Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0501/З |
Дугаар | 221/МА2022/0161 |
Огноо | 2022-03-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2022/0161
|
|
“А А Т” ХХК,
“Э Г Д” ХХК-уудын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Нэхэмжлэгч: “А А Т” ХХК,
“Э Г Д” ХХК,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “А А Т” ХХК, “Э Г Д” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 886 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Г.Ж нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,
Хэргийн индекс: 128/2021/0501/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А А Т” ХХК, “Э Г Д” ХХК-ууд нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “А А Т” ХХК, “Э Г Д” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 886 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “А А Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Э Г Д” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож”,
2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А А Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, “Э Г Д” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг хангаагүй байна.
3.2. Учир нь, анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ “ ... Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, “Э Г Д” ХХК-ийн захирал нарын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан *** дугаар гэрээнд нэг жилд төлбөл зохих газрын төлбөрийн 102,381,510 төгрөгийг тэнцүү хувааж, улирал бүрийн эхний сарын 25-ны дотор Хан-Уул дүүргийн Газрын албаны дансанд төлөхөөр заасан...” гэжээ.
3.3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаартай тушаалаар нэхэмжлэгч “Э Г Д” ХХК-д Хан-Уул дүүргийн богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн “Нүхтийн ам” нэртэй 7 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар олгож 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр *** дугаартай гэрчилгээг олгосон, мөн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 дугаартай тушаалаар 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл дахин 5 жилээр сунгасан.
3.4. Нэхэмжлэгч “Э Г Д” ХХК-ийн зүгээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 32-03 дугаартай, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 32-01 дугаартай, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 32-04 дугаартай хүсэлт болон 2019, 2020 онуудад удаа дараа Хан-Уул дүүргийн Засаг дарга болон холбогдох газарт хуульд заасан гурвалсан гэрээ байгуулж өгөхийг хүссэн боловч төрийн байгууллагын уялдаа холбоогүй, залгамж халаагүй байдлаас болж гурвалсан гэрээг байгуулаагүй. Нөгөөтээгүүр, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, 43 дугаар зүйлийн 43.2.1-д “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцэл хүчин төгөлдөр байх”-аар хуульчилсан бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу гурвалсан гэрээг нэг талаас газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж байгууллага, нөгөө талаас Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга дээрх 2 эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга дарсны дараа Tycгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга гарын үсэг, тамга тэмдгээ дарж баталгаажуулахаар заасан.
3.5. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1586 дугаартай албан бичигт “... “Э Г Д” ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 33-05 дугаар хүсэлт, хамгаалалтын захиргааны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай талуудын гарын үсэг бүрэн бус гурвалсан гэрээг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн бөгөөд дээрх баримтад нэхэмжлэгч “Э Г Д” ХХК-ийн зүгээс гурвалсан гэрээг байгуулж өгөх хүсэлтийг холбогдох газарт тавьж байсан болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Э Г Д” ХХК-ийн зүгээс 2016 оноос удаа дараа гурвалсан гэрээг байгуулж, баталж өгөхийг холбогдох төрийн байгууллагад хүсэлт гаргасан боловч төрийн байгууллагын уялдаа холбоогүй, удирдлага тогтвортой бус залгамж халаагүй байдлаас шалтгаалан гурвалсан гэрээ байгуулагдаагүй. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газрын төлбөрийг газар эзэмшигч, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасны дагуу улсын бүртгэлд бүртгэгдээгүй, газрын төлбөр бүрэн тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр *** дугаартай гурвалсан гэрээг байгуулсан мэтээр дүгнэж, гэрээнд нэг жилд төлбөл зохих газрын хийсэн гэж үзэхээр байна. Төлбөрийн хэмжээг 102,381,510 төгрөг байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
3.6. Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох журам”-ын 3.4-т “3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж , Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна...” гэж заасныг анхан шатны шүүх гурвалсан гэрээг байгуулах үүрэг нь зөвхөн газар ашиглагч компанийн үүрэг мэтээр тайлбарлаж гэрээний нэг тал болох төрийн эрх бүхий 3 байгууллагын үүрэг оролцоог харгалзан үзээгүй, гэрээний гол нөхцөл болсон газрын төлбөрийн хувь хэмжээ, төлөх хугацаа зэргийг тохиролцсон тохиролцоо албан ёсоор баталгаажаагүй байхад 1 жилийн газрын төлбөр 102,381,510 төгрөг, газар ашиглах эрхтэй болсон хугацаанаас тооцож газрын нийт төлбөр 435,121,417 төгрөг гэж батлагдаагүй буюу хүчин төгөлдөр бус гэрээний үнийн дүнг барьж шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
3.7. Шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ “... Сонсох ажиллагааны тухайд хариуцагч 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8237, 09/8234 дүгээр албан бичгүүдээр нэхэмжлэгч компаниудад хүргүүлж нотлох баримтуудаа цахим хаягаар ирүүлэхийг мэдэгдсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасантай нийцэж байна” гэжээ.
3.8. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” зарчмыг баримтлахаар заасан бөгөөд дээрх зарчим нь “хувь хүн, хуулийн этгээдээс захиргааны үйл ажиллагаа хэлбэржиж, шийдвэр гарсны дараа эрхээ хамгаалуулахаар хойноос нь гомдол гаргах эрх нээлттэй байхаас гадна тухайн захиргааны шийдвэр гарахаас өмнө мэдсэнээр урьдчилан мэдээлэл авах, саналаа өгөх боломжийг хангана. Тиймээс энэ зарчим нь зөвхөн хүний эрхийг хангахад чухал төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан захиргааны шийдвэр гаргахад шаардлагатай нотлох баримт цуглуулах ажиллагаа мөн хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг захиргааны байгууллага тогтоож, нотлох баримтыг цуглуулснаар мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны шийдвэр нь үндэслэлтэй байх зарчмыг хангах гол үндэслэл болохоор заасан байхад хариуцагч дээрх хуулийн холбогдох заалтыг огт баримтлаагүй нэхэмжлэгч компанийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. Тодруулбал, хавтаст хэрэгт “Э Г Д” ХХК-д хүргүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8234 дугаартай “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг авагдсан боловч дээрх мэдэгдэл явуулсан тухайн үед Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаартай “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол гарч 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хавсралтад заасан 11 төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас бусад төрийн болон хуулийн этгээд, иргэдийн үйл ажиллагаа болон зорчих хөдөлгөөнийг зогсоосон, хатуу хөл хорионы үед мэдэгдэл хүргүүлсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг ноцтой зөрчиж эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн тайлбар, мэдүүлэг, холбогдох баримтаа гаргаж өгөх боломжит хугацаа олгоогүй.
3.9. Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 19-д “газар ашиглах эрхийг цуцалсан хариуцагчийн шийдвэр дээрх үндэслэлийг тогтоолгүй гаргасан, хуулийг зөв хэрэгжүүлээгүй, газар ашиглагчийн эрхийг хангаагүйгээс эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна, хариуцагчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаартай захирамжийн нэхэмжлэгч компанид холбогдох хэсэг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн” гэж дүгнэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
3.10. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 886 дугаартай шийдвэрийн “Э Г Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
4.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “... аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах ...”, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх ...”, 35.3.3-д “Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх...”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг удирдлага болгосон.
4.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар “А А Т” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын “Нүхтийн ам”-анд аялал жуулчлалын зориулалтаар 0.14 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон.
4.3. Шийдвэрт “... “А А Т” ХХК-ийн газар ашигласны төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд Богдхан уулын дархан цаазат газрын “Нүхтийн ам” нэртэй газрын 0.14 га газрын ашиглах тухай Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, “А А Т” ХХК-ийн захирал нарын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан *** дугаар гэрээнд нэг жилд төлбөр зохих газрын төлбөрийн 1,998,054 төгрөгийг тэнцүү хувааж, улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор Хан-Уул дүүргийн Газрын албаны дансанд төлөхөөр заасан ба Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16/2058 дугаартай албан бичгээр ““А А Т” ХХК-ийн газрын төлбөрийн орлогын тайланд бүртгэлгүй байна” гэж ирүүлсэн, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн орлогын баримтаар 2017, 2018, 2019, 2020, 2021 онуудад газрын төлбөрөө бүрэн төлсөн болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн тайлбар, шалтгааныг хариуцагч шийдвэр гаргахдаа нягтлаагүй, шалгаагүй, өөрөөр хэлбэл газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо энэ үндэслэлийг тогтоогоогүй байна” гэж дүгнэжээ.
4.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-д “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасан.
4.5. Гэтэл хариуцагч гурвалсан гэрээ байгуулаагүй ба Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 11/1628 дугаар албан бичгээр 2016-2020 оны “А А Т” ХХК-иас дүүргийн Засаг даргад хандаж газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлт ирүүлээгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулаагүй байна. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд газрын төлбөр ногдуулах талаар зохицуулсан ба 9.1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасан тул гэрчилгээ гарснаар төлбөр төлөх эрх үүснэ, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” нь Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 10.1-д “Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна” заасан нь Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16/2058 дугаартай албан бичгээр төлбөр төлөөгүй, мэдээлэл байхгүй нь нотлогдож байна. Иймд шийдвэрт дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна
4.6. Шийдвэрт “... Газар ашиглагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд “Э Г Д” ХХК, “А А Т” ХХК, “Т Х” ХХК нар 2017, 2018 онд “Хамтран ажиллах тухай гэрээ” байгуулж, уг гэрээгээр “А” тал буюу “Т Х” ХХК нь өөрсдийн ашиглалтын газартаа жуулчдад зуны улиралд морин аялал, явган аялал, шагайн харваа гэх мэт үйл ажиллагааг гэрээнд заасан хугацаанд явуулах, “Б” тал буюу “Э Г Д” ХХК нь жуулчдыг хүлээн авч байрлуулан, түр сууцыг хангах, “В” тал буюу “А А Т” ХХК нь жуулчдад зориулсан эрүүл ахуйн шаардлага хангасан халуун хоол унд, уух зүйлсийг нийлүүлэх үүргийг хүлээн ажилласан, мөн Богд уул” аялал жуулчлалын клуб үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээ, болон хамтарсан тушаал уулчдын клубийн гишүүдийн нэрс, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, үйл ажиллагааны тайлан, гишүүдийн үнэмлэх, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн үзлэг зэрэг нотлох баримтуудаар 2017-2019 онуудад үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэжээ.
4.7. Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг зохицуулсан ба 33.1-д “ ... Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан. “А А Т” ХХК нь гурвалсан гэрээгээ батлуулаагүй газраа ашигласан гэх үндэслэлгүй байна
4.8. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.1.1-д “Ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах” гэж тус тус заасан. Гэтэл “Э Г Д” ХХК, “А А Т” ХХК, “Т Х” ХХК-ууд 2017, 2018 онд “Хамтран ажиллах тухай гэрээ” байгуулж газраа бусдад дамжуулан ашигласан байна.
4.9. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11И-3/5988 дугаар албан бичгээр ирүүлсэн газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 дүгээр албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр газрын ашиглаагүй нь нотлогдож байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчныг хамгаалах чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, газар ашиглагч нарын үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, газар ашиглах гэрээний хэрэгжилтийг хангах, тайлагнах, уг тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах боломжтой болон боломжгүй, мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгох иргэн, хуулийн этгээдийн талаар санал, дүгнэлтийг яаманд ирүүлсэн байна.
4.10. Иймд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаал нь хууль, тогтоомжид нийцүүлээгүй байна” гэж шүүгч хэт нэг талыг барьж, хуулийн дээрх зохицуулалтуудыг буруу тайлбарлаж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль хэрэглэх зарчмыг зөрчиж байна. Иймд мөн хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд холбогдуулан дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд “...
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч “А А Т” ХХК-ийн зүгээс доорх тайлбарыг гаргаж байна. Давж заалдах гомдолдоо “... Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугааp зүйлийн 33.1-д “гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан. Гэтэл “А А Т” ХХК нь гурвалсан гэрээгээ батлуулаагүй газраа ашигласан гэх үндэслэлгүй байна ... , Э Г Д” ХХК, “А А Т” ХХК, “Т Х” ХХК-ууд 2017, 2018 онд “Хамтран ажиллах тухай гэрээ” байгуулж газраа бусдад дамжуулан ашигласан байна ...” гэжээ.
5.2. Нэхэмжлэгч “А А Т” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн А/263 дугаартай тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн “Нүхтийн ам” нэртэй газар 0.14 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар авсан. Улаанбаатар хотын хөгжил нэмэгдэхийн хирээр хотын иргэд хөдөлгөөний дутагдалд орсноос зүрх судас, чихрийн шижин, таргалалт зэрэг өвчлөлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор нэхэмжлэгч “А А Т” ХХК нь аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон газрын зэргэлдээ адил үйл ажиллагаа явуулж буй газар ашиглагч “Т Х” ХХК, “Э Г Д” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай “Хамтран ажиллах гурван талт гэрээ” байгуулан, гэрээний 1.1, 3.1-д заасны дагуу өөрсдийн ашиглах эрхтэй газрууд дээр хамтран аялал жуулчлалын буюу морин аялал, явган аялал, шагай харваа гэх мэт үйл ажиллагааг явуулахаар харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах 08 дугаартай гэрээний 1.1, 3.1-д заасны дагуу 3 компани зохих журмын дагуу авсан газар дээрээ “А” тал буюу “Т Х” ХХК нь аялал жуулчлалын үйл ажиллагааг гардан явуулах, “Б” тал буюу “Э Г Д” ХХК нь зочид, жуулчдыг хүлээн авах байрлуулах амруулах, амруулах түр сууцыг байрлуулах, “В” тал буюу “А А Т” ХХК нь зочид, жуулчдад уух зүйлсийг нийлүүлэх замаар эрүүл ахуйн шаардлага хангасан халуун хоол унд нийслэлийн иргэдэд зориулан уулын спортын чиглэлээр дотоод аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулж, гэрээний 3.2-т заасны дагуу ашгийг адил тэнцүү авахаар тохиролцсон болохоос “А А Т” ХХК нь өөрийн ашиглах эрхтэй газраа бусад компанид ашиглуулсан зүйл огт байхгүй. Нөгөөтээгүүр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1186 дугаартай албан бичигт “... 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар ашиглах эрх авсан 7 га газар нь мэдээллийн санд шалгаж үзэхэд бусад иргэн, аж ахуй нэгж байгууллагын ашиглалтын талбайтай давхцаагүй байгаа боловч Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS6426-2013 стандарт зөрчигдөж байна ...” гэсэн байгаа нь “Э Г Д” ХХК нь бусад газар ашиглагч компаниудтай байгуулсан хамтран ажиллах гэрээний 3.1.2-т заасан үүргийн дагуу аялагч жуулчдад зориулсан түр сууцаар хангах үүргээ биелүүлж байсан буюу “А А Т” ХХК бусад компаниудтай хамтран газар дээрээ зориулалтын дагуу аялал жуучлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан болохыг 2019 оны байдлаар төрийн байгууллага шалган тогтоож байсан байж 2021 онд буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан болохыг анхаарч үзнэ үү.
5.3. Нэхэмжлэгч нар нь газрыг зориулалтын дагуу буюу дотоод аялал жуулчлалын үйл ажиллагааг 2017-2019 онуудад явуулж байсан болон 2020 он гарснаар Монгол Улс төдийгүй дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас улбаалан Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын удаа дараагийн шийдвэрээр нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа хязгаарлалтад орж давагдашгүй хүчин зүйлийн улмаас газраа ашиглах боломжгүй болсон болохыг анхан шатны шүүх үндэслэлтэй тогтоосон.
5.4. Хариуцагч гомдолдоо “... Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16/2058 дугаартай албан бичгээр төлбөрийн мэдээлэл байхгүй нь нотлогдож байна ...” гэжээ. “А А Т” ХХК-ийн зүгээс удаа дараа гурвалсан гэрээг байгуулж, баталж өгөхийг холбогдох төрийн байгууллагад хүсэлт гаргасан боловч төрийн байгууллагын уялдаа холбоогүй, удирдлага тогтвортой бус, залгамж халаагүй байдлаас шалтгаалан гурвалсан гэрээ 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газрын төлбөрийг газар эзэмшигч, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасны дагуу “А А Т” ХХК нь газрын төлбөрийг бүрэн төлсөн газрын өр төлбөргүй болох нь газрын төлбөр төлсөн санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байгаа, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан захиргааны шийдвэр гаргахад шаардлагатай нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй, дээр дурдсан хуулиудыг зөрчиж нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны шийдвэр нь үндэслэлтэй байх, 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлаагүй, нэхэмжлэгч компанийн эрхийг зөрчсөн болохыг анхан шатны шүүх тогтоосон.
5.5. Хариуцагч гомдолдоо “...Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11И-3/5988 дугаартай албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 дүгээр албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр газрыг ашиглаагүй нь нотлогдож байна ...” гэжээ. 11/5988 дугаартай албан бичиг нь газар цуцлах шууд үндэслэл болохгүй бөгөөд Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд газар цуцлах эрх бүхий этгээд, түүний үндэслэл, эрх хэмжээг тодорхой заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч “А А Т” ХХК-д хүргүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8237 дугаартай “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг авагдсан боловч дээрх мэдэгдэл явуулсан тухайн үед Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаартай “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол гарч 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хавсралтад заасан 11 төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас бусад төрийн болон хуулийн этгээд, иргэдийн үйл ажиллагаа болон зорчих хөдөлгөөнийг зогсоосон, хатуу хөл хорионы үед мэдэгдэл хүргүүлсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг ноцтой зөрчиж эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн тайлбар, мэдүүлэг, холбогдох баримтаа гаргаж өгөх боломжит хугацаа олгоогүй.
5.6. Нөгөө талаар шүүхээс 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/5996 дугаар “Нотлох баримт гаргуулах тухай” албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “А А Т” ХХК-д холбогдох хэрэгт сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн талаарх баримт, мөн нэхэмжлэгч компанийг газрын гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй байдлыг хэрхэн нотолж тогтоосон, газар ашиглалтын байдалд хяналт тавьсан ажиллагааны материал буюу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар нөхцөл байдлыг тогтоосон баримтыг гаргуулахаар шаардсан боловч түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй нь захиргааны байгууллага захиргааны акт хууль ёсны болох шинж болох сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийгээгүйтэй холбоотой. Анхан шатны шүүх хариуцагчийг “2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаартай тушаалын “А А Т” ХХК-д холбогдох хэсгийг гаргахдаа тухай нөхцөл байдал, үндэслэлийг тогтоолгүй гаргасан, хуулийн зөв хэрэгжүүлээгүй, газар ашиглагчийн эрхийг хангаагүйгээс эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн.
5.7. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 886 дугаартай шийдвэрийн “А А Т” ХХК-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “А А Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрт дараах байдлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч “А А Т” ХХК, “Э Г Д” ХХК-ууд нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “А А Т” ХХК, “Э Г Д” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан бөгөөд А/79 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар албан бичгээр ирүүлсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 11И-3/5988 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон, уг тушаалын хавсралтад нэхэмжлэгч “А А Т” ХХК, “Э Г Д” ХХК нар багтжээ.
3.2. Анхан шатны шүүх “... Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 16/2058 дугаар албан бичгээр “ “А А Т” ХХК-ийн газрын төлбөрийн орлогын тайланд бүртгэлгүй байна” гэж ирүүлсэн, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтаар 2017-2021 онуудын газрын төлбөрөө бүрэн төлсөн болох нь тогтоогдож байна” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч “А А Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
3.2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар “А А Т” ХХК-д Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт “Нүхтийн ам”-нд 0,14 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр *** дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгож, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр *** дугаартай газар ашиглах тухай гэрээг байгуулсан байна.
3.2.2. Тус компанийн хувьд 2017 онд газар ашиглах гэрчилгээг авснаас хойш 3 жилийн дотор гэрээ байгуулахаар эрх бүхий этгээдэд хандаагүй, 3 жилийн дараа буюу 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр *** дугаартай газар “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-г байгуулсан нь Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-д “... гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасантай нийцээгүй боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. Уг маргааны хувьд маргаан бүхий актыг гаргах үед нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байсан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байна.
3.2.3. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаартай “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол гарч 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хавсралтад заасан 11 төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас бусад төрийн болон хуулийн этгээд, иргэдийн үйл ажиллагаа болон зорчих хөдөлгөөнийг зогсоосон, хөл хорионы үед үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан нөхцөл байдал үүссэн, тус компани нь Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *** дугаартай “Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-г авсан зэргийг харгалзан үзвэл энэ үндэслэлээр түүний газар ашиглах эрхийг цуцлах нь хуулийн зорилгод нийцэхгүй.
3.2.4. Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлахаар хуульчилсан, хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар “А А Т” ХХК нь хуульд зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь нотлогдохгүй байна.
3.2.5. Тодруулбал, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна” гэж тус тус заасан бөгөөд “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгуулахаар санал ирүүлсэн жагсаалт, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11И-3/5988 дугаар албан бичгээр ирүүлсэн Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга, байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгааны жагсаалтуудад нэхэмжлэгч компани багтсан, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 16/108 дугаар албан бичгээр тус дүүргийн нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч газрын төлбөр төлөөгүй, газар ашиглуулах тухай гэрээний үүргээ зөрчиж газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй 223 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах саналыг ирүүлсэн, уг жагсаалтад “А А Т” ХХК багтсан, мөн албаны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 16/1533, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16/2058 дугаар албан бичгүүдэд “... “А А Т” ХХК-ийн газрын төлбөрийн орлогын тайланд бүртгэлгүй байна” гэсэн байна.
3.2.6. Нэхэмжлэгчээс маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалыг гарсны дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ““А А Т” ХХК *** тоот гэрчилгээтэй газрын төлбөр” нэрээр 2017-2021 онуудын газрын төлбөрийг төлсөн байх тул газрын төлбөрийг хуульд заасан хугацаандаа төлсөн гэж үзэж, маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.
3.3. Анхан шатны шүүх “... газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан хариуцагчийг буруутгах боломжгүй, тус компани нь газрын төлбөрт нийт 435,121,417 төгрөг төлөх байснаас 194,951,512 төгрөг төлсөн байна” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч “Э Г Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
3.3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар “Э Г Д” ХХК-д Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт “Нүхтийн ам”-нд 7,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр *** дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгож, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр *** дугаартай газар ашиглах тухай гэрээг байгуулсан боловч дүүргийн Засаг дарга, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар гарын үсэг зураагүй байна.
3.3.2. Энэ нь Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-д заасантай нийцээгүй боловч маргаан бүхий актыг гаргах үед нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байсан, мөн Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсад удаа дараа хөл хорио тогтоосон, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *** дугаартай “Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-г авсан зэргийг харгалзан үзвэл энэ үндэслэлээр түүний газар ашиглах эрхийг цуцлах боломжгүй.
3.3.3. Харин хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар “Э Г Д” ХХК нь хуульд зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь нотлогдохгүй байна.
3.3.4. Тодруулбал, “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар дүгээр “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгуулахаар санал ирүүлсэн жагсаалт, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11И-3/5988 дугаар албан бичгээр ирүүлсэн Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга, байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгааны жагсаалтуудад нэхэмжлэгч компани багтсан, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 16/108 дугаар албан бичгээр тус дүүргийн нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч газрын төлбөр төлөөгүй, газар ашиглуулах тухай гэрээний үүргээ зөрчиж газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй 223 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах саналыг ирүүлсэн, уг жагсаалтад “Э Г Д” ХХК багтсан, мөн албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16/2058 дугаар албан бичгийн хавсралтаар тус компанийн газрын төлбөр төлсөн талаарх баримтуудыг ирүүлсэн боловч уг баримтуудаар тус компани нь газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулсан болох нь тогтоогдохгүй байна.
3.3.5. Тус компанийн хувьд гурвалсан гэрээг байгуулахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 32-03, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 32-04, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 33-05, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 32-01, Хан-Уул дүүргийн Засаг даргад 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 33-08 дугаартай албан бичгүүдээр тус хандаж байсан талаарх баримт хэрэгт авагдсан боловч Богдхан уулын хамгаалалтын захиргааны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1586 дугаар албан бичигт “... “Э Г Д” ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугааргүй, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 33-05 тоот хүсэлт, Хамгаалалтын захиргааны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1186 тоот албан бичиг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай гурвалсан гэрээ /талуудын гарын үсэг бүрэн бус/, “А А Т” ХХК-иас гурвалсан гэрээ байгуулахаар хандсан хүсэлт байхгүй боловч 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай гурвалсан гэрээ /талуудын гарын үсэг бүрэн бус/ хийгдсэн” гэсэн, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11/1628 дугаар албан бичигт “... 2016-2020 оны архивын баримтад “А А Т” ХХК болон “Э Г Д” ХХК-иас дүүргийн Засаг даргад хандаж газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлт ирүүлээгүй” гэсэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/5699 дүгээр албан бичигт “... гурвалсан гэрээ батлуулах, байгуулах хүсэлт гаргаж байгаагүй” гэсэн байна.
3.3.6. Тус компаниас “... гэрээ байгуулахаар удаа дараа хандсан боловч захиргааны байгууллагуудын буруутай үйл ажиллагааны улмаас байгуулж чадаагүй, гэрээ байгуулаагүй байсан учир газрын төлбөрийг барагцаагаар төлж байсан, гарын үсэг зураагүй, батлагдаагүй гэрээний дүнгээр тооцож газрын төлбөрийг тооцож байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарлах боловч *** дугаартай гэрээнд заасан хэмжээний дагуу газрын төлбөрийг төлж байсан, уг газар нь гэрчилгээ авснаас хойш нэхэмжлэгч компанийн эзэмшил, ашиглалтад байсан, нэхэмжлэгч тухайн газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байсан, хариуцагчаас энэ эрхийг аливаа байдлаар хязгаарлаагүй, газар ашиглагч гэрчилгээ авснаас хойш 3 жилийн хугацаанд хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд гэрээ байгуулах үүргээ биелүүлэхийг холбогдох албан тушаалтнаас шаардаагүй, гэрээ байгуулаагүй гэх тухайн буруутай албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйтэй холбогдуулан аливаа байдлаар гомдол гаргаж, маргаж байгаагүй, газрын төлбөрийг тухайн цаг хугацаанд нь төлөөгүй, түүнчлэн маргаан бүхий актыг гаргах үед төлбөрийн үлдэгдэлтэй байсан зэрэг үйл баримтыг зөвтгөж, хариуцагчийн гаргасан захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
3.4. Мөн хариуцагчаас “Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “Хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх” тухай 09/8237, 09/8234 дүгээр албан бичгүүдийг нэхэмжлэгч нарт хүргүүлж, холбогдох баримтуудаа цахимаар ирүүлэхээр мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нараас “... хариуцагч сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд зааснаар хийгээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг сонсох, урьдчилан мэдээлэл авах, саналаа өгөх боломжийг олгоогүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, үүгээр нэхэмжлэгч нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн, ... хөл хорионы улмаас уг албан бичгүүдийг хүлээн аваагүй, баримт гаргаж өгөөгүй” гэж тайлбарлаж байгаа ч Ковид-19 цар тахлын улмаас тодорхой хугацаанд хөл хорионд байсан тул хөл хорио дууссаны дараа маргаан бүхий актыг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргах хүртэл холбогдох баримтыг гаргаж өгөх, энэ талаарх баримт, тайлбар гаргах талаарх хүсэлтээ илэрхийлэх боломжтой байжээ. Ийнхүү нэхэмжлэгч нараас энэ талаар аливаа хүсэлт гаргаагүй бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 35 дугаар зүйлийн 35.3.3-д тус тус зааснаар газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүйг зөвтгөх боломжгүй. Түүнчлэн сонсох ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх” тухай 09/8237, 09/8234 дүгээр албан бичгүүдийг нэхэмжлэгч нарт хүргүүлж, холбогдох баримтуудаа цахимаар ирүүлэхийг мэдэгдэх байдлаар явуулсныг буруутгах боломжгүй байна.
3.5.Товчхондоо уг маргааны хувьд “газар эзэмших гэрээ байгуулаагүй” гэсэн үндэслэлээр өөрсдийн эзэмшил ашиглалтад байгаа газрынхаа төлбөрийг төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйг зөвтгөх боломжгүй бөгөөд энэ нь газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох хуулийн урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзнэ.
3.6. Мөн хариуцагчаас “... нэхэмжлэгч нар маргаан бүхий актыг эс зөвшөөрч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан нь буруу, шууд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан, үүнээс үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч нараас маргаан бүхий А/79 дүгээр тушаалыг эс зөвшөөрч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандсаныг буруутгах боломжгүй, өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болохоор хуульчилсан, сайдын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 09/1821, 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/3121 дүгээр албан бичгүүдээр “... газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй” талаар хариу ирүүлсний дараагаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
3.7. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан нөхцөл бүрдсэн тул газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон” гэх гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
3.8. “А А Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу тус компаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 886 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэхэмжлэгч “А А Т” ХХК, “Э Г Д” ХХК-уудын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “А А Т” ХХК, “Э Г Д” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН