Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 148

 

                                                            Э.Т-д холбогдох эрүүгийн

                                                                      хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн  даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

шүүгдэгч Э.Т-гийн өмгөөлөгч С.Батболд,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Г.Мөнхбаярын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Э.Т-д холбогдох эрүүгийн 201626031594 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Хатигин овогт Э-ын Т-, 1994 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Войд” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 5, эмэг эх, эх, дүү нарын хамт Баянгол дүүрэгт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,

            Э.Т- нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж иргэн М.Барайшир, М.Энхжин нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зодож М.Барайширын биед хөнгөн зэргийн гэмтэл, М.Энхжингийн биед хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Э.Т-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Э.Т-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Э.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, Э.Т-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдаж, Э.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Прокурор Г.Мөнхбаяр тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасныг баримтлан Э.Т-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Э.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...гэмт хэрэг үйлдснээс хойш нэг жил өнгөрсөн...” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байсан байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

            Шүүгдэгч Э.Т-гийн өмгөөлөгч С.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Э.Т- нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Барайшир, М.Энхжин нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар М.Барайширын биед хөнгөн зэргийн гэмтэл, М.Энхжингийн биед хүндэвтэр зэргийн гэмтлийг тус тус учруулсан болох нь:

- хохирогч М.Барайширын “...03 цаг өнгөрч байхад баарнаас гараад дуудлагын жолооч хайсан... явж байх замдаа мөсөн дээр хальтраад зогсоол дээр зогсож байсан автомашины толийг гараараа дараад цааш нь хаасан. Тэгсэн чинь 30-40 орчим насны залуу гарч ирээд уурлаад байсан... автомашины ар талаас өөр 2 залуу гарч ирээд нэг нь намайг барьж аваад, нөгөө нь заамдсан. Тэгээд зууралдаж байх хооронд үсээ хажуу тийш нь самнасан, хар өнгийн куртиктэй залуу нь миний хамар орчимд цохисон... Энхжин хүрч ирээд “Боль” гээд надтай зууралдаж байсан 2 залуутай уулзахад намайг цохисон залуу түүнийг хажуу талаас нь цохисон. Энэ үед Энхжин нүдээ таглаад автомашин руу гүйгээд орсон... Энхжин автомашинаас бууж ирээд “Миний нүд юм харахаа больчихлоо” гээд хашгирсан чинь тэр залуучууд бүгдээрээ зугтаад яваад өгсөн. Тэгээд бид нар дээр цагдаа ирээд шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан... миний хувьд хохирол нэхэмжлэхгүй...” /1хх-ийн 20-24/,

- хохирогч М.Энхжингийн “...Барайшир луу 3-4 залуу дайраад, нэг залуу нь цохиж байгаа харагдсан. Би Барайширыг тухайн залуучуудаас салгаж аваад “Одоо больцгоо” гээд зогсож байтал нэг залуу миний хажуу талаас цохиод авсан. Тэгээд нүдээ дарсан чинь миний нүднээс цус гарсан ба нүд харанхуй оргиод харахгүй байсан... цагдаа ирсэний дараа шууд эмнэлэгт очиж үзүүлсэн... ингээд яаралтай хагалгаанд орж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн... Т- надад эхний эмчилгээний зардлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэсэн. Надад гомдол санал байхгүй...” /1хх-ийн 27-35, 2хх-ийн 21/,

- гэрч Б.Мягмарсүрэнгийн “...Барайшир, Энхжин, Сэлэнгэ бид 4 бааранд байхдаа ямар нэгэн хүнтэй маргалдаж муудалцаагүй... баарнаас гараад Барайширын автомашиныг жолоодох жолооч авсан. Тухайн үед Энхжин жолооч аваад би эхнэр Сэлэнгээг суулгаад өөрөө суух гэж байхад Барайширыг нэг залуу нүүр орчимд цохиж байсан. Тэгээд би очоод Барайширыг салгаад байж байхад Энхжинг нэг залуу цохисон байсан... тухайн залуучууд 4-5-уулаа байсан ба нэг залуу нь онцгойроод дайраад цохиод байсан...” /1хх-ийн 36-38/,

- гэрч Б.Мөнхбатын “...Т- гадаа тамхи татаад надтай юм яриад зогсож байтал ... хар өнгийн “Ланд Круйзер 200” загварын автомашин руу чиглээд нэг том биетэй залуу орилоод алхаж явсан... тэгээд Т-г “Наашаа хүрээд ир, чи дуудлагын жолооч уу” гэж асуухад нь Т- “Бишээ ахаа” гээд буцаад автомашин руугаа алхсан чинь араас нь “Хөөе чи яасан том бацаан бэ, нааш ир” гээд хүрээд ирсэн. Тэгсэн хамт явсан нэг залуу нь явъя гээд байсан. Т- “Та гай болов оо, хол байгаарай” гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө залуу нь уурлаад Т-г заамдаад авсан. Энэ үед нөгөө бүдүүн залуу Т-г хэд хэдэн удаа цохиход Т- заамдуулсан байсан залууг цааш нь түлхэж байгаа харагдсан. Түлхүүлсэн залуу нь газар уначихсан... тэгээд Мөнх-Эрдэнэ, Цэнгүүн бид 3 бууж очоод салгасан...” /1хх-ийн 41-43/ гэсэн мэдүүлгүүд,

- шүүгдэгч Э.Т-гийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15578 тоот “М.Барайширын биед хамрын ясны хугарал таславчийн мурийлт, хамрын нурууны зулгаралт, зүүн гарын 1 дүгээр хурууны өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /1хх-ийн 54/ гэх, шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 413 тоот “...М.Энхжингийн баруун нүдний эвэрлэг бүрхүүл нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас эвэрлэг бүрхүүл сорвижиж, баруун нүдний харааны бууралт 0,03 болсон байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд баруун нүдний эвэрлэг бүрхүүл болон болорыг солих мэс заслаар нүдний хараа сэргэх боломжтой тул ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна...” /1хх-ийн 70-73/ гэх дүгнэлтүүд, гэрч, хохирогч нарыг оролцуулан хүнийг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 99-108/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулжээ.

Дурьдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцсэн байна.

Прокуророос Э.Т-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдын биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл тус тус учруулан догшин авирлаж танхайрсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Э.Т-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Э.Т-гийн гэмт үйлдэл нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн гэмт хэргийн шинжид тус тус нийцэж байх ба эдгээр гэмт хэрэг тус бүрд оногдуулах ялын төрөл, хэмжээ хөнгөрчээ.

Дээрх байдлыг үндэслэн анхан шатны шүүх Э.Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэн, хэргийн зүйлчлэлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй болсон байна.

Харин анхан шатны шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг тус тус тогтоожээ.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь зөвхөн энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хамаарах бөгөөд Э.Т-гийн үйлдсэн дээрх гэмт хэргүүдэд хорих ял оногдуулахаар заагаагүй байна.

Гэвч 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Т-д холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх дээрх хугацаа дуусчээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж заасан үндэслэлээр Э.Т-д холбогдох 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Дээрх үндэслэлийг нэгэн адил дурьдсан прокурор Г.Мөнхбаярын бичсэн улсын яллагчийг эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулав.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хатигин овогт Энхзулын Т-д холбогдох 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Т.ӨСӨХБАЯР

                                                                                                            Н.БАТСАЙХАН