Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 0010

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Ц.М

Шүүгдэгч Б.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 1902007510319 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Э

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 08 сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд Орхон аймгийн нутаг дэвсгэрт байрлах барааны захаас Монгол Улсын улаан номонд орсон, Монгол Улсын Амьтны тухай хуулинд ховор гэсэн ангилалд бүртгэгдсэн тул загасны 2 толгой буюу ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би зуныхаа амралтаар Эрдэнэтэд ирээд зах дээр явж байтал модон дээр хадсан загасны толгойг барьсан хүн явж байсан. Би тэр хүнээс 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Би багш учраас хүүхдүүдэд үзүүлэн таниулах журмаар авсан. Үзэмжтэй харагдах юм байна гэж бодсон. Энэ загасны толгойг тул загасны толгой гэж мэдээгүй. Би газар зүйн багш мэргэжилтэй. Одоо МУБИС-д докторантаар сурдаг. Хангай дээд сургуульд газар зүйн аялал жуулчлалын багшаар ажилладаг. Загасыг хараад ийм загас байна гэж таньж мэддэггүй. Тул загасыг ховор гэж мэддэг боловч амьдаар нь харж байгаагүй. Сургуулиас ийм зүйл бэлд гэж хэлээгүй. Анги хариуцаад ирэхээр тохижуулах хэрэгтэй болдог. Тэгээд ангидаа үзүүлэн маягаар тавих гэж байсан. Загас зарж байсан хүн маань ямар загас гэдгийг хэлээгүй. “Голын эргээр үхсэн загас зөндөө байдаг. Толгойг нь аваад хадсан” гэж хэлж байсан. Жаахан халамцуу ах байсан. Архины мөнгө өгөөд авчихгүй юу гэхээр нь 20.000 төгрөг өгөөд авчихсан. Тул загасны толгой гэдгийг тэр мэргэжлийн хяналтын байцаагч хараад хэлэхээр нь мэдсэн. Энэ загасны толгойнуудыг шинэ хуучныг мэдэхгүй. Худалдаж аваад эгчийндээ орхичихоод явсан. Аав, ээжийгээ сувилалд хэвтүүлэх гээд ирсэн болохоор ачаа их болоод орхиод явсан. Намар хичээл эхлэх дөхөөд ирэхээр эгчийгээ хот орохдоо аваад ирээрэй гээд хэлсэн юм. Загасны төрлүүдийг мэдэхгүй ч өөрийгөө худалдаж авсан буруутай гэж бодож байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад ердийн тул загас нь бүртгэгдэн орсон байдаг. Тул загас нь Монгол орны цөөхөн гол мөрөнд ховор тохиолдох загас юм. 2011 оны Засгийн газрын 23 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан байдаг. Үүнд тул загас 1 ширхэг нь 211.000 төгрөг, харин цурхай загас нь 20.000 төгрөг гэж заасан байдаг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлүүлэхдээ 2 дахин нэмж өсгөж тооцохоор заасан байдаг. Мөн тэдгээрийн гаралтай түүхий эдийг амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар тухайн амьтны адил үнэлж нөхөн төлбөр тогтооно гэж заасан байдаг. Хэрвээ тул загасны гаралтай эд эрхтэнг авч явсан бол агнасантай адилтгаж экологи эдийн засгийн үнэлгээг хуулиараа тооцож төлүүлнэ. ...Нэг тул загас нь 211.000 төгрөг, хоёр тул загас байгаа тул нийтдээ 422.000 төгрөгийг 2 дахин өсгөж нийт 844.000 төгрөг болж байна гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,

 

-Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Орхон аймгаас Улаанбаатар хот руу мэргэжлийнхээ лицензийнхээ шалгалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр өгөх гээд тендерийн таксигаар явсан юм. Тухайн үед би дүү Энхсүрэнгийн захиасаар манай гэрт байсан хавтгай банзан дээр наачихсан 4 ширхэг загасны толгойг түүнд аваачиж өгөхөөр аваад явж байтал 2019 оны 08 сарын 30-ны 00 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот Эмээлт дээр цагдаа болон мэргэжлийн хяналтын байцаагч нар зогсоож шалгаад хориотой загасны толгой авч явж байна гэж хэлсэн. 2019 оны 08 сарын сүүлээр манай дүү ЭУлаанбаатар хотоос Орхон аймагт ирээд байж байх үедээ хаанаас авсаныг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан манай гэрт 4 ширхэг загасны толгойг авчирчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 34 ху/,

 

-ШУА-ын Биологийн хүрээлэнгийн Гидробиологи, загас судлалын лабораторийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд хүргүүлсэн 4 ширхэг хатаасан загасны эрхтэн нь Ердийн тул (Hucho taimen)- 2ш, Ердийн цурхай (Esox lucius) - 2ш гэсэн 2 зүйлийн 4 бодьгал загасны толгой байна.

2. Уг материалд тулгуурлан загасны хүйсийг тодорхойлох боломжгүй. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын загасны экологи, эдийн засгийн үнэлгээний нэгдүгээр хавсралтанд 1 ширхэг Тул загас 211.000 төгрөг, Цурхай загас 20.000 төгрөгний үнэлгээтэй байдаг.

3. Насыг нь тогтоохын тулд тухайн материалыг эвдэх шаардлагатай. Толгойн хэмжээг харахад бүгд бие гүйцсэн үржлийн насны загас байна. Хэрэв уг материалыг эвдэх зөвшөөрөл олговол заламгайн хавхагыг нь авч усанд дэвтээж, цэвэрлэн насыг тогтоох бүрэн боломжтой.

4. Тухайн загаснуудыг агнасан газар, хугацааг тогтоох боломжгүй. Эдгээр загас дэгээгээр баригдах магадлал өндөр.

5. Тул загас нь Монгол Улсын улаан номонд орсон, бүс нутагт устаж болзошгүй, Монгол Улсын Амьтны тухай хуулинд ховор гэсэн ангилалд бүртгэгдсэн хэдий ч тусгай зөвшөөрлөөр бариад буцаан тавихаар тусгасан. Тус хуулинд жил бүрийн 10-р сарын 30-ны өдрөөс дараа оны 06 сарын 15-ны өдөр хүртэл олзворын ангийн зориулалтаар агнахыг хориглоно хэмээн заасан. Харин Цурхай загас нь нэн ховор, ховор амьтанд хамаарагдахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 44-45 ху/,

 

-Яллагдагч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би өөрөө “Хангай” дээд сургуульд аялал жуулчлалын багшаар ажилладаг учраас сургалтанд ашиглах зориулалтаар үзүүлэн болгож худалдаж авсан. ...Би Орхон аймгийн барааны зах дотор явж байгаад үл таних хүнээс 20.000 төгрөгөөр худалдаж авсан нь үнэн. Би урьд өмнө нь таньж мэдэхгүй 40 орчим насны эрэгтэй хүн байсан гэсэн мэдүүлэг /хх 67 ху/,

 

            -Зөрчлийн тухай тэмдэглэл /хх 6 ху/

            -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8 ху/

            -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-13 ху/

            -Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 14 ху/

            -Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 15 ху/

              -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55 ху/

-Б.Энхсүрэнг яллагдагчаар татах тухайпрокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 61-62, 64-68 ху/

-Эд зүйл, бичиг, баримт бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх 71-81 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Нийслэлийн Прокуророос Б.Э-г 2019 оны 08 сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд Орхон аймгийн нутаг дэвсгэрт байрлах барааны захаас Монгол Улсын Амьтны тухай хуулинд ховор гэсэн ангилалд бүртгэгдсэн Тул загасны 2 толгой буюу ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж

Шүүгдэгч Б.Энь 2019 оны 08 сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд Орхон аймгийн нутаг дэвсгэрт байрлах барааны захаас Монгол Улсын Амьтны тухай хуулинд ховор гэсэн ангилалд бүртгэгдсэн Тул загасны 2 толгой буюу ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авсан авсан талаараа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт  “...Эрдэнэтэд ирээд зах дээр явж байтал модон дээр хадсан загасны толгойг барьсан хүн явж байсан. Би багш учраас хүүхдүүдэд үзүүлэн таниулах журмаар худалдаж авсан. Энэ загасны толгойг тул загасны толгой гэж мэдээгүй. Загас зарж байсан хүн маань ямар загас гэдгийг хэлээгүй. Голын эргээр үхсэн загас зөндөө байдаг. Толгойг нь аваад хадсан гэж хэлж байсан. Жаахан халамцуу ах байсан. Архины мөнгө өгөөд авчихгүй юу гэхээр нь 20.000 төгрөг өгөөд авчихсан. Тул загасны толгой гэдгийг тэр мэргэжлийн хяналтын байцаагч хараад хэлэхээр нь мэдсэн” гэж, гэрч Б.Бямбасүрэн “...дүү Энхсүрэнгийн захиасаар манай гэрт байсан хавтгай банзан дээр наачихсан 4 ширхэг загасны толгойг түүнд аваачиж өгөхөөр аваад явж байтал Эмээлт дээр цагдаа болон мэргэжлийн хяналтын байцаагч нар зогсоож шалгаад хориотой загасны толгой авч явж байна гэж хэлсэн. 2019 оны 08 сарын сүүлээр манай дүү ЭУлаанбаатар хотоос Орхон аймагт ирээд байж байх үедээ хаанаас авсаныг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан манай гэрт 4 ширхэг загасны толгойг авчирчихсан байсан” гэж, хохирогч  Ц.Цолмонбаатар “...Тул загас нь Монгол орны цөөхөн гол мөрөнд байрлах ховор загас. Цурхай загас нь ховор амьтны жагсаалтанд байдаггүй, түгээмэл тархацтай улсын байцаагчаас зөвшөөрөл авч барьдаг загас юм” гэж тус тус мэдүүлжээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар үзүүлэнгийн зориулалтаар хавтгай модон дээр хадаж байрлуулсан 4 ш загасны хатаасан толгой ирсэн байх бөгөөд 2 ш нь Ердийн Тул, 2 ш нь Цурхай загас болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Ердийн Тул загас нь Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны  01 сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтанд бүртгэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн ...” гэх үйлдлүүд нь ховор амьтныг хамгаалах, тэднийг хууль бусаар агнахаас урьдчилсан сэргийлэх, хууль бусаар агнасан этгээдийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой.

 

Б.Энхсүрэнгийн худалдаж авсан гэх хавтгай модон дээр хадаж байрлуулсан 4 ш загасны хатаасан толгойг ховор амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд гэж шууд дүгнэх боломжгүй байх бөгөөд түүний  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           

            Хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж байгаа тул иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хавтгай модон дээр байрлуулсан 4 ш бодголь загасны толгойг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, цагаатгагдсан этгээд нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2. Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хавтгай модон дээр байрлуулсан 4 ш бодголь загасны толгойг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Энь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА