Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 01

 

   Д.З холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор А.Амгалан

          Шүүгдэгч Д.З

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.З холбогдох 1729000660028 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1968 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын ашиглалтын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сум, Номгон багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Шар булаг овгийн Д-ийн З, регистрийн дугаар ЧГ68020872,

          Д.З нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Банч транс” ХХК-ийн нүүрс тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж явуулсан 74-23 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий, 97-96 УНО улсын дугаартай нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээврийн замын 90 дэх км-т орхиж явахдаа кабин халаагч 1 ширхэг, дугуй 14 ширхэг, аккумлятор 2 ширхэг, дизель түлш 200 литр зэргийг авч завшин бусдад орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 5772000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Д.З-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.З оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Д.З нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Д.З-с 5772000 төгрөгийг гаргуулж “Банч транс” ХХК-д олгож, Д.З цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдсан гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Д.З нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Банч транс” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 74-23 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий, 97-96 УНО улсын дугаартай нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт орхиж явахдаа кабин халаагч, дугуй, аккумлятор, дизель түлш зэргийг завшин 5772000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн байдаг.

          Шүүхийн шийдвэрийн ТОДОРХОЙЛОХ хэсэгт шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн буюу гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв...” гэсэн атлаа, хүндрүүлэн үзэх ямар нөхцөл байдал байгааг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс ямар ял оногдуулах, хорих ялыг яагаад заавал биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд огт бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зуйлийн 3.1, 3.2, 3.5 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

          Прокуророос шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтэндээ: “...Өмнө нь гаргасан тайлбараа дэмжиж байна. Одоо явж байгаа нүүрс тээвэрлэлтийн машинууд бол бүгд Хятад улсын хөрөнгө оруулалттай, монгол компанийн нэр дээр гэрчилгээ нь байдаг. Гурвалсан гэрээ хийж нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг байгаа. Хятад эзэнтэй машиныг монгол компанийн нэр дээр гэрчилгээ олгохгүй бол нүүрс тээвэрлэлтийг явуулдаггүй. Хөдөлмөрийн гэрээ хийгээгүй байгаа нь  энэ хүнд итгэл үнэмшил үзүүлээд эхний ээлжид гэрээ хийгээгүй явуулдаг. Тухайн компаниуд шимтгэл төлөхөөс зайлсхийж гэрээ байгуулахгүй явуулдаг тал бас байгаа. Цогтцэций сумын цагдаагийн хэлтэс, Ханбогд сумын цагдаагийн тасгаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс компаниудыг гэрээ хийхийг шаардаж, компаниудад шалгалт хийж байгаа учраас энэ асуудал цаашид таслан зогсох болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

         Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй давж заалдах гомдлыг гаргасан. Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэмт хэргээ хэрэг бүртгэлтийн шатнаас эхлэн үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн бөгөөд хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрт анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн гэж гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бичсэн мөртлөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад миний үйлчлүүлэгчид хорих ялыг оногдуулсан талаар шүүхийн шийтгэх тогтоолдоо үндэслэл бичээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байхыг хуульчилж өгсөн байхад анхан шатны шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй ямар үндэслэлээр хорих ял оногдуулж байгаа нь тодорхойгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа тус хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт шийдвэр нь энэ хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй бол тус хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болно. Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад шүүх тэнсэх боломжтой байхад  яагаад хүндрүүлэх нөхцөл байдлаар хорих ял оногдуулж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэрт бичигдээгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээд гомдол гаргасан. Давж заалдах гомдлоо бүрэн дэмжиж байна” гэв.

         Шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Банч транс” ХХК-иас гадна би өөр компаний машин барьж байсан. Нүүрс тээвэрлэлтийн ажлыг 2-3 жил хийхэд хөдөлмөрийн гэрээ байгуулаад явж байсан жолооч нэг ч тааралдаагүй. Эхлээд хэдэн удаа тээвэр хийлгээд дараа нь хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн ойлголт бодит байдал дээр байхгүй. Хятад эзэнтэй машин барихад их хүндрэлтэй байдаг.

Монгол жолооч нар Хятад руу ороод их дээрэлхүүлдэг. Жаахан зүйлээс болоод маргалдах тохиолдол их гардаг. Нэг машин барьж байгаад дараагийн машинаа олох гэж их асуудал болдог” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

          Д.З нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Банч транс” ХХК-ийн нүүрс тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж явуулсан 74-23 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий, 97-96 УНО улсын дугаартай нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт орхиж явахдаа кабин халаагч 1 ширхэг, дугуй 14 ширхэг, аккумлятор 2 ширхэг, дизель түлш 200 литр зэргийг авч завшин бусдад 5772000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдсон, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Д.З холбогдох хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

           Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг нотолсон, шүүх, прокурор, мөрдөгч нь тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлсэн байна.

          Д.З нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

          Давж заалдах шатны шүүх Д.З Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3-т заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

           Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бусдын эд хөрөнгөнд учирсан гэм хорыг арилгах талаар заасан Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлахгүйгээр хохирогчид учирсан гэм хорыг арилгуулахаар, мөн шийтгэх тогтоолыг гардан авсан эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тусгахдаа давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг баримталсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох заалтыг зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

                    Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай” давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

              А. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.З 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг Д.З оногдуулахгүйгээр 3 /гурван/ сарын хугацаагаар тэнсэхээр тогтсугай” гэж,

              Б. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З оногдуулсан 6 /зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэснийг “Д.З нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Д.З анхааруулсугай” гэж,

             В. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “Шүүгдэгч Д.З 5772000 төгрөгийг” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.З 5772000 төгрөгийг” гэж,

             Г. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Д.З нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.З цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай ” давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА