Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01161

 

Х.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00019 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2018/00026 дугаар магадлалтай,

Х.Мийн нэхэмжлэлтэй

М.Ад холбогдох

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 6 586 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саулешийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед М.А нь өөрийн эзэмшлийн УАЗ 31512 маркийн 38-02 БӨТ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад миний нөхөр А.Махсутын жолоодож явсан мотоциклыг мөргөж сундалж явсан миний биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 5/44 тоот прокурорын тогтоолоор нотлогдсон. М.Аын учруулсан гэм хорын улмаас миний зүүн шилбэний нарийн ба бүдүүн ясны далд хугарал авч Улаанбаатар хот руу нөхрийн хамт явж бид 22 хоног эмчилгээ хийлгэж ирсэн бөгөөд үүний улмаас манай гэр бүлд эд материалын их хэмжээний хохирол учраад байна. Иргэний хуульд зааснаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй хэмээн заасан байдаг тул миний эмчилгээнд байх хугацаанд гэр бүлд минь учирсан хохирол болон эмчилгээнд гарсан дараах зардлуудыг хариуцагчаас нөхөн төлүүлж, учирсан гэм хорыг арилгуулж өгөхийг хүсэж байна. Үүнд: Нөхөр бид хоёрын хот явсан зардал 880000 төгрөг, адууны кальци эмийн үнэ 135000 төгрөг, Улаанбаатар хотод байх хугацааны хоол хүнсэнд зарцуулсан мөнгө 550000 төгрөг, Улаанбаатар хот доторх таксины мөнгө 350000 төгрөг, тахир дутуугийн сандлын үнэ 85000 төгрөг, Таяг 40000 төгрөг, Цэнгэл сум аймаг хоорондын таксины мөнгө 96,000 төгрөг, Суултуур 85000 төгрөг, кальци эмийн үнэ 63000 төгрөг, 10,6 сартай охин Ахеркег А.Булдын асрамжид 22 хоног үлдээсэн /1 өдрийн 30000 төгрөг/ хөлс 660000 төгрөг, Дотуур байранд байсан хүүхдүүдээ тухайн үед 10 км газраас сургуульд хичээлийн өдрүүдэд мотоциклоор зөөж байсан үүнд зарцуулсан бензин 442800 төгрөг, нөхөр бид хоёр хот руу эмчилгээнд явахдаа гэр орон, малаа харуулж үлдээсэн хүнд төлсөн 500000 төгрөг, нөхөр А.Махсут нь зуны улиралд өдөрт 30000 төгрөг олдог бөгөөд 6, 7, 8 сард олох басан 2700000 төгрөг, нийт гарсан хохирол 6586800 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Цэнгэл сумын төвд өөрийн эзэмшилд байгаа УАЗ-31512 маркийн 38-02 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үед Цэнгэл сумын иргэн А.Махсутын жолоодож явсан мотоциклтой мөргөлдөж гэнэт тоормос дарж амжсанаар хүний амь аврагдаж, хөлийн ясны хугаралтай хөнгөн гэмтэл учирсан болно. Хэрвээ энэ мөчид А.Махсут нь мотоциклын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй дадлагатай байсан бол олон урсгалтай замын ширүүн хөдөлгөөнтэй газар тоормослоогүй хурдан өнгөрсөн бол осол гарахгүй өнгөрөх байсан. А.Махсут мотоцикл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөнд орсон нь гол буруутай байгаа нь мөрдөн байцаалт, прокурорын тогтоолоор батлагдсан. Иймээс А.Махсут бүх бурууг хүлээж хохирлыг А.Махсут өөрөө төлөх ёстой гэж хариуцагч миний бие үзэж байна. Харин хүнлэг санаа гаргаж дараах нөхөн төлбөрүүдийг төлж гэм хорыг арилгахад туслалцаа үзүүлсэн. 1. Нэхэмжлэгч Х.Мийг Улаанбаатар хотод эмчлүүлэхээр очиход онгоцны хоёр талын зардал нийт 538000 /Таван зуун гучин найман мянга/ төгрөг гаргасан. 2. Нэхэмжлэгч Х.Мийн хөлд авсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэх болон бусад зардлуудыг би өөрөө хувиасаа гаргаж төлсөн. Үүнд: Хөлийн эмчилгээ хийлгэсэн зардал 700000 төгрөг, нэхэмжлэгч Х.Мд авч өгсөн эмийн баримтууд: Энх Жаргалант эмийн сангаас авч өгсөн 3 төрлийн эм нийт 46000+21000= 67000 төгрөг, эмчилгээний зардалд 100000+100000= 200000 төгрөг, мөн би хүнлэг санаа гаргаж тухайн үед 1 тонн нүүрс 75000 төгрөг, 1м3 хуурай шинэс мод 48000 төгрөг, 1 шуудай 50 кг Мука гурил 48000 төгрөг, машины хөлсөнд 10 литр бензин 16000 төгрөг нийт 187000 төгрөгийн ахуйн эд зүйлээр тусалж гэрт нь хүргэж өгсөн. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байх үед би 2 дүүгийн хамт 7 хоногийн турш өдөрт 2 удаа хоол, цай зөөж өгч байсан. Тэр үед нүүрс, мод, гурил худалдаж авсан хүмүүсийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна. Хэрвээ эдгээр хүмүүсийг дуудаж биеэр байцаалт өгүүлэхэд Б.Саних, М.Бауыржан, О.Күлайхан, А.Аманкелди нараас тодруулж болно. 3. Нэхэмжлэгч Х.Мийн нэхэмжлэлд бүх зардлыг М.А надаар төлүүлэхээр нэхсэн нь буруу гэж үзэж зөвшөөрөхгүй байна. Учир нь: Тухай үед мотоцикл жолоодогч А.Махсут нь жолоодох эрхгүй хүн замын хөдөлгөөнд оролцож буруу үйлдэл хийж осол гаргах нөхцөл бүрдүүлсэн тул эдгээр зардлыг А.Махсут өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна. 4. Нэхэмжлэгч Х.Мийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд ямар ч нотлох баримтгүй, зүйл, заалт, тоо хэмжээ нь үндэслэлгүй худлаа бичиж, хүнээс мөнгө угаах гэсэн шинжтэй байна. 5. Сандал ба суултуур эмнэлгийн үйлчилгээ. Тэд нар худалдаж аваагүй. 6. Хүүхэд асаргаа нь тэдний ах дүү нь тусалсан байх. А.Булд гэдэг хүнд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалин авсан зэрэг баримтгүй. Ер нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Монгол Улсын Засгийн газраас тогтоосноор 240000 төгрөг байна. Өдөрт 10000 төгрөг гэхэд 22 хоногт 220000 төгрөг болох жишээтэй. Энэ мөнгийг төлөх боломжгүй. 7. А.Махсутийн өдрийн хөлс 30000 төгрөг байдгийг батлах баримтгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг хүн сар даа 1 сая төгрөг авдаггүй. Энэ бол үндэслэлгүй. Тухайн үед А.Махсут Улаанбаатар хот явах шаардлагагүй байсан. Би өөрөө бүх үйлчилгээг хийж өгсөн. Энэхүү нэхэмжлэл нь бүхэлдээ ашиг хонжоо олох гэсэн оролдлого байна гэж миний бие үзэж байна. Би Х.Мийг эмчлүүлэхэд зохих тусламж үйлчилгээ үзүүлж нийт 1692000 төгрөгөөр тусалсан. Иймд Х.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00019 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Аоос 1 079 000 /нэг сая далан есөн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Мд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5 507 800 /таван сая таван зуун долоон мянга найман зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2018/00026 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 500.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж түүнд буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саулеш хяналтын гомдолдоо: Магадлалыг гардан авч Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд: 1.Нэхэмжлэгч Х.Мийн биед нь хүндэвтэр гэмтэл учирсан гэмтлийн зэрэгтэй тус гэмтэл нь М.Аын буруутай үйлдлээс болсон эсэхийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 5/44 дугаар прокурорын тогтоолоор тус тус тогтоогдсон болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна. 2. Мөн анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий холбогдох нотлох баримт бүрэн хэмээн үзэж хурлын тов зарласан байсан. Иймд хүсэх нь: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00019 дүгээр шийдвэр хууль ёсны байх тул хэвээр баталж, магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т заасан үндэслэлд нийцээгүй тул хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой байна.

Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч М.Ад холбогдуулан гэм хорын  хохирол 6 586 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч маргаж, нэхэмжлэгчид нийт 1 692 000 төгрөгийн тусламж үзүүлсэн, Х.Мийг сундалж явсан жолооч А.Махсут Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай тул хохирлыг хариуцах ёстой гэсэн үндэслэл заажээ.

М.А нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед УАЗ31512 маркийн 38-02 БӨТ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож  явахдаа иргэн А.Махсутын жолоодож явсан мотоциклыг мөргөж, уг мотоциклд сундаллаж явсан Х.Мийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогджээ.

Анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 5/44 дүгээр прокурорын тогтоол, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, эмчилгээ хийлгэсэн баримтуудад тулгуурлан хариуцагч М.Аыг гэм буруутай гэж үзэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасан зохицуулалтын дагуу хариуцагчаас 1 079 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Мд олгохоор шийдвэрлэсэн нь хуульд бүрэн нийцсэн байна.

Хариуцагч М.А нь Х.Мийн биед гэмтэл учруулахад шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл, гэм буруу байгаагүй болохоо нотлоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нотолгоог баримтаар үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т заасан хариуцлагаас чөлөөлөх нөхцөл үүсээгүй гэж үзнэ.

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 5/44 дүгээр Прокурорын тогтоолд М.А нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа иргэн А.Махсутын жолоодож явсан мотоциклыг мөргөж, уг мотоциклд сундаллаж явсан Х.Мийн биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэснээс гадна жолооч А.Махсут нь эрхийн үнэмлэхгүйгээр, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодсон нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар дурдаж, түүний энэ байдлыг хуульд заасан журмаар шийдвэрлэж, хариуцлага хүлээлгэхийг цагдаагийн албан хаагчид даалгасан байна. Х.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоолд А.Махсут нь эрхийн үнэмлэхгүйгээр, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодсон зөрчил гаргасан нь осол гарах шалтгаан, нөхцөл болоогүй, харин М.Аыг буруутай гэж тогтоосон байхад давж заалдах шатны шүүх “...жолооч М.А, А.Махсут нарын хууль, дүрэм зөрчсөн үйлдэл тус бүрийг тогтоож, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар тал бүрээс нь бодитойгоор үнэлэх боломжгүй, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтууд бодитой тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсгийг зөрчсөн байна.

Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд А.Махсутыг буруутай гэх хариуцагчийн тайлбараас өөр баримт хэрэгт  байхгүй байхад шүүх урьдчилан таамаглаж болохгүй юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт өгсөн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны  3 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2018/00026 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                              Б.УНДРАХ

   ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА