Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 225

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 20 өдөр        Дугаар 181/ШШ2017/00225            Улаанбаатар хот

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат 43-р байр, 104 тоотод байрлах, “Мөнгөн Глобал ББСБ” ХХК/РД: 5683904/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Чингэлтэйн 19-67а тоотод оршин суух, Дов овогт Петрын Мөнхцолмон/РД: МЗ85111018/-д холбогдох

 

65 567 700 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2013 оны 11 сарын 21-ны өдрийн зээлийн гэрээг “хүч хэрэглэж хийсэн хэлцэл” гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Балжинням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баатарчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Балжинням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Мөнхцолмон нь “Мөнгөн Глобал ББСБ” ХХК-с 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ/13-31 тоот зээлийн гэрээгээр 27 000 000/хорин долоон сая/ төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авсан. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн графикт 27 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл 32 513 400 торгуулийн хүүгийн үлдэгдэл 6 054 300 төгрөг нийт зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 65 567 700 төгрөгийг барагдуулаагүй байгаа бөгөөд, зээлийн хугацаа хэтрэлт 522 хоног байна.

Петр овогтой Мөнхцолмон нь зээл авсанаас хойш 2014 оны 10 дугаар сарын 24 өдөр хүртэл үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүнд 1 097 100 төгрөг, торгуулийн хүүнд 396 900 төгрөг төлсөн.

П.Мөнхцолмон нь ЗГ/13-31 тоот гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлөлт огт хийгээгүй манай байгууллагатай ирж уулзаж зээл, зээлийн хүү төлөхгүй байгаа нь манай байгууллагад их хэмжээний хохирол учрах нөхцөл байдлыг үүсгээд байна.
       Иймд Петр овогтой Мөнхцолмонд олгосон ЗГ/13-31 тоот зээлийг буцаан дуудаж үндсэн зээлийн үлдэгдэл 27 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл 32 513 400 төгрөг торгуулийн хүүгийн үлдэгдэл 6 054 300 төгрөг, нийт зээлийн хүүгийн үлдэгдэл 65 567 700/жаран таван сая таван зуун жаран долоон мянга долоон зуу/ төгрөгний зээлийн өр, улсын тэмдэгтийн хураамж 485 789 /Дөрвөн зуун наян таван мянга долоон наян есөн төгрөг/-г гаргуулж өгнө үү.

Манай байгууллагын зүгээс П.Мөнхцолмонг 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр болон 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2 удаа ДИХАШ 1-р Шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаяг тодорхойгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож, ДИХАШ 1-р Шүүхээс 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эрэн сурвалжлах шийдвэр гарч Тахарын ерөнхий газарт шилжүүлсэн, Тахарын ерөнхий газар 2016 оны 07 дугаар сард татан буугдаж эрэн сурвалжлах ажиллагаа ЧДүүргийн 2-р хорооны хэсгийн цагдаад шилжсэн, ЧДүүргийн цагдаагаас П.Мөнхцолмонг ЧД 9-р хороо, 28-р гудамж 3716 тоот хаягт оршин суудаг болохыг олж тогтоосон байна.” гэв.

 

Хариуцагч П.Мөнхцолмон шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баатарчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Петр овогтой Мөнхцолмон нь 2013 оны 11 дүгээр сарын 20-нд төрсөн ах П.Баатарчулуун нь “ахыг нь толгой руу заазуурдаж зодож дарамтлаад байна. Мөнгө төгрөг зээл авч энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол болохоо байгаад байна, ах нь өөрөө хариуцъя, туслаач” гэж гуйсан.

Нүүр ам нь хавдаад заазуурдуулаад хачин аймар зодуулчихсан байхаар нь ахыг өрөвдөж ахдаа туслахыг бодсон. Ямар шалтгаантай, ямар хүнд зодуулаад байгаа юм бэ? Миний хувьд юу болсныг тандаж ойлгоогүй, та болгоомжтой бай, яачихсан, ямар юм юу болчихсон юм бэ? Гэхэд ахдаа туслаач ээ гэж дахин дахин намайг шалсан. Ах маань урд нь гайгүй амьдралтай бизнес хийдэг байсан, математикч, эдийн засагч мэргэжилтэй, зарчимч, аав ээж, ар гэртээ болон бид нарт нөлөөтэй байдаг.

Бидэнд тусалдаг байсан, ахтайгаа хамт Японд хамт байсан болохоор их итгэдэг байсан, эхнэр нь хөрөнгө мөнгө, хамаг юмыг нь аваад салсан байдаг. Надад мөнгөний шаардлага огт байгаагүй, зээл авах хүсэлгүй өөрийн гэсэн ажил төрөлтэй байсан. 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ахын танил бололтой, огт танихгүй эхнэр нөхөр бололтой эхнэр нь Б.Оюунчимэг, нөхөр нь Буяндорж гэдэг 2 хүнтэй 10-р хорооллын урд Гермас худалдааны төвийн хажуу дахь “Мөнгөн глобал” ББСБ дээр ирж зээлийн гэрээн дээр гарын үсэг зураадахаач гэж гуйснаар очиж. 27 сая төгрөгний зээл, зээл болон барьцааны гэрээ хийгээд хамтран зээлдэгчээр Бойтог ургийн овогт Батмөнх овогтой Оюунчимэг \РД:ХЖ61032567\ хамтран зээлдэгчэзр зээлийн гэрээнд гарын үсэг зурчихаад, барьцаалбарыг нь өдөрт нь Б.Оюунчимэг нь Чингэлтэй дүүргийн үл хөдлөх дээр танил талаараа өдөрт нь шагнал өгч гаргаад, тзгээд би яваад өгсөн. Дансаар орж ирсэн мөнгийг ахад хүлээлгэж өгөөд, би харьсан.

Гэтэл Б.Оюунчимэг, нөхөр Буяндорж, хүүтэйгээ манай гэрт ирж, манай эхнэр хүүхдийг цонхыг хагалж, өшиглөж цонхоор орж ирж, хүч түрэмгийлж, дарамталж орж ирсэн байсан, намайг гадуур явж байхад эхнэр хүүхдийг минь айлган сандаргаж сүрдүүлсэн, би эхнэрийг утасдаж ярихаар нь тэр даруй цагдаа дуудсан, намайг дуудснаар би очиход, зэрэг зэрэг зодож дарамталж, ахыгаа олж өг гэсэн.

Цагдаагийнхныг дуудлага өгч Чингэлтэй дүүргийн 1-р хэлтэс дээр очсон, Буяндорж, Б.Оюунчимэг нар нь цагдаа нартай найз байсан бөгөөд жижүүрийн цагдаа дээр очоод учраа хэлтэл жижүүрт нь намайг эндээ хонуулаач зодоод байна ш дээ гэхэд, битгий хуцаад бай наад муу луйварчингаа аваад яв, гараад өөрсдөө учраа ол гэснээр машин руу чирч гулдчиж, гольфийн цохиур машиндаа хийчихсэн, хүү нь нүүр рүү цохиж, 3-уулаа нийлж зодож машин руу чихэж оруулаад намайг гэртээ хүчээр оруулж, барьцаалж зодож хоносон. шөнөжингөө ах нар цагдаад хандаж хөөцөлдөж байж өглөө нь цагдаад хандаж СБД-ийн цагдаагийн дуудлагаар маргааш үдээс хойш намайг гаргаж авсан, өгсөн өргөдлийг минь танил цагдаагийнхаа нүдэн дээр урж, чи яаж ч хууль хяналтынханд хандаад та нар нэмэргүй гэж дарамталсан.

Мөн 2 хоногийн өмнө П.Баатарчулуун ахыг зээл хүчээр авахуулахаар гэртээ барыдаалж, Б.Оюунчимэг нь заазуурдаж, гэртээ барьцаалж, зодож нүдэж хоносон гэсэн, өөр учир шалтгаанууд ч их байгаа бололтой.

Миний хувьд эгч П.Сэлэнгийн мал дээр 2014 оны хавраас эхлэн малыг маллаж өдий хүрсэн, уг зээлийн төлөлтийн талаар ах надад огт мэдээлэл өгч байгаагүй, эрэн сурвалжилж байсныг огт мэдээгүй, зээлийг юунд зарцуулсныг огт мэдэхгүй, зээлийн талаар ах надад мэдээлэл өгч байгаагүй болно.

Зээлийн талаар миний хувьд мөнгө төгрөг огт би аваагүй, мэдэхгүй, зээл авах ямар шалтгаан байсан эсэхийг зөвхөн манай ах Пётр овогтой Баатарчулуун \РД:М371032311\ Утас 99132880 мэдэх учраас уг иргэний хэрэгт гэрчээр тооцож мэдүүлэг тайлбар авна уу.

Ах нүүр ам нь хавдаж заазуурдуулсан байдалтай дарамтанд байсан, нөхцөл байдал хүнд энэ үед “Мөнгөн глобал” ББСБ нь дарамтанд орсныг мэдсээр байж таньдаг хүндээ зээл олгосон, зөвхөн би зээлийн гэрээн дээр л гарын үсэг зурсан, учир холбогдлыг нь огт мэдэхгүй байсан. Мөнгөн глобал ББСБ-ын нэхэмжилсэн 27 сая төгрөг\18 сарын хугацаатай зээлийн гэрээ хийгдсэн байсан\, үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл 32 513 400 төгрөг, торгуулийн хүүгийн үлдэгдэл 6 054 300 төгрөг нийт 65 567 700 төгрөгийг төлөхийг би хүлээн зөвшөөрөхгүй.

Томоохон автоломбард, банк бус гэж нэг талыг барьж битгий үйлчлээрэй, хууль ёсыг баримталж хэргийг шударгаар шийдвэрлэж өгөхийг эрхэм шүүгч танаас чин сэтгэлээсээ хүсэж байна.

Мөн зээлтэй холбоотойгоор мөн хүч хэрэглэж зээл авахуулсан талаар тогтоолгохоор эрүү болон иргэний хэргийн нотлох баримтыг хэрэгт хавсаргаж, П.Мөнхцолмон, П.Баатарчулуун нар нь Б.Оюунчимэгийг гэрийн хаяг, харъяаллын дагуу Баянгол дүүргийн шүүхэд зээлийн хариуцагчаар тооцуулж тогтоолгох, зээлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч П.Мөнхцолмон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баатарчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Мөнхцолмон 2013 оны 11-р сарын 21-ний өдөр хамтран зээлдэгчээр Баянмөнх овогтой Оюунчимэгийг оролцуулан “Мөнгөн Глобал” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулсан боловч уг зээлийн гэрээ нь Иргэний хуульд заасан үндэслэлийн хувьд “хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл” гэж үзэх хуулийн үндэслэлтэй. Үүнд:

Миний төрсөн ах Петр овогтой Баатарчулуун нь Б.Оюунчимэг, Буяндэлгэр гэх хүмүүст зээл бүтээж өгнө гэж ажиллаад уг зээл нь бүтэхгүй болсны улмаас тэдний хооронд үл ойлголцлол үүсэж, улмаар 2012 оны 11 сарын 18-ны өдөр Б.Оюунчимэг, нөхөр Буяндэлгэр нар ах П.Баатарчулууныг маань зодож, заазуураар толгойн тус хэсэгт гэмтээж, “30 сая төгрөг олж өг” гэж дарамталж өөрсдийн танил тал нь ажиллуулдаг гэх “Мөнгөн Глобал” ББСБ-тай уулзуулж зээл авахуулахаар хүүгээр тохиролцоо хийлгэхээр болсон байдаг. Ах маань 2013 оны 11 сарын 29-ний өдөр надад хандаж “ахыг нь толгой руу заазуурдаж зодож дарангуйлаад байна. Мөнгө төгрөгний зээл авч асуудлыг шийдвэрлэхгүй бол болохоо байгаад байна“ гэж хэлсний дагуу “Мөнгөн Глобал” ББСБ дээр очиж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

Б.Оюунчимэг нь уг зээлийн гэрээний барьцаалбартай холбоотой асуудлыг өөрийн танил талаараа дамжуулан хөөцөлдсөн.

Ах П.Баатарчулуун маань 2013 оны 11 сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж уг өргөдлийг шалгах явцад ах П.Баатарчулууны маань биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Энэ байдал нь Шүүхийн Шинжилгээ Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 15262 тоот дүгнэлтээр нотлогдсон байгаа.

П.Мөнхцолмон зээл авах ямар нэгэн хүсэл зориг, зорилго байгаагүй, ах П.Баатарчулуун бусдад зодуулж дарамтлуулсан, заазуурдуулсан, ахын маань амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн байхыг хараад учир холбогдлыг нь сайн ойлгохгүйгээр зээлийн гэрээнд хүүгээр гарын үсэг зурсан.

Б.Оюунчимэг, Буяндэлгэр нар нь өөрийн хүүхдээ дагуулан ирж манай байшингийн цонхыг хагалан орж эхнэр хүүхдийг маань айлган сүрдүүлж намайг нийлж зодож барьцаалан гэртээ хонуулсан.

П.Мөнхцолмон миний бие өөртөө болон өөрийн гэр бүлийн гишүүүд өөрийн төрсөн ах П.Баатарчулууны амь биед аюул учирна гэж айсан, тэрхүү нөхцөл байдал бүрдсэн гэж итгэсэн учраас “Мөнгөн Глобал” ББСБ-тай хийсэн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Монгол Улсын Иргэний Хуулийн 57 дугаар зүйл, 60 дугаар зүйл, 60.2 дахь заалтыг үндэслэн П.Мөнхцолмон, “Мөнгөн Глобал” ББСБ-ын хооронд байгуулагдсан 2013 оны 11 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг “хүч хэрэглэж хийсэн хэлцэл” гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч “Мөнгөн Глобал ББСБ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн П.Мөнхцолмон нь манай '‘Мөнгөн Глобал” ББСБ ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ-1331 тоот зээлийн гэрээг байгуулж, хамтран зээлдэгчээр Б.Оюунчимэг гэгчийг оролцуулан 27.000.000 / Хорин долоон сая / төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Тухайн үед зээлдэгч нар нь манай ББСБ-аас зээл авахдаа зээлийн гэрээг байгуулах журам хуулийн дагуу зээлийн шаардлагыг биелүүлж зээл гаргуулан авсан болно. Дээрхи зээлийн гэрээг бидний зүгээс Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн хууль ёсны дагуу үйлдэж гэрээ байгуулан зээл олгосон бөгөөд иргэн П.Мөнхцолмон, Б.Оюунчимэг нар нь манай байгууллагаас зээл авах үйл ажиллагаанд бидний зүгээс хөндлөнгөөс ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн асуудал байхгүй ба дээрхи хүмүүстэй урьд өмнө нь манай байгууллага харилцаа холбоо тогтоож хамтарч ажиллаж байсан түүх байхгүй юм. Мөн дээрхи хүмүүсийг бид огт таньж мэдэхгүй хүмүүс байсан ба дээр дурьдсан зээлийн асуудал бол иргэн П.Мөнхцолмон, Б.Оюунчимэг нар нь манай байгууллагаас зээлийн үйлчилгээ авахдаа манай “Мөнгөн Глобал” ББСБ-ийн зээл авахад тавигдах үндсэн шаардлагыг хангасан учраас л бид харьцаж зээл өгсөн асуудал байснаас бус бидний зүгээс дарамт шахалт үзүүлж гэрээ байгуулан хүч хэрэглэн гэрээнд гарын үсэг зуруулсан асуудал байхгүй юм.

Иргэн П.Мөнхцолмон гэгчийн сөрөг нэхэмжлэлдээ дурьдсанчилан дарамт шахалт үзүүлсэн гэх асуудал нь манай ББСБ-тай хийж буй иргэний гэрээ, хэлцэлтэй ямар нэгэн холбогдолгүй байх ба бидний хооронд иргэний эрх зүйн харилцааны дагуу хуулийн хүрээнд гэрээний эрх зүйн харилцаа үүсч үндсэн төлбөр болох 27.000.000 төгрөгийн тооцооны асуудал хүүгийн төлбөрийн 38.567.700 төгрөг, нийт 65.567.700 төгрөгийн өр, авлагын асуудал байгаа учир үүнээс зээлдэгч нар нь хуулийн дагуу гэрээнд заасан үүргээ биелүүүлэхгүй байх санаа зорилго агуулан санаатайгаар хууль зөрчиж зээл, зээлийн хүүгээ төлөхгүй байх гэсэн зорилгоор сөрөг нэхэмжлэлдээ дурьдсан заль, арга мэхийг хэрэглэж байна гэж бидний зүгээс үзэж байгаа болно. Иргэн П.Мөнхцолмон. Б.Оюунчимэг нарын хооронд үүссэн асуудал нь хувийн шинжтэй асуудал байхын дээр эрүүгийн эрх зүйн асуудал тул манай байгууллагатай хийгдсэн зээлийн гэрээний үүрэгтэй ямар нэгэн учир холбогдолгүй юм. Тухайн үед иргэн П.Мөнхцолмон нь манай байгууллагатай ирж зээлийн гэрээг байгуулахдаа сайн дурын үндсэн дээр өөрийн биеэр ирж хамтран зээлдэгч Б.Оюунчимэгтэйгээ гэрээний нөхцөл болон эрх, үүрэг учирч болох үр дагаварыг бүрэн тооцоолон монгол хэл дээр гэрээг уншиж танилцан эрх, үүргээ бүрэн ухамсарлан, хөндлөнгийн ямарч этгээдийн дарамт шахалт нөлөөгүйгээр гарын үсэг зурж гэрээ байгуулсан болно. Тухайн үед талууд сайн дурын үндсэн дээр гэрээг үйлдэх цаг хугацаанд гэрээг хууль ёсны дагуу үйлдсэнийг гэрчилэх “Мөнгөн Глобал” ББСБ ХХК-ийн ажилчид гэрээг үйлдэхэд байлцсан болно. Хэрэв иргэн П.Мөнхцолмонгийн гаргасан сөрөг нэхэмжлэлдээ дурьдсан Монгол Улсын Иргэний Хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон, түүнийг хууль шүүхийн байгууллага хангалттай нотолсон гэж үзвэл Монгол Улсын Иргэний Хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэлцэл хийгч этгээд нөгөө талдаа уг хэлцэл хийснээс хойш нэг жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрх нь нээлттэй байсан болно. Гэтэл нэг жилийн дотор иргэн П.Мөнхцолмон, Б.Оюунчимэг нарын зүгээс гомдлын шаардлага гаргаагүйн дээр зээлдэгч нар нь зээлээр хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрч зээлийн хүүгээ төлж байсан зэрэг нь зээлийн гэрээгээ хууль ёсны гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бүрэн боломжтой юм.

Иймд П.Мөнхцолмонгийн түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүчингүйд тооцож бидний гаргасан нэхэмжлэлийн дагуу хуулийн хүрээнд шүүх хуралдааныг явуулж бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мөнгөн Глобал ББСБ” ХХК нь хариуцагч П.Мөнхцолмонд холбогдуулан 65 567 700/жаран таван сая таван зуун жаран долоон мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч П.Мөнхцолмон нь нэхэмжлэгч “Мөнгөн Глобал ББСБ” ХХК-д холбогдуулан 2013 оны 11 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг “хүч хэрэглэж хийсэн хэлцэл” гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь 65 567 700/жаран таван сая таван зуун жаран долоон мянга долоон зуу/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь зээлдэгч нар нь зээлээр хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрч зээлийн хүүгээ төлж байсан гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчтай № ЗГ/№13-31 Зээлийн гэрээ, № БГ/13-31 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, хариуцагчид 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 27 000 000/хорин долоон сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь “Худалдаа хөгжлийн банк”-ны харилцагчийн дансны хуулга, ЗГ/№13-31 болон № БГ/13-31 гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн “хариуцагч зээлийн хүүнд 1 097 100 төгрөг, торгуулийн хүүнд 396 900 төгрөг төлсөн” гэх тайлбартай маргахгүй байх боловч зээлийн гэрээг “хүч хэрэглэж хийсэн хэлцэл” гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.”, 60.2-т “Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ.” гэж заасан.

Хариуцагч нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар өөрт нь болон түүний гэр бүлийн гишүүд, садан төрлийн этгээдэд аюул учирна гэж итгэж, үнэмшсэний улмаас буюу өөрийн төрсөн ах П.Баатарчулууны биед хөнгөн гэмтэл учирсны дараа ЗГ/№13-31 болон № БГ/13-31 гэрээг байгуулсан болох нь 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “... П.Баатарчулууны биед .... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №15262 болон Д.Буяндэлгэрийн 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Баатарчулуун .... өөрийн төрсөн дүү болох Мөнхцолмонгийн нэрээр зээл авсан юм” гэх тайлбарын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:”, 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;”, 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх .... үүрэгтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн № ЗГ/№13-31 Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагчаас 27 000 000/хорин долоон сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн № ЗГ/№13-31 Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож байх тул хариуцагчаас үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл 32 513 400 төгрөгийг, хүүгийн үлдэгдэл 6 054 300 төгрөгийг, нийт 38 567 700/гучин найман сая таван жаран долоон мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч хэлцэл хийснээс хойш нэг жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрх нь нээлттэй байсан гэж маргаж байх боловч Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс үүссэн гэж үзнэ.

 

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Мөнхцолмонгоос 27 000 000/хорин долоон сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мөнгөн Глобал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 38 567 700/гучин найман сая таван жаран долоон мянга долоон зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн № ЗГ/№13-31 Зээлийн гэрээний хариуцагч П.Мөхцолмонд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Мөнхцолмонгоос 27 000 000/хорин долоон сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мөнгөн Глобал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 38 567 700/гучин найман сая таван жаран долоон мянга долоон зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн № ЗГ/№13-31 Зээлийн гэрээний хариуцагч П.Мөхцолмонд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч

 

 

“Мөнгөн Глобал ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485789 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Мөхцолмонгоос 292950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мөнгөн Глобал ББСБ” ХХК-д олгож, хариуцагч П.Мөхцолмонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Мөнгөн Глобал ББСБ” ХХК-иас 146475 төгрөгийг гаргуулан хариуцагч П.Мөнхцолмонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ХИШИГБАТ