Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/02155

 

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/02155

 

Мөнгөн глобал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 07ы өдрийн 181/ШШ2017/02070 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Мөнгөн глобал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П.Мөнхцолмонд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 64 251 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй,

2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Балжинням

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баатарчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Мөнхцолмон нь Мөнгөн глобал ББСБ-аас 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ/13-31 тоот зээлийн гэрээгээр 27 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Зээл авсанаас хойш 2014 оны 3 сарын сүүл хүртэл 3 удаагийн төлөлтөөр хүү 1 097 100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 396 900 төгрөг, нийтдээ 1 494 000 төгрөг төлсөн. Зээлдэгч П.Мөнхцолмон өнөөг хүртэл зээлийг төлөхөөс зайлсхийж манай байгууллагад их хэмжээний хохирол учрах нөхцөл байдал үүсгээд байна. Зээлийн гэрээг зээлдэгч П.Мөнхцолмон, хамтран зээлдэгч Б.Оюунчимэг нартай байгуулсан хэдий ч мөнгийг П.Мөнхцолмонгийн дансанд шилжүүлсэн тул үүргийг түүнээс шаардаж байгаа. Иймд 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 27 000 000 төгрөг, хүү 39 128 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 377 300 төгрөг нийт 73 505 700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмэгдүүлсэн хүү 7 377 300 төгрөгөөс татгалзаж, нийт 64 251 000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Мөн зээлийн үүргийн гүйцэтгэлийг Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамж, 371б хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009481 тоот гэрчилгээтэй 121 м.кв хувийн орон сууц, мөн хаягт орших Г-2201002371 тоот 700 м.кв газар зэрэг зээлийн барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 20-нд төрсөн ах П.Баатарчулуун нь ахыг нь зодож дарамтлаад байна, мөнгө төгрөг зээл авч энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол болохоо байгаад байна, ах нь өөрөө хариуцъя, туслаач гэж гуйснаар 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.Оюунчимэг, Буяндорж гэдэг 2 хүнтэй "Мөнгөн глобал" ББСБ дээр ирж 27 сая төгрөгийн зээл болон барьцааны гэрээ байгуулахад хамтран зээлдэгчээр Б.Оюунчимэг гарын үсэг зурсан. Би дансаар орж ирсэн мөнгийг ахад хүлээлгэж өгөөд харьсан. Гэтэл Б.Оюунчимэг, Буяндэлгэр нар хүүхдээ дагуулан ирж манай байшингийн цонхыг хагалан эхнэр, хүүхдийг маань айлган сүрдүүлж ахыгаа олж өг гээд зодож, барьцаалан гэртээ хонуулсан. Мөн 2 хоногийн өмнө П.Баатарчулуун ахыг хүчээр зээл авахуулахаар гэртээ барьцаалж, Б.Оюунчимэг заазуурдаж, зодож нүдэж хоносон гэсэн. Миний хувьд 2014 оны хавраас эхлэн хөдөө мал маллаж өдий хүрсэн. Уг зээлийн төлөлтийн талаар ах надад огт мэдээлэл өгч байгаагүй, эрэн сурвалжилж байсныг мэдээгүй, зээлийг юунд зарцуулсныг мэдэхгүй, зээлийн талаар ах надад мэдээлэл өгч байгаагүй. Зээлийн хувьд би мөнгийг огт аваагүй, мэдэхгүй, зээл авах ямар шалтгаан байсныг зөвхөн ах мэднэ. Миний бие өөртөө болон өөрийн гэр бүлийн гишүүд, өөрийн төрсөн ах П.Баатарчулууны амь биед аюул учирна гэж айсан, тэрхүү нөхцөл байдал бүрдсэн гэж итгэсэн учраас Мөнгөн глобал ББСБ ХХК-тай хийсэн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.2 дах хэсэгт заасныг үндэслэн П.Мөнхцолмон, Мөнгөн Глобал ББСБ-ын хооронд байгуулагдсан 2013 оны 11 сарын 21-ний өдрийн ЗГ 13/31 тоот зээлийн гэрээг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс дарамт шахалт үзүүлж гэрээ байгуулан, хүч хэрэглэн гэрээнд гарын үсэг зуруулсан асуудал байхгүй. Бид хэн алиныг нь танихгүй. Тухайн үед иргэн П.Мөнхцолмон манай байгууллагатай зээлийн гэрээг байгуулахдаа сайн дурын үндсэн дээр өөрийн биеэр ирж хамтран зээлдэгч Б.Оюунчимэгтэйгээ гэрээний нөхцөл болон эрх, үүрэг учирч болох үр дагаварыг бүрэн тооцоолон монгол хэл дээр гэрээг уншиж танилцан эрх, үүргээ бүрэн ухамсарлан, хөндлөнгийн ямар ч этгээдийн дарамт шахалт нөлөөгүйгээр гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Дарамт шахалт үзүүлсэн гэх асуудал манай ББСБ-тай холбогдолгүй. Мөн хуульд зааснаар хүчинд автаж хийсэн бол нэг жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрх нээлттэй байсан. Зээлийн хүүгээ эхний үед төлөөд явж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60.1-д зааснаар П.Мөнхцолмонгоос 64.251.000 /жаран дөрвөн сая хоёр зуун тавин нэгэн мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Мөнгөн глобал ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.494.000 төгрөг, 2013 оны 11 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг П.Мөнхцолмонгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009481, Г-2202002371 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамж, 371Б тоотод байрлах 700 мкв талбайтай газар, 121 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 518.479 төгрөг, хариуцагчаас төлсөн 292.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 7.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод, хариуцагчаас 479.205 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Хариуцагч П.Мөнхцолмон нь өөрийн хүсэл зоригийн дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй байхад хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр бодитой, хууль ёсны гэж үзэх үндэслэл үгүй юм. П.Баатарчулууны амь биед бодитой хохирол учирсан гэх 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх эмнэлгийн №15262 тоот дүгнэлт, Д.Буяндэлгэр, Б.Оюунчимэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг бодитой үнэлээгүйд гомдолтой байна.

Зээлийн гэрээний хамтран зээлдэгч болох Б.Оюунчимэг хүч хэрэглэж зээл авахуулсан нь тодорхой байсаар байтал тухайн зээлд Б.Оюунчимэгийг хамааруулахгүйгээр зөвхөн П.Мөнхцолмон 65 567 700 төгрөгийг "Мөнгөн глобал" ББСБ-д төлөхөөр шийдвэр гаргаж, хэргийг хэтэрхий өрөөсгөл байдлаар шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

П.Мөнхцолмон зээлж авсан бүх мөнгөө ах П.Баатарчулуундаа хүлээлгэж өгсөн бөгөөд ах П.Баатарчулууныг Б.Оюунчимэг, Д.Буяндэлгэр нар нь элдэж хөөж дарамталж байснаас шалтгаалан П.Баатарчулуун 3 сар "Мөнгөн глобаль" ББСБ-д бага хэмжээний төлбөр төлж байсан болохоос П.Мөнхцолмон зээлийн гэрээний үүргийн дагуу төлбөр төлж байгаагүй нь тогтоогдож байгаа. Гэрч Б.Оюунчимэг нь зээлийн мөнгийг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байдаг. Дээрхи нөхцөл байдлаас шүүх бодитой дүгнэлт хийгээгүй, П.Мөнхцолмонг зээлийн гэрээнд гарын үсэг зурж зээл аваад, зээлийг буцаан төлж байсан мэтээр дүгнэсэнд гомдолтой байна.

Шүүх зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Б.Оюунчимэг гарын үсэг зурсан, зээл авахыг хүч хэрэглэж турхирч гаргуулсан, зээлийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн байхад хариуцагчаар татах хүсэлтийг хангаагүйд маш их гомдолтой байна. Мөн П.Мөнхцолмон нь Иргэний хууийн 159 дүгээр зүйлийн 159.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригоо бодитой илэрхийлээгүй байхад зээлийн гэрээ байгуулсныг шүүх бодитой дүгнээгүйд гомдолтой байна.

Б.Оюунчимэгийн компани болох "Дөрвөн бурхан" ХХК Жайка байгууллагаас 800 сая төгрөгний зээл авахтай холбоотойгоор П.Баатарчулуун, Б.Оюунчимэг нарын харилцан тохиролцсоноор Хаан банк, Худалдаа Хөгжлийн банк гэх мэтчилэн олон банкуудаар судалгаа хийлгэж үйл ажиллагааны зардал гаргасан. П.Баатарчулууныг Капитал банкнаас 17,5 сая төгрөгийн зээл авахуулах, хувь хүнээс болон өөрсдөө зардал гаргах гэх мэтчилэн нийт 30 гаран сая төгрөгийн зардал гаргуулж хохироосон. 2013.11.12-нд Б.Оюунчимэг, нөхөр Буяндэлгэрийн хамт Баатарчулууныг дарамталж хүчээр зээл авахыг тулгаж, дарамталж, Хас банкинд барьцаа тавиулж өөрөө хамтран зээлдэгчээр орж, 30 сая төгрөгийн зээл авч өг гэж тулгаж, авч өгөхгүй бол ална шүү гэж заналхийлж, Хас банкны танил эдийн засагчид хувь шагнал амалж, зээлийн судалгаа хийлгэсэн боловч зээл гаргах боломжгүй гэж хариу өгсөн. Ингээд өөрийн таньдаг "Мөнгөн глобал" ББСБ-д очиж зээлийн эдийн засагчид хувь шагнал өгөхөөр тохиролцож, зээлийн судалгаа хийлгэхэд Б.Оюунчимэг Д.Буяндэлгэр нар байнга хамт явж байсан. Ш.Балжиннямтай хамт хэд хэдэн удаа уулзаж зээлийг авахаар тохиролцож 27 сая төгрөгийн зээл батлагдсан. Гэтэл Б.Оюунчимэг нь Ш.Балжиннямыг огт танихгүй гэж худал мэдүүлсэн. Иргэний хэрэгт авагдсан нотлох баримт болох Б.Оюунчимэг, Буяндэлгэр нарын мэдүүлгээр уг мөнгийг Б.Оюунчимэг авсан тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар Б.Оюунчимэгээс гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Оюунчимэг нь зээлийн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, мөн түүний гэрчийн мэдүүлгийг үндэслэн зээлийн хариуцагчаар тооцож өгнө үү. Б.Оюунчимэгийн мэдүүлгийг шүүх хурлын бичлэгээс дахин хянаж, шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр бус болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Мөнгөн глобал ББСБ ХХК нь хариуцагч П.Мөнхцолмонд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27 000 000 төгрөг, зээлийн хүү 39 128 400 төгрөг, нийт 64 251 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүч хэрэглэж хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Мөнгөн глобал ББСБ ХХК болон П.Мөнхцолмон, Б.Оюунчимэг нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Мөнгөн глобал ББСБ ХХК нь зээлдэгч П.Мөнхцолмон, Б.Оюунчимэг нарт 27 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү эргүүлэн төлөх, гэрээнд заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 8-10/

Зохигчид мөн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн БГ/13-31 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч П.Мөнхцолмон нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамж, 371 Б тоот 124 м.кв талбайтай хувийн сууц болон мөн хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар буюу үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 11-12/

Дээрх зээлийн болон барьцааны гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан талаар маргаагүй, уг зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж заасан ба зээлийн гэрээний 3.2-т зээл авах хэлбэрийг бэлэн бус гэж тохиролцсоны дагуу зээлдэгч Мөнгөн глобал ББСБ ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч П.Мөнхцолмонд шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн харилцагчийн дансны хуулгаар /хэргийн 1 дүгээр хавтасны 19/ тогтоогдсон, хариуцагч энэ талаар маргаагүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зохигчдын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Мөнгөн глобал ББСБ ХХК нь дээрх зээлийн гэрээг П.Мөнхцолмон, Б.Оюунчимэг нартай байгуулсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт зааснаар зээлдэгч нарын хэнээс нь ч өөрийн үзэмжээр үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч П.Мөнхцолмон нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Б.Оюунчимэг, түүний нөхөр н.Буяндэлгэр нар ах П.Баатарчулууныг зодож, дарамталсан учир зээлийн гэрээнд хүчээр гарын үсэг зурсан, зээлийн мөнгөн хөрөнгийг авч, ах П.Баатарчулуунд шилжүүлсэн, П.Баатарчулуунаас Б.Оюунчимэгт шилжүүлсэн, зээл авах мөнгөний шаардлага байгаагүй ... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч П.Мөнхцолмон нь зээлийн гэрээний дагуу 3 удаагийн төлөлтөөр зээлийн хүүд нийт 1 494 000 төгрөг төлсөн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хэргийн 1 дүгээр хавтасны -250/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Мөнгөн глобал ББСБ ХХК-ийн зүгээс хариуцагч П.Мөнхцолмонд хүч хэрэглэж, түүнтэй Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна зээлийн гэрээний зүйлийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн явдал нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

Хамтран зээлдэгчид хоорондын тооцооны асуудал байгаа бол банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний үүргээс тусдаа шийдвэрлүүлэх боломжтой юм.

 

Иймд зохигчдын хооронд зээлийн болон барьцааны гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээний зүйлийг зээлдэгч тал хүлээн авсан болох нь баримтаар тогтоогдсон тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсан, улмаар зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөр барагдуулах үүрэгтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж шүүх үзсэн, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй байна.

Мөн нэхэмжлэгч Мөнгөн глобал ББСБ ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд дээр дурдсанаар зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай мөн нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт хариуцагч гэж ....нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дах хэсэгт ...нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Мөнгөн глобал ББСБ ХХК нь П.Мөнхцолмонг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан байх тул Б.Оюунчимэгийг хариуцагчаар оролцуулаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Мөнгөн глобал ББСБ ХХК-ийн ажилтнууд хууль бусаар хүч хэрэглэн дарамталж хариуцагчтай зээлийн гэрээг хийсэн гэх үйл баримт тогтоогдоогүйгээс гадна Б.Оюунчимэг нараас хариуцагч П.Мөнхцолмонд хүч хэрэглэсэн, түүний ах П.Баатарчулуунд гэмтэл учруулсан зэрэг үйл баримт тогтоогдсон байгаа ч энэ нь П.Мөнхцолмонгийн Мөнгөн глобал ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулах үндэслэл болоогүй зээлийн гэрээ байгуулсантай шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаарх нотлох баримтуудыг үнэлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Н.БАТЗОРИГ