Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 147

 

                                                            Г.Д-т холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн  даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор П.Болормаа,

шүүгдэгч Г.Д-ын өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Мөнхзул, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.Д-, түүний өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Д-т холбогдох эрүүгийн 201726010405 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Чийчаан шагдар овогт Г-ын Д-, 1981 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух бүртгэлтэй,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн /РД:/,

            Г.Д- нь согтуугаар 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны урд талын автобусны буудлын орчимд хохирогч Д.Доржжанцантай гар утас зарах асуудлаас шалтгаан хоорондоо маргалдаж, түүнийг заамдан түлхэж унагаан санаатай хүнд хохирол учруулсны улмаас Д.Доржжанцан нь 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нас барсан ба хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Г.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Д-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Г.Д-ын урьдчилан цагдан хоригдсон 160 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Г.Д-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохиролд 6.000.000 төгрөг төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан залдалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм учруулсны төлбөр гаргуулахтай холбоотой нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж, Г.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Д- гаргасан давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг огт харгалзан үзээгүй ба “хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Би анхнаасаа үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй. Хэрэг гарсан өдөр согтуу байсны улмаас Д.Доржжанцантай маргалдсан. Тэрээр намайг боох явцад гарыг нь тавиулах гэж доош дарахад тэнцвэрээ алдаад арагшаа толгойгоороо газар мөргөн унасан. Үүний улмаас удалгүй нас барсан юм. Би талийгаач Д.Доржжанцанг өөрийн санаатай үйлдлээр амь насыг нь хохироосон гэж үзэхгүй байгаа хэдий ч миний буруутай үйлдлийн улмаас нас барсан гэдэгтэй маргахгүй. Би талийгаачийн эхнэр, хууль ёсны төлөөлөгч Л.Отгонжаргалд учирсан бодит хохирлыг сайн дураар төлж барагдуулсан бөгөөд тэрээр гомдол, саналгүй болсон тухайгаа бичгээр илэрхийлсэн. Түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн. Миний бие эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ар гэрээ ганцаараа тэжээн тэтгэдэг. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

            Шүүгдэгч Г.Д-ын өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

1. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Д-т ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг огт харгалзан үзээгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” журмыг хэрэглээгүйд гомдолтой байна. Учир нь Г.Д- нь энэ хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн үеэс эхлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж ирсэн.

Анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн үндэслэлээ “...Учир нь уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тул хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх боломжгүй...” гэжээ. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...” гэж тодорхойлсон бөгөөд хуулийн энэ зохицуулалт нь тухайн этгээд өөрийн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан шууд, материаллаг хохирлыг бодит байдлаар төлж барагдуулсан байхыг шаардаж байна гэж ойлгогдохоор байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан байх гэсэн шалгуур тавигдаагүй болно. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол нь хэзээ ч сэргээгдэхгүй, нөхөн төлөх боломжгүй нь ойлгомжтой тул энэ үндэслэлээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах, түүнд ашигтай хуулийн заалтыг хэрэглэхийг хориглох үндэслэл болохгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Мөн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн асуудал шүүхээр шийдвэрлэгдээгүй асуудал нь шүүгдэгч Г.Д-аас үл хамаарах нөхцөл байдал бөгөөд түүний зүгээс шүүхээс тогтоосон тохиолдолд төлөхийг хүлээн зөвшөөрч байсан болно.

Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Г.Д- ... хохиролд 6.000.000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй...” гэж заасан тул Г.Д- нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан бодит хохирлоо төлсөн гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй байна.

2. Шийтгэх тогтоолд “Г.Д-ын үйлдэлд эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх хариуцлагыг хөнгөрүүлэх ... нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал ... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Учир нь Г.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-д “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэн Г.Д-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх асуудал нь эргэлзээ бүхий байна. Учир нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэх утга, агуулгатай зүйл яригддаг. Мөн давж заалдсан гомдолдоо энэ талаар дурдсан байсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Г.Д-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн материалыг судлахад, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны урд талын автобусны буудлын орчимд Г.Д- нь Д.Доржжанцантай гар утас зарах асуудлаас болж маргалдаж, улмаар түүнийг заамдан боож түлхэж унагаан “баруун чамархайн сууриас дээш зулай руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн булчингийн няцрал, хатуу хальсан дээрх цус хуралт, тархи дарагдал, баруун зулайн оройн хэсгийн тархины эдийн няцрал, субарахнойдаль зайнуудын зөөлөн бүрхүүл доорх цус харвалт” бүхий учрах үедээ амь насанд аюултай гавал тархины хүнд гэмтэл учруулсан ба Д.Доржжанцан нь уг гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос Г.Д-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, анхан шатны шүүх энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Шүүгдэгч Г.Д-ын үйлдэл болон амь хохирогч нас барсан үр дагавар хоорондоо шалтгаант холбоотой байхад анхан шатны шүүх “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал: Учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирлын улмаас хохирогч эмнэлгийн тусламж хангалттай авсан боловч тухайн гэмтлийг даалгүй нас барах нь эмчлэгдэж амь нас нь аврагдах боломжтой байсан хүнд хохирлыг аливаа хэлбэрээр эмчлүүлэлгүй удаах эсхүл өөр шалтгаанаар хохирлыг даамжируулсны улмаас хохирогч нас барахаас ялгаатай юм.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогддог. Нөгөөтэйгүүр амь хохирогч шууд эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Иймд хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх шаардлагатай байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Д-т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан ял шийтгэлийн талаар гаргасан шүүгдэгч Г.Д-, түүний өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ нарын давж заалдах гомдлуудыг шийдвэрлэх боломжгүйг дурьдвал зохино.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Д-т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Г.Д-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                              ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

                                                                                                      Н.БАТСАЙХАН