Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 102/2015/10400/И |
Дугаар | 787 |
Огноо | 2017-03-22 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 787
Тагнуулын Ерөнхий газрын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/00251 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Тагнуулын Ерөнхий газар,
Хариуцагч “Эхэн трейд” ХХК-д холбогдох,
Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр, алданги 88 295 679 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
Засварын ажлын гүйцэтгэлийн зардал 33 667 020 төгрөг, зочид буудалд оруулсан хөрөнгө оруулалтаас түрээсийн төлбөрт тооцогдсон 15 000 000 төгрөг, нийт 48 667 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч С.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогбаяр, Э.Эрдэнэбат,
Хариуцагчийн төлөөлөгч С.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогбаяр, Э.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тагнуулын Ерөнхий газар нь өөрийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороонд байрлах 477 м.кв бүхий газартай “Соёмбо” зочид буудлыг “Эхэн трейд” ХХК-д 1 м.кв-ыг 7 000 төгрөгөөр тооцож нэг жилийн хугацаатай түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Төрийн өмчийн хорооны баталсан загварын дагуу 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1405 дугаартай гурван талт гэрээг байгуулсан. Дээрх гэрээний 5.4-д зааснаар 1 сарын түрээсийн төлбөр нь 3 343 900 төгрөг, жилийн төлбөр нь 40 126 800 төгрөг байгаа.
Гэрээг байгуулсанаас хойш “Эхэн трейд” ХХК нь эхний жилийн төлбөрийг төлсөн. 2014 оны 3, 4, 5 дугаар сарын төлбөр 10 000 000 орчим төгрөг, мөн үлдсэн 9 сарын төлбөрийг огт төлөөгүй, нийт 30 095 100 төгрөгийг төлбөрийг төлөөгүй. Тус төлбөрийн үлдэгдлийг тооцоо нийлж, гарын үсэг зурсан баримт нь хэрэгт авагдсан байгаа.
Дээрх төлбөрийг төлж барагдуулах талаар 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус тус шаардлагыг хүргүүлж байсан боловч хариуцагч тал ямар нэг арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Уг гэрээний 5.7-д түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги тооцно. Төлөөгүй үнийн дүнгийн нийт алданги нь 58 200 579 төгрөг болсон. Нийт 88 295 679 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргасан байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон түүний төлөөлөгч С.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тагнуулын Ерөнхий газрын харьяа зочид буудлын барилгыг түрээсэлж байхдаа ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан. Эдгээрийг түрээсийн төлбөрт тооцно гэж тохиролцсон хэдий ч тооцоо нийлж тохиролцсон зүйл байхгүй байгаа юм. Түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээслүүлэгчийн хүсэлтээр гэрээг цуцалсан. Иймд түрээсийн төлбөрөөс зохих хэмжээгээр хасаж тооцох ёстой. Энэ түрээсийн гэрээг Тагнуулын Ерөнхий газрын тусгай зориулалттай гэрээг үндэслэж байгуулсан тул энэ гэрээний дагуу зарим нэг тооцоог хийж байсан болно. Дээрх үндэслэлээр тооцоо нийлэх хүсэлт тавьж байсан хэдий ч нэхэмжлэгч талаас тодорхой хариу ирүүлээгүй юм. Нэхэмжлэлд дурдсан тооцоо эргэлзээтэй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд болон түүний төлөөлөгч С.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэмэлт гэрээний 9.4-т заасан байгаа “...түрээслэгч тал Соёмбо зочид буудлын нэг давхар 2 өрөөг хонгилын хамт тусгаарлаж зохих зураг төслийн дагуу хаалга гаргаж нэмэлт хөлийн өрөөний байгууламж барьж, цахилгаан сан техник оруулж, Тагнуулын ахмадын хороог 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгнө. Засварын зохих ажлыг ахмадын хорооны хүсэлтийн дагуу хийнэ, түрээслэгч тал ахмадын хорооны ашиглалтын зардлыг хариуцна...” гэж заасан. Уг байрыг зориулалтын дагуу ашиглахад Мэргэжлийн хяналтын газар хүлээлгэж өгнө, түрээслэгч тал ашиглалтын зардлыг түрээсийн төлбөрт тооцно гэсэн заалтыг үндэслэж би 33 000 000 төгрөгийг нэхэмжилсэн, мөн 15 000 000 төгрөг нь 10 жилийн хугацаатай гэрээ хийсэн, гэрээний хугацаа дуусаагүй байхад биднийг гаргаж байгаа учраас 48 667 000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Манай хөрөнгө оруулалт нь 33 667 000 төгрөг гэсэн байгаа, гэтэл хөрөнгийн үнэлгээний төв 30 853 146 төгрөг гэж хянасан байгаа нь бидний тооцоо үндэслэлтэй байгаа гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогбаяр, Э.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т зааснаар хөлслөгч нь хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийн зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх гэсэн байгаа. Засгийн газрын 2001 оны 134 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эл хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 2.2-д Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслийг өөрчлөхийг хориглосон заалт байгаа. Мөн Засгийн газрын 2001 оны 615 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөнд оруулах хөрөнгө оруулалтад зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах тооцоо нийлэх журам”-ын 2.9-д зааснаар төрийн өөрийн өмчийн хөрөнгөнд өөрчлөлт оруулахдаа Төрийн өмчийн хорооны хурлаар шийдвэрлэнэ” гэсэн байдаг.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь нууцын зэрэглэлтэй гэрээ байгаа. Гэрээний 5.3-д түрээслэгч нь түрээслэн авсан барилга байгууламжийн хийцэд өөрчлөлт оруулах, засвар үйлчилгээ хийх, шаардлага гарвал түрээслүүлэгчээс албан ёсны зөвшөөрөл авна гэж заасан. “Эхэн трейд” ХХК-иас 2006 онд оруулсан гэх засвар үйлчилгээ нь дээр дурдсан хууль, журмыг зөрчсөн байгаа юм. Тодруулбал, Тагнуулын Ерөнхий газраас зөвшөөрөл авах ёстой байсан, гэтэл зөвшөөрөл авсан талаар амаар хэлж байгаа боловч түүнийг нотлох баримт байхгүй.
Төрийн өмчийн хорооны журмаар энэхүү журмыг зөрчиж дур мэдэн хийсэн засвар өөрчлөлтийг хөрөнгө оруулалт гэж тооцохгүй гэж заасан. Төрийн өмчийн хорооноос 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдөр албан бичгээр “Эхэн трэйд” ХХК-д шаардлага хүргүүлсэн. “Соёмбо” зочид буудлын барилгад танай байгууллагын хийсэн хөрөнгө оруулалт нь “Төрийн өмчийн хорооны 2001 оны 614 дугаартай тогтоолоор баталсан журмыг зөрчсөн байна. 2005 оны гэрээний 5.3-д хөрөнгө оруулалтыг 6 жилийн дотор манай байгууллага нөхөж олгоно гэсэн байдаг. Урьдчилсан байдлаар түрээсийн гэрээний төлбөрийг гаргаж өгөөч гэж байсан. 2014 онд шинэчлэх үед өөрчлөлт орсон бөгөөд хугацаа нь хэтэрсэн тул хангалттай нөхсөн гэж ойлгож болно.
2006 онд хөрөнгө оруулалт хийсэн талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй байгаа юм. Энэ нь өнгөрсөн 9 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа хангалттай нөхөж байсан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа юм. Эргэлтийн хөрөнгө нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж байгаа нь хуулийн үндэслэл байхгүй, Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасан түрээслүүлэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй байгаа. 2010 онд засвар оруулсан гэж байгаа боловч төсөв нь хавсрагдаагүй бөгөөд нотлох баримт байхгүй, зөвшөөрөлгүй хийсэн нь үндэслэлгүй болж байгаа юм. Нотлох баримт байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, өмнөх шүүгч хариуцагчийн хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилсон. Хариуцагч тал үнэлгээ нь 33 000 000 төгрөг гарсан, манайхтай ойролцоо байна гэж байгаа нь үндэслэлгүй шинжээчийн дүгнэлтийн 5 дугаар хуудсанд байх 17 960 480 төгрөг гэсэн байгааг анхаарч үзнэ үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Эхэн трейд” ХХК-иас 45 142 650 төгрөгийг гаргуулж Тагнуулын Ерөнхий газарт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43 153 029 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Тагнуулын Ерөнхий газраас 17 960 489 төгрөг гаргуулж “Эхэн трейд” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 709 512 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Эхэн трейд” ХХК-иас 383 663 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Тагнуулын Ерөнхий газраас 247 752 төгрөг гаргуулж “Эхэн трейд” ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401 285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч С.Жаргалсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүх сөрөг нэхэмжлэлээс зөвхөн 17 960 489 төгрөгийн хэсгийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. “Эхэн трейд” ХХК нь талуудын хооронд 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 06/58 дугаартай үндсэн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ТЕГ-аас тавьсан хүсэлт, гэрээнд заасны дагуу ТЕГ-ын ахмадын хороонд үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий албан байрыг өөрсдийн хөрөнгөөр зочид буудлын байранд өргөтгөл хийх аргаар барьж хүлээлгэн өгсөн. Энэ ажлын хөлс нь шинжээчийн гаргасан дүгнэлт 30 853 146 төгрөг болох нь батлагддаг. 2010 онд гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 9.4-т заасан нөхцөлийг шүүх зориуд орхигдуулж, энэ хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэсэн нь алдаатай болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч Тагнуулын Ерөнхий газар нь хариуцагч “Эхэн трейд” ХХК-иас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 30 095 100 төгрөг, алданги 58 200 579 төгрөг, нийт 88 295 679 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, засварын ажлын гүйцэтгэлийн зардал 33 667 020 төгрөг, зочид буудалд оруулсан хөрөнгө оруулалтаас түрээсийн төлбөрт дутуу тооцогдсон 15 000 000 төгрөг, нийт 48 667 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 1405 дугаартай “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г үндэслэн хариуцагчаас тус гэрээний үүргийг шаардсан бол хариуцагч татгалзалдаа зочид буудлын барилгыг түрээсэлж байхдаа оруулсан хөрөнгө оруулалтыг түрээсийн төлбөрт тооцох ёстой, 2014 оны түрээсийн гэрээг Тагнуулын Ерөнхий газрын тусгай зориулалтын гэрээг үндэслэж байгуулсан ба өмнөх гэрээний дагуу зарим тооцоог хийж байсан, нэхэмжлэлд дурдсан тооцоог зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Дээрх татгалзлын үндэслэл болсон нотлох баримтууд болох 2001 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ, 2005 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээ, 06/25 дугаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ болон “Соёмбо” зочид буудлын их засвар, өргөтгөлийн ажлын гүйцэтгэлийн төсвийг нэхэмжлэгчээс шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэж 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр бичгээр хариуцагч тал шүүхэд хүсэлт гаргасныг /хх-26/ шүүгч 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШЗ2016/04140 дүгээр захирамжаар /хх-31/ хангасан байна.
Дээр дурдсан баримтууд нь хариуцагчийн “2014 оны түрээсийн гэрээг Тагнуулын Ерөнхий газрын тусгай зориулалтын гэрээг үндэслэж байгуулсан ба өмнөх гэрээний дагуу зарим тооцоог хийж байсан, хөрөнгө оруулалтыг түрээсийн төлбөрт тооцох ёстой” гэх татгалзал үндэслэлтэй эсэхийг тогтооход зайлшгүй шаардлагатай байх боловч дээрх гэрээнүүдийг нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй талаар нэхэмжлэгч Тагнуулын Ерөнхий газраас мэдэгдэхдээ /хх-70/ эдгээр нь төрийн “онц чухал маш нууц”-д хамаарах тул Төрийн нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1/-д заасан “тагнуул, сөрөг тагнуулын үйл ажиллагаа, гүйцэтгэх ажлын арга хэлбэр, хүч хэрэгсэл, мэдээллийн эх сурвалж, орон тоо, зохион байгуулалт, баримт бичиг, архив, мэдээллийн сан, санхүүжилтийн тухай мэдээлэл”-тэй мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсийг “Төрийн нууцтай холбогдсон асуудлыг хянан шалгах зорилгоор Улсын Их Хурлаас байгуулсан комиссын гишүүн, эсхүл мөнхүү зорилгоор Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгогдсон хүн тухайн шалгах асуудлын хүрээнд хамаарах төрийн нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцана. Харин гүйцэтгэх ажлын мэдээллийн эх сурвалж болон гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэлд холбогдох мэдээ, баримт бичигтэй зөвхөн шалгаж байгаа асуудлын хүрээнд Улсын Их Хурлын зөвшөөрснөөр Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооны дарга, гишүүнээс бусад хүн танилцахыг хориглоно” гэх үндэслэлийг заажээ. Гэтэл хэрэгт “төрийн онц чухал маш нууц”-д хамаарах баримтуудаас 2005 оны 06/25 дугаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2010 оны нэмэлт өөрчлөлтийн гэрээ авагдсан байна.
Иймд шүүгч нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангасан захирамжийн заалт хэрэгжээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан зохигчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлэх журамд нийцэхгүй байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар “шүүгч холбогдох хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, бусад мэдээлэл, тэдгээрийн хуулбарыг зохих байгууллага, албан тушаалтан, иргэнээс шаардан гаргуулах эрхтэй бөгөөд тухайн этгээд нь шүүгчийн шаардсан баримт бичиг, мэдээллийг үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй.
Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь Төрийн нууцын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг "онц чухал-маш нууц" зэрэглэлтэйд тооцож хамгаалалтад авсан” шалтгаантай бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үүргийнхээ хүрээнд шүүх нууцыг задруулахгүй байх баталгаа гаргасны үндсэн дээр шаардлагатай бичмэл нотлох баримтыг зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар “үзлэг явуулж, шинжлэн судлах”, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт зааснаар “тэмдэглэл үйлдэж баталгаажуулах замаар нотлох баримтыг бүрдүүлэх” боломжтой .
Дээрхээс дүгнэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ шүүх зохих журмын дагуу биелүүлээгүй гэж үзэх бөгөөд татгалзлаа нотлоогүй гэж хариуцагчид үүрэг ногдуулах үндэслэлгүй болно.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй нөхцөлд нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ нэхэмжлэгч биелүүлж холбогдох баримтыг гаргаагүй, хариуцагчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ шүүх биелүүлээгүйгээс түрээсийн байранд оруулсан хөрөнгө оруулалтыг түрээсийн төлбөрт тооцсон талаарх маргааны үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй, маргаж буй үндэслэлээр зохигчид тэгш эрхтэй мэтгэлцсэн гэж үзэхээргүй байна.
Хэрэгт авагдсан баримтын хүрээнд талууд түрээсийн гэрээгээр ямар нөхцлийг харилцан тохиролцсон болон 2001 оноос 2010 он хүртэлх түрээсийн гэрээний үүргийн биелэлт буюу түрээсийн төлбөрийг хэрхэн тооцож барагдуулсан, хөрөнгө оруулалтын зардал нь түрээсийн төлбөрт тооцогдож дууссан эсэх, нэхэмжлэлээр болон сөрөг нэхэмжлэлээр шаардсан төлбөр үндэслэлтэй эсэх талаар болон талуудын хооронд ямар төрлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал буюу гэрээ нь хуулиар тогтоосон шаардлагад нийцсэн эсэх зэрэгт шүүх дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байж болох нотлох баримт төрийн нууцад хамааралтай бол шүүх хуралдааныг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хаалттай явуулах эсэх талаар талуудад хүсэлт байгаа эсэхийг тодруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2хь хэсэгт нийцэхийг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/00251 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 216 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
А.ОТГОНЦЭЦЭГ