| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 187/2017/0127/э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2018-02-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 133
Б.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Эрдэнэчимэг,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн гаргасан 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Эрдэнэчимэгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 6 дугаар прокурорын эсэргүүцлээр эрүүгийн 201726021152 дугаартай Б.О-д холбогдох хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.О, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт хх дүүргийн хх дүгээр хороо, хх дүгээр гудамжны хх тоотод оршин суух, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1358 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
Б.О- нь 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” дэлгүүрт үйлчлүүлж явсан иргэн Т.С-ийн бэлэн мөнгө, гар утас зэрэг эд зүйлс бүхий гар цүнхийг нууцаар хулгайлан авч бусдад 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.О-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.О-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ. Үүнд:
Баянгол дүүргийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны 148 дугаар тогтоолыг яллагдагч Б.О-д танилцуулалгүйгээр мөн өдрөө 283 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан яллагдагч нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, сонсгосон ялын талаар амаар болон бичгээр тайлбар гаргах эрхийг ноцтой зөрчсөн.
Хохирогч Г.С нь “Самсунг” загварын гар утас, монетан ээмэг, монетан гинж, бугуйвч, бөгж, гоо сайхны хэрэгсэл, цүнх зэрэг 1,005,000 төгрөгийн эд зүйлс алдсан талаар мэдүүлсэн, эд зүйлийн үнэлгээгээр зөвхөн гар утас болон цүнхийг үнэлж бусад зүйлсийг үнэлэх боломжгүй талаар дурджээ. Гэтэл Баянгол дүүргийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 283 дугаартай яллах дүгнэлтэд ...яллагдагчийг 380,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрхэн нотолсон нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын явцад бүрэн нотлоогүй гэж шүүх үзлээ. Иймд Б.О-д холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Д.Эрдэнэчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 7 дугаар шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Б.О-д холбогдох хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачлагаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг,
2. Б.О-д холбогдох хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын явцад бүрэн нотлоогүй гэж хуулийг буруу хэрэглэж, хуульд байхгүй зүйл хэсгийг бичсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг тус тус зөрчсөн байна.
3. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг анхааралгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааны ерөнхий нөхцөлийн дагуу явуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам”-ыг зөрчсөн” гэж үзэх үндэслэлтэй байна.
Урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүй хэргийг буцаасан процесс нь хууль зөрчсөн учир шүүгчийн захирамжид заасан үндэслэл бүр дээр тайлбар хийх шаардлагагүй гэж үзлээ. Хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, талуудыг мэтгэлцэх эрх, боломжоор хангах нь анхан шатны шүүхийн үүрэг юм. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 7 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл ажиллагаа”-ны талаар заасан ба мөн бүлгийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...хэргийг прокурорт буцаах...” шийдвэрийн үндэслэлийг 33.3 дугаар зүйлд “...Урьдчилсан хэлэлцүүлгийн үед ...хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ...” гэж заажээ.
Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах шийдвэрийн үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэр гаргах 6.13 дахь хэсэгт заасан “....нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн...”, 6.14 дэх хэсэгт заасан “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн...” талаар асуудлууд байна.
Иймд урьдчилсан хэлэлцүүлэг явуулалгүйгээр Б.О-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 6 дугаар прокурорын эсэргүүцлийг ханган Б.О-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
Д.ОЧМАНДАХ