Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01205

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00654 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 934 дүгээр магадлалтай,

Д.Бын нэхэмжлэлтэй

Л.Сд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайвангийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Л.Стой 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаагаар хүүгүй зээлүүлсэн. Хугацаандаа гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон. Нэхэмжлэл гаргасан 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 281 хоног хугацаа хэтэрч алдангийн төлбөр 28 100 000 төгрөг болсон байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байх тул алдангийн хэмжээг зээлийн үндсэн төлбөрийн 50 хувь буюу 10 000 000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байна. Л.С нь зээлсэн мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлж, төлөхөөс удаа дараа зайлсхийж байгаа тул шүүхэд хандах, цаашлаад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлага үүсч өмгөөлөгч М.Баянзултай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хууль ёсны эрх ашгаа хамгаалах шаардлага бий болсон. Энэ нь хариуцагчийн үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэний улмаас нэхэмжлэгч талд учирсан хохирол болох тул өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс болох 5 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Иймд хариуцагч Л.Сос 35 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Л.С нь өөрийн танил Б.Хишигсүрэнгийн хүсэлтийн дагуу 20 000 000 төгрөгийг дансаараа дамжуулан авсан. Мөн Л.С зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч, гэрээг дураараа хийгээгүй, уг мөнгийг өөрөө хэрэглээгүй нь үнэн юм. Нэхэмжлэгч Д.Б нь бодит байдал дээр жинхэнэ зээлдэгч нь Л.С биш Б.Хишигсүрэн гэдгийг мэдэж байсан. Б.Хишигсүрэн өөрөө төлбөрийг бүрэн хариуцна гэдгээ нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн. Мөн Б.Хишигсүрэнд мөнгийг данснаасаа гаргаж өгснийг н.Энхтайван, н.Отгонбаяр, н.Оргилжав нар сайн мэднэ. Иймд Л.С мөнгийг авч зарцуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00654 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Л.Сос 30 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Сос 307 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 934 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00654 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Л.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван хяналтын гомдолдоо: Шийдвэрээр хариуцагч Л.Сос 30 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгохоор шийдвэрлэснийг магадлалаар хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Гэрч Б.Хишигсүрэн нь төлбөрийг өөрөө хариуцна, мөн гэрээний хугацаанд 5 000 000 төгрөг төлсөн гэдгээ хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаанд оролцохдоо нотолж мэдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд Б.Хишигсүрэн нь Л.Сор дамжуулж хариуцагч Д.Бт 5 000 000 өгснийг, Л.С Д.Бын дансанд шилжүүлсэн ба нэхэмжлэгч тухайн үед төлбөрийн дүнгээс хасч нэхэмжлээгүй, мөн хариуцагч энэ талаар тайлбарлаж, нотолж чадаагүйгээс анхан шатны болон давж заалдах шатны шүүх хариуцагч Л.Сос үндсэн зээл 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.Иймд дээрх шинээр илэрсэн нөхцөл байдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, хариуцагч энэ байдлыг зөвшөөрвөл шийдвэр, магадлалд төлбөрийн дүнгээс 5 000 000 төгрөгийг хасч, үүнд хамааруулан алдангийн дүнг багасгасан нэмэлт, өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн зөрүүг буцаан олгох, хариуцагч тал 5 000 000 төгрөгийг хүлээн авснаа эс зөвшөөрвөл шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаахыг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Л.Сос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 5 000 000 төгрөг нийт 35 000 000 төгрөгийг  гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...зээлийн мөнгийг авсан Б.Хишигсүрэн хариуцах ёстой...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 30 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа ...гэрч Б.Хишигсүрэн Л.Сор дамжуулж нэхэмжлэгчид 5 000 000 төгрөг өгснийг нэхэмжлэлээс хасч тооцож өгнө үү” гэсэн гомдлыг гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон зохигчдын бичгээр байгуулсан 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлдүүлэгч гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар шүүх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна. Хариуцагч Л.С нь гэрээний дагуу мөнгийг хүлээн авсан тул нэхэмжлэгч Д.Бын өмнө үүргээ биелүүлэх ёстой байна.

Гэрч Б.Хишигсүрэн “...Л.Стой хуурай эгч дүүсийн харилцаатай... Д.Баас авсан мөнгөний доор би яг тэр өдөр мөнгө хүлээж авсан гэж гарын үсэг зурсан... Л.Сос бэлнээр 20 000 000 төгрөг авсан... Л.С мөнгийг Л.Д.Баас авч өгсөн. ...Д.Бби үнэн учрыг хэлсэн. Чамаас авсан мөнгийг би авсан би буцааж төлнө гэсэн. Тэгээд маргааш нь Л.Сд 5 000 000 төгрөгийг өгөөд Л.С миний хажууд сууж байгаад Д.Б руу шилжүүлсэн. Би ямар нэгэн хүү алдангигүйгээр 20 000 000 төгрөг авсан...” гэж мэдүүлснээс дүгнэхэд зээлийн мөнгийг Л.С хүлээж авсан, Л.С уг мөнгийг Б.Хишигсүрэнд өгсөн нь тогтоогджээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээний 3-д зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг тохирсон байх тул хариуцагчаас алдангид 10 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Шүүх Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00654 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 934 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА