Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 45

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01010/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 63 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч Жалайр овогтой Г-ийн Б-гийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Тулгат овогтой З-гийн Э-т холбогдох

          “32-97УНГ улсын дугаартай, тоёота маркийн суудлын автомашин гаргуулах тухай” иргэний хэргийг

          Хариуцагчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам, хариуцагчийн өмгөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам  нараас:

“Г.Б- нь 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн З.Э-тай хамтын амьдралтай байсан. 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр З.Э- нь өмнөд Судан улс руу явж, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр буцаж ирсэн боловч гэртээ ирээгүйн улмаас тусдаа амьдрах болсон. Г.Б-, З.Э- нар нь гэрлэлтийн баталгаагүй гэв. Нэхэмжлэгч нь өөрийн цалин орлогоор Тоёота маркийн 32-97УНГ улсын дугаартай, суудлын автомашиныг худалдан авч, эзэмшиж байсан. Гэтэл уг машиныг З.Э- 2013 онд авч яваад одоог хүртэл авчирч өгөөгүй гэж хэлсэн. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа автомашин эсвэл түүний 10,000,000 төгрөг гаргуулах гэж бичсэн байгаа боловч Г.Б-гийн өмчлөлийн автомашин гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Иймээс автомашиныг З.Э-ын эзэмшлээс гаргуулж өгнө үү” гэжээ.

         Хариуцагч З.Э-аас:

“З.Э- миний бие Г.Б-гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргана” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 63 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч З.Э-аас 32-97УНГ улсын дугаартай, Тоёота маркийн суудлын автомашиныг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэр хангаагүй буюу шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлаагүй, Г.Б-гийн нэхэмжлэлд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг танилцуулж, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргасны дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам өвчний учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, сэргээсэн нэхэмжлэгч тал шинэ нотлох баримт гаргасан зэрэг ажиллагаанууд хийгдсэн боловч энэхүү баримтуудыг хариуцагч талд танилцуулалгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь баримтаар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Б- хариуцагч З.Э-т холбогдуулж ТОЁОТА маркийн 32-97 УНГ улсын дугаартай суудлын авто машин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч З.Э- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хэргийн 5 дугаар талд авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэлээр шаардаж буй машин нь нэхэмжлэгч Г.Б-гийн өмчлөлийн машин болох нь нотлогдох бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь өөрийн эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Хариуцагч З.Э- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх, өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч З.Э- 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаанд өмгөөлөгч авч оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан байх бөгөөд шүүх хэргийн оролцогчийн гаргасан тодорхой үндэслэл бүхий хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, эцэст нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулж, хэргийг иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 сар гаруйн дараа хянан шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдоно.

Энэ хугацаанд хариуцагч З.Э- өөрийн татгалзлаа нотлох баримт бүрдүүлэх хангалттай хугацаа өнгөрсөн, шүүх хуралдааны товыг түүний эзэмшлийн 99870395 дугаарын утсаар мэдэгдсэн нь баримтаар нотлогдох бөгөөд хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хариуцагчийн хуулиар эдлэх ёстой эрхийг эдлүүлээгүй гэсэн давж заалдсан гомдол үндэслэлгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргасан байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1–д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 63 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХЖАРГАЛ 

                                       ШҮҮГЧИД                                                      С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                              Л.АМАРСАНАА