Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 0654

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2018/00654

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.С холбогдох,

 

35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Бби Л.С 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай хүүгүй зээлүүлэхээр харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан нотариатаар баталгаажуулсан. Зээлүүлсэн мөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Л.Солонгын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5026523209 тоот дансанд шилжүүлсэн. Гэрээний хугацаа дуусгавар болсон хэдий ч Л.Снь өнөөдрийг хүртэл зээлийг төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийсээр ирсэн. Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасан. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрийг төлөөгүй 281 хоног хугацаа хэтэрсэн байх тул энэ хугацааны алданги 28,100,000 төгрөг болсон. Иймд Л.Солонгоос зээлийн үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэний алданги 28,100,000 төгрөг, нийт 48,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Д.Бнь Л.Солонготой 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар хүүгүйгээр зээлүүлсэн. Хугацаандаа гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон байна. Нэхэмжлэл гаргасан 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 281 хоног хугацаа хэтэрч алдангийн төлбөр 28,100,000 төгрөг болсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байх тул алдангийн хэмжээг зээлийн үндсэн төлбөрийн 50 хувь буюу 10 000,000 төгрөг болгож бууруулж байна. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэний улмаас үүрэг гүйцэтгүүлэгч талд учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаардах эрхтэй байна. Л.Снь зээлсэн мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлж, төлөхөөс удаа дараа зайлсхийж байгаа тул шүүхэд хандах, цаашлаад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлага үүсч өмгөөлөгч М.Баянзултай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хууль ёсны эрх ашгаа хамгаалах шаардлага үүссэн. Энэ нь харицагчийн үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэний улмаас нэхэмжлэгч талд учирсан хохирол болох тул өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс болох 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч Л.Солонготой 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөгийг  2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулахаар талууд харилцан тохирч зээлийн гэрээ бичгээр үйлдэж, нотариатаар баталгаажуулж байгуулсан. Гэтэл хариуцагч Л.Снь гэрээний хугацаа дуусгавар болсон ч мөнгийг өнөөдрийг хүртэл төлж, барагдуулаагүй. Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд зээлдүүлэгчид эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр нийт 281 хоногийн хугацаа хэтэрч алданги нь 28,100,000 төгрөг болсон. Анх шүүхэд зээл  20,000,000 төгрөг, алданги 28,100,000 төгрөг, нийт 48,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргаснаа өөрчилж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан учраас 20,000,000 төгрөгийн 50 хувь буюу 10,000,000 төгрөгийг алдангид тооцож, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан. Үүний дагуу хариуцагч төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлснээс болж, шүүхэд хандаж, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлага гарж, өмгөөлөгч М.Баянзултай эрх зүйн туслалцаа авах гэрээ байгуулж, 5,000,000 төгрөг төлсөн байгаа. Иймд үндсэн зээл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас учирсан хохиролд 5,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг хариуцагч Л.Солонгоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Бнь үндсэн зээл 20,000,000 төгрөг, мөн алданги 28,100,000 төгрөг буюу нийт 48,100,000 төгрөгийг Л.Солонгоос гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргажээ. Уг мөнгийг Л.Сөөрийн танил Б.Хишигсүрэнгийн хүсэлтийн дагуу 20,000,000 төгрөгийг дансаараа дамжуулж, бэлнээр гаргаж, Б.Хишигсүрэнд тэр даруйд нь гардуулж өгсөн. Мөн Л.Сзээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч, гэрээг дураараа хийгээгүй, уг мөнгийг өөрөө хэрэглээгүй нь үнэн юм. Хариуцагч Л.Сзөвхөн гэрээнд гарын үсэг зурснаар асуудал үүснэ, төлбөр хариуцна гэж гэж огт бодоогүй, тухайн цаг үед Б.Хишигсүрэнд бүрэн итгэсэн. Нэхэмжлэгч Д.Бнь бодит байдал дээр жинхэнэ зээлдэгч нь П.Солонго биш Б.Хишигсүрэн гэдгийг мэдэж байсан. Б.Хишигсүрэн “өөрөө төлбөрийг бүрэн хариуцна” гэдгээ нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн. Дээрх бүхий л үйл баримтыг тухайн үед Д.Бямбабазар, Л.Солонго, Б.Хишигсүрэн нарыг зуучилж танилцуулсан. Мөн Б.Хишигсүрэнд мөнгийг данснаасаа гаргаж өгөх үед хамт байсан н.Энхтайван, н.Отгонбаяр, н.Оргилжав нар сайн мэднэ. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд Л.Схариуцагч биш гэдгээ нотлох баримтуудыг гаргаж өгөх болно. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзнэ гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Сөөрийн танил Б.Хишигсүрэнгийн хүсэлтийн дагуу 20,000,000 төгрөгийг дансаараа дамжуулан авсан. Уг мөнгийг данснаасаа аваад бэлнээр Б.Хишигсүрэнд авч өгсөн. Л.С зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч гэрээг өөрийн ашиг сонирхлын үүднээс хийгээгүй. Мөнгийг өөрөө хэрэглээгүй. Хариуцагч Л.Сгэрээнд гарын үсэг зурснаараа төлбөрийн хариуцлага хүлээнэ гэж бодоогүй. Тухайн цаг үед Б.Хишигсүрэнд бүрэн итгэсэн учир мөнгийг дансаараа дамжуулан авч өгсөн. Д.Бямбазар нь Л.Солонго, Б.Хишигсүрэн нарын асуудлыг мэдэж байсан. Жинхэнэ зээлдэгч Л.Сбиш Б.Хишигсүрэн гэдгийг мэдэж байсан. Б.Хишигсүрэн төлбөрийг би өөрөө хариуцна гэж хэд хэдэн удаа Д.Бямбабазартай уулзаж ярилцсан байдаг. Иймд Л.Смөнгийг авч зарцуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч Л.Солонгод холбогдуулж зээлийн гэрээний үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, алданги 28,100,000 төгрөг, нийт 48,100,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс 5,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөг гаргуулахаар өөрийн шаардлагыг өөрчилсөн /хх 1, 15 хуудас/.

 

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Д.Бболон Л.Снар “зээлийн гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр Д.Бнь 20,000,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар, хүүгүй зээлэхээр тохирсноос үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Бгэрээ байгуулагдсан өдрөө буюу 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөгийг хариуцагч Л.Солонгийн дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Хаан” банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байхаас гадна талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ. 

 

Нэгэнт 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлсэн тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргийг буцаан шаардах эрх үүссэн байна.

 

Мөн талууд зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангид 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Хэдийгээр хариуцагчийн зүгээс “...би уг 20,000,000 төгрөгийг Б.Хишигсүрэнд өгсөн тул зээлийн төлбөрийг хариуцахгүй” гэж маргах боловч нэхэмжлэгч Д.Бямбабазартай байгуулсан гэрээний дагуу хүлээн авсан мөнгийг бусдад шилжүүлсэн байх нь түүнийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. 

 

Өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс 5,000,000 төгрөгийн шаардлага:

 

Хэрэгт нэхэмжлэгч Д.Бямбабазараас “өмгөөллийн үйлчилгээний хөлс”-нд 5,000,000 төгрөг төлсөн агуулга бүхий 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн  “Бэлэн мөнгөний зарлагын баримт” авагджээ.

 

“...хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч Д.Бшүүхэд хандаж, улмаар бусдаас хууль зүйн туслалцаа авахаас өөр аргагүйд хүрсэн” гэж 5,000,000 төгрөгийг хариуцагч Л.Солонгоос гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч талаас тайлбарласан ба шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд мэдүүлэх эрхтэй хэдий ч уг эрхээ хэрэгжүүлэхдээ бусдаас эрх зүйн туслалцаа авах эсэх нь тухайн этгээдийн эрхийн асуудал юм.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо бусдаас хууль зүйн туслалцаа авах эсэх нь зохигчийн эдлэх эрх буюу боломж учир уг эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзээгүй болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Л.Солонгоос 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бямбабазарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Солонгоос 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бямбабазарт олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                 Н.ХАНГАЛ