Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2022/0163

 

 

 

 

 

 

 

 

                        “Д Н” ХХК-ийн

                                    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ж,

Нэхэмжлэгч: “Д Н” ХХК,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/158, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/205 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”,

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.А нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Батбилэг,

Хэргийн индекс: 159/2020/0027/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д Н” ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдууланСэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/158, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/205 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.3, 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр сарын 40.1.1, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.6, 20.2.11, 20.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/158, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/205 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын хувьд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга А/158 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны журам зөрчин, Газрын тухай хууль, Тариалангийн тухай хуульд заасан урьдчилан мэдэгдэл хүргүүлэлгүй, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

3.2. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны aктыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж тус тус заасан. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан ... этгээдэд мэдэгдэнэ” гэж, Тариалангийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т заасан саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга хөрсний төлөв байдлыг дордуулсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Газрын тухай хуульд заасны дагуу тухайн этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус зохицуулсан.

 3.3. Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолд “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “ ... мэдэгдэнэ ” гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан ... этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-мэйл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийг баталгаажуулсныг хэлнэ” гэж мэдэгдэх, сонсгох зарчмыг хууль тогтоогчоос хуульчлан зохицуулсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн A/158 дугаар захирамжийг гаргахдаа дээрх хуулийн болон дээд шүүхийн тогтоолд дурдсан журмыг ноцтойгоор зөрчсөн нь тогтоогдсон атал анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлд “Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй зэрэг нь учир дутагдалтай боловч энэ нь нэхэмжлэгч “Д Н” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй” гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд хуульд заасан журмыг баримтлаагүй захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

3.4. 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/158 дугаар захирамжид заасан үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.2, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.4, 20.3, 20.4 дэх заалтуудыг буруу хэрэглэсэн тул захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй. Учир нь шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... “Д Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрээг 2009, 2013, 2017 онуудад дүгнэж байсан бөгөөд 2013 оноос хойш шинэчлүүлж гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй” гэх тайлбар, түүнд хавсаргасан баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас “Д Н” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэж тус компанийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгосон нь хуульд нийцжээ” гэж нотлох баримт, хэргийн үйл баримтыг шүүх зөв дүгнэж чадаагүй, ийнхүү дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Дээр дурдсан “ “Д Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрээг 2009, 2013, 2017 онуудад дүгнэж байсан бөгөөд 2013 оноос хойш шинэчлүүлж гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй” гэх тайлбар, түүнд хавсаргасан баримтаар тогтоогдож байна” гэх дүгнэлт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл гэхээс илүүтэй 40.1.3-д “... шинээр гэрээ байгуулаагүй” гэх үндэслэлд хамаарна.

3.5. Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.9-д “. ... хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “... удаа дараа ...” гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна”, Мөн зүйл, хэсэгт заасан “ “... ноцтой зөрчил ... ”-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино” гэж тайлбарласан бөгөөд “Д Н” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “удаа дараа” болон “ноцтой зөрчил”-ийг гаргаагүй. “Д Н” ХХК-ийн гэрээ шинэчлээгүй асуудал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй бөгөөд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын хооронд байгуулсан газар эзэмшүүлэх “ноцтой зөрчил”-д орох зүйлийг гэрээнд тусгайлан гэрээнд нэрлэн заагаагүй. Дээрх заалтад заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” үндэслэлүүдийн алийг ч “Д Н” ХХК зөрчөөгүй.

3.6. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргаас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “ “Д Н” ХХК нь 2008 онд 156,34 га газар эзэмшиж авсан боловч хэсэгчлэн 2009 оноос хойш олон жил ашиглаагүй газрын төлөв байдлыг доройтуулж элсний нүүлтэд оруулсан, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл анх авсан газар эзэмших эрхийн гэрчилгээг сумын Засаг даргын захирамжид заасан хугацаанд шинэчлүүлээгүй, шинээр газрын гэрчилгээ авч гэрээ байгуулаагүй. Мөн 2017 оноос хойш тухайн газрыг мод тарих зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчлүүд жил бүр давтагдаж байгаа тул захирамжийг гаргасан” гэж тайлбарладаг бөгөөд энэ тайлбарын агуулгаас дүгнэвэл тус захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон гэж ойлгогдохоор тайлбар ирүүлсэн байна.

3.7. Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, мөн тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

3.8. “Д Н” ХХК нь 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 0291581 дүгээр захирамжаар 156,34 га газрыг эзэмших эрх авсан бөгөөд 2008 оноос хойш энэ газарт хөрөнгө оруулалт хийж эзэмшсээр ирсэн. Баянгол сумын Засаг дарга нь “Д Н” ХХК-тай харилцан зөвшилцөж, урьдчилан мэдэгдэж 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/89 дүгээр захирамжаар тус газрын зарим 71,34 га газрыг хураан авч 84,30 га “Д Н” ХХК-д үлдээхээр шийдвэрлэсэн. 2017 оноос хойш Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар “Д Н” ХХК-ийн эзэмшиж буй 84,30 га газраас дахин 54,30 га газар хураан авахаар шийдвэрлэснийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/703 дугаар “Захирамж хүчингүй болгох” албан бичгээр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад үүрэг даалгавар өгснөөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/205 дугаар захирамжаар “Д Н” ХХК-ийн эзэмшиж буй газар эзэмших эрхийг сэргээсэн.

3.9. Мөн Тариалангийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөрсний төлөв байдалд тавих хяналтыг тариалангийн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ”, 27.2-т “Агрохими, агрофизикийн шинжилгээний дүнгээр хөрсний төлөв байдал, чанарыг өмнөх шинжилгээний дүнгээс дордуулсан нь мэргэжлийн байгууллагын шинжилгээ, дүгнэлтээр тогтоогдсоны дагуу сайжруулах тодорхой арга тариалангийн газар эзэмшигч, ашиглагчид хоёроос таван жилийн хугацаатай мэдэгдэл өгч, зөвлөмж хүргүүлнэ”, 27.3-д “Мэдэгдэлд заасан хугацаанд хөрсний төлөв байдлыг сайжруулах арга хэмжээ аваагүй бол тариалангийн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох саналыг зохих шатны Засаг даргад хүргүүлнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т заасан саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга хөрсний төлөв байдлыг дордуулсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Газрын тухай хуульд заасны дагуу тухайн этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан.

3.10. “Д Н” ХХК нь эзэмшиж буй газрын асуудлаар хөрсний төлөв байдалд тавих хяналтыг тариалангийн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллагаас агрохими, агрофизикийн шинжилгээний дүнгээр хөрсний төлөв байдал, чанарыг өмнөх шинжилгээний дүнгээс дордуулсан нь мэргэжлийн байгууллагын шинжилгээ, дүгнэлтээр тогтоогдсоны дагуу сайжруулах тодорхой арга хэмжээ авах талаар нэг ч удаа мэдэгдэл өгч байгаагүй бөгөөд “Д Н” ХХК-д мэдэгдэл ирж байсан тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул тус компанийг Газрын тухай хууль, Тариалангийн тухай хуульд заасан журмын дагуу газраа эзэмшиж, ашигласан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч тариалан эрхэлсэн нөхцөл байдлыг нэхэмжлэгч нотлоогүй, шинжээчийн дүгнэлтээр “нэхэмжлэгч тариалан эрхлээгүй нөхцөл байдлыг тогтоосон” гэж үзэн нотлох баримтыг нэхэмжлэгчид дангаар хуваарилсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

3.11. 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/158 дугаар захирамжийн үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн. Захирамжийн Үндэслэх хэсэгт “2009 онд 30 га газарт жимсний мод тарьж үлдсэн хэсгийг ашиглаагүй удаж газрын төлөв байдлыг доройтуулж элсэн бүрхэвч үүсгэсэн, 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй зэрэг шалтгааныг үндэслэн мод тарьсан 30 га газрыг “Д Н” ХХК-ийн эзэмшилд хэвээр үлдээж, үлдсэн газар болох 80,34 га газрыг хураасугай, энэ захирамж гарсантай холбоотой сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/55 дугаар захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай, Д Н” ХХК-ийн эзэмшлийн газрыг мод тарьсан 30 га газраар баталгаажуулсугай” гэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” үндэслэлийн яг алийг нь зөрчсөн талаар захиргааны актын үндэслэлд тодорхой дурдаагүй ойлгомжгүй, тодорхойгүй бөгөөд мөн “Д Н” ХХК-ийн газар эзэмших эрхийг бүхэлд /80,34 га/ нь хүчингүй болгосон эсхүл хэсэгчлэн /яг хэдийг/ хүчингүй болгосон эсэх тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

3.12. Тодруулбал, “Д Н” ХХК нь 2009 оноос хойш газраа ашиглаж газрын төлөв байдлыг хамгаалсаар ирсэн бөгөөд энэ тухай Хөдөө аж ахуйн их сургуулийн шинжээчдийн багийн дүгнэлтийн ерөнхий дүгнэлтийн 2-т “тариалангийн хөрсийг элэгдэл, эвдрэлд оруулж элсэн хучаас үүсгэж хөрсний төлөв байдлыг доройтуулсан зүйл байхгүй байна” гэсэн, Д Н” ХХК нь 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 0291581 дүгээр захирамжаар 156,34 га газрыг эзэмших эрх авсан бөгөөд 2008 оноос хойш 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл энэ газарт хөрөнгө оруулалт хийж зориулалтын дагуу эзэмшсээр ирсэн. Хариуцагч нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн A/89 дүгээр захирамжаар тус газрын зарим 71,34 га газрыг хураан авч 84,30 га газрыг үлдээхээр шийдвэр гаргасан бөгөөд Засаг дарга С.А нь тухайн үед “энэ 71,34 га газрыг хураалгасан тул дахин танай газраас хураахгүй” гэж бидэнд итгэж үнэмшүүлсэн. Гэтэл уг газраас ахин 54,30 га газар хураан авахаар 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар “Д Н” ХХК-ийн эзэмшлийн газрыг мод тарьсан 30 га газраар баталгаажуулж 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 0291581 дүгээр захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн бөгөөд “Газрын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хууль тогтоомжийг зөрчсөн, “Д Н” ХХК-д нэг ч удаа урьдчилан мэдэгдэл хүргүүлээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар нотлох баримт авалгүй хураан авахдаа хууль зөрчсөн” гэх үндэслэлээр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан гомдол гаргасан.

3.13. Газар эзэмших эрхийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/703 дугаар “Захирамж хүчингүй болгох” албан бичгээр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад үүрэг даалгавар өгснөөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/205 дугаар захирамж гарган Д Н” ХХК-ийн эзэмшиж буй газар эзэмших эрхийг сэргээсэн. Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/158 дугаар захирамжид 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/89 дүгээр захирамжийн 2 дахь хэсгээр хүчингүй болгон шийдвэрлэсэн, 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 0291581 дүгээр захирамжийг дахин хүчингүй болгон шийдвэрлэж буй нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй.

3.14. Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, хэргийг таамаглан шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлд “... Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/158 дугаар захирамжийг 2017, 2019, 2020 онд захирамж гаргах бүртээ 156,34 га талбайгаар эзэмшүүлсэн, 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/55 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон, Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй зэрэг нь учир дутагдалтай” гэж дүгнэсэн атлаа “Д Н” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/158 дугаар захирамжаар “Д Н” ХХК-ийн хүчингүй болгосон талбайн хэмжээ болон мөн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/205 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Аийн нэр дээр олгосон 52 га газрууд хоорондоо давхацсан болон  давхцаагүй талбайн хэмжээг бүрэн тодруулаагүй, холбогдох нотлох баримтыг бүрдүүлээгүй. Шүүхээс нэхэмжлэгчийн зүгээс гаргасан “маргаан бүхий газарт үзлэг хийлгэх” хүсэлтийг “шинжээч томилсон” гэх үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан нь дээрх нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримтыг дутуу хийсэн гэж үзэх үндэслэлтэй.

3.15. “Баянгол сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/205 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/158 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй тул А/205 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй бөгөөд уг захирамжаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн. А/158 дугаар захирамжийг гаргахдаа “Д Н” ХХК-д захиргааны байгууллага урьдчилан мэдэгдээгүй, санал аваагүй бөгөөд газрын эрхийг хүчингүй болгож хураагаагүй, газрыг давуу эрхээр Б.Ад олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

3.16. Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч болон гуравдагч этгээд давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Газрын тухай хууль, Тариалангийн тухай хууль болон бусад хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч Д Н” ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/158, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/205 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

           3.2. Маргаан бүхий А/158 дугаар захирамжаар “Сэлэнгэ аймгийн Баянгол суманд жимсний мод тарих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Д Н” ХХК нь Баянгол сумын Хараа 1 дүгээр баг “Бор толгой”-д 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тэжээлийн ургамал, жимс жимсгэний мод тарих зориулалтаар 156,34 га газар эзэмших эрх авсан боловч 2009 онд 30 га газарт жимсний мод тарьж, үлдсэн газрыг ашиглалтгүй удаж, газрын төлөв байдлыг доройтуулж, элсэн бүрхэвч үүсгэсэн /газрын төлөв байдлыг хамгаалах зорилгоор 2017 онд дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд 46 га газрыг хурааж “Б Г” ХХК ойн зурвас бий болгосон/ 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй зэрэг шалтгааныг үндэслэн мод тарьсан 30 га газрыг тус компанийн эзэмшилд хэвээр үлдээж, үлдсэн газар болох 80,34 га газрыг хурааж, мөн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/55 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцож, тус компанийн 30 га газрыг баталгаажуулжээ.

            3.3. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар захирамжаар маргаан бүхий 156,34 га газрыг нэхэмжлэгчид 15 жилийн хугацаатай, тэжээлийн ургамал, жимс, жимсгэний мод тарих зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ авснаар нэхэмжлэгч тухайн газрыг эзэмших эрхтэй болж, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.4, 20.2.6, 20.2.8, 20.2.11, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д тус тус зааснаар тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх, тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх, талбайн түүх хөтлөх, өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа тариалангийн газарт хуульд заасан хугацаанд агрохими, агрофизикийн шинжилгээ хийлгэх, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүргийг хүлээсэн байна. 

            3.4.  Тариалангийн  тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д зааснаар тариалангийн газрыг атаршуулахыг хориглох бөгөөд 20.4-т зааснаар тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгохоор, мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тодорхой заажээ.

            3.5. Хуулийн дээрх зохицуулалтууд, тус компанийн 2008-2020 оны талбайн ашиглалтын лавлагаа, түүний “... хөрс нь атаршиж гүйцээгүйгээс шалтгаалан холимог тэжээл нь ургаагүй бөгөөд дараа жил тариа, жимс тарихаар бэлтгэсэн, .... газартаа өөрөөр нь атаршуулж ногоон тэжээл тарих ажлыг эхлүүлж тарьсан” гэх тайлбар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/104 дүгээр захирамжаар байгуулагдсан шинжээчдийн баг болон  Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн шинжээчдийн багийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагчаас тариалалт хийгээгүй газрыг хурааж, мод тарьсан 30 га газрыг тус компанийн эзэмшилд хэвээр үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

            3.6. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/89 дүгээр захирамжаар “... “Д Н” ХХК нь ... газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 8 жил /2009 онд хэсэгчлэн 30 га газарт жимсний мод тарьж 2010 оноос хойш бусад 126,34 га газрыг дараалан ашиглаагүй/ тул уг газрыг кадастрын зургийн бодит хэмжээгээр тооцож газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 2008 оны А/55 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцож, 85 га газраар баталгаажуулсан”, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар “... 156,34 га газар эзэмших эрх авсан боловч уг газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй тул уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, А/55 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцож, тус компанийн эзэмшлийн газрыг мод тарьсан 30 га газраар баталгаажуулсан”, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/205 дугаар захирамжаар “... холбогдох хуулийн заалтуудыг захирамжийн төслөөс зөрж буруу бичигдсэн гэх үндэслэлээр дээрх А/140 дүгээр захирамжийг хүчингүй болгосон” байна.

3.7. Нэхэмжлэгчийн “... А/89 дүгээр захирамжаар тус газрын зарим 71,34 га газрыг хураалган, 84,30 га газрыг зориулалтын дагуу ашиглаж ирсэн” гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь А/89 дүгээр захирамжаар тус компанийн эзэмшлийн газрыг 85 га газраар баталгаажуулсантай холбогдуулж маргаагүй, эрх бүхий байгууллагаас А/89 дүгээр захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гараагүй тул түүнийг эцсийн байдлаар уг захирамжийн дагуу 85 га газрыг ашиглах эрхтэй байсан гэж ойлгох бөгөөд энэ тохиолдолд 85 га газраас мод тарьсан 30 га газрыг хасаж үлдэх хэсгийг хураахаар байжээ. Гэтэл хариуцагч А/89 дүгээр захирамжаар А/55 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцож, 85 га газраар баталгаажуулсан атлаа маргаан бүхий А/158 дугаар захирамжаар А/55 дугаар захирамжийг дахин хүчингүй болсонд тооцсон, мөн анх 156,34 га газрыг олгоод уг газраас “Б Г” ХХК-ийн ойн зурвас бий болгосон 46 га газрыг хасаж, түүнээс мод тарьсан 30 га газрыг хэвээр үлдээж, үлдэх 80,34 га газрыг хураан авсан гэж ойлгохоор бичсэн нь буруу боловч маргаан бүхий А/158 дугаар захирамжид нэхэмжлэгчийн эзэмших газрыг 30 га газраас баталгаажуулахыг тодорхой заасан байна. Иймд нэхэмжлэгчийн “... “Д Н” ХХК-ийн газар эзэмших эрхийг бүхэлд /80,34 га/ нь хүчингүй болгосон эсхүл хэсэгчлэн /яг хэдийг/ хүчингүй болгосон эсэх тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн” гэх гомдлыг хүлээн авч энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй. Товчхондоо нэхэмжлэгчийн анх эзэмшсэн нийт 156,34 га газраас түүний ашигласан 30 га газрыг түүний эзэмшилд үлдээж, үлдэх газрыг хураан авсан гэж ойлгохоор байна.

3.8. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.4-т тус тус зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй, мөн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн “... талбайдаа тариалалт хийх бүртээ бордоо цацах, тариалалт хийлгэхдээ талбайдаа газрын хөрсний шинжилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж байсан, холбогдох баримтыг авсан боловч гээгдүүлж үрэгдүүлсэн тул нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй, ... ямар байгууллагаар хэдэн онд шинжилгээ хийлгүүлж байсан, шинжилгээ хийлгүүлэхээр хандаж байсан хүсэлтийн баримт олдохгүй байгаа тул гаргаж өгөх боломжгүй” гэх тайлбаруудаас үзвэл нэхэмжлэгч нь тухайн талбайг хууль болон гэрээнд заасны дагуу зохих ёсоор бүрэн талбайгаар ашигласан эсэхээ нотлохоор холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, ийнхүү ирүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь “... эрхийн гэрчилгээ, гэрээг тухай бүр шинэчлүүлэх гэрээ байгуулах талаар Засаг дарга, Газрын алба нь шаардаж байгаагүй, тус компани нь зөрчил гараагүй, газрын төлбөр хураамжийг цаг хугацаандаа төлж байсан” гэснээс өөрөөр маргаан бүхий газар дээр бүхэлд нь үйл ажиллагаа явуулж байсан, эсхүл явуулахаар ажиллаж байсан болохоо нотлохоор шаардлагатай баримтыг гаргаж өгөх, боломжгүй бол холбогдох байгууллагаас шаардан гаргуулахаар хүсэлтээ гаргаагүй, энэ эрхээ эдлээгүй байна.

3.9. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 03/247 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн кадастрын зураг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн тайлбар, түүний хавсралт зургууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Б.Аийн эзэмшлийн газрууд хоорондоо давхцалгүй болох нь тогтоогдож байх тул энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

3.10. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 6 дугаар захирамжаар “... газар тариалалтын нөхцөл хэр хэмжээнд, хэрхэн хийснийг шүүхийн үзлэгээр тогтоохоос илүү, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоох боломжтой” гэх дүгнэлтийг хийж маргаж буй асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэж, үүнтэй холбогдуулан “маргаан бүхий газарт үзлэг хийх” хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, мөн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр захирамжаар дахин  шинжээч томилсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 111, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 448 дугаар тогтоолуудаар хэвээр үлдээсэн байна. Уг маргааны тухайд маргаан бүхий газарт үзлэг хийх нь цаг хугацааны болоод мэргэжлийн бус хүмүүс үзлэг хийх нь төдийлөн ач холбогдолгүй, тодруулбал, газрын үзлэг хийснээр нэхэмжлэгч нь тухайн газарт тэжээлийн ургамал, жимс, жимсгэний мод тарих зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байсан эсэх, тухайн газрын хэдий хэмжээтэй талбайд ямар үйл ажиллагаа явуулсан, тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөсөн эсэх зэргээр газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүргээ бүрэн биелүүлж ажилласан эсэхийг тогтоох боломжгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

3.11. Нэхэмжлэгчээс “... хариуцагч Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, сонсох ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй...” гэх боловч ийнхүү мэдэгдсэнээр бодит нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч анх 2008 онд тухайн газрыг эзэмших эрхтэй болсноос хойш 2017-2020 онуудад  30 га талбайд чацаргана тариалснаас өөр байдлаар ашиглаагүй нь Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн шинжээчдийн багийн тухайн газарт хийсэн газар ашиглалт болон хөрсний төлөв байдлын судалгааны дүгнэлтээр тогтоогдсон.  Харин 2021 онд 30 га талбайд чацаргана тариалснаас гадна 2 га талбайд эрдэнэшиш, 7 га талбайд тэжээлийн ургамал, 8 га талбайд уринш хийсэн нь нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй хариуцагчийн 2020 оны  А/158, А/205 тоот захирамж гарснаас хойш  хугацаанд хийгдсэн байх бөгөөд үүнийг нийт талбайн 48.5 хувьд тариалалт хийж 9.9 хувьд уринш хийсэн гэж үзэхэд талбайн 41.5 хувь нь ашиглалтгүй байгаа нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсоноор ийнхүү холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нийт талбайд үйл ажиллагаа явуулаагүй үйл баримт үгүйсгэгдэхгүй тул  ашиглаагүй талбайг хураан авсныг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

3.12. Нэхэмжлэгчээс “...захиргааны байгууллагаас хөрсний төлөв байдал, чанарыг өмнөх шинжилгээний дүнгээс дордуулсан нь мэргэжлийн байгууллагын шинжилгээ, дүгнэлтээр тогтоогдсоны дагуу сайжруулах тодорхой арга хэмжээ авах талаар нэг ч удаа мэдэгдэл өгч байгаагүй” гэж маргасан тухайд. Тариалангийн тухай хуулийн 27.2-т “Агрохими, агрофизикийн шинжилгээний дүнгээр хөрсний төлөв байдал, чанарыг өмнөх шинжилгээний дүнгээс дордуулсан нь мэргэжлийн байгууллагын шинжилгээ, дүгнэлтээр тогтоогдсоны дагуу сайжруулах тодорхой арга тариалангийн газар эзэмшигч, ашиглагчид хоёроос таван жилийн хугацаатай мэдэгдэл өгч, зөвлөмж хүргүүлнэ” гэж заасан. Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн шинжээчдийн багийн дүгнэлтээр “... “Д Н” ХХК-ийн 80.34 га талбайн хөрсний төлөв байдлыг атар газартай харьцуулан доройтлын зэргийг тодорхойлж үзэхэд элсэн хучаас үүсээгүй, хөрсний хими болон физик үзүүлэлтүүд ямар нэгэн доройтолд өртөөгүй,  талбайд төмс, хүнсний ногоо, болон жимс, жимсгэнэ тариалах боломжтой...” гэсэн нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу хариуцагчаас хөрсний төлөв байдлыг сайжруулах арга хэмжээ авах хугацаатай мэдэгдэл хүргүүлэх шаардлагагүй байжээ гэж дүгнэхээр байна.  

3.13. Нэхэмжлэгчийн “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/205 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх “... хариуцагч эрх хэмжээний хүрээнд Б.Ад газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндөөгүй” гэх дүгнэлтийг хийж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

3.14. Учир нь шүүх нэхэмжлэгчийг эцсийн байдлаар 30 га газрыг ашиглах эрхтэй болох, Б.Ад олгосон 52 га газар нь нэхэмжлэгчийн үлдэх 30 га газартай давхцалгүй болохыг дээр дүгнэсэн, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Б.Аийг 85,3 хувийн санал авсанд тооцож, хуулийн дагуу давуу эрхээр газар олгохыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргад уламжилсан, Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 61 дүгээр тогтоолын хавсралтаар газар тариалан төмс, хүнсний ногооны зориулалтаар давуу эрхээр газар эзэмшүүлэх өрхийн жагсаалтыг баталсан, уг жагсаалтад Б.А багтсан зэргээс үзвэл маргаан бүхий А/205 дугаар захирамжаар Б.Ад 52 га газрыг мод тарих, үржүүлэх зориулалтаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна” гэж заасантай нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Жгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН