Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2018/00026

 

 

Х.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00019 дүгээр шийдвэртэй,

 

Баян-Өлгий аймгийн Ц сумын 8 дугаар багт оршин суух, Х.М-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, М.А-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, хариуцагч М.А, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 6586800 төгрөг гаргуулах тухай.  

 

            Нэхэмжлэлд: “2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед М.А нь өөрийн эзэмшлийн УАЗ 31512 маркийн 38-02 БӨТ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад миний нөхөр А.М-ын жолоодож явсан мотоциклыг мөргөж сундалж явсан миний биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 5/44 тоот прокурорын тогтоолоор нотлогдсон.

 

М.А-ын учруулсан гэм хорын улмаас миний зүүн шилбэний нарийн ба бүдүүн ясны далд хугарал авч Улаанбаатар хот руу нөхрийн  хамт явж бид 22 хоног эмчилгээ хийлгэж ирсэн бөгөөд үүний улмаас манай гэр бүлд эд материалын их хэмжээний хохирол учраад байна. Иргэний хуульд зааснаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй хэмээн заасан байдаг тул миний эмчилгээнд байх хугацаанд гэр бүлд минь учирсан хохирол болон эмчилгээнд гарсан дараах зардлуудыг хариуцагчаас нөхөн төлүүлж, учирсан гэм хорыг арилгуулж өгөхийг хүсэж байна. Үүнд: Нөхөр бид хоёрын хот явсан зардал 880000 төгрөг, “адууны кальци” эмийн үнэ 135000 төгрөг, Улаанбаатар хотод байх хугацааны хоол хүнсэнд зарцуулсан мөнгө 550000 төгрөг, Улаанбаатар хот доторх таксины мөнгө 350000 төгрөг, тахир дутуугийн сандлын үнэ 85000 төгрөг, Таяг 40000 төгрөг, Ц сум аймаг хоорондын таксины мөнгө 96,000 төгрөг, Суултуур 85000 төгрөг, кальци эмийн үнэ 63000 төгрөг, 10,6 сартай охин А-г Б-ийн асрамжид 22 хоног үлдээсэн /1 өдрийн 30000 төгрөг/  хөлс 660000 төгрөг, Дотуур байранд байсан хүүхдүүдээ тухайн үед 10 км газраас сургуульд хичээлийн өдрүүдэд мотоциклоор зөөж байсан үүнд зарцуулсан бензин 442800 төгрөг, нөхөр бид хоёр хот руу эмчилгээнд явахдаа гэр орон, малаа харуулж үлдээсэн хүнд төлсөн 500000 төгрөг, нөхөр  А.М нь зуны улиралд өдөрт 30000 төгрөг олдог бөгөөд 6, 7, 8 сард олох басан 2700000 төгрөг, нийт гарсан хохирол 6586800 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарын агуулга: “Би 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ц сумын төвд өөрийн эзэмшилд байгаа УАЗ-31512 маркийн 38-02 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үед Ц сумын иргэн А.М-ын жолоодож явсан мотоциклтой мөргөлдөж гэнэт тоормос дарж амжсанаар хүний амь аврагдаж, хөлийн ясны хугаралтай хөнгөн гэмтэл учирсан болно. Хэрвээ энэ мөчид А.М нь мотоциклын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй дадлагатай байсан бол олон урсгалтай замын ширүүн хөдөлгөөнтэй газар тоормослоогүй хурдан өнгөрсөн бол осол гарахгүй өнгөрөх байсан. А.М мотоцикл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөнд орсон нь гол буруутай байгаа нь мөрдөн байцаалт, прокурорын тогтоолоор батлагдсан.

Иймээс А.М бүх бурууг хүлээж хохирлыг А.М өөрөө төлөх ёстой гэж хариуцагч миний бие үзэж байна. Харин хүнлэг санаа гаргаж дараах нөхөн төлбөрүүдийг төлж гэм хорыг арилгахад туслалцаа үзүүлсэн.

 

1. Нэхэмжлэгч Х.М-ийг Улаанбаатар хотод эмчлүүлэхээр очиход онгоцны хоёр талын зардал нийт 538000 /Таван зуун гучин найман мянга/ төгрөг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч Х.М-ийн хөлд авсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэх болон бусад зардлуудыг би өөрөө хувиасаа гаргаж төлсөн. Үүнд: Хөлийн эмчилгээ хийлгэсэн зардал 700000 төгрөг, нэхэмжлэгч Х.М-д авч өгсөн эмийн баримтууд: Энх Жаргалант эмийн сангаас авч өгсөн 3 төрлийн эм нийт 46000+21000= 67000 төгрөг, эмчилгээний зардалд 100000+100000= 200000 төгрөг, мөн би хүнлэг санаа гаргаж тухайн үед 1 тонн нүүрс 75000 төгрөг, 1м3 хуурай шинэс мод 48000 төгрөг, 1 шуудай 50 кг “Мука” гурил 48000 төгрөг, машины хөлсөнд 10 литр бензин 16000 төгрөг нийт 187000 төгрөгийн ахуйн эд зүйлээр тусалж гэрт нь хүргэж өгсөн. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байх үед би 2 дүүгийн хамт 7 хоногийн турш өдөрт 2 удаа хоол, цай зөөж өгч байсан. Тэр үед нүүрс, мод, гурил худалдаж авсан хүмүүсийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна. Хэрвээ эдгээр хүмүүсийг дуудаж биеэр байцаалт өгүүлэхэд Б.С, М.Б, О.К, А.А нараас тодруулж болно.

 

3. Нэхэмжлэгч Х.М-ийн нэхэмжлэлд бүх зардлыг М.А надаар төлүүлэхээр нэхсэн нь буруу гэж үзэж зөвшөөрөхгүй байна. Учир нь: Тухай үед мотоцикл жолоодогч А.М нь жолоодох эрхгүй хүн замын хөдөлгөөнд оролцож буруу үйлдэл хийж осол гаргах нөхцөл бүрдүүлсэн тул эдгээр зардлыг А.М өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна.

 

4. Нэхэмжлэгч Х.М-ийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд ямар ч нотлох баримтгүй, зүйл, заалт, тоо хэмжээ нь үндэслэлгүй худлаа бичиж, хүнээс мөнгө угаах гэсэн шинжтэй байна.

 

5. Сандал ба суултуур эмнэлгийн үйлчилгээ. Тэд нар худалдаж аваагүй.

 

6. Хүүхэд асаргаа нь тэдний ах дүү нь тусалсан байх. Б гэдэг хүнд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалин авсан зэрэг баримтгүй. Ер нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Монгол Улсын Засгийн газраас тогтоосноор 240000 төгрөг байна. Өдөрт 10000 төгрөг гэхэд 22 хоногт 220000 төгрөг болох жишээтэй. Энэ мөнгийг төлөх боломжгүй.

 

7. А.М-ийн өдрийн хөлс 30000 төгрөг байдгийг батлах баримтгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг хүн сар даа 1 сая төгрөг авдаггүй. Энэ бол үндэслэлгүй. Тухайн үед А.М Улаанбаатар хот явах шаардлагагүй байсан. Би өөрөө бүх үйлчилгээг хийж өгсөн. Энэхүү нэхэмжлэл нь бүхэлдээ ашиг хонжоо олох гэсэн оролдлого байна гэж миний бие үзэж байна. Би Х.М-ийг эмчлүүлэхэд зохих тусламж үйлчилгээ үзүүлж нийт 1692000 төгрөгөөр тусалсан. Иймд Х.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

           

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00019 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.А-оос 1079000 /нэг сая далан есөн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.М-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5507800 /таван сая таван зуун долоон мянга найман зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           

Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00019 дүгээр шийдвэрээр “Хариуцагч М.А-оос 1079000 /нэг сая далан есөн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.М-д олгох” гэж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байгаа бөгөөд тухайн шийдвэрт гомдолтой байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 5/44 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор яллагдагч М.А нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн бөгөөд хохирогч Х.М яллагдагч М.А-ыг уучилж, хоорондоо сайн дураараа эвлэрсэн тухай хавтаст хэрэгт авагдсан. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасныг үндэслэн дараах нөхөн төлбөрүүдийг төлөх үндэслэлгүй байна.

 

1. Адууны кальци эмийн үнэ буюу 135000 төгрөгийн үнэтэй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өнөөдөр эмийн сангуудаар зарагдаж байгаа адууны кальци эмийн 1ширхэг нь 180 төгрөг нэг хайрцагт 200 ширхэг байдаг. 200x180=36000 төгрөг байх жишээтэй.

2. Ц сум аймаг хооронд явсан таксины мөнгө 96000 төгрөг бол Ц сумын Хүн эмнэлгээс түргэн тусламжийн зориулалтаар 60 литр бензин хийж өгсөн байсан. 60x1600= 96000 төгрөг юм.

3. Долоон-отог ХХК-аас 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн баримтаар авсан суултуурын үнэ 85000 төгрөг бол тухайн үед ГССҮТөвийн ЯҮГТасагт хэвтэн эмчлүүлэн түгжээт хадаасаар бэхлэх, тахилзуурын хугарлыг мөн ил аргаар эвлүүлж уян хадаасаар бэхлэх мэс засал хийгдсэн үед төлбөрийг төлж суултуур, суга таяг гэм мэт эд зүйлийг би өөрөө авч өгсөн.

4. А гэх 6 сартай охиныг Б-д 22 хоног асарсны хөлс болох 660000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөгөөр тогтоосон байна. Өдөрт 10,000 төгрөг гэхэд 22 хоногт 220,000 төгрөг болох жишээтэй. 1 өдөрт 30000 төгрөг төлөх боломжгүй.

 

Иймд Хохирогч Х.М-ийн замын зардлыг төлж, Улаанбаатар хотод эмчлүүлэхэд өөрийн биеэр очиж эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийлгэж, эмнэлэгт өдөртөө 2 удаа цай хоолыг хүргэж, зохих хэмжээний эмчилгээнд гарсан мөнгө төгрөгийг төлж туслалцаа үзүүлсэн, тухайн үед банкнаас зээл авч, төлбөрийг барагдуулсан. Харин хүнлэг санаа гаргаж нөхөн төлбөр болох 1,692,000 /Нэг сая зургаан зуун ерэн хоёр мянга/ төгрөгийн тусламж үзүүлж гэм хорыг арилгасан. Би өөрөө хөдөлмөрийн чадвар алдсан, тархи толгойд маш том гэмтэлтэй 70 хувь группт байгаа ба улиралд Улаанбаатар хотод 6 сард нэг удаа очиж эмчилгээ хийлгэдэг. Энэхүү Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00019 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар дараах үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

           

Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч М.А-д холбогдуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 6586800.00 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 5/44 дугаар прокурорын тогтоол, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, эмчилгээ хийлгэхэд гарсан зардлуудыг тодорхойлох бусад нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

           

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 5/44 дугаар прокурорын тогтоолоос үзвэл, М.А нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед УАЗ31512 маркийн 38-02 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэн А.М-ын жолоодож явсан улсын дугааргүй мотоциклыг мөргөж, уг мотоциклд сундаллаж явсан Х.М-ийн биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үйл баримтын талаар дурдсан бөгөөд харин жолооч М.А болон А.М нарын тус бүрийн Замын хөдөлгөөний дүрмийг хэрхэн зөрчсөн талаарх үйл баримтыг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт бүхий акт хэрэгт авагдаагүй байна.

           

Прокурорын дээрх тогтоолд нэхэмжлэгчийн сундаллаж явсан мотоциклын жолооч А.М-ын эрхийн үнэмлэхгүйгээр, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодсон үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар дурдаж, түүний энэ байдлыг хуульд заасан журмаар шийдвэрлэж, хариуцлага хүлээлгэхийг цагдаагийн албан хаагчид даалгасан ба хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа тухайн зам тээврийн осол гарахад жолооч А.М-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нөлөөлсөн, буруутай талаар дурдаж, “мотоциклын жолооч А.М ч бас Х.М-д учирсан хохирлын талаар хариуцах учиртай” гэсэн агуулгаар маргажээ. Харин анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн гэм буруугийн талаар маргасан дээрх үгүйсгэлийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

 

Зам тээврийн ослын талаар жолооч тус бүрийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт, акт хэрэгт авагдаагүй, хэрэгт цугларсан үзлэгийн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэргээс жолооч М.А, А.М нарын хууль, дүрэм зөрчсөн үйлдэл тус бүрийг тогтоож, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар тал бүрээс нь бодитойгоор үнэлэх боломжгүй, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтууд бодитой тогтоогдоогүй буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т заасан зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөлүүд тодорхойгүй байхад анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч зарим нотлох баримтыг шүүхээс үнэлсэн байдалд холбогдуулан гаргасан гомдолд нь давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан талуудын шүүхэд мэдүүлэх эрхийг хангаж, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дээрх байдлыг нэхэмжлэлийн шаардлагын болон хариуцагчийн тайлбарын үндэслэлийг тодруулах замаар тогтоох боломжтой гэж үзэн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан анхан шатны шүүхээс шийдвэр гаргах журамд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30500.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж түүнд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30500.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                       

С.ӨМИРБЕК