруулалтанд оролцсоноор нь хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх нь үндэслэлгүй. Түүнчлэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрээ албан ёсоор мэдэгдээгүй байж тухайн талбайд дахин өргөдөл хүлээн авахаар нийтэд зарлан, өргөдөл хүлээж авсан болон цаг хугацааны хувьд ч гомдол гаргах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байсан. Мөн давж заалдах шатны шүүх нь хуульд заасан ямар үндэслэлээр эрх зүйн харилцаа дуусгавар болсон, хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй байгаа болно.

Хэрвээ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь нэхэмжлэгч “Сансар сүлжээ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн тохиолдолд тухайн талбайд дахин сонгон шалгаруулалт зарлан өөр хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Тодруулбал тухайн талбайд ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хуулиар болон бусад эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон эсвэл өргөдөл гаргагч хуульд заасан шаардлага хангахгүй байгаа тохиолдолд түүнд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах бөгөөд тийм зүйл байхгүй байхад дахин өргөдөл хүлээн аван гуравдагч этгээд “Талын Монгол” ХХК нь тусгай зөвшөөрлийг хуульд заасан хурмын дагуу олж авсан гэж шүүхээс дүгнэх нь Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зүйл болно.

“Талын Монгол” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг авч үзэхээс урьдаар нэхэмжлэгч “Сансар Сүлжээ” ХХК-ийн эрх, ашиг сонирхол Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн улмаас зөрчигдсөн эсэхэд түрүүлж дүгнэлт хийх шаардлагатай байсан гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх нь Кадастрын хэлтсийн даргын “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” шийдвэрийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, Кадастрын хэлтсийн дарга нь Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 19-р зүйлийн 19.5-д заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн атлаа хууль бус захиргааны шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхгүй гуравдагч этгээдийг хамгаалсан шийдвэрийг гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр юм.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн зарим шаардлагыг хангасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 350  дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутгат орших Эрдэнэ-1 газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн нэхэмжлэгч  “Сансар сүлжээ” ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан атлаа мөн талбайд 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 537 дугаар шийдвэрээр энэ хэргийн гуравдагч этгээд “Талын монгол групп” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон байгаа нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчимд нийцээгүй, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн өргөдлөө зохих журмын дагуу хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх эрх, ашиг сонирхол зөрчигджээ.

Хяналтын шатны шүүхээс маргаан бүхий захиргааны акт тус бүрийн талаар доорх дүгнэлтийг хийж, шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

- Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 350  дугаар шийдвэрийн талаар: 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч “Сансар сүлжээ” ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэлээ Говь-Алтай аймгийн Засаг даргын ”дэмжихгүй” гэх саналын дагуу шийдвэрлэсэн гэхээс өөрөөр тайлбарлаагүй байна. 

Төрийн захиргааны төв байгууллага нь “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох, ... ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” талаар Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16-д заасан чиг үүргийнхээ дагуу өргөдлийг хянан шийдвэрлэхдээ мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан аймгийн Засаг даргын саналын үндэслэл, шалтгааныг нягталж, шалгасны үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх  эрх нь нээлттэй.

Иймээс захиргааны байгууллагын “Сансар сүлжээ” ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэлд хамааралтай нөхцөл байдал тогтоогдоогүй, “... Засаг даргын саналыг үндэслэсэн ...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 350  дугаар шийдвэрийн нэхэмжлэгч “Сансар сүлжээ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх боломжоор хангах нь зүйтэй юм.

- Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 537 дугаар шийдвэрийн тухайд:

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өмнө нь нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан талбайд дахин өргөдөл хүлээн авахаар зарласан дагуу нэхэмжлэгч “Сансар сүлжээ” ХХК болон гуравдагч этгээд “Талын монгол групп” ХХК өргөдлөө гаргасныг захиргааны байгууллага хянан үзэж, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 537 дугаар шийдвэрээр “Талын монгол групп” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ.

“... Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан дагуу  “Талын монгол групп”ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон ...” гэх хариуцагчийн тайлбар нь уг шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй. 

Учир нь, хариуцагчийн хууль бус ажиллагааны улмаас хэргийн оролцогчдод тэгш, шударга хандах зарчим хангагдаагүй “Сансар сүлжээ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус гэж хүчингүй болгосон, дээрх маргаан бүхий 2015 оны 537 дугаар шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой байна.

Гэтэл шүүхүүд “... дахин өргөдлөө гаргаснаар өмнөх эрх зүйн харилцаа  дуусгавар болсон ...” хэмээн нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч нь дээрх 2 маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах үндэслэлээ “... Засаг даргын санал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалгаагүй ..., татгалзсан атлаа дахин өргөдөл хүлээн авсан ...” хэмээн  тодорхойлсон байхад 2 шатны шүүх “... санал нь тодорхой үр дагавар үүсгэж байгаа, үүсгэхгүй байгаа, захиргааны акт мөн, биш ...” гэх зэрэг маргаанд төдийлэн ач холбогдолтой бус асуудлыг дүгнэжээ.

Харин “Талын монгол групп” ХХК-ийн ХҮ-018702 тусгай зөвшөөрлийг “Универсал говь майнинг” ХХК-д шилжүүлсэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 783 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-т заасантай нийцээгүй гэж үзэж, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хоёр шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

Дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2016/0330 дугаар магадлалын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг:

- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, 11.1.6,  15  дугаар зүйл,  49  дүгээр  зүйлийн  49.10-т  заасныг  баримтлан  Ашигт  малтмалын  газрын  Кадастрын  хэлтсийн  даргын  2015  оны  05 дугаар  сарын  08-ны  өдрийн  “Хайгуулын  тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 350 дугаар шийдвэрийн “Сансар сүлжээ” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 537 дугаар шийдвэрийн “Талын монгол групп” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 783 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “Сансар сүлжээ” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “Эрдэнэ” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай”;

- Шийдвэрийн ТОГТООХ хэсгийн “3” дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                               ШҮҮГЧ                                                                   Л.АТАРЦЭЦЭГ