Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01187

 

“З О Ө”  ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00537 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 867 дугаар магадлалтай,

“З О Ө”  ХХК-ний нэхэмжлэлтэй

“У С УГ”  ОНӨААТҮГ, “Х С У Х Х Т А Ү З З”  тус тус холбогдох

“Х С У Х Х Т А Ү З З”  өөс батлан гаргасан 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф суурь хураамж батлах тухай 23 дугаар тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай 44 дүгээр тогтоол зэрэг хууль бус актын улмаас бий болгосон зохиомол өр төлбөр болох “У С У Г”  т төлөх 46 943 404,20 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Алтанцэцэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одонтуяа, Л.Баттөмөр, Ж.Гэрэлчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцны байруудад цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах, сантехникийн засвар үйлчилгээний ажил эрхлэн гүйцэтгэдэг бөгөөд “У С УГ”  /УСУГ/-тай гэрээ байгуулан ажиллаж бөөний үнээр цэвэр, бохир ус худалдан авч үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Гэтэл Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг Зохицуулах зөвлөл /Зохицуулах зөвлөл/-өөс 2014 оны 06дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоол Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф суурь хураамж батлах тухай, мөн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 44 дүгээр тогтоол Цэвэр усны үйлчилгээний тариф батлах тухай захиргааны хэм хэмжээний актуудыг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Журам батлах тухай 119 дүгээр тогтоолыг зөрчин гаргаж дээрхи захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагад бүртгүүлэн Хууль зүйн мэдээлэл сэтгүүлд нийтлүүлэлгүйгээр хууль зөрчин хэрэглэж манай компанид тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжийн ангилалд багтаан илүү нэмэгдэл үнээр тариф тогтоон зохиомол өр үүсгэн аж ахуйн үйл ажиллагаанд бэрхшээл учруулсан тул бид Захиргааны хэргийн шүүхэд 2016 оны 11 дүгээр сард хандан Зохицуулах Зөвлөлийн “З О Ө”  ХХК-д тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгон, тусгай зөвшөөрлөө хуулийн дагуу авч үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа билээ. Иймд аж ахуйн нэгжид хууль зөрчин хүнд суртал гарган тусгай зөвшөөрөл олгохгүй хясан боогдуулж, үүгээр дамжуулан хууль бус захиргааны хэм хэмжээний акт гарган 2014 оны 07 сараас 2016 оны 09 сарын хооронд тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр өр үүсгэн 46 943 404,20 төгрөгийн үйлчилгээ үзүүлсний төлбөрийг “З О Ө”  ХХК-иас УСУГ нэхэж байх тул уг өр төлбөрийг хасалт хийн хүчингүй болгуулж өгнө үү. Зохицуулах зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/260 тоот Ус сувгийн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх албанд 17 329 110 төгрөгийг “З О Ө”  ХХК-ийн өрнөөс хасаж тооцох үүрэг өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “У С У Г”  , Зохицуулах зөвлөл, “З О Ө”  ХХК-ийн санхүүчид төлбөрийн маргаантай байгаа үнэ 42 787 866 гэж харилцан тохиролцож гарын үсэг зурсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ 21 484 648 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна. “Х С У Х Х Т А Ү З З”  өөс батлан гаргасан 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф суурь хураамж батлах тухай 23 дугаар тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай 44 дүгээр тогтоол зэрэг хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актуудаас үүссэн зохиомол өр төлбөр болох УСУГ-т төлөх 25 458 756.2 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “У С УГ”  ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “З О Ө”  ХХК-тай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс бохир ус татан зайлуулах 240574 тоот аж ахуйн гэрээтэй хамтран ажиллаж байна. 3үмбэр орд өргөө ХХК нь манай байгууллагад 2014 оны 07 сараас хойш өр, авлага үүсгээд байгаа ба 2017 оны 09 сарын байдлаар 92 138 204 төгрөгний өр үүсгээд байна. “З О Ө”  ХХК нь 2014-2016 онуудад тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан ба манай байгууллага нь хэрэгжүүлэгч байгууллага учир тусгай зөвшөөрөлгүй хэрэглэгчидтэй “Х С У Х Х Т А Ү З З”  ийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Зөвлөмж хүргүүлэх тухай 02/392 тоот албан бичгийн дагуу мөн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 44 дүгээр тогтоолд заасан Хүн амд үйлчлэх үнийн тариф, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолд заасан Айл, өрхийн суурь хураамжаар үйлчлэх тарифыг үндэслэн үйлчилгээ үзүүлсэн. Бид зохих хууль, журмын дагуу үйлчилгээ үзүүлж, төлбөрийн нэхэмжлэл “З О Ө”  ХХК-д гаргасан ба нэхэмжлэгчийн төлбөл зохих төлбөр болох 46 943 404,20 төгрөгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг төлбөр тооцооноос “З О Ө”  ХХК-ийн тусгай зөвшөөрлийн материалыг хүлээн авч хянаж байх хугацаа болох 2015 оны 4,10 cap, 2016 оны 3,4,7,8,9 сарын хугацаанд үүссэн цэвэр бохир усны тарифын зөрүү болох 17 329 110 төгрөгийг хасаж тооцуулах шийдвэрийг Зохицуулах зөвлөл гаргаж 2017оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/260 тоот албан бичгээр ирүүлсэн боловч “У С УГ”  нь Зохицуулах зөвлөлийн 23, 44 дүгээр тогтоолоор батлагдсан үнэ тарифыг дагаж мөрдөн ажилласан ба уг үйлдэл нь хууль, дүрэм, журам зөрчөөгүй гэж үзсэн, Ус сувгийн удирдах газрын 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Авлагыг найдваргүйд тооцон бүртгэлээс хасах журмын 2 дахь хэсэгт найдваргүй авлагад тооцох үндэслэлийг дурьдсан ба зохицуулах зөвлөлийн шийдвэр нь найдваргүй авлагад тооцох үндэслэл болохгүй байх тул уг шийдвэрийг биелүүлэх боломжгүй байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10.1.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Зохицуулах зөвлөлөөс усны үнэ тарифыг тогтоон баталж хяналт тавьдаг ба манай байгууллага дээрх 23, 44 дүгээр тогтоолыг үндэслэн цэвэр, бохир усны төлбөрийг нэхэмжилсэн учир нэхэмжлэгчийн зохиомол өр төлбөр гэх, мөн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрсдөө Сүрэг агт ХХК-ийн 601, 603 дугаар байрны төлбөрийг дур мэдэн төлсөн. Ингэж төлөх хуулийн ямар ч үндэсгүй, нэхэмжлэх ямар ч боломжгүй байгаа гэжээ.

Хариуцагч “Х С У Х Х Т А Ү З З”  ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /ХСУХАТАтХ/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1,2-т заасны дагуу Засгийн газрын 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Зохицуулах зөвлөлийн дүрмийг баталж, мөн оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183 дугаар тогтоолоор бүтэц, орон тоог баталснаар Зохицуулах зөвлөл үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус Зохицуулах зөвлөл нь ХСУХАТАтХ-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тариф тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг бие даасан байгууллага юм. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.5-т нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тохиолдолд тусгай зөвшөөрөл авна, мөн ХСУХАТАТХ-ийн 12 дугаар зүйл 12.1-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ. гэж тус тус заасан байдаг. Зохицуулах зөвлөл нь ХСУХАТАтХ-ийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангасан хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг олгодог. Тус Зохицуулах зөвлөл нь ХСУХАТАТХ-ийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08 тоот Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага баталсан. Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангасан нөхцөлд ХСУХАТАтХ-ийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах шаардлагатай байдаг. Тус Зохицуулах зөвлөл нь ХСУХАТАтХ-ийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээний тарифыг хянаж батлах, нийтлэх гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 44 тоот тогтоолоор Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамжийг тус тус баталж байсан.Зохицуулах зөвлөлөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02/392 тоотоор Ус сувгийн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх албанд холбогдох зөвлөмжийг өгч байсан. “З О Ө”  ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Зохицуулах зөвлөлд хандаж ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн бөгөөд мөн 2015 оны 10 дугаар сарын 14-ний 28, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 08, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны 12, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 15 тоотоор тус тус тусгай зөвшөөрлийг хүсэж байсан. Гэвч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр уг компанийн тусгай зөвшөөрөл хүссэн материалыг буцааж байсан. Тухайлбал, “З О Ө”  ХХК нь 2014оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хариуцаж буй орон сууцныхаа хэрэглэгчдээс цэвэр, бохир усны мөнгийг төвлөрүүлэн авч 58 300 000 төгрөгийг хангагч болох Улаанбаатар хотын “У С У Г”  т төлөөгүйгээс усны төлбөр, тооцооны маргаантай асуудалтай байсан нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2.2-т Тусгай зөвшөөрөл шинээр авах болон сунгуулахад хангагч байгууллагад хуримтлагдсан өр төлбөргүй байх эсвэл өр барагдуулах график, гэрээтэй байх.” гэж заасныг хангахгүй байсан тул тус Зохицуулах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01/283 тоотоор “З О Ө”  ХХК-д Ус сувгийн удирдах газраас ус, үйлчилгээ авсны төлбөр, тооцоотой холбоотой асуудлаа шийдвэрлэсний дараа дахин хандах эрхтэйг мэдэгдэж байсан. “З О Ө”  ХХК-иас 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд манай байгууллагыг хариуцагчаар татаж, Зохицуулах зөвлөлийг “З О Ө”  ХХК-д хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг даалгах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж Зохицуулах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 72 дугаар тогтоолоор уг компанид ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, зарим хэсгийг 3үмбэр орд өргөө ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээний дагуу харилцан шийдвэрлэсний дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар дуусгавар болгосон. Зохицуулах зөвлөл нь ХСУХАТАТХ-иар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд 2014 оны 23, 2015 оны 44 тоот тогтоолоор Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамжийг баталсан бөгөөд энэхүү тариф, суурь хураамжийг холбогдох эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй болно. Тус Зохицуулах зөвлөлөөс “З О Ө”  ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээний 2.2.1-д заасны дагуу уг компанийн тусгай зөвшөөрлийн материалыг хүлээн авч хянаж байх хугацаанд болох 2015 оны 4,10 cap, 2016 оны 3,4,7,8,9 сарын хугацаанд үүссэн цэвэр, бохир усны тарифын зөрүү 17 329 110 төгрөгийг “З О Ө”  ХХК-ийн өр төлбөрөөс хасаж тооцуулах саналыг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/260 тоотоор “У С У Г”  т илгээсэн. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг судлан үзэж, “З О Ө”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00537 дугаар шийдвэрээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14-т заасныг баримтлан хариуцагч “У С УГ”  ОНӨААТҮГ, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөл нарт холбогдох “Х С У Х Х Т А Ү З З”  өөс батлан гаргасан 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф суурь хураамж батлах тухай 23 дугаар тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай 44 дүгээр тогтоол зэрэг хууль бус актын улмаас бий болгосон зохиомол өр төлбөр болох “У С У Г”  т төлөх 25 458 756.2 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “З О Ө”  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “З О Ө”  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392 667 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 867 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 285 244 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Алтанцэцэг хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг ИХШХШТХ-ийн 172.2.1-т заасан үндэслэлээр гаргалаа. 1. Анхан шатны шүүхийн шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч талтай тохиролцон маргалдаж буй үнийн талаар тохиролцон 17 329 110 төгрөг хасаж 25 458 756 төгрөгийн үнийн дүн дээр маргасан бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хоёр тал эвлэрсэн хэмжээгээр анхан шатны шүүхийн шүүгч тэмдэгтийн хураамжийг эвлэрч шийдсэн хэмжээгээр хасаж нэхэмжлэгчид тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй шийдвэр гаргасныг магадлалд хянан засвар хийсэнгүй. 2. Магадлалын хянавал хэсэгт “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 23, 44 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.10.07-ны өдрийн 759 тоот захирамж хэрэгт авагдсан зэрэг үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй. Иймд дээрхи 23, 44-р тогтоол хүчинтэй байгаа тохиолдолд уг тогтоолоор баталсан үйлчилгээний хураамж, төлбөрииг “З О Ө”  ХХК нь хариуцах үндэслэлтэи юм...” гэсэн нь учир дутагдалтай байна. Нэгэнт Засгийн Газрын 119-р тогтоол, Захиргааны ерөнхий хуулийн 67-р зүйлийн 67.1, 67.2, 67.3, 67.4-р зүйлүүдээр захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагад бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр, үүнийг зөрчсөн тохиолдолд тухайн ЗХХ акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг хариуцлага хүлээхгүй гэж хуульчилсан байхад шүүхүүд дээрхи Зохицуулах Зөвлөлийн 23, 44-р тогтоолууд хавтаст хэрэгт авагдсан зохигчдийн хэлсэн үг “захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл” сэтгүүлд хийсэн үзлэг, Зохицуулах Зөвлөлөөс хэм хэмжээний актын эмхтгэл сэтгүүлд нийтлүүлсэн захиргааны хэм хэмжээний актын жагсаалтыг анхан шатны шүүхэд ирүүлж хавтаст хэрэгт авахуулсан тодорхой баримт байхад уг захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгосон шийдвэр байхгүй гэж тайлбарлаж буй Иргэний хуулийн 3-р зүйлийн 3.3-т заасан заалттай зөрчилдөж байна. 3. “3үмбэр орд өргөө” ХХК-нд 2014.06.13-ны өдөр “цэвэр бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай” 23-р тогтоол, 2015.07.31-ний өдөр “цэвэр бохир усны үйлчилгээний тариф суурь хураамжийг” тогтоосон 44-р тогтоолоор тусгай зөвшөөрөлгүйгээр аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн үндэслэлээр үүссэн зохиомол өр төлбөр нь үндэслэлгүй болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.10.07-ны өдрийн 759 тоот захирамжийн тодорхойлох хэсэгт “Зүмбэр орд өргөө” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохгүй байсан Зохицуулах Зөвлөлийн “тусгай зөвшөөрөл олгох хэм хэмжээний актууд” хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагад бүртгүүлж захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл сэтгүүлд нийтлүүлээгүй болохыг тогтоож тусгай зөвшөөрөл олгохгүй байсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоосныг дурдах нь зүйтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан материалуудаас үзэхэд Зохицуулах Зөвлөлийн 23, 44-р тогтоолуудад ч тэр тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага шинэчлэн батлах тухай” захиргааны хэм хэмжээний актыг 2016.12.07-ны өдөр баталж 2016.12.19-ний өдөр Хууль зүйн яамаар батлуулан 3674 дугаар авч Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл сэтгүүлийн 2017.02.01-ний өдрийн дугаар 04-р нийтлэгдсэнээс үзвэл төрийн захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагаанаас болж зарим аж ахуйн нэгж зохиомол өрийн дарамтанд орж зах зээлд шударгаар өрсөлдөж, иргэдэд үйлчлэх үйл ажиллагаанд хүндрэл үүсч буйг анхааран “Зүмбэр орд өргөө” ХХК-нд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Зохицуулах Зөвлөлийн 23, 44-р тогтоолын дагуу үүссэн УСУГ-т төлөх 25 458 756 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд “З О Ө”  ХХК-ийн нэхэмжлэлийн талаар хийсэн шүүхийн хууль зүйн дүгнэлтийг зөвтгөх боломжтой байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. “Нэхэмжлэлийг хангаж” өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Шүүх Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байна.

Нэхэмжлэгч “З О Ө”  ХХК нь хариуцагч “У С УГ”  ОНӨААТҮГ болон “Х С У Х Х Т А Ү З З”  тус тус холбогдуулж нэхэмжлэл гаргахдаа 46 943 404,20 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргасан ба шүүх хуралдаан дээр “...хариуцагч нар 17 329 110 төгрөгийг хасахыг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлээ багасгаж,  25 458 756 төгрөгийг шаардана.” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...”Х С У Х Х Т А Ү З З”  өөс гаргасан 2014 оны 23, 2015 оны 44 дүгээр тогтоол нь зохих журмын дагуу бүртгүүлж, нийтлэгдээгүй, захиргааны хэм хэмжээ болоогүй байхад “У С УГ”  уг тогтоолыг үндэслэж цэвэр, бохир усны үйлчилгээний тариф суурь хураамжийг нэмэгдүүлж, зохиомлоор 46 943 404,20 төгрөгийн өр төлбөрийг үүсгэсэн тул “У С У Г”  т төлөх уг төлбөрийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн байна.

Хариуцагч “У С УГ”  ОНӨААТҮГ нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй бөгөөд  “З О Ө”  ХХК нь тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул Зохицуулах зөвлөлийн 23, 44 дүгээр тогтоолыг баримталж 2015, 2016 онд цэвэр, бохир усны хураамжийг тогтоосон боловч тус компани нь хэрэглэгч нараас уг хэмжээгээр хураамжийг авсан тул компанид ямар нэгэн хохирол учраагүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ. Хариуцагч “Х С У Х Х Т А Ү З З”   нэхэмжлэлийг маргаж, хуулиар тогтоосон чиг үүргийн дагуу 23, 44 тоот тогтоол гаргаж ...цэвэр, бохир усны тариф, суурь хураамжийг баталсан бөгөөд уг тогтоолууд хүчинтэй байгаа, “З О Ө”  ХХКомпани тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлж байсан, түүнээс гадна нэхэмжлэлд заасан үндэслэлээр гомдол гаргаж байсан бөгөөд өргөдлийг хүлээн авч хянаад 2015 оны 4, 10 сар, 2016 оны 3, 4, 7, 8, 9 сарын хугацаанд үүссэн зөрүү 17 329 110 төгрөгийг “З О Ө”  ХХК-ийн төлбөрөөс хасуулах саналыг “У С У Г”  т хүргүүлсэн, уг зөрүүг хасах эсэхийг “У С УГ”  өөрөө шийдвэрлэх эрхтэй гэсэн үндэслэл зааж мэтгэлцжээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “З О Ө”  ХХК нь 2012 оноос эхлэн тусгай зөвшөөрөлгүй хэдий ч “У С У Г”  тай гэрээ байгуулсны үндсэн дээр харьяа орон сууц, байгууллага, хүн амын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээг эрхэлж байсан байх ба 2016 оны 09 сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийг авсан байна. /хх-145/

Тусгай зөвшөөрлийг авахаас өмнө “Х С У Х Х Т А Ү З З”  өөс гаргасан 2014 оны 23, 2015 оны 44 дүгээр тогтоолын дагуу ...цэвэр, бохир усны тариф, суурь хураамжийг тооцсны улмаас “З О Ө”  ХХК нь өмнө тогтоосон тарифаас илүү хэмжээгээр хураамж төлж, 46 943 404,20 төгрөгийн зөрүү буюу илүү төлбөр гарсан гэсэн агуулгаар зөрчигдсөн эрхээ тодорхойлжээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “Х С У Х Х Т А Ү З З”  өөс гаргасан 2014 оны 23, 2015 оны 44 дүгээр тогтоол хүчинтэй тул нэхэмжлэгч нь зохих төлбөрийг төлөх ёстой гэж үзсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс эдгээр тогтоолыг хууль бус гэж үзэж, Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлээгүй, Хууль зүйн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдээгүй, захиргааны хэм хэмжээний шинжийг агуулаагүй гэж маргасан байхад шүүх уг маргааныг иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан эсэх, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.5, 3.6-д заасан зохицуулалтыг хэрэглэх эсэхийг анхаараагүй нь хууль зөрчсөн байна. “Х С У Х Х Т А Ү З З”  өөс гаргасан дээрх эрх зүйн акт нь нийтийн эрх зүйд хамаарах хэм хэмжээний шинжийг агуулсан байх тул шүүх уг тогтоолыг хүчинтэй гэж үзэх эсэх талаар дүгнэх эрхгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “З О Ө”  ХХК-ийн нэхэмжлэл нотлогдсон эсэх талаар заавал хийх эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж үзнэ.             

Нэхэмжлэгч нь анх шүүхэд 46 943 404,20 төгрөгийн нэхэмжлэлийг гаргахдаа уг төлбөрийг 2014 оны 7 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд цэвэр бохир усны хураамжийг илүү төлсөн зөрүү гэж тодорхойлсон боловч тарифын зөрүүг хэрхэн тогтоож, уг дүнг гаргасныг нотлох баримт хэрэгт байхгүй байна. Түүнчлэн “З О Ө”  ХХК нь хэрэглэгчээс цэвэр бохир усны хураамжийг авахдаа Зохицуулах зөвлөлөөс баталсан тарифыг жишиг болгон авч байсан талаар шүүх хуралдаан дээр тайлбар гаргасан /2хх-48/, нэхэмжлэгч нь 23,44 тоот тогтоолын дагуу хэрэглэгчээс хураамжийг авсан тул хохирол учраагүй гэх хариуцагч Ус сувгийн удирдах газрын тайлбарыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй байна. Хариуцагч “Х С У Х Х Т А Ү З З”  өөс 23, 44 тоот тогтоолын дагуу тарифыг нэмэгдүүлснээс 17 329 110 төгрөгийн зөрүү байгааг тогтоосон нь нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг зөвшөөрсөн агуулга бус, уг төлбөрийг “З О Ө”  ХХК-ийн төлбөрөөс хасуулах саналыг “У С У Г”  т уламжилсан агуулгатай байв. “Х С У Х Х Т А Ү З З”   нь төлбөрийг хасах, өөрчлөх эрх бүхий этгээд биш болохоос гадна “З О Ө”  ХХК-тай гэрээ байгуулсан гэрээний нэг тал болох “У С УГ”  уг төлбөрийг хасахыг зөвшөөрөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй тул хангах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00537 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 867 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285 244 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА