Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 110/2021/0057/З |
Дугаар | 221/МА2022/0208 |
Огноо | 2022-03-17 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2022/0208
Х.А-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С
Нэхэмжлэгч: Х.А
Хариуцагч: БӨАНДХ
Нэхэмжлэлийн шаардлага: “Х.А-д өндөр настны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Х.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 110/2021/0057/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.А нь “Х.А-д өндөр настны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2,3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Х.А-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан БӨАНДХ-ийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг БӨАНДХт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Дээрх журмын 2-т зааснаар 1995 оноос өмнө “Улсын тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доорх ба хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил, мэргэжил, албан тушаалын жагсаалт”-д заагдсан ажил мэргэжлээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шимтгэл төлбөл зохих хугацааг хангасан боловч тэтгэвэр тогтоолгох насны болзлыг хангаагүйн улмаас тухайн үед тэтгэвэр тогтоолгоогүй иргэдэд тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохоор зохицуулсан, нэхэмжлэгчийн хувьд 55 нас хүрсний дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан байх ба түүний 1995 оноос өмнө “Улсын тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доорх ба хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил, мэргэжил, албан тушаалын жагсаалт”-ын “хөдөлмөрийн хүнд нөхцөл”-д хамаарах ажил болох шатахуун түгээх станцын түгээгчээр ажилласан хугацаа 5 жил 6 сар байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-т “нийтдээ 20-иас доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн” гэж заасан болзлын “12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан” гэсэн болзлыг хангахгүй байгаа, дээрх журмын 4-т “Улсын тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доорх ба хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил, мэргэжил, албан тушаалын жагсаалт”-д заагдсан ажил мэргэжлээр 1995 оноос хойш ажилласан иргэдэд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баримтлахаар зохицуулсан. Уг 77 дугаар тушаалаар баталсан жагсаалтын “хөдөлмөрийн хортой нөхцөл”-д нефть хангамжийн операторчин гэсэн ажил, мэргэжил хамаарч байгаа ба нэхэмжлэгчийн 1995 оноос хойш түгээгчээр буюу нефть хангамжийн операторчнаар ажилласан хугацаа 8 жил 6 сар байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2-т “нийтдээ 20-иас доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн” гэж заасан болзлын “10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан” гэсэн болзлыг хангахгүй байгаа” ... Нийтийн эрх зүйд “Хуулиар зөвшөөрөөгүй бүхнийг хориглоно” гэдэг зарчим үйлчлэх ба нийтийн эрх зүйн салбарт хамаарах Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагч нь хөдөлмөрийн хортой болон хүнд нөхцөлд ажилласан эдгээр хугацааг нэмж нэгтгэн тооцох хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоохоор зохицуулаагүй, өөрөөр хэлбэл мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т зааснаар газрын дор ажилласан даатгуулагч, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажилласан даатгуулагч, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч гэж ялгаж, эдгээр даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгон авахад тавигдсан тухайн нөхцөлд ажилласан жилийн болзлыг дээрх байдлаар тус тусдаа зохицуулжээ. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т зааснаар захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх” буюу захиргаа хуулиар эрх олгосон тохиолдолд л үйл ажиллагаа явуулах гэсэн агуулгатай зарчмыг баримтлахаар зохицуулсан” гэж дүгнэсэн асуудлыг хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт гэж үзэж байна.
3.2. Анхан шатны шүүх нь дараах хууль зүйн болон бусад үндэслэлээр нэхэмжлэгч Х.А-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.
3.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Үүнд хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан ба хариуцагчаас Х.А-ы Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1195 дугаартай шийдвэрээр ажилласнаар тогтоосон 1995 оноос өмнөх 10 жил 3 сар, 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан 3 жил, нийт 13 жил 1 сарын хугацааг улсад ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд орох талаар маргаагүй”, энэхүү 13 жил 1 сарын хугацааны дээрх нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн 8 жил 4 сарын хугацааг нэмж тооцоход нэхэмжлэгч Х.А нь нийт 21 жил 5 сар улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь тогтоогдож байгаа тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т заасан “нийт 20-иас доошгүй жил ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх” гэсэн өндөр насны тэтгэвэр тогтоох болзлыг хангаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэлээ” гэснээр Х.А- нь улсад 21 жил 5 сар ажилласан нь тогтоогдсон гэжээ.
3.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагчаас шатахуун түгээгч станцын түгээгчийн ажил, мэргэжил болон нефть хангамжийн операторчны ажил, мэргэжил нь нэг буюу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, хөдөлмөрийн нөхцөлийн хувьд ижил гэдэг талаар маргахгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Цагааннуур сум дахь Нефть хангамжийн баазын Алтай сум дахь шатахуун түгээх станцын салбарт түгээгч-манаач, түгээгч- эрхлэгчээр 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан 5 жил 6 сарын хугацаа нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд, харин Цагааннуур сум дахь Нефть хангамжийн баазын Баян-Өлгий аймгийн Алтай сум дахь салбар буюу “Н” ХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын Алтай сумын шатахуун түгээх станцад түгээгчээр 1995-2000 он, 2005-2007 оны хооронд ажилласан 8 жил 4 сарын хугацаа нь хөдөлмөрийн хортой нөхцөлд тус тус хамаарч байна” гэсэн дүгнэжээ.
3.5. Нэхэмжлэгч Х.А нь хөдөлмөрийн хүнд болон хортой нөхцөлөөр буюу шатахуун түгээгч станцын түгээгчийн ажил, мэргэжил болон нефть хангамжийн операторчны ажил, мэргэжил нь нэг буюу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, нэг ижил хөдөлмөрийн нөхцөлтэй ажиллаж байсан нь тогтоогдсон гэж үзэж байна. Иймээс Х.А нь хөдөлмөрийн хүнд болон хортой нөхцөлд 14 жил 6 сар ажилласан нь нотлогдож байгаа ба 1995 оноос өмнөх, 1995 оноос хойш ажиллаж байсан шатахуун түгээгчийн ажил, мэргэжил нь өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоогдох, ажил, мэргэжлийн жагсаалтаас хасагдаагүй, харин 1995 оноос хойш уг ажил, мэргэжил нь хөдөлмөрийн нөхцөлийн хувьд бүх хөдөлмөрийн хортой нөхцөлд шилүүлсэн байдал, энэ нь нэг ажил, мэргэшил учраас нийлбэр дүнгээр хуульд заасан хөдөлмөрийн хүнд болон хортой нөхцөлд 12 жил 6 сараас дээш хугацаагаар ажилласан зэрэг тогтоогдсон нөхцөл байдал нь Х.А-д хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох эрх үүссэн гэж үзэж байна.
3.6. Нэхэмжлэгч Х.А нь хөдөлмөрийн хүнд болон хортой нөхцөлд нийт 14 жил 6 сар ажилласан нь нотлогдсоор байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн хэсэгт дурдсан буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлд заасан “Нийтийн эрх зүйд “Хуулиар зөвшөөрөөгүй бүхнийг хориглоно” гэдэг зарчим үйлчлэх ба нийтийн эрх зүйн салбарт хамаарах Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагч нь хөдөлмөрийн хортой болон хүнд нөхцөлд ажилласан эдгээр хугацааг нэмж нэгтгэн тооцох хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоохоор зохицуулаагүй, өөрөөр хэлбэл мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т зааснаар газрын дор ажилласан даатгуулагч, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажилласан даатгуулагч, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч гэж ялгаж, эдгээр даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгон авахад тавигдсан тухайн нөхцөлд ажилласан жилийн болзлыг дээрх байдлаар тус тусдаа зохицуулжээ” гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.7. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд хүнд, хортой, халуун нөхцөлд ажилласныг нэгтгэн тооцохыг хориглосон заалт ерөөсөө байхгүй. Өөрөөр хэлбэл Х.А-ы хашиж байсан ажил, мэргэжил нь 1995 оноос өмнө хөдөлмөрийн хүнд, 1995 оноос хойш хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарч байгаа, нийлбэр дүнгээр Х.А нь хөдөлмөрийн хүнд болон хөдөлмөрийн 14 жил 6 сар ажилласан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Нийтийн “Хуулиар зөвшөөрөөгүй бүхнийг хориглоно” гэдэг зарчмыг чухам ямар хуулийн ямар заалтаар зохицуулсныг нарийвчлан дурдаагүй нь уг дүгнэлт хууль ёсны эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
3.8. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчимтай нийцэхгүй байна.
3.9. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцож “Х.А-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан БӨАНДХ-ийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг БӨАНДХт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х.А-аас “Х.А-д өндөр настны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
3. Нэхэмжлэгчээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр БӨАНДХт “55 нас хүрсэн, улсад 20-оос доошгүй жил ажилласан, үүнээс хөдөлмөрийн хүнд нөхцөлд шатахуун түгээгчээр 1 жил 6 сараас доошгүй хугацаанд ажиллаж өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол хангасан тул тэтгэвэр тогтоолгохоор хандаж, уг хүсэлтдээ Баян-Өлгий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1195 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 577 дугаар шүүгчийн захирамж, БӨАНДХ-ийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг хавсаргажээ.
4. Хариуцагчаас дээрх хүсэлтийг хүлээн авч “Х.А-ы өргөдөлд хавсаргасан баримтууд дутуу, “Н” ХК-ийн шүүхийн шийдвэрт дурдагдсан онуудын санхүүгийн баримтыг авчруулж нотлуулах шаардлагатай” гэж үзэн түүнд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзжээ.
5. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, 4 дүгээр зүйлийн 3-т “Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:”, 1-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр;”, 2-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр;” 3-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” гэж тус тус заасан.
6. Нэхэмжлэгч нь улсад 21 жил 5 сар ажилласнаас 8 жил 4 сар хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан болох нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1195 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 577 дугаар шүүгчийн захирамж, БӨАНДХ-ийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1473 дугаар архивын лавлагаа, гэрчийн мэдүүлэг, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр тогтоогдож байх тул хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан болзол, шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна.
7. Баян-Өлгий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1195 дугаар шүүхийн шийдвэрээр Х.А-ыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Ялалтын оргил” нэгдлийн туслах үйлдвэрт 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор, тус нэгдлийн туслах үйлдвэрт 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор, Баян-Өлгий аймгийн Нефть хангамжийн баазын Алтай сум дахь шатахуун түгэх станцын салбарт 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд шатахууны түгээгч-манаач, түгээгч-эрхлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байна.
8. Хариуцагчийн өмгөөлөгчөөс 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд “... шүүхийн шийдвэрээр тогтоосон жилтэй холбоотой маргаж байгаа, Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд бүрдүүлж өгсөн баримт дутуу ... иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоож өгсөн ажилласан жилийг нийлүүлээд ч тэтгэвэр тогтоолгох ажилласан жилийн шаардлага хангахгүй” гэж тайлбарласан, харин хуурамч бичиг баримт бүрдүүлсэн талаар маргаагүй байна.
9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 110 дугаар зүйлийн 110.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заасан.
10. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгчөөс “... Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 577 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.А-ы “1995 оны дутуу 8 сар, 1996 оны дутуу 10 сар, 1998 оны дутуу 4 сар, 1999 оны дутуу 11 сар, 2000 оны дутуу 12 сар, 2005 оны дутуу 1 сар, 2007 оны дутуу 10 сар, нийт 4 жил 8 сарын нийгмийн даатгалын шимтгэл 250859 төгрөг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ч тухайн үед “Н” ХК гэх хуулийн этгээд байгаагүй, тиймээс Х.А-ыг 1995, 1996, 1998, 1999, 2000, 2005, 2007 онуудад “Н” ХК-д ажиллаж байсан гэж үзэх боломжгүй, нийгмийн даатгалын улсын байцаагч нарын явуулсан шалгалтаар Х.А нь “Н” ХК-д ажиллаж байсан нь тогтоогдоогүй” гэж тайлбарлан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэснээр нэхэмжлэгч нь хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлөөр бус ч өндөр насны тэтгэвэр тогтоолгох ажилласан жилийн шаардлага хангасан гэж үзэхээр байна.
11. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, Захиргааны ерөнхий хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
22. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ