Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 173

 

                                                         Г.Д-д холбогдох эрүүгийн

                                                                    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Г.Д-гийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 787 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор А.Сайнбаярын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 02 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Д-д холбогдох эрүүгийн 1706001980266 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Мажгар овогт Г-ийн Д-, 1992 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, морин хуурч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/;

            Г.Д- нь 2017 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 62 дугаар байрны 168 тоотод эхнэр Б.Туулыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гарган хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Г.Д-г уг ялаас чөлөөж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор А.Сайнбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгчид хорихоос өөр төрлийн буюу торгох ял оногдуулсан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан тухайн ялаас нь чөлөөлснөөр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Хуулийн дээрх заалт нь зөвхөн хорих ял оногдуулж болохоор заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорих ялаас нь чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай зохицуулсан гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

            Шүүгдэгч Г.Д-гийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокуророос Г.Д-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж түүний эрх байдлыг нь дордуулсан. Өмгөөлөгчийн зүгээс 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Г.Д-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэсэн байр суурийг анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн. Ингэснээр Г.Д-г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар буюу хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой бөгөөд энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн зарчимд нийцнэ гэж үзсэн...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Г.Д- нь 2017 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 62 дугаар байрны 168 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Туулыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Б.Туулын “...2017 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 62 дугаар байрны 168 тоотод найз залуу Д-гийн хамт байж байгаад 00 цагийн үед түүнтэй гэр бүлийн маргаанаас болж хэрэлдсэн. Энэ үед Д- уурлаад намайг 2-3 удаа алгадсан ба намайг явуулахгүй байсан. Тэгэхэд эгч ирээд “Хоорондоо учраа ол” гээд эвлэрүүлсэн боловч маргааш нь дахин хэрэлдэж намайг зодсон. Иймээс би цагдаагийн байгууллагад хандсан... миний амны хөндий хэсэгт цус гарсан, хацар улаасан байдалтай, зүүн нүдний дээд хэсэгт хөхөрсөн байсан... надад одоо гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/,

- шүүгдэгч Г.Д-гийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 70/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 8404 дугаар “Б.Туулын биед тархи доргилт, зүүн нүдний гадна буланд цус хуралт, баруун зүүн завжинд шарх, цус хуралт, хэвлийд зурагдсан зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 18/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулжээ.

Дурьдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой ба эдгээрийг үндэслэн Г.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүх яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар бичсэн прокурорын саналыг харгалзан Г.Д-г тухайн зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэргийг хялбаршуулан хянан шийдвэрлэх журам”-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа баримталсан байна.

            Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзнэ.

Үндэслэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь зөвхөн энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хамаарах бөгөөд Г.Д-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулах санкци байхгүй байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Г.Д-д оногдуулсан торгох ялыг 3 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсэн нэмэлт заалтуудыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар шийтгэх тогтоолыг зөвтгөх боломжтой тул прокурорын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” талаархи эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 787 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай”,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалтуудыг оруулж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Прокурор А.Сайнбаярын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 02 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧИД                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                     Н.БАТСАЙХАН